Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 176

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багт оршин суух Гэлэн овогт Бэхбатын Бүддоржийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багт оршин суух Оргийн Нэргүйд холбогдох

5400000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга П.Дониддолгор, нэхэмжлэгч Б.Бүддорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү, хариуцагч О.Нэргүй, хариуцагчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг, иргэдийн төлөөлөгч Н.Өлзийтогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Бүддорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 59 тооны ямаагаа алдсан. Алдсан ямаагаа маш их эрж, телевиз радиод зар өгсөн. Манай сумын Отгонбаяр гэдэг залуу надад хэлэхдээ хүний яриа байна, Зүүнбаян-Улаан сумын тэмээ Нэргүй гэх хүн 60-аад тооны ямаа зарж үрсэн гэж дуулдах юм, чи завандаа тэр айлаар ороодох гэсэн. Би түүнээс хойш 7 хоногийн дараа хүнээр заалгаад Нэргүйгийнд очсон. Ямаагаа алдсан тухай хэлэхэд манайд 7 ямаа ирсэн гэж хэлсэн. Алдсан ямааныхаа им, зүсийг нь эвэртээ цэнхэр будагтай талаар хэлсэн. Нэргүй гуай цэнхэр будагтай байсан, имийг нь мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд 7 ямааг үзэхэд им зүсээрээ мөн байсан. Ямаанаас 4 ямаа нь ишиглэсэн байсан. Би сумын цагдаа Баттөгсөд 7 ямааг олсон тухай утсаар хэлсэн. Баттөгс цагдаа эд мөрийн баримт устчихна, даруйхан авчир гэж хэлсэн. Сумын төв дээр машин тэрэг олох гээд байж байхад танихгүй хүмүүс надад Нэргүй гуайн хүү ноднин жил айлын үхэр хулгай хийж идчихээд худлаа үнэн ярьж байгаад аргалж байсан. Энэ жил бас ямаа хулгайлчихаж гэж ярьж байсан. Гэрч Ганболд гэдэг залуу нэг хүнд Нэргүй гуай гэрч болоод өгөөч гэж хүмүүсийг гуйгаад яваад байсан гэж ярьсан байсан. Миний хамгийн их гомдож байгаа зүйл бол Нэргүй гуай ямааны талаар 12 дугаар сарын мал тооллогоор эзэнгүй малын тухай хэлж мэдэгдэх ёстой байсан юм. Энэ хүн сумынхаа хаяанд байдаг. Бараг өдөр бүр сумын төв рүү ордог юм билээ. Зүүнбаян-Улаан сумын Отгон гэдэг цагдаа тухайн үед байсан. Тэр цагдаа хэлэхдээ надад ямааны талаар хэлж бүртгүүлж байгаагүй, зун дэлэн нь хагарах шахсан ямаа туугаад айлуудаар ишиг борлонгоор солино гээд явж байсан гэж дуулсан гэж хэлдэг. Баттөгс цагдаа бид хоёр Ганбаатар гэдэг айлд ороход 12 дугаар ангийн хүүхдээ хүргэж өгөх гээд явж байхад баруун хайрханы хажуугаар давхиж байхад ямаа майлсан, хүүхдээ хараадах гэхэд 7 ямаа зогсож байна гэсэн. Бага зэрэг явж байгаад эргээд харахад хадны ёроолд олон ямаа байсан гэж хэлдэг. Ганбаатарын эхнэр мөн харсан байсан. 50-60 ямаа байсан гэтэл Нэргүйгийн хонь дээрээс нь нийлсэн гэж хэлсэн. Нэргүй гуай хэлэхдээ хэлэхдээ 7 ямаа ирсэн гэдэг. Манай ямаа бол тэгж хол явахгүй. Хулгайн гараар орсон гэж бодож байгаа. Би 60 ямааныхаа тал хувийг нэхэмжилсэн. 60 ямааныхаа үнээр эрж хайсан. О.Нэргүйгээс хохирлоо гаргуулмаар байна гэв.

Хариуцагч О.Нэргүй шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 10 сарын эхээр 11 цагийн орчим 7 тооны ямаа манай хоньтой нийлсэн нь үнэн. Би 7 тооны ямааг хариулж байсан нь үнэн. Утсаар, хэл амаараа ойр хавийн хүмүүст хэлж байсан. Түүнээс биш би идэж уусан зүйл байхгүй. Би өөрийн гэсэн малтай хүн. 2016 оны 04 сарын үед энэ хүн ирсэн. Танай хонинд эзэнгүй хүний ямаа байдаг гэнэ үнэн үү? гэж асуусан. Би хүний эзэнгүй ямаа байдаг нь үнэн. Хонин дотор байгаа үз гэж хэлсэн. Тэгээд энэ хүн манай ямаа мөн байна, 3 хүүхдийн амны хишиг 7 ямаа байна баярлалаа гэж хэлээд цагаан портер машинаар ачаад аваад явсан. Би үнэн зүйлийг үнэнээр нь ярина. Надад олон зүйл ярих шаардлага байхгүй. Би тайлбартаа бичсэн байгаа. Шүүх үнэн зөвөөр нь шүүж өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Бүддорж нь хариуцагч О.Нэргүйгээс гэм хорын хохирол 5400000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Бүддорж нь 2015 оны 09 дүгээр сард 59 тооны ямаагаа алдсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Тарагт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн тодорхойлолт, 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гэсэн баримтуудаар нотлогдож байгаа боловч нэхэмжлэгчийн 59 тооны ямааг хариуцагч О.Нэргүй авч ашигласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Хариуцагч О.Нэргүйг нэхэмжлэгчийн 59 тооны алдуул ямааг ашигласан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь нотлогдсон тухай нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар тайлбарладаг. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналд Б.Бүддоржийн 59 тооны ямааг О.Нэргүй нь хувьдаа авч ашигласан нь тогтоогдсон ба дээрх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дурдагдсан байгаа боловч Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал нь О.Нэргүйгийн гэм буруутайг шууд тогтоосон нотлох баримт болж чадахгүй, энэ талаар гарсан прокурорын тогтоол нь хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд Н.Болдбаатар, Р.Ганбаатар, Ц.Лхагвадорж нараас авсан тайлбарыг эрүүгийн хэргийн материалаас хуулбарлан нотлох баримтаар гаргаж өгсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж зааснаар Н.Болдбаатар, Р.Ганбаатар, Ц.Лхагвадорж нараас авсан тайлбар нь нотолгооны ач холбогдолгүй баримт юм.

Р.Ганбаатар, Г.Отгонбаяр, А.Баттөгс, Л.Гомбосүрэн, Ч.Баттогтох, Б.Мөнхзаяа, Ц.Ганболд нараас гэрчийн мэдүүлэг авсан боловч хариуцагч О.Нэргүйгийн гэм буруутай болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоогүй, хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан эрх бүхий үнэлгээчнээр үнэлэгдээгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан ба хариуцагч О.Нэргүй нь нэхэмжлэгч Б.Бүддоржийн эд хөрөнгөд гэм хор учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 101350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бүддоржийн О.Нэргүйгээс гэм хорын хохирол 5400000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 101350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч наршийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА

ШҮҮГЧИД Д.МӨНХТУЯА

Б.САРАНТУЯА