Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чинзоригийн Баярмаа |
Хэргийн индекс | 120/2018/0020/З |
Дугаар | 17 |
Огноо | 2019-08-13 |
Маргааны төрөл | Татвар, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 17
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ууганчимэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: “ТМ ” ХХК,
Хариуцагч: Өмнөговь аймгийн ******* хэлтсийн ******* хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Б , Б.М нарт холбогдох,
“******* улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1102201884 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч “ТМ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, хариуцагч Э.Б , Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч “ТМ ” ХХК шүүхэд гаргасан гомдолдоо болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: “...Манай байгууллага гадаад, дотоод худалдаа, барилга угсралт, барилгын засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш орон нутгийнхаа хөгжил, бүтээн байгуулалт хувь нэмрээ оруулж, Монгол улсынхаа хууль тогтоомжийг чанд сахин биелүүлж татварын тайлан мэдээг цаг хугацаанд нь үнэн шударгаар тайлагнаж, аливаа татвар, хураамжийг төлбөл зохих хугацаанд төлж ирсэн билээ.
2015 онд манай байгууллага төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендерт шалгарч зарим нэг барилгын ажлыг гүйцэтгэсэн юм. Энэ хугацаанд шаардлагатай барилгын материалыг БНХАУ-аас болон Улаанбаатар хотын барилгын материалын зах 100 айлаас худалдан авдаг байсан.
Мөн оны 8-10 сард 100 айлын барилгын материалын захаас шаардлагатай бараа материалыг худалдан авах үед тухайн дэлгүүрийн худалдагч зарлагын баримтыг 2 удаа өгч, дараа ирэхэд чинь Нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаа өгье, хариуцсан хүн нь байхгүй байна гэсэн. Ингээд 10 сард очиж бараа авахад нийт 3 удаагийн татсан материалын нэмүү өртгийн падааныг “МГЭИ ” ХХК-ийн нэрээр өгсөн.
Манай байгууллага дээрх худалдан авалтыг цаг хугацаандаа санхүүгийн тайландаа хуулийн дагуу тусгасан бөгөөд “МГЭИ ” ХХК-ийн Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамч, тодруулбал хий бичилттэй байсныг мэдээгүй, мэдэх боломж ч үгүй байсан.
Манай компани нь бага орлоготой, үйл ажиллагааны цар хүрээ жижигхэн хэдий ч шударгаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд бид шийтгэлийн хуудсанд дурдсан шиг зөрчлийг гаргаагүй бөгөөд харин улсыг болон жирийн нэг үйл ажиллагаагаа явуулж байгаа компанийг хууран мэхэлсэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчил гаргасан “МГЭИ ” ХХК-д хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна.
Учир нь манай “ТМ ” ХХК нь хуулийн дагуу худалдан авалт хийж, төлбөл зохих төлбөр, нэмүү өртгөө төлснийхөө төлөө зөрчлийн хариуцлага хүлээж байгаадаа гомдолтой байна.
Түүнчлэн маргаан бүхий падаан нь хий бичилттэй, хуурамч байсан болохыг ******* улсын байцаагч нь хэрхэн яаж нотолсон эсэх нь туйлын тодорхойгүй, учир үл ойлгогдох олон хуулийн заалтаар нотлогдож байна гэж үзэж байгаа нь ойлгомжгүй, хэт нэг талыг барьсан, бодит байдалд нийцээгүй шийтгэл, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа байна гэж үзэж байна.
Иймд Өмнөговь аймгийн ******* хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №1102201884 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, “ТМ ” ХХК-ийг шийтгэлээс чөлөөлж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Өмнөговь аймгийн ******* хэлтсийн ******* хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Б , Б.М нарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагч Э.Б , Б.М нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2015 оны 11 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд “МГЭИ ” ХХК-иас 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 0018682267 дугаартай падаанаар 114 000 000 төгрөгийн худалдан авалт хийж Нэмэгдсэн өртгийн албан татварын татвар ногдох орлогоос хасаж тооцсон байна. Уг 0018682267 дугаартай падаан нь Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10и-3/827 тоот албан бичиг, ******* ерөнхий газрын хяналт шалгалт арга зүйн газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 дугаартай албан бичиг мөн Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоолоор “МГЭИ ” ХХК, “Д ” ХХК-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан дүгнэлтийг үндэслэн хий бичилттэй падаан гэдэг нь нотлогдон ирсэн зөрчилд шийтгэл оногдуулсан болно.
Мөн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрчлөн найруулагдаж хасагдсан ******* ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Дараах үйлдэл эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол... татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна:”, 74.1.4-д “тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх,” 74.3-д “Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэсэн заалтыг хэрэглэсэн.
“ТМ ” ХХК-ийн гаргасан зөрчил нь 2015 онд гаргасан зөрчил байх бөгөөд 2015 онд дагаж мөрдөж байсан ******* ерөнхий хуулийн 74 дэх заалтын дагуу шийтгэлийн хуудсыг гаргасан татвар төлөгчид хариуцлага хүлээлгэсэн. 2015 онд дагаж мөрдөж байсан ******* ерөнхий хуулийн 74 дэх заалт нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Зөрчлийн тухай хуулийн хариуцлагын санкц нь ижил байгаа тул ******* ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийг баримтлан шийтгэлийн хуудсаар хариуцлага хүлээлгэсэн болно.
Иймд 2018 оны 07 сарын 20-ны өдөр “ТМ ” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн дагуу №1828000115 тоот зөрчлийн хэрэг нээн №1102201884 тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөр нь хууль зүйн үндэслэлтэй болно” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Өмнөговь аймгийн ******* хэлтсийн ******* хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч /цаашид “эрх бүхий албан тушаалтан” гэх/ Б.М , Э.Б нар нь “ТМ ” ХХК-д холбогдох 1828000115 дугаартай зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулжээ.
Ингэхдээ “нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 114 000 000,00 төгрөгийн хуурамч хий бичилттэй падаанаар татвар ногдох орлогыг бууруулсан”[1] гэх зөрчил үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэн, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1102201881 дугаартай шийтгэлийн хуудсаар “ТМ ” ХХК-д 11 400 000,00 төгрөгийн нөхөн татвар, 3 420 000,00 төгрөгийн торгууль, 4 862 100 ,00 төгрөгийн алданги, нийт 19 682 100,00 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэргийг шийдвэрлэхдээ “...зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэх боломжтой...”[2] гэжээ.
Эрх бүхий албан тушаалтнууд анх 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1102201845 дугаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар маргаан бүхий 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1102201881 дугаартай шийтгэлийн хуудсаар “ТМ ” ХХК-д оногдуулсан 19 682 100,00 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэж байжээ.
Энэ зөрчлийг шалгахдаа ******* ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 дугаар, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10и-3/827 дугаар албан бичгүүд, Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 13 дугаар сарын15-ны өдрийн 58 дугаар тогтоолыг үндэслэн зөрчил ил тодорхой үндэслэлээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шийтгэл оногдуулсан байна.
2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Прокурорын газрын прокурор Д.Мөнхтуяа эрх бүхий албан тушаалтны 2018 оны 05 дугаар сарын17-ны өдрийн 1102201845 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд 06 дугаар дүгнэлт бичсэнийг эрх бүхий албан тушаалтан Э.Б , Б.М нар хүлээн зөвшөөрч, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 120/Ш32018/00014 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Дээрх үйл баримттай талууд маргаагүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх учиртай.
Гэтэл эрх бүхий албан тушаалтан шүүгчийн захирамжаар хүчингүй болсон 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1102201845 дугаартай шийтгэлийн хуудасны хэлбэрийг өөрчлөн “...зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэх боломжтой...” гэж дахин зөрчлийн захиргааны акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д захиргааны үйл ажиллагаанд “бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг баримтлахаар хуульчилсныг зөрчсөн шийдвэр болжээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчил шалган шийдвэрлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасан тул захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэж, зөрчлийн захиргааны акт гаргах ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон үзэл, зарчимд нийцсэн байх ёстой.
Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд Захиргааны хэргийн шүүхэд харьяалуулсан эрх бүхий албан тушаалтнууд нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан “Захиргааны байгууллага”-ын албан хаагчид тул эрх бүхий албан тушаалтан буюу захиргааны байгууллагын үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарна.
Тодруулбал, эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэхдээ зөвхөн өөрийн үзэмжээр, дур зоргоор асуудлыг шийдвэрлэх бус хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг тогтоох, илэрхийлэх бүх л нотлох баримтад үндэслэж шийдвэрээ гаргана.
Эрх бүхий албан тушаалтан нь “ТМ ” ХХК-д шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, нэгэнт зөрчлийн үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр байх тул энэ талаар дахин гаргасан 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1102201884 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “ТМ ” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Өмнөговь аймгийн ******* хэлтсийн татварын улсын байцаагч Э.Б , Б.М нарын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1102201884 дугаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаар нөхөн төлүүлж, гомдол гаргагчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРМАА
[1] Хэргийн 80 дугаар хуудас
[2] Хэргийн 80 дугаар хуудас, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдал