| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2017/0330/И |
| Дугаар | 131/ШШ2017/00346 |
| Огноо | 2017-05-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 131/ШШ2017/00346
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэлдаргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Галуут сумын 2-р багт оршин суух, ВК56010433 регистрийн дугаартай, Боржигин овогт Лувсаншаравын Түмэннямын Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 04 сарын 17-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Намжилмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Түмэнням шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1956 онд төрсөн. Одоо тэтгэвэр тогтоолгоод нэг жил гаруй авч байгаа. Нийгмийн даатгалын газраас шалгалт ирж миний ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолго гэсэн. Иймд миний 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Намжилмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянхонгор аймгийн Галуут сумын 2-р багийн иргэн Л.Түмэннямын 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын 2-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар Л.Түмэннямын иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, тус аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 14-ний өдрийн 438 дугаар лавлагаа, 1981 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1982, 1990 оны баярын бичгийн хуулбар, гэрч Р.Бямбажавын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Л.Түмэнням нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Л.Түмэнням 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсан болох тус аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 14-ний өдрийн 438 дугаар лавлагаа, 1981 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1982, 1990 оны баярын бичгийн хуулбар, гэрч Р.Бямбажавын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Л.Түмэннямын ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Лувсаншаравын Түмэннямын 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ