Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 16

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Баярмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “ЭО ” ХХК,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.А д холбогдох

“Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №0142202 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”  шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч “ЭО ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А , хариуцагч Э.А  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “ЭО ” ХХК шүүхэд гаргасан гомдол болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий акт нь "ЭО " ХХК-ийн зүгээс М\/-019149 тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын зориулалтаар газрын хэвлийг ашиглах хууль ёсны эрхийг хэрэгжүүлэхэд үндэсгүйгээр хязгаарлаж байна.

Эрх бүхий байгууллагаас газар ашиглах зөвшөөрөл аваагүй гэдэг үндэслэлээр торгох шийтгэл оногдуулсан нь холбогдох харилцааг буруу тодорхойлж улмаар хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, мөн түүнчлэн Газрын хэвлийн тухай болон Ашигт малтмалын тухай хуулиудыг буруу хэрэглэж үндэсгүйгээр шийтгэл ногдуулсан нь дараах байдлаар тогтоогдож байна.

Үүнд: Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхаргыг" газар гэж хуульчлан томьёолсон байна.

Харин зөрчил гэж үзэж байгаа 10.1 га талбайд уулын ам нээж ашигт малтмал ашиглаж байгаа үйл ажиллагаа нь Газрын хэвлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших ашигт малтмал"...-ыг Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасны дагуу "...ялган авах, олборлох" үйл ажиллагаа юм.

Өөрөөр хэлбэл "ЭО " ХХК-ийн зүгээс М\/-019149 ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн газар дээр ямар нэг барилга байгууламж, ажилчдын гэр болон бусад дэд бүтэц зэргийг барьж байгуулах замаар уг газрыг эзэмших, ашиглах үйл ажиллагаа явуулаагүй. Тус компани нь гагцхүү ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор газрын хэвлийг ухаж уурхайн ам нээсэн болно.

          Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т "газрын хэвлий, байгалийн бусад баялгийг ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулна" гэж, мөн түүнчлэн Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т "газрын хэвлийд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна" гэж тус тус хуульчилсан байна.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу уулын ам нээж газрын хэвлийг ашигт малтмалын зорилгоор ашиглах харилцаанд Газрын тухай хууль түүнд заасан газар ашиглах эрх авах, газар ашиглах гэрээ байгуулсан байх хуулийн шаардлага үүсэхгүй байна.

          "ЭО " ХХК нь МV-019149 ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд газрын хэвлий хөндөж үйл ажиллагаа явуулж байгааг хариуцагч тал 2019 оны 05 сарын 09-ний өдрийн №01/239 албан бичигтээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Ингэхдээ Газрын хэвлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу сумын Засаг дарга нь нутаг дэвсгэртээ газрын хэвлийн баялгийг ашиглуулахтай холбогдуулан эдэлбэр газар олгох бүрэн эрхтэй тул засаг даргаас холбогдох шийдвэр гаргуулж үйл ажиллагаа явуулах шаардлагатай байсан гэж үндэслэсэн нь хуульд нийцээгүй байна.

Учир нь: Газрын хэвлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3.4-т “ердийн ашигт малтмалаас бусад ашигт малтмалын орд ашиглахад зориулан аж ахуйн нэгж, байгууллагад зохих хууль тогтоомжийн дагуу уурхайн эдэлбэр олгох" бүрэн эрхийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийднэ гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл сумын Засаг даргад ашигт малтмалын зорилгоор газрын хэвлийг ашиглах зөвшөөрөл өгөх бүрэн эрх хуулиар олгогдоогүй байна.

Газрын хэвлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3.4 болон 10 дугаар зүйлийн 10.2-т заасан зохих хууль тогтоомж буюу Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.19-т "уурхайн эдэлбэр" гэж уурхайн талбайтай давхацсан, ашигт малтмал олборлох геологийн тогтцын хэсэг болно гэж тодорхойлжээ. Улмаар Газрын хэвлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд уурхайн эдэлбэр олгосон тухай акт нь газрын хэвлийг ашигт малтмалын зориулалтаар олборлох үндэслэл болно гэж заажээ.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 35.3.6 болон 36.1 дэх заалтуудын дагуу уурхайн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан байх үүрэг хүлээсэн бөгөөд ингэхдээ уурхайн талбайн хилийн хэмжилтийг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан этгээдээр хийлгэж, хил тогтоосон тухай актыг тус албанд ирүүлнэ гэж заасан байна.

"ЭО " ХХК нь МV-019149 ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн уурхайн эдэлбэр газрын хилийн заагийг 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мэргэжлийн байгууллагаар хийлгүүлэн акт үйлдүүлж улмаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хүлээлгэн өгсөн. Энэ нөхцөл байдал нь Газрын хэвлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3.4-д заасан эрх бүхий байгууллага болох Ашигт малтмалын газраас хуульд заасан журмын дагуу буюу Газрын хэвлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, мөн түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 35.3.6 болон 36.1 дэх заалтуудын шаардлагыг хангаж газрын хэвлийг ашигт малтмалын зорилгоор ашиглах зөвшөөрлийг тус Компани авсан байгааг тогтоож байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №0142202 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

     Хариуцагч Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.А  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч тал буюу “ЭО " ХХК нь МV-019149 тоот ашиглалтын Тусгай зөвшөөрлийн талбайд 10.1 га газрын гадаргыг хөндөж газрын хэвлийд олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаагаа 2019 оны 06 сарын 11 өдрийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрсөн байна.

          Ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлд ашигт малтмалын ордын ангиллыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түгээмэл тархацтай ашигт малтмалын орд, ердийн ашигт малтмалын орд гэж үндсэн 3 ангилсан байдаг.

Ашигт малтмалын тухай хуулийн 6.2 дахь хэсэгт 6.1.1 заасан ордод 4.1.12-т заасан шалгуур хангасан ордыг хамруулна. 4.1.12 хэсэгт заасан шалгуур нь "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг;

Ашигт малтмалын тухай хуулийн 6.3 дахь хэсэгт Барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий хурдас, чулуулгийн хуримтлалыг түгээмэл тархацтай ашигт малтмалын ордод хамааруулна.

Ашигт малтмалын тухай хуулийн 6.4.Энэ хуулийн 6.2, 6.3-т зааснаас бусад төрлийн ашигт малтмалын хуримтлалыг ердийн ашигт малтмалын ордод хамааруулна.

Монгол улсын их хурлын тогтоол тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай 2007 оны 02 сарын 06 өдрийн 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Стратегийн орд газарт хамруулах ордын байршлыг тодорхойлсон байдаг.

Тус байршлыг нь тогтоосон ордод “ЭО " ХХК-ийн М\/-019149 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий “Хар сэвэргэн” нэртэй орд багтаагүй байгаа тул тухайн ордыг ердийн ашигт малтмалын орд гэж үзэх үндэслэл болж байна.

Тухайн орд нь ердийн ашигт малтмалын ангилалд орж байх тул Газрын хэвлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар “Нутаг дэвсгэртээ газрын хэвлийн баялгийг ашиглуулахтай холбогдуулан эдэлбэр газар олгох” асуудлыг  сумын Засаг дарга шийдвэрлэдэг бөгөөд иргэн, аж ахуйн нэгж газар эзэмших, ашиглах талаар хүсэлт гаргаж, хуулийн дагуу газрыг ашиглах шаардлагатай юм.

Мөн Газрын хэвлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд газрын хэвлийг ашиглагчийн үндсэн эрх, үүргийг зааж өгөхдөө тус хуулийн 2.4 дэх хэсэгт Газрын хэвлийг ашиглах явцад эвдэрсэн газрыг аюул осолгүй болгож, цаашид ашиглаж болохуйцаар засаж тохижуулан анх зөвшөөрөл олгосон нутгийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх гэж заасан байна.

          Газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлд Газрын нэгдмэл санг газар ашиглалтын үндсэн зориулалт, хэрэгцээг харгалзан ангилна гэж заасны дагуу тус хуулийн 10 дугаар зүйлд Монгол улсын газрын нэгдмэл санд үндсэн 6 хэлбэрээр ангилсан байдаг. Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Хот, тосгон, бусад суурины газарт хот, тосгон, бусад суурины барилга, байгууламж, үйлдвэр, уурхайн дэвсгэр болон нийтийн эдэлбэрийн газар, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газар хамаарна” гэсэн нь уурхайн дэвсгэр, үйл ажиллагаа явуулж буй газар нь Газрын тухай хуулиар зохицуулагдан, хуулийн дагуу эзэмшиж ашиглах үүрэгтэйг тусгажээ.

Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна гэж заасан байдаг нь уурхайн дэвсгэр газарт газрын төлбөр ногдуулах үндэслэл болж өгч байна.

          Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “газар” гэж газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхаргыг” хэлнэ гэж хуульчилсан байдаг. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.“газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 3.1.4-т “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг” хэлнэ гэжээ.

              Үүнээс үзэхэд нэхэмжлэгч компани нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дагуу зөвхөн газрын хэвлий дэх баялгийг ашиглаж байгаа, харин олборлолт явуулахдаа газрын гадаргуу хөрс, ургамал бүхий орон зайн давхаргыг ашиглаж байгаа тул Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших, ашиглах зөвшөөрлийг авсан байх шаардлагатай юм. Газрын гадаргууг эзэмшиж, ашиглахтай холбоотой харилцаанд газрын гэрээ, гэрчилгээ авахтай холбоотой үүсэх харилцааг Газрын тухай хуулийн дагуу зохицуулагддаг.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд нь өөрийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ авах боломжийг Ашигт малтмалын тухай хуулийн 27 зүйл болон Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлээр тус тус олгосон байдаг

Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигч тухай хуулийн 35 дугаар зүйл 35.3.7 газар, ус ашиглах тухай гэрээг уурхай дээр байлгах үүрэг хүлээдэг.

Газрын гадаргуу болон газрын хэвлийг хөндөж үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд тухайн асуудлыг шийдвэрлэхээр хуульчлагдсан холбогдох хуулиудыг /Газрын тухай хууль, ашигт малтмалын тухай хууль/ дагаж мөрдөх нь зүйтэй.

          Иймд дээр дурдсан үндэслэлээр Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №0142202 дугаартай шийтгэлийн хуудсыг хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч /цаашид “эрх бүхий албан тушаалтан” гэх/ Э.А  нь “ЭО ” ХХК-ийг  “...MV-019149 дугаар ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн талбайд газар ашиглахдаа холбогдох байгууллагаас зөвшөөрөл аваагүй үйл ажиллагаа явуулсан” гэх зөрчил үйлдсэн нь ил тодорхой тогтоогдсон гэж дүгнэн, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн  №0142202 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан;... бол хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Өмнөговь аймгийн Ноён сумын Хар сэрвэгэн нэртэй газарт 6664.61 га талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-019149 дугаар тусгай зөвшөөрлийг “ЭО ” ХХК-д 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр олгосон байна.

“ЭО ” ХХК-иас шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах үндэслэлээ “...газрын хэвлийн баялгийг ашиглахтай холбогдсон харилцааг Газрын тухай хуулиар зохицуулахгүй, хууль буруу хэрэглэж, үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан...” гэж тайлбарладаг.

Хариуцагч нь “...ердийн ашигт малтмалын зориулалтаар газрын хэвлийн баялгийг ашиглахдаа уурхайн эдэлбэр газрыг ашиглах зөвшөөрлийг холбогдох байгууллагаас авах ёстой...” гэж маргадаг.

“ЭО ” ХХК тусгай зөвшөөрлийн талбайн 10,1 га газарт уурхайн ам нээн ашигт малтмал олборлож байсан, уурхайн эдэлбэр газрыг ашиглах зөвшөөрөл холбогдох байгууллагаас аваагүй үйл баримтууд тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.7-д “... ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий ... -гээс ашигт малтмал ялган авах, олборлох ... үйл ажиллагааг ойлгох”-оор, 12 дугаар зүйлийн 12.1.2-т “... нутгийн захиргааны байгууллага нь харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах’”-аар, 27 дугаар зүйлийн 27.1.1-д “... ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг … ашиглах”-аар, 36 дугаар зүйлийн 36.1-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ... тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 сарын дотор ... уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг тавина, ... уурхайн талбайн хилийн хэмжилтийг эрх бүхий  этгээдээр хийлгэж, хил тогтоосон тухай актыг ... ирүүлэх”-ээр тус тус зааснаас үзэхэд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг “ашигт малтмал олборлох” зориулалтаар эзэмших эрхтэй, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоноор тухайн газарт газар эзэмших эрх шууд үүсэх  боловч Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.7-д “... тусгай зөвшөөрөл эзэмшигч нь газар, ус ашиглах тухай гэрээ... байгуулах”-аар, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “... гэрээ байгуулан газрыг эзэмшиж ... байгаа ... аж ахуйн нэгж ... газрын төлбөр төлөгч байх”-аар, 7 дугаар зүйлийн 4-д “уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсгийн газрын төлбөрийг ... хоёр дахин өсгөж тооцох”-оор тус тус заасан байх тул ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч газар ашиглах гэрээг зохих журмын дагуу байгуулж, газрын төлбөр төлөх үүрэгтэй байна.

Мөн Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “газар” гэж газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхаргыг;”, 3.1.4-д “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг;” ойлгоно гэж зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн дагуу газрын хэвлийн баялгийг ашиглаж, олборлолт явуулахдаа газрын гадаргуу, хөрс, ургамал бүхий орон зайн давхаргыг ашиглаж байгаа тул газрын гадаргууг эзэмших, ашиглах зөвшөөрлийг холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу авах ёстой гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “...уурхайн дэвсгэр...” зориулалтаар ашиглаж буй газар нь Газрын тухай хуулиар зохицуулагдан, зохих зөвшөөрөл авсан байна гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар  “ЭО ” ХХК уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх, өргөжүүлэхээр газар ашиглах зөвшөөрөл хүсч Ноён сумын Засаг даргад хэд хэдэн удаа хандаж байсан, Засаг даргаас Газрын тухай хуульд заасан болзол, журмын дагуу олгохоор хариу өгч байсан нь тогтоогдож байна.

Эндээс гомдол гаргагчийн “...тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд үйл ажиллагаа явуулахдаа Газрын тухай хуулийн иргэн, хуулийн этгээдэд “газар эзэмшүүлэх, ашиглуулах”-тай холбогдсон харилцааг зохицуулсан хэм хэмжээг хэрэглэхгүй...” гэх тайлбар үгүйсгэгдэнэ.

Эдгээр үндэслэлээр эрх бүхий албан тушаалтны  2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №0142202 дугаартай шийтгэлийн хуудас хуульд нийцсэн гэж дүгнэн, гомдлын шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.4, 12 дугаар зүйлийн 12.1, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.7, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “ЭО ” ХХК-ийн Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.А д холбогдуулан гаргасан “2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №0142202 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.БАЯРМАА