Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01913

 

Т.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00320 дугаар шийдвэртэй,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 212/МА2018/00070 дугаар магадлалтай,

Т.Б-ийн нэхэмжлэлтэй

Баян-Өлгий аймгийн ЦГШСГ-т холбогдох, 

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багт байрлалтай Т.Б-ийн өмчлөлийн сууцаас 2,4 метрийн зайтай Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын 10 кв Цахилгаан дамжуулах агаарын шугам татсан шонгийн модыг нүүлгэн шилжүүлэх тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Д.А- нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэл Т.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие Сагсай сумын 5 дугаар багийн төвд амьдардаг бөгөөд  бидний байшин, хашааны дээгүүр Буянт сумын чиглэлд татсан агаарын өндөр хүчдэлийн 10 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг татаж, аваар осолтой аюултай түгшүүртэй орчинд амьдарч байна. Энэ талаар холбогдох байгууллага болох аймгийн Засаг даргад болон Улсын Мэргэжлийн хяналтын газарт өгсөн өргөдөл гомдлын дагуу шалгаж Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлт аюултай орчин гэж гарсан. Улмаар аргаа бараад Монгол Улсын Хүний Эрхийн комисст хандсан. Миний өргөдлийн мөрөөр Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын дарга Ж.Керейн комиссын бүрэлдэхүүнтэй хүмүүс манайд ирж үзээд 2-3 шонгийн мод нүүлгэх ажил гарч магадгүй зардал их гарах юм байна гэж хэлж шийдвэрлээгүй яваад өнөө хүрсэн. Бидний амьдарч байгаа хувийн байшин дээрээс шууд тусгалаар 10 кв-аар цахилгаан дамжуулах агаарын шугам нь 70 см орж дайран өнгөрч байгаа нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 3.15, Цахилгаан байгууламжийн дүрмийн 2.5.11-т заасныг тус тус зөрчиж байна. Иймд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багт байрлалтай Т.Б-ийн өмчлөлийн сууцаас 2,4 метрийн зайтай Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын 10 кв цахилгаан дамжуулах агаарын шугам татсан шонгийн модыг албадан нүүлгэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын шүүхэд гаргасан тайлбарт: ...Уг агаарын шугам бол 2001 онд Буянт сумыг 10 кв-ын цахилгаан эрчим хүчээр хангах зориулалтаар татагдсан бөгөөд тус ажлын жинхэнэ гүйцэтгэгч нь Ховд аймгийн Эрчим хүчний барилга угсралтын Алтай трест ХХК байсан. Захиалагч нь Эрчим хүчний удирдах газрын харьяа барилга зураг төсвийн товчоо байсан. Дэд бүтцийн сайдын 2001 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 307 дугаартай тушаалаар улсын комисс ажиллаж, манай байгууллагад ашиглуулахыг үүрэг болгосон. Дээрх ажлыг Баян-Өлгий аймгийн ЦГШСГ- барьж байгуулаагүй, тухайн барилга байгууламжийн захиалагч болон ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрыг хариуцагчаар тодорхойлсон нь буруу. Сагсай сумын 10 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам нь барилга угсралтын ажлын батлагдсан зураг төсвийн дагуу гүйцэтгэгч тал барьж байгуулаад захиалагч тал гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрч дэд бүтцийн сайдын 2001 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Ажлын комисс томилох тухай 307 тоот тушаалаар томилогдсон комисс хүлээж авсан тул нэг хүний эрх ашгийн төлөө нийтийн эрх ашгийг зөрчиж Т.Б-ийн нэхэмжлэлийн дагуу шонгийн модыг нүүлгэх боломжгүй. Иргэн Т.Б- нь тухайн шугамын барилга угсралтын ажил хийгдэж байсан үед зохих журмаар эрх бүхий байгууллагад хандаж, асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой байсан учир энэ эрхийг өөрөө эдлээгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна гэж заасан. Мөн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил гэж заасан. Нэхэмжлэгч Т.Б-ийн нэхэмжлэлийн шаардлага болгож байгаа цахилгаан дамжуулах агаарын шугамын байгууламжийн албадан нүүлгэх шонгийн мод нь үл хөдлөх эд хөрөнгө болохын хувьд нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацаа 2001 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгууламжийг ашиглалтад өгсөн өдрөөс эхэлж тооцвол 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон тул нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хуулийн зохицуулалттай гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00320 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасныг баримтлан аймгийн Сагсай сумын 5 дугаар багт байрлалтай Т.Б-ийн өмчлөлийн сууцаас 2,4 метрийн зайтай Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын 10кВ Цахилгаан дамжуулах агаарын шугам татсан шонгийн модыг албадан нүүлгэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 212/МА2018/00070 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00320 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б-ийн хариуцагч Баян-Өлгий аймгийн ЦГШСГ-т холбогдуулан гаргасан тус аймгийн Сагсай сумын 5 дугаар багт байрлалтай Т.Б-ийн өмчлөлийн сууцнаас 2.4 метрийн зайтай, тус аймгийн Шугам сүлжээний газрын 10 кв цахилгаан дамжуулах агаарын шугам татсан шонгийн модыг албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж тус аймгийн Цахилгаан шугам сүлжээний газарт буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Т.Б-, түүний өмгөөлөгч Т.Айбек нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхэд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэргэлсэн гэж бичсэн байна. Монгол улсын Үндсэн хуулийн 16.2-т Монгол Улсын иргэн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байхад иргэн Т.Б-ийн эрх зөрчигдсөн юм. Цахилгааны шугам сүлжээний утас нь байшингийн тусгалаараа 70 см орж дайран өнгөрсөн нь Эрчим хүчний тухай хууль журмыг зөрчсөн асуудал юм. Цахилгаан шугам сүлжээг татах үеэс эхлэн дуусах хүртэл хамгаалалтын зурвас тогтоох ёстой мөртлөө ямарч хамгаалалтын зурвас тогтоогоогүй, сумын Засаг даргаар захирамж гаргуулаагүйгээр шууд шугам сүлжээг татаж гүйцэтгэсэн асуудал нь хууль зөрчсөн явдал юм. Цахилгаан           шугам сүлжээг татаж ашиглалтанд өгч акт тогтоож хүлээлгэж өгөхөд Цахилгаан шугам сүлжээг шонгийн модыг тус аймгийн Эрчим хүч цахилгаан шугам сүлжээний газарт бүрэн хүлээлгэж өгсөн нь комиссын актаар бүрэн тогтоогдож байна. Сум дундын анхан шатны шүүх хэргийн газрын үзлэг хийж цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн дүгнэж шийдвэр гаргасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Т.Б-, Баян-Өлгий аймгийн ЦГШСГ-т холбогдуулж тус аймгийн Сагсай сумын 5 дугаар багт байрлалтай нэхэмжлэгчийн өмчлөлийн сууцаас 2.4 метрт байрласан 10 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам татсан шонгийн модыг нүүлгэн шилжүүлэхийг даалгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

          Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1, 118.3-т зааснаар шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэж, тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг заахыг шаардана.

          Анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дах хуудас хэргийн баримтад байхгүйгээс нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар тодорхой бус болсон байна. /128-129-р тал/ 

          Энэ зөрчлийг давж заалдах шатны шүүх илрүүлж засаагүй байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзлээ.

          Дээрх үндэслэлээр хяналтын шатны шүүхээс зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны талаар дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:  

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00320 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 212/МА2018/00070 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                             Г.АЛТАНЧИМЭГ