Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0783/З |
Дугаар | 221/МА2023/0069 |
Огноо | 2023-01-25 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2023/0069
Ш.Ч, Ш.У, Т.У нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-Э,
Нэхэмжлэгч: Ш.Ч, Ш.У, Т.У нар,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба,
Гуравдагч этгээд: Б.Н,
Нэхэмжлэлийн шаардлага: “Нэхэмжлэгч иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээг бичиж олгохыг даалгах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 803 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я, нэхэмжлэгч Т.Уийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-Э нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж,
Хэргийн индекс: 128/2021/0783/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.Ч, Ш.У, Т.У нар нь Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Нэхэмжлэгч иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээг бичиж олгохыг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 803 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 23 дугаар зүйлийн 23.4.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Ч, Ш.У, Т.У нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч нарт газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрчилгээг бичиж өгөхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
3.1. Шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.1-д заасан анхан шатны шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй хэргийг шийдвэрлэсэн.
3.2. Миний бие хууль эрх зүйн мэдлэггүй учир өмгөөлөгч авсан. Анхан шатны шүүхийн хурал зарлагддаг өдөр 11 цагийн орчимд өмгөөлөгч надтай холбогдсон “өчигдөр халуураад өнөөдөр халуун буухгүй болохоор нь шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт шүүхэд өгсөн” гэж хэлсэн. Шүүх хурал 15 цаг 30 минутад учир хөдөөнөөс Улаанбаатар хот руу явж байсан. 14 цаг 47 минутад шүүхийн нарийн бичиг /тухайн үед шүүгчийн туслах гэж бодсон/ “шүүх хуралдаа ирж байна уу” гэж надруу залгасан. “22 товчоо орж байна. Хөдөө ажил явдал гараад манай өмгөөлөгчийн бие муу байгаа гэсэн. Цагтаа амжихгүй юм шиг байна түгжрэл их байна. Нэг цаг хойшлуулах боломж байдаг болов уу эсвэл би онлайнаар хуралд ормоор байна” гэж утсаар хэлсэн. Шүүхийн нарийн бичгийн дарга “шүүгчийн туслахаас асууя би мэдэхгүй байна асуугаад хэлье” гэсэн. Түгжрээд 16 цаг 20 минутын үед шүүхийн гадаа ирэхэд шүүх хурал орчихсон байсныг мэдсэн. Шүүгчийн туслах руу “яагаад вэ? Танайхаас ийм дугаараас залгахаар нь очиж байна цагтаа амжихгүй юм шиг байна онлайнаар ормоор байна гэдгээ хэлсэн” гэхэд шүүгчийн туслах “таныг манай нарийн бичиг амжихгүй хөдөөнөөс орж ирж байна гэсэн. Онлайнаар орохын тулд өмнөх өдөр нь хүсэлт өгдөг юм шүүх хурал эзгүйд шийдвэрлэгдсэн. Танай өмнөөлөгч хүсэлт өгсөн ч нотлох баримт өгөөгүй байна” гэж надад хэлсэн. “Гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа хуралд заавал оролцох хүсэлтэй байна” гэдгээ илэрхийлсэн. Өмнө шүүх хуралдаанд огт очихгүй алга болж ч үзээгүй шүүх засаглалыг хүндэлж шударга шүүхэд итгэдэг хуулиа дагаж мөрдөн иргэн миний шүүх хуралд оролцох эрхийг маань эдлүүлж өгөөч гэж давж заалдах шатны шүүхээс хүсэж байна.
3.3. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч, хариуцагч нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянав.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18 өдрийн 181 дүгээр шийдвэрээр “... нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн”, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 339 дүгээр магадлалаар “... зарим нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ш.Ч, Т.У, С.Г нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Ш.Ч, Т.У, С.Г нарын нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Ш.У, “У.Ш” ХХК-ийн нарын гэрчилгээний хугацаа сунгах асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж өөрчилсөн” байна.
3. Дээрх шийдвэрүүдийг үндэслээд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/324, А/325 дугаар захирамжуудаар тус дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулагт Ш.Уд 503 м.кв, Ш.Ч, Т.У нарт 700 м.кв газрыг тус тус зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
4. Улмаар нэхэмжлэгч нараас “... газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах тухай” өргөдлийг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан боловч хариуцагч дээрх захирамжуудын дагуу гэрчилгээ гаргаж өгөөгүй байна.
5. Нэхэмжлэгч Ш.Ч, Ш.У, Т.У нар нь Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Нэхэмжлэгч иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээг бичиж олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
6. Анхан шатны шүүх “... гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-Э хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, түүний өмгөөлөгч Ж.Б шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдсан холбогдох баримтыг хавсаргаагүй тул тэдгээрийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн ...” гэсэн нь буруу, гуравдагч этгээдийн энэ талаарх гомдлыг үгүйсгэх боломжгүй байна.
7. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.1-д зааснаар шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй хэргийг шийдвэрлэсэн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болно.
8. Өмгөөлөгч Ж.Б гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-Этэй 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “Өмгөөлөл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулж, мөн өдрийн болон 10 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааныг “... хэргийн материалтай танилцах шаардлагатай” гэх үндэслэлээр хойшлуулсан, Ж.Бгаас “... шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул нэг удаа хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүх хуралдаан эхлэхээс өмнө явуулсан, Б.Б-Э-ийн “... Шүүх хурал 15 цаг 30 минутад учир хөдөөнөөс Улаанбаатар хот руу явж байсан. 14 цаг 47 минутад шүүхийн нарийн бичиг /тухайн үед шүүгчийн туслах гэж бодсон/ “шүүх хуралдаа ирж байна уу” гэж над руу залгасан. “22 товчоо орж байна. Хөдөө ажил явдал гараад манай өмгөөлөгчийн бие муу байгаа гэсэн. Цагтаа амжихгүй юм шиг байна түгжрэл их байна. Нэг цаг хойшлуулах боломж байдаг болов уу эсвэл би онлайнаар хуралд ормоор байна” гэж утсаар хэлсэн” гэх гомдол зэргээс үзвэл анхан шатны шүүх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох, мөн түүний эрх зүйн туслалцаа авах эрхээр хангалгүй хэргийг шийдвэрлэжээ гэж үзэхээр байна.
9. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас холбогдох нотлох баримтыг ирүүлэлгүйгээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ илэрхийлснийг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй, харин гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... манай өмгөөлөгчийн бие муу байгаа гэсэн. Цагтаа амжихгүй юм шиг байна түгжрэл их байна. Нэг цаг хойшлуулах боломж байдаг болов уу эсвэл би онлайнаар хуралд ормоор байна, ... хуралд заавал оролцох хүсэлтэй байна” гэх байдлаар үүссэн нөхцөл байдлыг тайлбарлаж, хүсэл зоригоо илэрхийлсээр байгааг шүүх харгалзан үзэлгүй шууд хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчдын эрх тэгш байдлыг хангах, шүүх хуралдааны мэтгэлцэх зарчмыг зөрчсөн байна.
10. Нэхэмжлэгч нараас “... Б.Б-Э газар эзэмших эрхгүй атлаа 3 иргэний зөвшөөрөлгүйгээр дураараа, байшин руугаа автомашинаар болон явганаар орж гарахдаа, 3 газрын тэг дундуур нь туучиж, бусдын газрыг хэрэглэж байгаа, Газрын алба орц, гарцыг хуулийн дагуу шийдэж өгөхгүй, захирамж гарчхаад байхад гэрчилгээ бичихээс хууль бусаар татгалзсан, ... Ш.Уы өмнө эзэмшиж байсан газар 700 м.кв байснаас Засаг дарга захирамж гаргахдаа гуравдагч этгээдийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг байрлаж байгаа 200 м.кв газрыг хасаад 500 м.кв болгож багасгасан” гэж, хариуцагчаас “... гуравдагч этгээдийн байшингийн суурь хэсгийг үлдээгээд нэхэмжлэгч нар хашааны үзүүрээр орц, гарцаа гаргаад аль аль талаараа орж гарах боломжтой болгоод зургаа ирүүлбэл гэрчилгээ бичихэд татгалзахгүй, гуравдагч этгээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй учир эрх ашгийг нь зөрчих байх гээд гэрчилгээ бичиж өгөхгүй байгаа, ганц гуравдагч этгээдэд орц, гарц гаргаж өгөх гээд байгаа асуудал биш, Ш.Ч, Т.У, н.Г нар мөн зургийнхаа дагуу орц, гарцгүй байгаа, нэгж талбар болгон орц, гарцтай байх ёстой” гэж, гуравдагч этгээд “... Засаг дарга хээрийн болон суурийн судалгаа хийлгүйгээр захирамж гаргасан” гэж тайлбарлан маргасан.
11. Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж олгохыг даалгахын тулд нэн түрүүнд шүүхийн шийдвэр бодит байдалд биелэгдэх боломжтой эсэхийг нягтлах ёстой.
12. Тодруулбал, хэргийн оролцогчдын дээрх тайлбаруудаас үзвэл нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын орц, гарцын асуудлыг тодорхой болгож, газрыг бодитойгоор эзэмшиж, ашиглаж болох нөхцөлийг бүрдүүлснээр, тухайлбал Засаг даргын А/324, А/325 дугаар захирамжуудаар нэхэмжлэгч нарт тус тус эзэмшүүлсэн 503 м.кв, 700 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргаж өгөхгүй байгаа нь орц, гарцын асуудлаас болоод дээрх захирамжуудад заагдсан газрын хэмжээ нь багасах гээд байгаатай холбоотой эсэхийг тодруулснаар уг маргааныг үнэн зөв, нэг мөр эцэслэн шийдвэрлэх боломжтой болохоор байна. Гуравдагч этгээдээс шүүх хуралдаанд оролцож энэ талаарх байр сууриа илэрхийлээгүй тул талуудыг бүрэн байлцуулан боломжит байдлаар шийдвэрлэх нь хэргийн оролцогчид цаг хугацаа алдахгүй, маргаан цаашид даамжрахгүй байх нөхцөл бүрдэхийг анхаарах нь зүйтэй.
13. Мөн анхан шатны шүүх “... Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/1911 дүгээр албан бичгээр П.Б, 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1/1307 дугаар албан бичгээр Г.З нарыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж ирүүлсэн хэдий ч тэдгээрт нэхэмжлэлийн хувь гардуулаагүй, хариу тайлбар аваагүй, шүүх хуралдаан нээлттэй явагдсан учир тэдгээрийг оролцуулсан” гэжээ. Шүүх тус захиргааны хэрэгт Сүхбаатар дүүргийн Засаг даргыг албан ёсоор татаж оролцуулаагүй атлаа түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулсан нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй, мөн ийнхүү тайлбар авсныг шууд буруутгаагүй ч хэрэв ийнхүү тайлбар авч маргааныг шийдвэрлэхээр бол хуульд заасан холбогдох ажиллагааг явуулж, албан ёсоор тайлбар, мэдүүлэг авч, түүнийг харьцуулан үнэлсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх шаардлагатай.
14. Иймд анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй, түүнд харьцуулан хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан баримтуудаар давж заалдах шатны шүүх дээрх алдааг зөвтгөж уг маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 803 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН