| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2017/0321/И |
| Дугаар | 321 |
| Огноо | 2017-04-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 321
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэлдаргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Галуут сумын 2-р баг 2-р гудамж 09 тоотод оршин суух, ВК62032904 регистрийн дугаартай, Тайж овогт Банзрагчийн Нямдоржийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 04 сарын 11-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Нямдорж шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1962 онд Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн. 1978 оноос Коммунизмын төлөө нэгдлийн мал эмнэлэгт туслахаар ажиллаж байгаад 1980 оны 12 сарын 31-ний өдөр мал аж ахуйн 2-р бригадад малын эмчээр томилогдон ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн. Архивын лавлагаагаар цалин дутуу гарсан. Иймд миний 1980 оны 12 сарын 31-ний өдрөөс 1989 оны 03 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдэлд малын эмч, 1989 оны 03 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал тус нэгдэлд ариун цэврийн байцаагчаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хүсэлт гаргагч нь тэтгэвэрт гарах гэхэд архивын лавлагаагаар 1985, 1986 онууд нь гараагүй юм. Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ажилласан хугацаа нь архивын лавлагаагаар бүрэн гарахгүй байна гэсэн шалтгаанаар нийгмийн даатгалын байгууллагаас ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлага тавьсан. Иймд хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа, баярын бичиг зэргийг үндэслэн хүсэлтэнд дурдсан хугацаагаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү..гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 04-ний өдрийн 373 дугаар лавлагаа, Галуут сумын Коммунизын төлөө нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 05 сарын 26-ны өдрийн 08 дугаар протоклын хуулбар, 1986 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1985 оны баярын бичиг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Нямдорж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Нямдорж нь 1980 оны 12 сарын 31-ний өдрөөс 1989 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдэлд малын эмч, 1989 оны 03 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл тус нэгдэлд ариун цэврийн байцаагчаар тус тус ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 04-ний өдрийн 373 дугаар лавлагаа, Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 05 сарын 26-ны өдрийн 08 дугаар протоклын хуулбар, 1986 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Б.Нямдоржийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тайж овогт Банзрагчийн Нямдоржийн 1980 оны 12 сарын 31-ний өдрөөс 1989 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдэлд малын эмч, 1989 оны 03 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл тус нэгдэлд ариун цэврийн байцаагчаартус тус ажиллаж байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ