Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 131/ШШ2017/00343

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэлдаргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Жаргалант сумын 3-р багт оршин суух, ВМ57061019 регистрийн дугаартай, Арсэд заан овогт Жадамбаагийн Бадамдоржын

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 04 сарын  19-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Бадамдорж шүүхэд гаргасан хүсэлт, тайлбартаа:

Миний бие 1957 онд төрсөн, 60 настай. 1978 оны 06 сарын 20-ны өдрөөс 1978 оны 06 сарын 20-ны өдрийг хүртэл Барилгын цэргийн 017 дугаар ангид цэргийн алба хаасан. 1978 оны 06 сарын 20-ны өдрөөс одоог хүртэл Жаргалант сумандаа мал маллаж байна. Тухайн үед Байдрагийн сангийн аж ахуйгаас хөдөлмөрийн дэвтэр олгож байсан боловч тухайн үеийн тоо бүртгэгчийн хариуцлагагүй байдлаас болж ямар нэгэн бичилт хийгээгүй. Аймгийн архивын тасгаас лавлагаа авсан боловч зарим жилийн цалин гараагүй байна. Ажилласан жил нөхөн тооцох тухай хуулиар 11 жил тооцуулсан. Өндөр насны тэтгэвэрт гарах гэхэд хөдөлмөрийн дэвтэргүйн улмаас гарч чадахгүй байгаа. Иймд миний 1979 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Жаргалант сумын Байдрагийн сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ.

Шүүх хуралдаанаар Ж.Бадамдоржийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, тус аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 18-ны өдрийн 460 дугаар лавлагаа, Хөдөө аж ахуйн яамны харъяа Баянхонгор аймгийн Байдрагийн үржлийн сангийн аж ахуйн даргын 1981 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 7 дугаар тушаалын хуулбар, хавсралт, 1987 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 155 дугаар тушаалын хуулбар, хавсралт, 1991 баярын бичгийн хуулбар, гэрч Ш.Энхсанаагийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Ж.Бадамдорж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Ж.Бадамдорж нь 1977 оны 08 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Жаргалант сумын сангийн аж ахуйн 3-р бригадад малчнаар ажиллаж байсан болох нь тус аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 18-ны өдрийн 460 дугаар лавлагаа, Хөдөө аж ахуйн яамны харъяа Баянхонгор аймгийн Байдрагийн үржлийн сангийн аж ахуйн даргын 1981 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 7 дугаар тушаалын хуулбар, хавсралт, 1987 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 155 дугаар тушаалын хуулбар, хавсралт, 1991 баярын бичгийн хуулбар, гэрч Ш.Энхсанаагийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Ж.Бадамдоржийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Арсэд заан овогт Жадамбаагийн Бадамдоржийн 1977 оны 08 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Жаргалант сумын сангийн аж ахуйн 3-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч  мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ