Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 409

 

 

 

 

 

 

 

 

 

В.Бод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Н.Ням-Очир,

яллагдагч В.Б,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 426 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч В.Бын гаргасан давж заалдах гомдлоор, прокурор Н.Ням-Очирын бичсэн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаартай прокурорын эсэргүүцлээр В.Бод холбогдох эрүүгийн 201626020356 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт В. Б, 1972 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “.... тоотод оршин суух хаягтай,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2007 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:.../,

Яллагдагч В.Б нь “...” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа тус компанийн барьж байсан Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” орон сууцны барилгад орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ гэгчийг байгуулах нэрийдлээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч тус барилгын

  1. 4 дүгээр давхрын 11 тоот 44.5 м.кв 2 өрөө орон сууцыг иргэн Н.Х 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 0003 дугаартай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт 29 312 000 төгрөгийг,
  2. 5 дугаар давхрын 15 тоот 44.5 м.кв 2 өрөө орон сууцыг иргэн Н.С 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 0026 дугаартай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт 54 960 000 төгрөгийг,
  3. Иргэн М 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 0027 дугаартай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт 30 000 000 төгрөгийг,
  4. Иргэн П.М 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 0035 дугаартай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт 30 000 000 төгрөгийг,
  5.  Иргэн В.Д 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 0037 дугаартай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт 41 510 000 төгрөгийг авч, улмаар 05 тоот байранд оруулснаар засварын ажилд 245 700 төгрөгийг зарцуулж, нийт 41 755 700 төгрөгийн хохирол учруулж залилсан,
  6. Иргэн Д.У 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 0039 дугаартай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт 39 500 000 төгрөгийг,
  7. 5 дугаар давхрын 16 тоот 44.5 м.кв 2 өрөө орон сууцыг иргэн Б.Д 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 0023 дугаартай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт 39 500 000 төгрөгийг,
  8. Иргэн Т.А 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 0031 дугаартай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт 27 500 000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилж, бусдад нийт 273 817 700 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: В.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: В.Бод холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл буюу нотолбол зохих байдал  гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг мөрдөн байцаалтад бүрэн шалгаагүй тул шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлэн, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Захиалагч Н.Х нь 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “....” ХХК-ийн Баянгол дүүргийн 22 дугаар хороо, 6 дугаар хороололд баригдаж байгаа “Гарьд хаус” орон сууцны 1 дүгээр ээлжийн барилгаас 1 дүгээр орц, 4 давхрын 11 тоот, 38.5 м.кв талбайтай орон сууцыг худалдан авахаар тус компанитай орон сууцны захиалга хөрөнгө оруулалтын 0003 тоот гэрээ байгуулж, гүйцэтгэгч орон сууцыг 2015 оны 2 дугаар улиралд улсын комисст хүлээлгэн өгөх,

Захиалагч Н.С төлөөлж Э нь 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Гарьд хаус” орон сууцны 1 дүгээр ээлжийн барилгаас 1 дүгээр орц, 2 давхрын 2 тоот, 44.5 м.кв талбайтай орон сууцыг худалдан авахаар орон сууцны захиалга хөрөнгө оруулалтын 0026 тоот гэрээ байгуулж, гүйцэтгэгч орон сууцыг 2014 оны 1 дүгээр улиралд улсын комисст хүлээлгэн өгөх үүрэг тус тус хүлээжээ.

Гэрээнд захиалагч төлбөр төлөх хугацааг 15 хоногоор хожимдуулсан тохиолдолд гүйцэтгэгч 3 удаа сануулна. Ингэж сануулснаас хойш төлбөрөө 15 хоногийн дотор төлөөгүй бол гүйцэтгэгч захиалагчийг гэрээний үүргийг биелүүлээгүй гэж гэрээг цуцлах эрхтэй, гүйцэтгэгч орон сууцыг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй тохиолдолд 0.01%-тай тэнцэх алдангийг захиалагчид төлнө гэж заажээ.

Мөн хэрэгт “...ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Н.Сийлэгмаатай байгуулсан “Гарьд хаус” орон сууцны 1 дүгээр ээлжийн барилга, 1 дүгээр орцны, 5 давхрын 15 тоот, 44.5 м.кв талбайтай орон сууцыг худалдах, худалдан авах орон сууцны захиалга хөрөнгө оруулалтын гэрээ бас байна.

Н.С ...2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ирэхэд миний захиалсан 02 тоотод өөр айл оруулахаар болсон гэж Ү надад хэлсэн. 5 давхарт 15 тоотод орчих гэж гэрээг өөрчилж, Үүрийнтуяагаар дамжуулан өгсөн. 15 тоот цоожгүй болохоор нь цоожны голыг солиод түлхүүрийг нь аваад хөдөө явсан. Тэгээд 2015 оны 11 дүгээр сарын 25-26-ны үед орсон айлын хүн нь утасдаад “манай байр, би орох ёстой” гээд орсон байсан гэж мэдүүлжээ.

Захиалагч Ө.М, Г.Д нар 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, 6 дугаар хороололд баригдаж байгаа “....” орон сууцны 1 дүгээр ээлжийн барилгаас 1 дүгээр орцны, 5 давхрын 19 тоот, 44.5 м.кв талбайтай орон сууцыг худалдан авахаар орон сууцны захиалга хөрөнгө оруулалтын 0027 тоот гэрээ байгуулж, гүйцэтгэгч нь орон сууцыг 2014 оны 1 дүгээр улиралд улсын комисст хүлээлгэн өгөх үүрэг хүлээжээ.

Мөн хэрэгт 5 давхрын 15 тоот, 44.5 м.кв талбайтай орон сууцыг Ө.М, Г.Д нар худалдан авах тухай дээрх гэрээтэй адил орон сууцны захиалга хөрөнгө оруулалтын 0027 тоот гэрээ бас байна. Энэ нь хэрэгт хамааралтай эсэх. Ө.М 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэрээ цуцалж, урьдчилгаа төлбөрөө буцаая гэсэн хүсэлт гаргасан тул 9 дүгээр сарын 22-ны өдөр 8 000 000 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр 4 000 000 төгрөг буцаан олгосон баримт хэрэгт авагдаж, Ө.М...одоо 8 000 000 төгрөг авна гэж мэдүүлсэн байна.

Захиалагч П.М нь 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр “....” 2 дугаар ээлжийн барилгаас 1 орц, 5 давхар, 15 тоотыг худалдан авахаар орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын 0035 тоот гэрээ байгуулж, гүйцэтгэгч нь орон сууцыг 2014 оны 3 дугаар улиралд улсын комисст хүлээлгэн өгөх үүрэг хүлээжээ.

П.М нь 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр орон сууцны урьдчилгаанд төлсөн 30 000 000 төгрөгийг буцаан олгоно уу гэсэн хүсэлт гаргаснаар түүнд  2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 6 000 000 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр 4 000 000 төгрөг буцааж өгчээ.

Захиалагч В.Д нь 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “.....” орон сууцны 1 дүгээр ээлжийн барилгын 1 дүгээр орцны, 5 давхрын 15 тоот, 44.5 м.кв талбайтай орон сууцыг авахаар орон сууцны захиалга хөрөнгө оруулалтын 0037 тоот гэрээ байгуулж, гүйцэтгэгч нь орон сууцыг 2014 оны 3 дугаар улиралд улсын комисст хүлээлгэн өгөх үүрэг хүлээжээ.

2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр В.Д 5 тоот байрыг хүлээлгэн өгч, 0037 тоот гэрээг байгуулсан байхад тэр 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ...байрыг Ү авч, манайхыг хөөж гаргасан гэж мэдүүлжээ.

Захиалагч Д.У нь 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “......” орон сууцны 1 дүгээр ээлжийн барилгын 1 дүгээр орцны, 5 давхрын 15 тоот, 44.5 м.кв талбайтай орон сууцыг авахаар орон сууцны захиалга хөрөнгө оруулалтын 0039 тоот гэрээ байгуулж, гүйцэтгэгч нь орон сууцыг 2014 оны 3 дугаар улиралд улсын комисст хүлээлгэн өгөх үүрэг хүлээжээ.

Улаандалай...15 тоотод М орчихсон. Бтой 10 дугаар сарын 07-ны өдөр уулзахад 3 тоотод оруулна гэсэн. Манайх 11 сард 3 тоотод ойр зуурын юм тавьчихсан байсан. Тэгсэн хаалганы цоожны голыг солиод манай оруулсан юмыг гаргаад Т гэдэг хүн орсон байсан. Үүрийнтуяа манай дүү нар уулзахад танайх орох ёстой Т гэдэг айл орох ёсгүй гэж хэлсэн байсан. Тэгээд цагдаад хандаж мэдүүлжээ.

Захиалагч Д нь 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 5 дугаар давхрын 16 тоот 38.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг авахаар орон сууцны захиалга хөрөнгө оруулалтын 0023 тоот гэрээ байгуулжээ.

Б.Д нь 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэрээ цуцлая гэсэн хүсэлт гаргасан тул 2015 оны 6 сард 5 000 000 төгрөг буцаан олгосон баримт хэрэгт авагджээ.

Захиалагч Т.А нь 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “.....” орон сууцны 1 дүгээр ээлжийн барилга, 1 дүгээр орцны, 5 давхрын 16 тоот, 38.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг авахаар орон сууцны захиалга хөрөнгө оруулалтын 0031 тоот гэрээг байгуулж, гүйцэтгэгч нь орон сууцыг 2014 оны 3 дугаар улиралд улсын комисст хүлээлгэн өгөх үүрэг хүлээжээ.

Т.А...2016 онд бага багаар цувуулж нийт 10 000 000 төгрөг буцаан өгч, миний хөлсөлж байсан байрны түрээсэнд 830 000 төгрөг төлж байна гэж гарын үсэг зурсан гэж мэдүүлжээ.

Дээр дурдсан байдлууд нь “...” ХХК орон сууц захиалагч нартай байгуулсан гэрээний үүргээ гэрээнд заасан хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй эсэх, эсхүл орон сууц захиалсан хүмүүс байрандаа гэрээнд дурдсан хугацаандаа орж чадаагүй нь В.Бын гэм буруутай үйлдэлтэй холбоотой эсэхийг нарийвчлан шалгаж тогтоогоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл нь тодорхой бус байна.

2. Түүнчлэн “....” ХХК нь “....” 1 дүгээр ээлжийн барилгын ажлыг гүйцэтгэхдээ дээрх гэрээний дагуу орон сууцны төлбөрт хохирогч нараас авсан мөнгийг орон сууцны барилгын гүйцэтгэлд зарцуулсан эсэх талаар шинжээчийн дүгнэлтийг гаргуулах талаар өмгөөлөгч Р.Пүрэвлхамын хүсэлтийг хүлээн авсан атлаа В.Б нотлох баримтыг шинжээчид гаргаж өгөөгүй гэсэн үндэслэлээр дүгнэлт гаргаагүй нь буруу бөгөөд энэ хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаас их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Дээрх гэмт хэргийн бүрэлдэхүүний аль шинж нь яллагдагч В.Бын үйлдэлд хамаарах эсэхийг нарийн шалган тогтоох шаардлагатай гэж хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Ням-Очир 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаартай прокурорын эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Прокурорын 25 дугаартай яллах дүгнэлтэд яллагдагч В.Б нь “.....” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа тус байрны 11 тоот 44.5 м.кв 2 өрөө орон сууц, 15 тоот 44.5 м.кв 2 өрөө орон сууц, 15 тоот 44.5 м.кв 2 өрөө орон сууцыг “бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч” нэр бүхий 8 иргэнээс давхардуулан захиалга авч нийт 273 817 700 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлтэд дурдсан.

Хэрэгт цугларсан нотлох баримт болох гэрч Б.Э мэдүүлэг дээр нотлох баримт болон бусад бичгийн нотлох баримтаар В.Б нь дээрх байдлаар бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдаас давхардуулан захиалга авч хуурч мэхэлдэг байсан болох нь тогтоогдож байгаа.

2. Хохирогч нараас авсан мөнгийг орон сууцны барилгын гүйцэтгэлд зарцуулсан эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай гэсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримт гэрчүүдийн мэдүүлгээр “захирал В.Б нь захиалагч нарын өгсөн мөнгөн хувийн байгууллагын аль, аль дансаар дураараа авч зарцуулдаг байсан, байгууллагын дансанд орсон мөнгөнөөс ийм зүйл авах гэж байна гэх байдлаар мөнгө авдаг байсан гэх нотлох баримтууд хэрэгт цугларсан. Мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гаргасан хүсэлтийн дагуу дээрх байдлыг тодруулахаар аудитын шинжээч томилсон боловч яллагдагч В.Б нь санхүүгийн анхан шатны баримтуудаа гаргаж өгдөггүй, цагдаа прокурорын байгууллагаас дуудсан хугацаанд ирдэггүй нөхцөл байдлын улмаас дүгнэлт гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд түүнийг нотолсон нотлох баримт нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 48 тоот “....” ХХК-ийн албан бичиг байгаа. Мөн хэрэгт цугларсан нотлох баримт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас үзэхэд яллагдагч В.Быг “тодорхой нэг тоот орон сууцан дээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нэр бүхий 8 иргэнээс давхардуулан захиалга авч залилсан” гэсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд бусдыг залилан авсан болох нь тогтоогдож байхад дээрх мөнгийг ямар байдлаар зарцуулсан болох нь хэрэгт ач холбогдолгүй асуудал байх бөгөөд яллагдагч болон түүний өмгөөлөгч нь мөрдөн байцаалтын ажиллагааг зориудаар удаашруулах санаа зорилго агуулж байна.

3. Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний аль шинж нь яллагдагч В.Бын үйлдэлд хамаарах эсэхийг нарийн шалган тогтоох шаардлагатай гэсэн байх бөгөөд эрүүгийн  хэрэгт цугларсан нотлох баримтуудаар яллагдагч В.Б нь “бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч” залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож түүнийг дагуу яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний аль шинжийг агуулж байгааг нарийн шалган тогтоох шаардлагатай гэж байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд хүлээн авах боломжгүй байна.

Мөн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр яллагдагч В.Бын өмгөөлөгч Р.Пүрэвлхам нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргасан хүсэлтийн дагуу 2 дахь тайлбартаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн тайлбар өгч байхад шүүхээр хэргийг прокурорт буцаасан нь хуулийн дээр заалтыг зөрчсөн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн...” гэв.

Яллагдагч В.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...В.Б миний бие нь 2012 оноос эхлэн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн компанийн хөрөнгө оруулалтаар үйлчилгээтэй орон сууцны барилга барьж эхэлсэн бөгөөд 2015 оны 12 сард дуусгасан билээ. 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс шүүгчийн 426 тоот дугаартай “хэргийг прокурорт” буцаах захирамж гарсан байдаг бөгөөд уг захирамжинд Баянгол дүүргийн прокурор Н.Ням-Очир 3 дугаар сарын 28-ны өдөр 15 тоот эсэргүүцэл бичин нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан байна.

Миний хэрэгт хяналт тавьж байсан Баянгол дүүргийн хяналтын прокурор Н.Мөнхцэцэг нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд санал оруулж намайг оргон зайлсан гэж таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах гэсэн боловч шүүхээс хорих үндэслэлгүй, оргон зайлаагүй байна гэж үзэн захирамж гаргасан боловч прокурор Н.Мөнхцэцэг эсэргүүцэл бичиж 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр цагдан хориулсан. Прокурор Н.Мөнхцэцэг нь 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр ирж уулзахдаа таны зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгосон хэмээн гарын үсэг зуруулж аваад санал хүсэлт байна уу гээд бичүүлж аваад хүсэлтүүдийг чинь нийлүүлж шийдвэрлэж өгнө, мөрдөгчийг сольж шинээр мөрдөгч томилуулж өгнө таны гаргасан нотлох баримтуудыг хавтас хэрэгт тань хавсарган байцаалт явуулж асуудлыг чинь шийдвэрлэж өгнө, та ийш тийш нь өргөдөл бүү бичээрэй гээд явсан мөртлөө 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр үл таних хүнээр яллах дүгнэлт үйлдсэнээ надад хүргүүлж шүүхэд хэргийг минь шилжүүлэн өөрөө өөр ажилд шилжин явсан байсныг манай ар гэрийнхэн надад ирэхдээ дуулгасан билээ. Н.Мөнхцэцэгийг шилжин явснаас хойш Баянгол дүүргийн прокурорын газраас надад холбогдох хэрэг дээр прокурорын томилогдсон үгүй эсэхийг мэдээгүй байж байгаад шүүх хурлын хэлэлцүүлэгт оролцоход Баянгол дүүргийн прокурорын газраас томилолтоор прокурор Ням-Очир оролцож миний өмгөөлөгч Пүрэвлхам болон миний гаргасан нотлох баримт мөн хорих газрын нэгдсэн эмнэлэгийн эмчийн дүгнэлтийг авч үзэлгүйгээр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх шаардлагагүй гэснийг шүүх, прокурорын шатанд хэрэг очтол таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь байхаар захирамж гаргасан.

Миний бие нь 2017 оны 8 дугаар сараас хойш хувийн батлан даалтад байхдаа прокурор мөрдөгчийн дуудсан цагт нь очиж байсан бөгөөд томилогдсон шинжээчид гаргаж өгөх ёстой санхүүгийн баримтууд нь нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын битүүмжилсэн оффис дотор байгааг хэлж мөрдөгч Батбаатартудаа дараа хүсэлт тавин оффисоосоо тухайн бичиг баримтуудыг авах, албан бичгийн тухайн байгууллагт гаргаж өгнө үү гэсэн хүсэлт гарган мэдүүлэгтээ хүртэл тусгаж хэлж байхад гаргаж өгөөгүй мөртлөө шинжээчийн дүгнэлт гаргах мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад учруулан оргон зайлсан хэмээн намайг хорьж саатуулах саналыг прокурор Н.Мөнхцэцэг оруулсан байдаг. Миний бие 2017 онд цагдан хоригдож байхдаа эмчилгээ дутуу авч байснаас болж сахарын өвчин маань хүндэрч 2017 оны 9 дүгээр сараас эхлэн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгийн эмчийн хяналтанд орж инсулиныг 10-12 мл дозтойгоор өдөр бүр тарих, тариагаа сар тутам эмчийн үзлэгт орж авч байхаар тогтоогдсон. 2017 оны 11 дүгээр сарын дундаас 12 дугаар сарын дунд хүртэл зүрхний цусан хангамж үе мөчний саажилт, сахарын өвчний нөлөөгөөс болон өвдсөн гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Ийм учраас мэргэжлийн эмчид үзүүлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байгааг минь харгалзан үзэж миний амьд эрүүл явах баталгааг минь ханган хувийн батлан даалтанд гарган өгч надад холбогдолтой эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэхэд туслалцаа үзүүлнэ үү...” гэв.

                                                                          ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос яллагдагч В.Бод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар хэргийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх В.Бын үйлдлийг нарийн шалгаж тогтоох, гэрээний дагуу орон сууцны төлбөрт хохирогчдоос авсан мөнгийг орон сууцны барилгын гүйцэтгэлд зарцуулсан эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах  шаардлагатай гэж үзэн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурорын газраас яллагдагч В.Быг “СПО инженеринг” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа нэр бүхий 8 иргэнээс давхардуулан захиалга авч нийт 273 817 700 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан буюу “бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд  оруулан хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн”  гэж яллах дүгнэлт үйлджээ.

Прокурорын яллах дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул хохирогчдоос авсан мөнгийг В.Б нь хэрхэн зарцуулсан талаар шинжээчийн дүгнэлт заавал гаргах шаардлагагүй, хавтаст хэрэгт байгаа хохирлын баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгч В.Б нь “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж” өгөхийг хүсч давж заалдах гомдол гаргасан байх боловч давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд прокурор Н.Ням-Очирын бичсэн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаартай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, В.Бод холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 426 дугаар захирамжийг хүчингүй болгож, В.Бод холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол В.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

О.ЧУЛУУНЦЭЦЭГ