Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/127

 

 

 

 

 

 

 

 

     2021        03          03                                   2021/ШЦТ/127

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа,    

улсын яллагч М.Очбадрах, 

гэрч Б.О

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бд холбогдох эрүүгийн 2002000000242 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.           

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:    

            Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “аа” ХХК-д төслийн инженер ажилтай, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт 000 тоотод оршин суух хаягтай, урьд

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 319 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Э.Б /РД:аа000008/  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Э.Б нь 2020 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ..... хорооллын гаднах автомашины зогсоолд байрлуулсан байсан ааулсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй, гялгар уутны хамт нийт 1.2816 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.        

 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 0000 хорооллын гаднах автомашины зогсоолд байрлуулсан байсан ааулсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй, гялгар уутны хамт нийт 1.2816 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь: 

1. Шүүгдэгч Э.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай 2020 оны 8 дугаар сарын 13-ын өдрийн “...Үзлэгийг 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 03 цаг 50 минутад ...явуулав. ....... улсын дугаартай тоёота приус-30 маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийхээр тогтож ...“мансууруулах бодис хадгалж байгаа” гэж хэлээд автомашины урд салонд байрлах нүдний шилний савыг заасныг шалгахад дотор нь салфетканд боосон зиплон түгжээтэй ууттай цагаан өнгийн нунтаг бодис байсныг тандагч багажаар шалгахад метамфетамин гэж заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн уг бодисыг эд мөрийн баримтаар хураан авав. ...автомашины баруун хаалганы хавтсанд цагаан өнгийн салфетканд боосон зиплон түгжээтэй ууттай цагаан өнгийн нунтаг бодис байсныг тандагч багажаар шалгахад метамфетамин гэж заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн эд мөрийн баримтаар хураан авав. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-10/

3. Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн “...иргэн Э.Б нь ...MDMA, MET, AMP, THC, LSD гэх бодисуудыг хэрэглэсэн гэж урьдчилсан байдлаар зааж байгаа болохыг тэмдэглэл болгон үйлдэв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16/

4. Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Прокурорын тогтоол /хх-ийн 20-21/

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн №4432 дугаартай

“1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн шээс нь дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “Энхбатын Батмөрөн УШ91052758 2020.08.13” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/, метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодисууд нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 26-27/

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн №4433 дугаартай

“1.2.Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, цагаан өнгийн хуванцар гуурс, хагархай тарианы шил зэргээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн. “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “5” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “6” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта 9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодисууд нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.

“7” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн “ESSE” гэсэн бичиглэлтэй цаасан хайрцгаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.

3. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гар ууттай үеийн жин нь 0,4836 г, цэвэр жин нь 0,1722 г, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 0,7980 г, цэвэр жин нь 0,4668 г, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 41 г, цэвэр жин нь 33,2079 г, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 1,6830 г, цэвэр жин нь 0,9339 г, “5” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 8 г, цэвэр жин нь 4,6637 г, “6” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 0,5866 г, цэвэр жин нь 0,0414 г тус тус байна. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-38/

7. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн №829 дугаартай:

Сэтгэцийн онош: Эрүүл.

Дүгнэлт: -Э.Б нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

- Э.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

- Э.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

- Э.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

- Э.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2020.08.13-ны өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна.

- Э.Б нь одоо хэрэг хариуцах чадвартай байна.

- Э.Б нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

-Э.Бд эмнэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

- Э.Б нь мансууруулах эм сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 40-41/

8. Шүүгдэгч Э.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “…Төвшөө над руу залгаад “нөгөө хувцаснуудыг Монгол руу явуулсан. Манай эхнэр тосож авч байгаа. Чамд хээн хувцас бэлдсэн байгаа. Манай эхнэрээс очоод авчхаарай” гэхээр нь би зөвшөөрсөн. Удалгүй Төвшөөгийн эхнэр гэж хүн миний 91900070 дугаарын утас руу 8011-ээр эхэлсэн дугаараас залгаад “Төвшөөгийн эхнэр байна. Хувцас хунар чинь ирчихсэн байна. Хувцсаа цэлмэг хотхонд ирээд авчих” гэхээр нь би /өнгөрсөн долоо хоногийн 3 дахь өдөр шиг санаж байна/ Цэлмэг хотхонд очоод тэр эмэгтэйтэй уулзтал надад жижигхэн саарал өнгийн шортны халаасанд түгжээтэй гялгар ууттай мөс байсан. ...Тэгтэл Төвшөө над руу залгаад “Наана чинь гоё юм байгаа шүү” гэхээр нь юу болох талаар нь асуутал Төвшөө “шортны халаасыг шалгаад үзээрэй, мөс байгаа” гэж хэлсэн. Би тэр мөсийг авад өөрийн унаж явсан 1091 УНН улсын дугаартай приус-30 маркийн машиндаа хийгээд, хэрэглэсэн. ...Хоёр тусдаа ууттай цагаан өнгийн нунтаг бодисыг Төвшөө гэж хүн хувцасны хамтаар илгээсэн. 2020 оны 7 дугаар сарын 15-ны орчим Хөвсгөл далайн эрэгт амрахаар очих үед Франц улсын гурван иргэнтэй тааралдаад хамт архи уусан. Тэр Франц улсын гурван иргэн надад өвс гаргаж өгсөн. Би тухайн үед согтуу байсан. бид нар хамтдаа бидний машинд сууж байгаад каннабис зэрлэг байгальд ургаж байгаа талаар тэр хүмүүс гайхаад ярьсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

          Шүүгдэгч Э.Б нь урьд 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 119/-аар тогтоогдлоо. 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдлын талаарх ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№4432, 4433/-ний дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын №829 дугаартай дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.   

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь Мансууруулах төрлийн эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсан аливаа үйлдлийг “хууль бусаар олж авсан” гэж,

түүнчлэн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар хадгалсан” гэж зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг” ойлгодог. Шүүгдэгч Э.Бгийн хувьд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй, гялгар уутны хамт нийт 1.2816 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн ааулсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд, тодруулбал тээврийн хэрэгслийн урд талын салонд зохих зөвшөөрөл, хяналтаас гадуур хадгалж байсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Тээврийн хэрэгслийн урд талын салон нь хамгаалалт буюу цоожтой, эд зүйлийг агуулах, хадгалах зориулалтаар ашигладаг тул агуулах саванд хадгалсан гэж үзнэ.

Харин мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилго гэдэг нь мансууруулах төрлийн эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ашиг олох зорилгоор бусдад шилжүүлж, худалдаж байгаа үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Э.Бгийн үйлдэл нь өөртөө ашиг олох, худалдаалах зорилго агуулаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.   

Иймд шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.     

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ. 

Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.  

Шүүх тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн төрлийн бодис / метамфетамин /methamphetamine/ буюу “мөс”, дельта 9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/ буюу “өвс” гэх нэршилтэй хоёр төрлийн бодис илэрсэн/, түүний хамрах хүрээ, хор уршиг, үр дагавар ихтэй байдал, хүүхэд залуучуудын дунд хэрэглээ ихэссэн, мөн удмын санд нөлөөлж, үндэстэн мөхөөх аюултай зэргийг харгалзан үзээд шүүгдэгч Э.Бд хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан хэдийгээр уг зүйл хэсэгт заасан гэмт хэрэг нь 1-5 жилийн хорих ялтай боловч шүүгдэгч Э.Бг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний хувийн байдал /...29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Монгол констракшн” ХХК-д төслийн инженер ажилтай, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зохимжтой гэж үзлээ.      

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Бгийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 15 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

            Шүүгдэгч Э.Бд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя. 

            Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “1” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,4836 грамм жинтэй, “2” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,7980 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, “3” гэсэн хаягтай гялгар уутны хамт 41 грамм жинтэй, “4” гэсэн хаягтай гялгар уутны хамт 1,6830 грамм жинтэй, “5” гэсэн хаягтай гялгар уутны хамт 8 грамм жинтэй, “6” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5866 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, “7” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн “ESSE” гэсэн бичиглэлтэй тамхины хайрцаг, цагаан өнгийн хуванцар гуурс-2 ширхэг, хагархай тарианы шил-1 ширхэг нь тус тус ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

    

            1. Шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Бгийн эдлэх 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Бгийн цагдан хоригдсон 15 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

            5. Шүүгдэгч Э.Бд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “1” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,4836 грамм жинтэй, “2” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,7980 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, “3” гэсэн хаягтай гялгар уутны хамт 41 грамм жинтэй, “4” гэсэн хаягтай гялгар уутны хамт 1,6830 грамм жинтэй, “5” гэсэн хаягтай гялгар уутны хамт 8 грамм жинтэй, “6” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5866 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, “7” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн “ESSE” гэсэн бичиглэлтэй тамхины хайрцаг, цагаан өнгийн хуванцар гуурс-2 ширхэг, хагархай тарианы шил-1 ширхэг нь тус тус ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай. 

            7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.Бд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.        

            8. Шүүгдэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

  

 

 

 

                      ДАРГАЛАГЧ

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.БАТБОЛОР