Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 861

 

М.Болорцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/00209 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Болорцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Жаргалсайханд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр,

Хариуцагч С.Жаргалсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Болорцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр С.Жаргалсайхантай зээлийн гэрээ байгуулан 10 000 000 төгрөгийг 2 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай буюу 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлдүүлсэн. Зээлдүүлсэн мөнгө болох 10 000 000 төгрөгийг хариуцагчийн Голомт банк дахь 1701094674 тоот дансанд 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлсэн.

Зээлийн гэрээнд зээлийн төлбөрийг буцаан төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр талууд тохиролцон гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй гэж заасны дагуу талууд гэрээг өөрсдийн хүсэлтээр байгуулсан. Зээлийн гэрээг бичгээр байгуулсан тул хүү нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Мөн зээлдүүлсэн мөнгөө шилжүүлэн өгсөн тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасны дагуу энэхүү гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр гэж үзэж байна.

Хариуцагч С.Жаргалсайхан нь нэхэмжлэгч М.Болорцэцэгийн ХААН банкин дахь дансанд 100 000 төгрөг шилжүүлсэнээс өөр зээл, зээлийн хүү, алданги төлөөгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч С.Жаргалсайхан нь удахгүй төлнө гэж хойшлуулж байсан. Иймд зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн үндсэн төлбөр 10 000 000 төгрөг, нэхэмжлэлд 20 сарын хүү гэж 4 000 000 төгрөг нэхэмжилснийг өөрчилж, 22 сарын хүү 4 400 000 төгрөгөөс төлсөн 100 000 төгрөгийг хасч, хүү 4 300 000 төгрөг, Иргэний хуульд зааснаар алданги 700 000 төгрөг нийт 15 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийг Ц.Баярсайхан гэдэг хүнд шилжүүлсэн зүйл байхгүй. М.Болорцэцэг, С.Жаргалсайхан, Ц.Баярсайхан гэдэг хүмүүс хоорондоо уулзаж ярилцсан зүйл байхгүй. Түүнээс гадна шилжүүлсэн нотлох баримт байхгүй. М.Болорцэцэг Ц.Баярсайхан нарын хооронд мөнгө зээлдүүлсэн тусдаа асуудал байгаа. Иймд С.Жаргалсайханаас 15 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Жаргалсайхан шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одонтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Болорцэцэгээс 10 000 000 төгрөгийг Зээлийн гэрээ хийж зээлж авсан нь үнэн. 3 сарын хүү 600 000 төгрөгийг төлсөн. 100 000 төгрөгийг дансаар өгөөд, 500 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүгээ төлөөд үндсэн зээлээ төлөх гэж байтал М.Болорцэцэг нь өөрийн санаачилгаар зээлсэн 10 000 000 төгрөгийг улсын заан Ц.Баярсайханд зээлдүүлэх болсон. Өндөр хүү авах боломжтой болсон учир таньд зээлдүүлсэн 10 000 000 төгрөгийг Ц.Баярсайхан төлөх болсон учир таньтай зээлийн гэрээ дуусгавар боллоо гээд гурвуулаа уулзаад өөрийн санаачилгаар энэ зээлийн асуудлыг шийдвэрлэсэн. Энэ үеэс хойш М.Болорцэцэг ямар нэгэн мөнгө нэхээгүй бөгөөд харин ч Ц.Баярсайхан гуай шилжүүлэн авсан мөнгөндөө хангалттай хүү төлж байгаа тухай надад хэлж байсан. Мөн би хүүг нь Ц.Баярсайхан гуайгаас авч шилжүүлэн өгч байсан.

Түүнчлэн М.Болорцэцэг нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст Ц.Баярсайханд холбогдуулан гомдол гаргахдаа өөрийн энэхүү шилжүүлэн өгсөн 10 000 000 төгрөгийг оруулсан байдаг бөгөөд энэ асуудалаар С.Жаргалсайхан би Цагдаагийн хэлтэст очин гэрчийн мэдүүлэг өгсөн. Тодруулбал тэрээр өөрийн хүсэл зоригоор мөнгийг надаас шилжүүлэн бусдаас өндөр хүү тооцож авч байсан мөртлөө 10 000 000 төгрөгийг хоёр хүнээс авах гэсэн шударга бус оролдлогыг хийж байна. Иймд нэгэнт зээлийн гэрээний үүрэг бусдад шилжсэн тул С.Жаргалсайхан надаас 15 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Жаргалсайханаас 11 200 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Болорцэцэгт олгож, нэхэмжлэлээс 3 800 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар М.Болорцэцэгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Жаргалсайханаас 194 150 төгрөгийг гаргуулж М.Болорцэцэгт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч С.Жаргалсайхан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181\ШШ2017\00209 тот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч М.Болорцэцэг, хариуцагч С.Жаргалсайхан нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан хэдий ч уг зээлийн гэрээний үүрэг бусдад шилжсэн болох нь хэрэгт авагдсан баримт болон гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу өгсөн гэх 10 сая төгрөгөө өөрийн хүсэл зоригоор өөр үүрэг гүйцэтгэгчид шилжүүлэн өгч улмаар энэхүү мөнгөтэй холбоотойгоор хүү авч байсан байна. Энэ нь хэрэгт авагдсан Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрчээр С.Жаргалсайханы өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанд гэрч Ц.Баярсайханаас хууль сануулан авсан мэдүүлэг зэргээр нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчиж шийдвэр гаргасан.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт заасан заалт нь гүйцэтгэсэн үүргийн талаар байгаа боловч ер нь үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон, үүргийг өөр гүйцэтгэгч гүйцэтгэхийг зөвшөөрсөн нь түүний хүсэл зоригоор хийгдсэн бол үүрэг гүйцэтгэгчээ сонгосон гэж үзэх үндэслэл болно гэсэн заалт гэж ойлгож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох М.Болорцэцэгийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, хохирогчоор өгсөн мэдүүлэгт би Ц.Баярсайханд хоёр удаа 50 сая төгрөг нэг удаа 90 сая төгрөг өгсөн одоо нийт 200 сая төгрөг авах ёстой, энэ мөнгөө нэхэхээр удахгүй өгнө гэсэн мэдүүлэг байдаг. Өөрөөр хэлбэл, 190 сая төгрөг өгсөн, харин 200 сая төгрөг болгон авна гэсэн нь нэхэмжлэгч С.Жаргалсайханаас шилжүүлсэн 10 сая төгрөгөө нэмж нэхэж байгааг харуулж байна.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” хэмээн хуульчилсан байтал нэхэмжлэгч нь худал хэлж өөрийн зээлсэн гэх 10 сая төгрөгөө иргэний болон эрүүгийн журмаар хоёр өөр хүнээс давхардуулан авах гэсэн зорилго агуулж байгаа нь харагдаж байх бөгөөд эрх үүргээ үнэнч шударгаар биелүүлэх үүргээ санаатайгаар зөрчиж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “...65.1.3- 65.1.8-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж хуульчилсан байна. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдсан мөнгөн төлбөрийн асуудал нь Ц.Баярсайхан гэх хүнд холбогдох эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа болох нь эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, М.Болорцэцэгийн хохирогчоор тогтоогдсон тогтоол, нэхэмжлэгчийн гаргасан гомдол, хохирогчоор өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр хангалттай нотлогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагч С.Жаргалсайханд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 4 300 000 төгрөг, алданги 700 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч М.Болорцэцэг эс зөвшөөрч, зээлийн гэрээний төлбөр төлөх үүргийг Ц.Баярсайханд шилжүүлсэн гэж маргасан байна.

 

Талууд 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч М.Болорцэцэг нь 10 000 000 төгрөгийг 2 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай хариуцагч С.Жаргалсайханд зээлдүүлж, уг өдрөө хариуцагчийн Голомт банк дахь 1701094674 тоот дансанд мөнгийг шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

/хэргийн 4, 38-39 дугаар тал/

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.”, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “Зээлийн гэрээ хийсэн нь үнэн боловч уг зээлийн төлбөрийг Ц.Баярсайханд шилжүүлсэн” гэж тайлбарлаж байх боловч хэрэгт цугларсан баримтаас үзэхэд С.Жаргалсайхан нь М.Болорцэцэгт төлөх 10 000 000 төгрөгийн зээлийн төлбөрийн үүргээ Ц.Баярсайханд шилжүүлж, М.Болорцэцэг Ц.Баярсайхан нарын хооронд өрийг шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт заасан журмын дагуу дээрх зээлийн гэрээний нэгэн адил бичгийн хэлбэрээр байгуулсан талаар баримт байхгүй байх тул мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчтэй тохиролцож хариуцагч өрийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн гэж үзэхгүй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч М.Болортуяаг Ц.Баярсайхантай танилцуулж зээлийн гэрээний харилцаанд зуучилсны хөлс буюу урамшуулал болгож хариуцагчийн нэхэмжлэгчид төлөх зээлийн төлбөр буюу өрийг Ц.Баярсайхан төлөхөөр болсон гэсэн гэрчийн мэдүүлэгт үндэслэн дээрх хуулийн дагуу өрийг шилжүүлж авсан гэж үзэх боломжгүй болно.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11 дэх хэсэгт зааснаар бичгээр хийх хуулийн шаардлага зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд гэрчээр нотлох эрхээ алддаг. Зөвхөн гэрчийн мэдүүлэгт үндэслэн өр шилжүүлэх гэрээг байгуулсан гэж дүгнэх боломжгүй тул нэхэмжлэгчийн өмнө гүйцэтгэх зээлийн гэрээний үүргээс хариуцагч  чөлөөлөгдөх үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Болорцэцэг нь хариуцагч С.Жаргалсайханаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй бөгөөд мөн талууд зээлийн гэрээгээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцож төлөхөөр тохиролцсон тул мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийг мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч С.Жаргалсайхан нь зээлийн гэрээний дагуу 3 сарын хүү болох 100 000 төгрөгийг дансаар, 500 000 төгрөгийг бэлнээр, нийт 600 000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байх боловч 500 000 төгрөгийг төлсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүлйинй 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлоогүй байна.

 

Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт зээл, хүү 10 500 000 төгрөг, алданги 700 000 төгрөгийг хариуцагч С.Жаргалсайханаас гаргуулж, нэхэмжлэгч М.Болорцэцэгт олгож, талууд зээлийн гэрээний хугацааг сунгасан гэх үйл баримт тогтоогдохгүй гэж зээлийн хүү болох 3 800 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/00209 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Жаргалсайханы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194 150 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

     

                                  ШҮҮГЧИД                                  М.НАРАНЦЭЦЭГ

 

                                              С.ЭНХТӨР