Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 1223

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Батаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/00241 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Батаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Бодь даатгал” ХХК-д холбогдох

 

Нөхөн төлбөр олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэнэтийн өвчлөлийн улмаас эмчилгээний төлбөрт төлсөн 8 092 евро буюу 16 497 087 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оролзодмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оролзодмаа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Батаа нь 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ХБНГУ-ын Элчин сайдын яаманд зохих журмын дагуу виз мэдүүлэн, улмаар визээ гаргуулаад охиныхоо урилгаар явсан. Гэтэл 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гэнэт өвдөлтийн шоконд орж ухаан алдаж унасан бөгөөд хүмүүсийн тусламжтайгаар ХБНГУ-ын эмнэлэгт очиж үзүүлсэн. 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 4 хоног эмчлүүлээд мэс засал хийлгүүлээд эмнэлгээс гарсан. Эмчийн хяналтад байж байгаад 2015 оны 3 дугаар сарын 07-ны өдөр эмнэлэгтээ очиж оёдлоо авахуулсан. 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр даатгалын өргөдлөө “Бодь даатгал” ХХК-д гаргаж өгсөн. Шалтгаан нь би эрүүл мэндийн бөгөөд бие эрүүл мэндийн гэнэтийн ослын даатгалыг хийлгэж мөнгө төлөөд явсан. Даатгалын гэрээг судалж байхад гэнэтийн ослын буюу яаралтай эмчилгээ хийлгүүлсний зардлыг төлнө гэж заасан. “Бодь даатгал” ХХК-иас тухайн үед уриалагханаар хандаж, миний бүх материалыг 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр н.Баасансүрэн гэдэг эмэгтэй хүлээн авлаа гээд гарын үсэг зурсан. Ингээд “Бодь даатгал” ХХК-иас миний бүх баримтуудыг герман хэлнээс орчуулж хүлээн авсан. Удалгүй “Бодь даатгал” ХХК-ийн хуулийн зөвлөх н.Даваасүрэн надтай уулзсан бөгөөд танд эрүүл мэндийн даатгалын төлбөрт 10 000 000 төгрөг өгчихвөл болох уу гэхэд нь би тийм мөнгө авахгүй, би наймаалцахгүй, та нар ном журам, хуулийнх нь дагуу мөнгө өгчих гэж хэлсэн. Ингээд би 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр би Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргасан. Мөн Эрүүл мэндийн яаманд цөсний хагалгаа нь гэнэтийн осол мөн үү, яаралтай мэс засал мөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар өргөдөл гаргасан. 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр буюу 30 хоногийн дараа Эрүүл мэндийн яамнаас хариу ирсэн бөгөөд Мэс заслын шинжээчийн салбар зөвлөлийн доктор н.Амгалан дүгнэлтийг гаргаж цөсний хагалгаа нь яаралтай мэс засал мөн, энэ нь гэнэтийн өвчлөл мөн гэж дүгнэсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос мөн 30 хоногийн дараа хариу өгсөн бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос таны асуудлыг судалж үзлээ, таныг хүндэтгээд 8 000 000 төгрөг өгье гэсэн байдаг. Энэ үеэр “Бодь даатгал” ХХК-ийн хуулийн зөвлөх н.Даваасүрэн намайг дуудаж уулзаж байсан боловч 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр нөхөн олговор өгөхөөс татгалзсан. Маргаад байгаа гол зүйл бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг хуурамчаар аялалын виз авч явсан, мөнгөгүй байж ийм хэмжээний мөнгийг хэнээс авсан, худлаа ярьсан гэж гүтгэдэг. О.Хаш-Эрдэнэ нь эмнэлгийн ажилтан биш учраас эмчийн дүгнэлт гаргах гэж оролдож янз бүрийн онош тавьж намайг архаг хууч өвчтэй гэдэг бөгөөд миний төлбөрийн баримтуудыг үгүйсгэдэг. Даатгалын гэрээнд архаг өвчтэй хүнд даатгалын нөхөн төлбөр олгохгүй гэж заасантай холбоотойгоор намайг архаг өвчтэй гээд миний хувийн нууцад халдаж Нэгдүгээр эмнэлгээс баримт гаргуулах гэж оролдлого хийсэн. Миний тухайн үед үзүүлсэн баримт Нэгдүгээр эмнэлгээс зохих байдлаараа ирсэн байна. Уг баримтаар намайг архаг өвчтэй байсан гэдгийг нотлоогүй. Мөн яаралтай мэс засал бол архаг өвчний ангилалд хамаарахгүй. Шүүхэд шинээр өгсөн стандарт нь архаг өвчнийг тодорхойлох стандарт биш юм. Архаг өвчинд цөсны хагалгаа орно гэсэн стандарт байдаггүй учраас би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн хувьцаа эзэмшигч нь учраас сайн дурын даатгалыг албан журмын даатгал болгож хууль зөрчсөн байдаг. Хамгийн сүүлд захирамж гарсны дараа хуулийг хүндэтгэхгүй, бичиг баримт нь эх хувиараа манайд байхгүй, Санхүүгийн зохицуулах хороонд өгсөн гэж хэлдэг. Иймд “Бодь даатгал” ХХК-иас 16 497 087 төгрөгийг нэхэмжилж байна. Ингэхдээ мэс засал, эмчилгээ болон ор хоногийн зардалд 8,092 евро төлснийг тухайн үеийн Монгол банкны ханш болох 2 109.26 төгрөгөөр үржүүлж тооцсон гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд аялалын даатгал хийгдсэн тухайд маргаан байхгүй. Нэхэмжлэгч Ч.Батаа нь 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “Бодь даатгал” ХХК-д хүсэлт гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс “Бодь даатгал” ХХК-ийг баримтуудыг нь бүрэн эхээр нь авлаа гээд гарын үсэг зурсан гэж хэлж байгаа боловч хавтас хэргийн 72 дугаар талд байгаа баримтаар материалыг даатгуулагчийн эхнэр авчирж өгсөн, М.Баасансүрэн гэсэн гарын үсэгтэй байдгаас биш эх хувиар гэсэн бичвэр байдаггүй. Тухайн үеийн “Бодь даатгал” ХХК-ийн хуульчаар ажиллаж байсан н.Даваасүрэн болон нэхэмжлэгч Ч.Батаа нар хэд хэдэн удаа уулзсан байдаг бөгөөд баримтын бүрдүүлбэр, түүнтэй холбоотой зарим нэг нэмэлт нотлох баримт шаардсан байдаг. Даатгалын гэрээний хавсралтын бүрдүүлэх бичиг баримтад өргөдөлд хавсаргах зүйлс байгаа бөгөөд эмчилгээний төлбөр төлсөн баримт, нэхэмжлэлийн эх хувь, баталгаажуулсан албан ёсны хуулбар гэж байхад эдгээр баримтуудыг гаргаж өгөөгүй. Тухайн үед хүнээс мөнгө зээлээд төлбөрөө төлсөн гэдэг бөгөөд хуулийн зөвлөх н.Даваасүрэн нь түүнд 8 000 000 төгрөг өгье гэж хэлэхэд Ч.Батаа болон түүний эхнэр зөвшөөрч тохиролцсон. Ингээд ойлголцсон байтал Ч.Батаа нь Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл өгснөөр маргаан үүссэн. Аялалаар явсан хүний цөс чулуужиж хагалгаанд нь орсон “Бодь даатгал” ХХК-ийн хувьд анхны тохиолдол учраас туршлага байгаагүй. Санхүүгийн зохицуулах хорооноос талуудын тайлбарыг аваад энэ нь архаг хууч өвчин байна, энэ нь аялалын даатгалд хамаарахгүй гэсэн бичгийг өгсөн. Хууль зүйн үндэслэлийн хувьд аялалын даатгал нь тухайн бүс нутагт аялаж байхдаа гэнэтийн осол, гэнэтийн өвчлөлийн улмаас тухайн хүнд яаралтай тусламж хэрэг болвол даатгах асуудал бөгөөд гэнэтийн бус шалтгааны улмаас бол даатгадаггүй. Өвчтөн өвчилсөн түүх, онош, түүндээ ямар эмчилгээ хийлгэсэн нь манай улсын эмнэлгүүдэд үлддэггүй бөгөөд зөвхөн өвчтөнд үлддэг. Хэргийн 156 дугаар тал болон сүүлд шинээр уг баримт ирсэн бөгөөд элэг цөсний кабинетад ЭХО-д үзүүлж байсан нь тодорхой харагддаг. 2010 онд батлагдсан MNS6089:2010 гэсэн стандартыг бүх эмнэлгийн байгууллага дагаж мөрддөг бөгөөд уг стандартын 8.3-т зааснаар ЭХО-д энэ дарааллын дагуу үзлэг хийдэг. Ч.Батаа нь эхэндээ эмнэлэгт үзүүлээгүй гэж байсан бол сүүлдээ өөр өвчин үзүүлсэн гэж хэлэх болсон. Нэхэмжлэгчийн хувьд оношоо үзүүлээд надад цөсний чулуу байхгүй, архаг хууч өвчин байхгүй гэдгээ баримтаар нотлох ёстой.

Харин 8,092 евро төлсөн тухайд хэргийн 176 дугаар талд 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “Бодь даатгал” ХХК-д төлбөр төлсөн баримтыг эх хувиар гаргаж өгсөн гэдэг боловч “Бодь даатгал” ХХК авчихаад буцааж өгөөгүй гэж нэхэмжлэгч өөрөө хэлдэг хирнээ үүний өмнөх шүүх хуралдаанд 7 дугаар сард уг баримтыг буцааж өгсөн гэж хэлж байсан. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар 2015 оны 8 дугаар сард нотариатаар гэрчлүүлсэн нь үнэн юм бол баримтын эх хувийг гаргаж өгөөгүй, төлсөн баримт байгаа боловч юуны төлбөр нь тодорхойгүй байдаг. Нотариат хуурамч үйлдэл үйлдсэн, эсвэл Ч.Батаа хуурамч баримт бүрдүүлсэн. Харин уг 8,092 евронд юу, юу багтсан тухай баримтын хуулбар хувиас орчуулсан баримт хууль зүйн шаардлага хангахгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бичгийн баримтыг эх хувиар, хуулбар хувийг нотариатаар гэрчлүүлсэн байх, монгол хэлээр байх гэсэн 3 шаардлагыг хангахгүй байгаа учраас Ч.Батаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлогдохгүй байна. Түүний цөснөөс 3 см хэмжээтэй чулуу гарсан. Өөрөөр хэлбэл, 8-10 см хэмжээтэй цөсний хүүдий байхад тэнд 3 см хэмжээтэй чулуу байгаа нь ЭХО-д үзүүлэхэд илрээгүй, үнэхээр байгаагүй юм бол дүгнэлт нь байх ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд хөл өвдсөн учраас эмнэлэгт үзүүлсэн гэж хэлчихээд огт өвчний түүх байхгүй гэхээр гайхаж байна. Тухайн үед Нэгдүгээр эмнэлэгт үзүүлж байсан хирнээ огт баримт байхгүй гэж байгаа нь стандарт мөрдөлгүй оношлогоо шинжилгээ хийсэн байхад нийгмийн даатгалын сангаас төлбөр төлсөн байна гэсэн логик дүгнэлт хийхэд хүрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар хариуцагч “Бодь даатгал” ХХК-д холбогдох нөхөн төлбөр олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэнэтийн осол болон гэнэтийн өвчлөлийн улмаас үүдэн гарсан эмчилгээний төлбөрт төлсөн 8,092 евро буюу 16 497 087 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Батаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Батаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240 435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оролзодмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ..."Бодь даатгал" ХХК эрүүл мэндийн гэнэтийн осол болон гэнэтийн өвчлөлийн даатгалын гэрээнд урьд нь мэдэгдэж байсан архаг хууч өвчтэй хүнд даатгалын нөхөн олговор олгохгүй гэж зааснаар татгалзах үндэслэл болж байна. Эрүүл мэнд спортын яамны мэс заслын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга Ерөнхий мэргэжилтэн доктор Л.Амгалангийн гаргасан цөсний мэс заслын ажилбар бол яаралтай болон гэнэтийн өвчлөлд хамаарна гэсэн дүгнэлтийг тус компани үгүйсгэж эсэргүүцдэг. Мөн Санхүүгийн зохицуулах хороонд "Бодь даатгал" ХХК-иас нөхөн олговорын 50%-ийг олгоно гэж зөвшөөрсөн албан бичгийг шүүхэд гаргаж өгөхгүй нуун дарагдуулсныг нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хорооноос нотлох баримтын шаардлагад нийцүүлсэн байдлаар гаргуулан авсан. Нэхэмжлэгч "Бодь даатгал" ХХК-д нөхөн олговор авахаар бүрдүүлсэн эх хувийн баримтад эмчилгээний зардлын нөхөн төлбөр төлсөн баримт нотариатаар гэрчлүүлэн өгсөн. "Бодь даатгал" ХХК нь төлбөрийг гаргахгүй гээд баримтуудыг буцаан өгөхдөө төлбөрийн баримтыг өгөөгүй байсан. Уг баримтаа авахаар "Бодь даатгал" ХХК-д очихоор харуул хамгаалалтын алба нь оруулдаггүй, дарга нар нь хүлээн авдаггүй, мөн хуулийн зөвлөх н.Даваасүрэн нь нөхөн олговор олгох талаар наймаалцдаг. Нэхэмжлэгч "Бодь даатгал" ХХК-иас өөрийн эмчилгээний төлбөрийн баримтаа гаргуулан авахаар хүсэлт гаргасан боловч шүүгч захирамжидаа шийдвэрлээгүй орхигдуулсан. Хариуцагч шүүх хуралдааны явцад цээжний хөндийн мэс засалд онош тавих стандарт гаргаж мэтгэлцсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурсан өвчний оношийг Нэгдүгээр эмнэлгээс гаргуулахаар материал шаардсан нь батлагдсангүй. Нэхэмжлэгч Ч.Батаа нь нэгдүгээр эмнэлэгт өөр өвчнөөр үзүүлсэн болохоос элэг цөс чулуутай байна гэдгээр үзүүлээгүй, энэ нь онош болж батлагдаагүй юм. Ийнхүү архаг хууч өвчний ангилалд гэж хариуцагчаас зүтгэсэн нь үндэслэлгүй. Шүүх хуулийг хэрэглэх, шийдвэр гаргах талаар алдаа гаргасан гэж үзэж байна. Хариуцагч цээжний хөндийн мэс заслын онош тавих стандартыг уншин танилцуулж, ЭХО-д үзүүлсэн цөсний чулуутай байгаа гэж архаг өвчтэй гэж батлахыг оролдсон үгээр тоглолт хийсэн эмнэлгийн бичигт ЭХО-д хандсан гэж оношлоогүй, ИХАШХШЖ-ын 111 дүтээр зүйлийн мэргэжлийн салбар зөвлөлийн шинжээчийн дүгнэлтэд ач холбогдол өгөөгүй. ИХАШХШЖ-ын 110 дүгээр зүйлд: Бичмэл хуурамж гэж мэдэгдсэн этгээд тэр тухайгаа нотлох үүрэгтэй. Шүүгч шүүх хуралдааныг 17 цаг 10 минутаас 21 цаг 15 минут хүртэл үргэлжлүүлсэн. Шүүх шийдвэрээ 1 цагийн дараа гаргасан. Шүүгч илт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Хариуцагч "Бодь даатгал" ХХК нь Санхүүгийн зохицуулах хороонд нэхэмжлэгчийн төлбөрийн 50%-ийг төлөхөө зөвшөөрсөн албан бичиг байхад, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан "Бодь даатгал" ХХК-ийн зөвшөөрсөн хэмжээгээр төлбөрийг гаргуулах санал зэргийг хүлээж авахгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Ч.Батаа нь хариуцагч “Бодь даатгал” ХХК-д холбогдуулан нөхөн төлбөр олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэнэтийн өвчлөлийн улмаас гарсан эмчилгээний төлбөрт төлсөн 8 092 евро буюу 16 497 087 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч цөсний чулуу нь гэнэт үүсдэг өвчин биш тул даатгалын тохиолдолд хамаарахгүй гэж маргажээ.

 

            Зохигчид 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд үйлчлэх “Гадаадад зорчигчдын аялалын” эрүүл мэндийн гэнэтийн ослын аялалын даатгалын гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр аялалын хугацаанд даатгуулагч гадаад улс оронд аялахдаа даатгалын хүчин төгөлдөр хугацаанд гэнэтийн ослын улмаас гэмтсэн, эсвэл гэнэтийн өвчний улмаас гарсан яаралтай эмчилгээнд шаардагдсан эмчилгээний нөхөн олгогдох зардлыг даатгагч нөхөн төлөхөөр тохиролцож, даатгалын хураамжид 50 ам.доллар даатгуулагч төлсөн үйл баримт тогтоогдсон энэ талаар талууд маргахгүй байна.

 

Дээрх даатгалын гэрээнд даатгалын тохиолдол гэж үзэх нөхцөл болон нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлийг талууд тохиролцсоноос үзвэл Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.4 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ байгуулагдсан талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байв.

           

Талуудын байгуулсан даатгалын гэрээний зүйл нь иргэдийн амь нас, эрүүл мэнд байх бөгөөд хариуцагч “Бодь даатгал” ХХК нь нэхэмжлэгч Ч.Батааг ХБНГУлсад байхдаа 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр эмнэлэгт хэвтэж 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр цөсний чулуу авахуулах дурангийн хагалгаанд орсон үйл баримтын талаар маргаагүй боловч даатгалын нөхөн төлбөрийг “цөсний чулуу, архаг цөсний хүүдийн үрэвсэл” өвчнийг гэнэтийн өвчлөл гэж үзэх боломжгүй, архаг хууч өвчинд хамаарч байх тул даатгагч даатгуулагч нарын хооронд тохиролцсон болзол бүрдээгүй гэж марган нөхөн төлбөр олгохоос татгалзсан байна.

 

Зохигчдын байгуулсан Гадаадад зорчигчдын аялалын гэрээнд “гэнэтийн өвчлөл гэдэгт” хурц хэлбэрийн эсхүл амь насанд аюултай шинж тэмдэг илэрсэн өвчлөлийг хамааруулсан байна.

 

Хэргийн 14 дүгээр талд авагдсан Мэс заслын мэргэжлийн салбар зөвлөл нь 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаар дүгнэлтдээ “цөсний хүүдийн чулуут үрэвсэл өвчин нь цөсний хүүдийн үхжил, цооролт үүсгэн хүндэрдэг, эмнэлгийн тусламж авахгүй бол цөсний хүүдий цоорч, хэвлийн гялтангийн тархмал үрэвсэл буглаа, үжил, цөсний замын идээт үрэвсэл үүсч амь насанд аюул учруулдаг мэс заслын өвчин учир яаралтай мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай байдаг” гэжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг цөсний хүүдийн чулуут үрэвслийн улмаас цөсний хүүдийг авахуулсан нь аялалаас үл хамаарах бөгөөд түүний амьдралын хэв маяг хүчин зүйлээс цөс чулуужих өвчин үүссэн нь архаг хууч өвчин тул аялалын даатгалд хамааруулахгүй талаар даатгалын гэрээнд заасан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй. Учир нь нэхэмжлэгч аялалын хугацаанд цөсний хүүдийн архаг үрэвсэл цөсний чулуу хүчтэй өвдөлт өгснөөр эмнэлэгт хандаж мэс засал хийлгэсэн нь гэрээгээр тохиролцсон хурц хэлбэрийн эсхүл амь насанд аюултай шинж тэмдэг илэрсэн гэнэтийн өвчлөлд хамаарч байна.

 

Өөрөөр хэлбэл, даатгалын гэрээгээр даатгагдсан Ч.Батаагийн эрүүл мэнд өвчилж улмаар мэс засал хийлгэснийг даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх тул гэрээгээр тохиролцсон нөхөн төлбөрийг хариуцагчаас шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Ч.Батаа ХБНГУлсад аялаж байхдаа эмнэлэгт хэвтэж мэс засал хийлгэсэн талаарх баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, уг баримтууд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасан нотлох баримтыг гаргах хуульд заасан журмыг зөрчсөн нотлох чадваргүй шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй баримт болох талаар давж заалдах шатны шүүхээс удаа дараа дүгнэж хуульд заасан хэлбэрийн шаардлага хангуулахаар хэргийг хүчингүй болгож дахин хэлэцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт өөр улсад байгаа зохигч өөрөө олж авах боломжгүй нөхцөлд уг баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх боломжтой байтал энэ талаар нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хэн аль нь хүсэлт гаргаагүй тул шүүх санаачилгаараа дээрх баримтыг бүрдүүлэх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч Ч.Батаа ХБНГУлсад эмнэлэгт хэвтэж мэс засал хийлгэсэн үйл баримт тогтоогдсон боловч эмнэлгийн тусламж үйлчилгээ авахдаа төлсөн баримт нотлох баримтын шаардлага хангаагүй тул тэрээр 8 902 евро төлсөн гэх байдлаа өөр бусад байдлаар нотолгооны хэрэгслээр нотлож чадаагүй байна.

 

 Анхан шатны шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй гэж үзэв.

 

            Гэрээнд заасан “гэнэтийн өвчлөл” гэдгийг өмнө нь оношлогдож байгаагүй, эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлагатай эмгэг гэж үзэхдээ даатгалын тохиолдол гэх эрх зүйн ойлголтонд нийцүүлж, гэрээний агуулгыг тайлбарлах шаардлагатай юм.

 

            Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх тул мэргэжлийн салбар зөвлөлийн шинжээчийн дүгнэлтэд ач холбогдол өгөөгүй, “Бодь даатгал” ХХК нь Санхүүгийн зохицуулах хороонд нэхэмжлэгчийн төлбөрийн 50 хувийг төлөхийг зөвшөөрсөн албан бичиг байхад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Бодь даатгал” ХХК-ийн зөвшөөрсөн хэмжээгээр төлбөрийг гаргуулах санал зэргийг хүлээн авахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/00241 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ч.Батаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ