Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/264

 

    

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ

шүүгдэгч *******, ******* тэдгээрийн өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105003510276 дугаартай хэрэгт ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 9 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******* *******од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй /РД:ЧБ*******/, ******* овогт *******ийн *******.

2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******* *******од оршин суух хаягтай, урьд 2003 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, /РД:ЦГ/, овогт ын .

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:   

*******. ******* нар бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бозолло” бэлэн хувцасны дэлгүүрт орхисон хохирогч гийн Самсунг загварын А-51 гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч, завшсаны улмаас 650.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:        

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд “Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Алдаа гаргаснаа ухамсарлаж байна” гэв.  

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд “Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Шүүхэд мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хавтаст хэргээс хохирогч мөрдөн байцаалтанд "Би Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бозолло” бэлэн хувцасны дэлгүүрээс 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хувцас худалдаж аваад кассын текен дээр тооцоогоо хийж байхдаа гар утсаа текен дээр түр тавьсан байсан. Тэгээд тооцоогоо хийчихээд гадуур хувцсаа өмсөж байтал миний гар утас алга болсон байсан. Би тухайн үед мэдээгүй хаалгаар гараад куртикнийхээ халаасанд байхгүй болохоор нь буцаад ортол гар утас байхгүй болсон байсан. Тэгээд дугаар луугаа залгаж үзтэл дуудаж байгаад авахгүй байхаар нь салгаад 10 орчим минутын дараа залгахад холбогдох боломжгүй байсан...Миний гар утсаа алдсан хэсэгт хяналтын камерын бичлэг байсан. Би үзэхэд кассын текен дээрээс үл таних эрэгтэй эмэгтэй 2 хүн миний гар утсыг аваад явсан байсан. Миний гар утас самсунг загварын А-51 маркийн цагаан өнгийн, ягаан хамгаалалтын гэртэй утас байсан. Би гар утсаа Мобиком төвөөс 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн өдрөөрөө бэлгэнд 950.000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний гар утсыг авч гарсан эрэгтэй хүн хар өнгийн хувцастай 35-40 насны эрэгтэй хүн байсан. Харин хамт явсан эмэгтэй хүн нь кассын текен дээр бараа худалдаж аваад тооцоо хийсэн байна лээ...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 08-09/

Яллагдагчаар ******* мөрдөн байцаалтанд “2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нөхөр *******тай хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бозолло” дэлгүүрээс худалдан авалт хийгээд текен дээр очиход Самсунг А-51 маркийн гар утас байсан. Тэгээд хүн байхгүй болохоор нь нөхөр *******ад уг утсыг аваад гаръя гээд уг гар утсыг аваад би цүнхэндээ хийгээд гараад явсан. Тэгээд машиндаа суугаад гэр рүүгээ явж байхад уг утсанд дуудлага ирэхээр нь утсыг авах гэтэл тасарчихсан. Тэгээд дахин дуудлага ирэхээр нь авах гэтэл утас нь унтарчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68/

Яллагдагчаар ******* мөрдөн байцаалтанд “...2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр эхнэр тай хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Боззол”о дэлгүүрээс худалдан авалт хийгээд текен дээр очиход Самсунг А-51 маркийн гар утас байсан. Тэгээд уг гар утсыг аваад эргэн тойрондоо эзэн нь харагдахгүй байсан. Тэгээд олсон юм чинь гэж бодоод уг дэлгүүрээс аваад гарсан, эхнэр араас дэлгүүрээс авсан зүйлийнхээ тооцоог хийгээд гарч ирсэн...уг авсан утсаа буцааж ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй буцааж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58/

“Кости-Эстимэйд” ХХК-ний үнэлгээний тайланд“...Самсунг А-51 маркийн гар утасны зах зээлийн үнийг одоогийн байдлаар 650.000 /зургаан зуун тавин мянган төгрөг/-өөр үнэлэгдэнэ...”  гэжээ. /хх-ийн 24-26/

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “... нь гар утсаараа яриад текны хэсэгт байрлуулж тавиад уг дэлгүүрээс авсан барааны тооцоогоо өгөөд худалдан авсан бараагаа торонд хийгээд хувцсаа янзлаад худалдан авсан бараагаа аваад гар утсаа текны хэсэгт үлдээж үүдний хэсэг рүү явна. Текны хажууд хар өнгийн куртиктэй хар өнгийн өмд гуталтай эрэгтэй ******* цаана нь зогсож байгаа хар бараан хувцастай эмэгтэй ******* нар зогсож байгаад текен дээр байсан гар утсыг авч үзэв. Цаана гарах хаалганы хажууд зогсож байгаад гараад явна. ******* гар утсыг хараад зогсож байгаад куртикнийхээ баруун халаасанд хийж гарч явахад араас нь ******* худалдан авсан бараагаа авч гарч явна. хажуугаар нь зөрж дэлгүүрт буцаж орж ирээд текны хэсэгт очиж худалдагчаас тек рүү юм зааж асууна...” тэмдэглэл /хх-ийн 95-97/

*******гийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 32/

Шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотой  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71/,

Шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 84/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                                                                                                              

Шүүгдэгч *******, ******* нар бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бозолло” бэлэн хувцасны дэлгүүрт хохирогч гийн мартаж орхисон Самсунг загварын А-51 гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч, завшсаны улмаас 650.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн *******гийн“...текен дээр очиход самсунг А-51 маркийн гар утас байсан. Тэгээд хүн байхгүй болохоор нь нөхөр *******ад уг утсыг аваад гарья гээд уг гар утсыг аваад би цүнхэндээ хийгээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68/

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн *******ын “...текен дээр очиход самсунг А-51 маркийн гар утас байсан. Тэгээд уг гар утсыг аваад эргэн тойрондоо эзэн нь харагдахгүй байсан. Тэгээд олсон юм чинь гэж бодоод уг дэлгүүрээс аваад гарсан...” /хх-ийн 57-58/, хохирогч гийн “...2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хувцас худалдаж аваад кассын текен дээр тооцоогоо хийж байхдаа гар утсаа текен дээр түр тавьсан байсан. Тэгээд тооцоогоо хийчхээд гадуур хувцсаа өмсөж байтал миний гар утас алга болсон байсан. Би тухайн үед мэдээгүй хаалгаар гараад куртикнийхээ халаасанд байхгүй болохоор нь буцаад ортол гар утас байхгүй болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 08-09/ болон эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 24-26/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 95-97/  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Улсын яллагчаас *******, ******* нарыг “бүлэглэж, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч *******, ******* нарыг “бүлэглэж, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан”  гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо биет байдлаар буцаан өгсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус /таван зуун нэгжтэй/ тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг *******, ******* нарт танилцуулсныг тэдгээр нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.            

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг тэдгээрийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд тэдгээрт оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоов.

Шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч гийн эзэмшлийн “Самсунг А-51” загварын 650.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг биет байдлаар буцаан өгсөн байх тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ийн *******, овогт ын нарыг бүлэглэж, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.                                                                                         

2. Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, уг тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

4. Хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий сиди нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

5. *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ