Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/164

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч Н.Л, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-н Э, Б овогт Н-н Л нарт холбогдох эрүүгийн 2005008821390 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо Данзангийн *** тоотод оршин суух, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, /регистрийн дугаар ****/, Б овогт Б-н Э,

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан Өлгийн ****** тоотод оршин суух, /, Б овогт Н-н Л,

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Лтай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч В.Т өмчлөлийн “Самсунг Жи-5” загварын гар утас, бэлэн 200.000 төгрөгийг авахаар хүч хэрэглэн довтлон зодож, дээрэмдэн нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Н.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Этэй бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч В.Т өмчлөлийн “Самсунг Жи-5” загварын гар утас, бэлэн 200.000 төгрөгийг авахаар хүч хэрэглэн довтлон зодож, дээрэмдэн нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Б нэг шил архитай ирсэн. Би гэрээсээ машинаа авч гарч ирээд Б бид хоёр вокзал дээрээс Б-г очиж аваад гэртээ буцаж ирээд машинд архи уусан. Тэгээд дахин дэлгүүрээс архи авчихаад, тамхи авах гээд ТҮЦ-рүү явахдаа нэг ахтай танилцаад тэр ахтай цуг буцаж ирсэн. Намайг тэр ахаас тамхи асуухад байгаа гээд надад тамхи өгсөн. Ахад архинаас 1-2 татуулаад явуулсан. Удалгүй ах буцаж ирээд арын суудал дээр ирээд суусан. Би машинаа тойроод ахын мөрнөөс нь зуураад буулгаад явуулсан. Ахыг явуулчихаад бид гурав машиндаа суугаад явсан. Гэртээ ирээд машинаас буухад арын суудал дээр нөгөө ахын утас байсан. Тухайн гар утсыг бид гурав ярьж байгаад ломбарданд тавьсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Л мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр би Э лүү залгаад вокзалаас модны хоёр луу таксинд суугаад очсон. Намайг очиход энэ хоёр машиндаа нэг шил юм уугаад сууж байсан ба би ирээд нэг шил юм авч өгсөн. Би машинд утсаараа хүнтэй яриад байж байхад энэ хоёр хажууд чанга чанга юм яриад утсаар яриулахгүй байхаар нь та хоёр тойроод хүрээд ир би энд буугаад утсаар ярьчихаад байж байя гээд явуулсан. Би энэ хоёрыг явуулчихаад гадаа шээж байсан чинь нэг ах ирээд чи яагаад наанаа шээгээд байна вэ гэхээр нь “уучлаарай ах гэсэн” чинь нөгөө ах “өө дүү архи уусан байгаа юм уу, ах нь бас уусан байна хамт архи ууя” гэж хэлсэн. Удалгүй нөгөө хоёр ирээд нөгөө машинд суусан...” гэв.

Хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

Хохирогч В.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 18 цагийн үед Баруун дөрвөн замын “Сити тойлет” гэх бие засах газраар үйлчлүүлээд гарч байтал гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үл таних эрэгтэй бие засаж байхаар нь би тухайн эрэгтэйд гадаа яагаад шээгээд байгаа юм бэ, бие засах газар руу орж шээ гэж хэлсэн. Гэтэл тухайн эрэгтэй уучлаарай, ах таны зөв гэж хэлээд надаас тамхи асуухаар нь би тамхи өгсөн. Тэр эрэгтэй бид хоёр хэсэг ярилцсан. Гэтэл хар бараан өнгөтэй приус маркийн тээврийн хэрэгсэл бид хоёрын ярилцаж байсан газрын харалдаа төв зам дээр зогссон. Тэгээд надтай  ярилцаж байсан эрэгтэй надаас та хаашаа явах юм бэ гэж асуухаар нь би дэнжийн мянга явах гэж байгаа гэж хэлтэл тэр эрэгтэй бид нар бас тэр зүг рүү явна, та дөхөөд буучих гэж хэлэхээр нь би тухайн тээврийн хэрэгсэлд суусан. Машинд суухад урд суудалд жолооч болон нэг үл таних эрэгтэй сууж байсан.  Надтай ярилцаж байсан залуу бид хоёр машины арын суудалд суусан. Тухайн машины жолооч нь надтай ярилцаж байсан залуугаас энэ ямар хүн бэ гэж асуухад сая танилцсан юм гэж хэлж байсан. Тэгэхээр нь сонин санагдаад сууж байтал машинаа хөдөлгөөд модны хоёрын дунд зам руу явцгааж машины зогсоолд зогссон. Б гэх залуу нь унтаж байгаад машин зогсоол дээр зогсох үед сэрсэн. Тэр 3 залуу 0,75 граммын архи хувааж ууцгаасан бөгөөд би тэр архинаас ойролцоогоор 200 грамм уусан. Би тэдгээр залуучуудыг танихгүй. Тухайн үед Л нь намайг гэр рүү чинь дөхүүлээд өгье гэж хэлээд машинд суулгасан. Э, Л нар надтай яриа өрнүүлж зодож, цохисон. Харин Б гэх залуу нь нилээн согтуу байсан надтай юм яриагүй. Жолооч залуу нь надаас мөнгө байна уу гэж асуухаар нь би бэлэн мөнгө байхгүй, харин картанд мөнгө байгаа гэж хэлтэл жолоочийн хажууд сууж байсан Л гэх залуу бууж ирээд арын суудалд миний хажууд суугаад миний нүүрэн тус газар нэг удаа цохисон. Гэтэл Э нь жолоочийн урд талд сууж байсан суудлаасаа арагшаа хараад миний хоолойг боогоод чи муу яагаад маяглаад байгаа юм бэ гэж хэлээд миний халаасыг ухаад байсан ба тухайн үед миний халаасанд гар утас, түрийвч байсан. Тухайн 3 залуу архиа хувааж ууж байх үед нь би машинаас нь гараад утсаар ярьж байтал Э нь та утсаар яриад байгаа юм уу, ямар овоо муу гар вэ гэж хэлээд машинаасаа бууж ирээд миний энгэрээс заамдаж боогоод миний нүүрэн тус газар гараараа цохисон. Энэ үед миний ухаан балартсан бөгөөд хэсэг хугацааны дараа гайгүй болсон. Гэтэл Л нь намайг буцааж машины арын суудал дээр суулгаад мөн 1 удаа цохиод миний халаасыг ухаад түрийвч гаргаж ирээд Эт өгсөн. Тэгэхээр нь би байгаа мөнгийг минь ав, харин миний бичиг баримт түрийвч хоёрыг буцаагаад өгчих гэж хэлтэл түрийвч дотор байсан бэлэн 216.000 төгрөгийг тоолж авсан. Гэтэл Л гэх залуу нь түрийвчийг нь буцаагаад өгчих гэж хэлтэл надад миний түрийвчийг буцааж өгсөн. Тэгээд надад 16.000 төгрөг өгөөд архи аваад ир гэж дэлгүүр гаргасан. Энэ хооронд би эхнэртэйгээ утсаар яриад би мөнгөө алдчихлаа гэж хэлтэл худлаа яриад бай гээд уурлахаар нь буцаж тухайн машин руу ороод ахынхаа мөнгөнөөс 100.000 төгрөгийг нь буцаагаад өгчих гэж гуйтал Э гэх залуу нь машинаас чирж гаргаад миний шанаа хэсэг рүү гараараа цохиж, тонгорч унагааж нуруу руу өшиглөсөн. Буцаагаад машин руу суулгаад Э нь энэ мууг ингээд орхиж болохгүй янзалчихъя л даа гэж хэлээд миний халаасанд байсан гар утсыг авсан. Тэгээд байгаа газраасаа хөдлөөд Эх нялхасын тэнд байдаг дөрвөн замын уулзвар дээр улаан гэрэл ассан байх үед машин зогсохоор нь би машинаас нь бууж зугтсан. Б гэх залуу нь арын суудал дээр архи уугаад л сууж байсан ба нилээн согтсон байсан. Би Самсунг Жи-5 маркийн гар утасаа булаалгасан. Утасны дэлгэцийн нүүрэн хэсгийн шилэн наалт бага зэрэг цуурсан, саарал өнгөтэй гар утас байсан. Би гар утасныхаа сери дугаарыг мэдэхгүй. Би тухайн гар утсаа 200.000 төгрөгөөр үнэлж байна. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Миний доод шүд хөдөлсөн доод уруул язарсан, тархи хөдөлсөн нуруу бөөр өвдөж байна... гомдолтой байна...” гэх мэдүүлэг / хх-ийн 15-18, 123-124-рт/,

 

гэрч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр найз Э-тэй утсаар холбогдож уулзахаар болсон. Тэгээд удалгүй Э-ийн гэрт очоод юм ярьж сууж байгаад архи, согтууруулах ундааны төрлийн зүйлс авч хэрэглэхээр болоод дэлгүүр орж 0.75 литрийн архи авч хувааж уусан. Э найз Л /Л/ фейсбүүкээр холбогдож төмөр замын ойролцоо уулзахаар болсон. Удалгүй бид хоёр Э-ийн хар өнгийн Приус-20 маркийн машинтай нь төмөр замын ойролцоо очоод байж байхад Л /Л/ такси бариад бид хоёр дээр ирсэн. Бид гурав дахин 0.75 литрийн нэг архи авч Баянгол дүүрэгт байрлах модны хоёрын ойролцоо очиж хувааж уусан. Удалгүй би тасарсан байх гэж бодож байна. Цаашаа юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Над руу 2020 оны 08 сард Э холбогдоод цагдаа дээр очиж уулзсан гэхээр нь би юу болсон талаар нь асуухад хэрэг болдог өдөр Л нэг үл таних эрэгтэйг дагуулж ирээд би нөгөө залууг нь нэг алгадсан юм, тэгээд тухайн залуугийн утсыг нь Л авчихсан юм гэж хэлсэн. Ямартай ч буудал орсон юм шиг санагдаад байгаа юм. Хэрэг гардаг өдрийн орой нь буудлын ресепшины үүдэнд бид гурав зогсож байх шиг байсан. Тэрнээс өөр санаж байгаа зүйл алга. Э надад Л миний бичиг баримтаар ломбарданд гар утас барьцаанд тавьсан гэж хэлсэн. Бид нар уулзсан цагаасаа хойш салалгүй хамт байсан. Би хоёр найзаасаа салахдаа такси бариад таван буудалд байдаг ээжийнхээ гэр рүү очсон. Нөгөө хоёр яаж харьсан талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-рт/,

гэрч Л.Отгонтуулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр миний бие өөрийн ажил болох Баянгол дүүрэг 18 дугаар хороонд байрлах “А” нэртэй ломбарданд сууж байхад гаднаас үл таних 2 хүн орж ирээд “Самсунг Жи-5” маркийн гар утас барьцаанд авах уу гэхээр нь гар утсыг нь шалгаад 50.000 төгрөгийн зээл олгосон. Тэгээд 7 хоногийн хугацаатай барьцаанд тавиад хугацаа нь дууссан тул зарж борлуулахаар болоод 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 60.000 төгрөгөөр зарсан байна. Самсунг Жи-5 маркийн өнгийг нь сайн санахгүй байна, шилэн наалт нь хагарсан байсан. Тухайн үед гар утас нь англиар зэт үсэг бичиж тайлагддаг кодтой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-рт/,

гэрч Т.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай аав Т 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн орчимд гэртээ байж байгаад надад гутал, манай хүүхдэд гэдэсний эм авахаар Бөмбөгөр худалдааны төв явахаар гарсан. Тэгээд 18 цагийн орчимд над руу утасдаад аав нь сая хүнд эд зүйлсээ дээрэмдүүлчихлээ одоо зугтаагаад явж байна гэж утсаар ярьсан. Удалгүй такси бариад гэртээ орж ирэхдээ малгайгүй хамарнаас нь цус гоожсон байдалтай ирсэн. Тэгэхээр нь би тухайн үед Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай аав гэрээс гарахдаа надад түрийвчин дэх бэлэн мөнгөө тоолуулаад гарсан. Тухайн үед ойролцоогоор 300.000 орчим төгрөг байсныг би сайн санаж байна. Миний санаж байгаагаар аав сард 600.000 төгрөгийн цалин авдаг. Сарын эцэст ордог 300 гаруй мянган төгрөгийн цалин нь тухайн хэрэг гарсан өдрийн өмнөх өдөр нь буусан санагдаж байна. Аав манай гэрт орж ирэхдээ баруун 4 замын ойролцоо явж байгаад үл таних 3 залуучуудтай тааралдаж машинд нь суугаад нэг газар очиж өөрт нь архи, согтууруулах ундааны төрлийн зүйлс өгөөд гар утас болон түрүүвчинд байсан бэлэн мөнгийг нь дээрэмдэж авсан ба хоёр залуу нь хажуунаас нь энийг нухчихъя гээд хамаг юмыг нь ухаж зодоод байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-рт/, 

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд: Samsung J-5 маркийн гар утсыг 120.000 төгрөгөөр үнэлэв гэжээ /хх-ийн 45-46-рт/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 40-41-рт/,

Барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 52-рт/,

Хохирогчийн “...Лас 150,000 төгрөг авч хохиролгүй болсон нь үнэн болно...” гэх хүсэлт /хх-ийн 147-рт/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 148-рт/, 

шүүгдэгч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Л, Б нартай найзлаад 6, 7 жил болж байна. 2020 оны 02 дугаар сарын 19-ний 18 цагийн үед Б манай гэрт жаахан халамцуу ирсэн. Тэгээд бид хоёр Л руу залгахад уулзъя гээд Макс молл дэлгүүрийн тэнд уулзацгаасан. Би гэрээсээ гарахдаа өөрийн ззэмшилийн Приус-20 маркийн 35-ЗЗ УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарсан. Бид гурав дэлгүүрээс 0,75 литрийн архи аваад Макс молл дэлгүүрийн хойно машинтайгаа зогсож байгаад машин дотроо авсан архиа хувааж уугаад байж байтал Л шээхээр гарсан бөгөөд буцаж машинд орж ирэхдээ үл таних эрэгтэй хүн дагуулж орж ирсэн. Тэгэхээр нь ямар хүн юм бэ гэж асуухад гайгүй сайн ах байгаа юм гэж хэлээд нэг архи хийгээд өгчих гэхээр нь тэр эрэгтэйд архи хийж өгсөн. Ингээд би тухайн хүнийг одоо машинаас буу, яв гэж хэлтэл дуугүй суугаад байхаар нь машинаас буугаад арын суудал дээр сууж байсан эрэгтэйг буулгаад гараараа хацар руу нь 2 удаа цохисон чинь миний куртикнээс бариад зууралдаад байсан. Энэ үед өөрийнх нь гар утас уначихаар нь би аваад Лд өгсөн. Нөгөө эрэгтэй хүнийг тухайн газраа орхиод бид гурав Модны хоёрын голын зам дагуу байдаг ломбарданд Л тухайн гар утсыг миний бичиг баримтаар 50.000 төгрөгөнд барьцаанд тавьсан. Уг гар утас ямар марк, төрөл гэдгийг би мэдээгүй. 50.000 төгрөгөөрөө архи аваад бид гурав Модны хоёрын тэнд байдаг цэцэрлэгийн ойр хавьд гадаа сууж ууцгаасан. Тэгээд би 22 цагийн үед гэр рүүгээ харихаар явсан. Маргааш нь Б, Л 2 намайг модны хоёрын тэнд байдаг зочид буудалд хүрээд ир гэхээр нь очиход бас архи ууж байсан. Би тухайн үед жолоочийн талд буюу зүүн талд харин Л миний хажууд урд талын суудал дээр, Б арын зүүн хойд талд, хохирогч хойд талын баруун талд нь сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 101-104-рт/, 

 

Шүүгдэгч Н.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 19-ний 18 цагийн үед Б, Э хоёр руу залгаад хаана байна гэж асуухад бид хоёр вокзалын энд хүн тосох гээд байж байна, чи хаана байгаа юм бэ гэхээр нь би гандангийн энд явж байна гэхэд бид хоёр энэ хавьцаа байж байя чи такси бариад хүрээд ир гэхээр нь би яваад очсон. Намайг очиход тэр хоёр жаахан халамцуу байсан. Тэгээд бид гурав нийлээд 0,75 литрийн архийг Эийн машин дотор хувааж уусан. Тэгээд байж байтал Э би ерөөсөө машинаа гэрийнхээ тэнд байрлуулья гээд вокзалын тэндээс хөдөлсөн. Замд явж байх хугацаанд би Турк улсад байдаг найзтайгаа утсаар ярьж байсан бөгөөд тэр хоёр чанга яриад байхаар нь би ерөөсөө буугаад байж байя та хоёр явчихаад ир гээд Макс моллын автобусны буудлын орчимд буугаад утсаар яриад үлдсэн. Тэгэхэд жаахан халамцуу эрэгтэй хүн дүү жаахан уугаа юу гэхээр нь тиймээ гэж хэлтэл хамт ууж суух уу гэхээр нь тэгье гэж хэлсэн. Энэ үед Э, Б хоёр ирсэн бөгөөд нөгөө ахтай хамт машины арын суудал дээр сууцгаасан. Ингээд бид дөрөв Модны хоёрын дунд зам руу явцгааж зогсоол дээр зогсоод архи хувааж уусан. Гэтэл Э нөгөө ахад хандан утас байна уу нэг ярьчихъя гэхэд байхгүй гэж хэлтэл би чамайг алчихна шүү, алаад булаад хаячихна шүү гэж хэлэхэд ахын дүү боль гээд өөр зүйл яриагүй. Тэгснээ Э машинаасаа буугаад арын суудал дээр сууж байсан нөгөө ахыг буулгаад заамдаад цохиод байх шиг байсан. Ингээд буцаад тэр хоёр машинд суугаад Э тэр ахыг алив гар утсаа өг гээд авсан, хаанаас нь авсныг нь мэдэхгүй байна. Нөгөө ах би явлаа гээд машинаас буусан. Тэгээд Модны хоёрын тэнд байдаг ломбарданд би өөрийн гар утсаа тавьчихдаг юм уу гэсэн чинь Э нөгөө гар утсыг барьцаанд өөрийн бичиг баримтаараа 50.000 төгрөгөнд тавьсан. Энэ мөнгөөрөө бид гурав архи авч уусан. Б бид 2 машины хойд талын суудал дээр сууж байсан. Халаасыг нь ухаж авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 109-112-рт/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54-55-рт/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 138-139-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 140, 141-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Лтай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч В.Т өмчлөлийн “Самсунг Жи-5” загварын гар утас, бэлэн 200.000 төгрөгийг хүч хэрэглэн, дээрэмдэн авч, нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Н.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Этэй бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч В.Т өмчлөлийн “Самсунг Жи-5” загварын гар утас, бэлэн 200.000 төгрөгийг хүч хэрэглэн, дээрэмдэн авч, нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Б.Э, Н.Л нар хохирогч В.Т-г гэр рүү нь дөхүүлээд өгье гэх зэргээр яриа өрнүүлж, машиндаа суулган хоолойг нь боож, нүүрэн тус газар нь цохиж зодох зэргээр хүч хэрэглэн эд хөрөнгийг нь дээрэмдэн авсан болох нь хэрэгт авагдсан хохирогч В.Т бусдын гэмт үйлдэлийн улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хэрхэн хохирсон талаарх эх сурвалжаа тодорхой заан мэдүүлсэн мэдүүлэгээр мөн гэрч Т.у мэдүүлэгээр тус тус давхар нотлогдож тогтоогдож байна.

 

Иймд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийг цохиж зодоогүй, гар утас нь машины суудал дээр байсан гэх мэдүүлэг өгсөн өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тэдний “…өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх хуульд заасан эрхээ эдэлснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд санаатай халдсан байх ба тэдгээр нь амар хялбар байдлаар мөнгө олох зорилгоор хохирогчид хүч хэрэглэж түүний гар утас болон бэлэн 320.000 төгрөгийг хууль бусаар авч, өөрсдөдөө захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д... “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ... гэж заасан ба шүүгдэгч Н.Л нь хохирогчийг нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохисон, шүүгдэгч Б.Э нь машины арын суудалд сууж байхдаа хохирогчийг “чи муу яагаад маяглаад байгаа юм бэ” гэж хэлээд халаасыг нь ухсан, мөн хохирогчийг машинаас нь бууж утсаар ярьж байхад нь шүүгдэгч Б.Э нь “утсаар яриад байгаа юм уу, ямар овоо муу гар вэ” гэж хэлээд машинаасаа бууж хохирогч В.Т энгэрээс заамдаж боогоод нүүрэн тус газар гараараа цохиж гар утас, нийт бэлэн 320.000 төгрөг зэргийг авсан нь  бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэн бүлэглэж авсан гэж үзнэ. 

 

Иймд шүүгдэгч Б.Э, Н.Л нарын өмгөөлөгч нараас хэргийн бодит байдлыг хангалтай нотлоогүй байх тул хэргийг прокурорт буцаах тухай хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно, бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг тус тус хуульчилсан.

 

Хэрэгт хохирогчийн “...Лас 150,000 төгрөг авч хохиролгүй болсон нь үнэн болно...” гэх хүсэлт /хх-ийн 147-рт/, шүүгдэгч Б.Э нь хохирогчид 160.000 төгрөг төлсөн ба хохирогч гомдол саналгүй гэх баримт, шүүгдэгч Н.Л нь хохирогчид 10.000 төгрөг төлсөн тухай баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилгыг “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хуульчилжээ.

Иймд эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Эт 2 /хоёр/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарт ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хадгалж, энэ хэргийн улмаас шүүгдэгч Н.Л-н 26 /хорин зургаа/ хоног, шүүгдэгч Б.Эийн 26 /хорин зургаа/ хоног хоригдсоныг тэдний эдлэх ялд оруулан тус тус тооцох нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Б овогт Б-н Э, Б овогт Н-н Л нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Н.Л-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Э-т оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял,  

шүүгдэгч Н.Л-д оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Э-ийн цагдан хоригдсон 26 /хорин зургаа/ хоног, шүүгдэгч Н.Л-н цагдан хоригдсон 26 /хорин зургаа/ хоногийг тэдгээрийн  эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хадгалсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, Н.Л нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ОДОНЧИМЭГ