Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2021/0775/З |
Дугаар | 221/МА2023/0108 |
Огноо | 2023-02-09 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2023/0108
“С” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Н.Т
Гомдол гаргагч: “С” ХХК
Хариуцагч: НОБГГТУХБН.Т
Гомдлын шаардлага: “НОБГГТУХБН.Тын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0072003 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 798 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, хариуцагч Н.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2021/0775/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “С” ХХК нь “НОБГГТУХБН.Тын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0072003 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 798 дугаар шийдвэрээр Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5, 7 дугаар зүйлийн 7.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5, 29.1.13, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “С” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №0072003 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулж, эрх бүхий албан тушаалтны 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0072003 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчинтэй хэвээр үлдээлгэх.
3.1. Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Н.Т би Нийслэл дэх захираагны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 798 дугаартай шийдвэрийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн биеэр гардан авлаа.
3.2. Шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5, 7 дугаар зүйлийн 7.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4, 29.1.13, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “С” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0072003 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон байна.
3.3. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 7-д Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Гал түймрийн улсын хяналтын байцаагч хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичиг болон итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргана” гэж үзсэн эрх бүхий алан тушаалтан шийтгэл оногдуулахдаа Онцгой байдлын ерөнхий газрын Гамшил судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өрийн 12/119 тоот шинжээчийн дүгнэлт, Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 2.1, 2.3 дахь заалтад заасныг тус тус үндэслэн Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д зааснаар хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичиг болон итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэн шийдвэрээ гаргасан.
3.4. Шүүхийн шийдвэрийн 10-т цахилгаан дамжуулагч утсанд үүссэн бөмбөлөг нь богино холболт, шилжилтийн эсэргүүцэл улмаас үүсэн эсэх, эсхүл цахилгаан дамжуулагч утасны гадна тусгаарлагч нь дөлний нөлөөгөөр шатаж гүйдэл дамжуулагч хоорондоо нийлснээр бөмбөлөг үүссэн эсэхийг шинжилгээгээр тогтоох нь гал юунаас шалтгаалж гарсныг тогтооход чухал ач холбогдолтой байна гэж үзсэн, хэрэгт авагдсан нотлох баримтаар шинжилгээнд ирүүлсэн цахилгаан дамжуулах утсанд бөмбөг үүссэн байна гэдэг тухайн бөмбөлөг үүссэн нөхцөл байдлыг тогтоосноор гал түймэр юунаасш шалтгаалж гарсныг тогтоох боломжгүй юм зөвхөн тухайн бөмбөлөг нь гал түймэр эхлэх үед үүссэн үү, галын дараа үүссэн үү гэдгийг тогтоох боломжтой байдаг. Мөн Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 252/1788 дугаартай дүгнэлтээр цахим дамжуулах утсанд богино холболт, шилжилтийн эсэргүүцэл үүссэний улмаас түймэр гарахад хүргэсэн байх магадлалтай байна гэсэн байдаг нь гал түймэр гарсан шалтгааныг нэгэнт тогтоосон байна гэж үзэж байна.
3.5. Шүүхийн шийдвэрийн 19-д Гал түймрээс урьдчилан сэргийлэх ажиллагааг зохион байгуулж үзлэг шалгалт хийгдсэний үндсэн дээр Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/02 дугаар тушаалаар батлагдсан “Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргах журам”-ын 2.3 дахь хэсэгт заасны дагуу “Галын аюулгүй байдлын дүгнэлт авах тухай аж аухйн нэгж, иргэнээс гаргасан хүсэлтийг хүлээн авснаас хойш шаардлага хангасан браимтыг үндэслэн төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллага ажлын 10 хүртэл хоногт багтаан дүгнэлт гаргана” гэсний дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийг “С” ХХК-д олгосон байдаг. Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийг олгохдоо гал түймрийн улсын хяналтын байцаагч нь аж ахуйн нэгжид үзлэг явуулж, галын аюулгүй байдлыг хангах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө гөгдөг.
3.6. Шүүхийн шийдвэрийн 20-д Гамшгаас хамгаалах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дахь заалтад гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон болон аюулын нөхцөл байдлын талаар хүн амд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан, эсхүл шууд мэдээлэх, заавар, зөвлөмжөөр хангах, 29.1.13 дахь заалтад гамшгаас хамгаалах үйл ажиллагаатай холбогдсон дүрэм, журам, заавар зөвлөмжөөр хангах мөн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн байх, аврах, хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэх зааврыг батлах асуудлыг ойлгох юм.
3.7. Шүүхийн шийдвэрийн 22-д Хариуцагч нь галын аюулгүй байдал, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ, хяналтын бүртгэлтэй ямар байх талаар гомдол гаргагчид сургалт, сурталчилгаа явуулсан, заавал зөвлөмжөөр хангасан нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна иймд гомдол гаргагчийг галын аюулгүй байдал, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ, хяналтын бүртгэлгүй байсан гэж буруутгах боломжгүй байна гэж шүүх үндэслэсэн гэвч Монгол Услын Засгийн газрын 2016 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 5 дугаар хавсралтад гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ хийгдсэн бүртгэл, галын аюулгүй байдлын хяналт шалгалт хийгдсэн бүртгэл ямар байх талаар тусгасан байна.
3.8. Мөн гал гарахын өмнөх хяналтын бүртгэлийг нэхэмжлэгчийн зүгээс Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг бүртгэлт хийгдэх явцад хураагдсан гэж тус шүүхэд тайлбарладаг боловч даргалагч шүүгч М.Батзориг, хариуцагч Н.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гантулга нар нь Баянзүрх дүүргийн Прокурорын газраас харьяа Цагдаагийн хэлтэст шалгагдсан хэргийн материалд үзлэг хийхэд хяналтын бүртгэл хураагдсан талаарх нотлох баримт, хяналтын бүртгэлийг хавсаргасан байдал тогтоогдоогүй болно.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийдн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 798 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү”,
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдолд холбогдуулан гаргасан тайлбартаа:
4.1. Анхан шатныш үүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн.
НОБГГТУХБН.Т нь “С” ХХК-ийн салбар дэлгүүр болох “Имарт Чингис салбар дэлгүүр”-т 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гарсан галтай холбогдох асуудлыг шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн ...” гэх үндэслэлээр 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0072003 дугаартай шийтгэлийн хуудас үйлдэж тус компанид 1,000,000 төгрөгийн торгууль ногдуулж 526,370,409 төгрөгийг “Номин даатгал” ХХК-д төлүүлэхээр шийдвэр гаргасан байдаг.
Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч хүчингүй блгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0071 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 133 дугаартай магадлалаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 116 дугаар тогтоолоор “... гомдол гаргагч ямар буруутай үйлдэл гаргасны улмаас гал гаргаж, зөрчил үйлдсэн гэдгийг эцсийн байдлаар тогтоогоогүй байж гэм брууутайд тооцож байгаа нь хуульд нийцэхгүй, гэм буруутай болохыг тогтоогоогүй ... гал түймэр гарсан шалтгаан нөхцөлд гомдол гаргагчийн хуулиар тодорхойлсон гэм буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг нарийвчлан тодруулах шаардлагатай ... нийтийн эрх зүйн хүрээнд гомдол гаргагчийн Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн гэм буруутай үйл ажиллагаанаас шууд үүссэн хохирол гэж үзэж, шийтгэлийн хуудсаар шийдвэрлэгдэх асуудал мөн эсэх нь эргэлзээтэй” гэж дүгнэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0071 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 133 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, Гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Тын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дугаар 0034001 тоот шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаатай дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн байдаг.
Хариуцагч нь дахин шинэ акт гаргахдаа Монгол Улсын дээд шүүхийн хяналты шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 16-нэы өдрийн 116 дугаар тогтоолын хянавал хэсэгт заасан үндэслэлүүдийг тодруулж, ажиллагаа хийлгүйгээр өмнө нь гаргасан шийтгэлийн хуудастай яг ижилхэн үндэслэлээр манай компанид дахин шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үед хариуцагч нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргах болсон үндэслэлээ Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д “аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж, объект бүр нь галын аюулгүй байдал, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ, хяналтын бүртгэлтэй байна”, 19 дүгээр зүйлийн 19.5-д “аж ахуйн нэгж, байгууллага гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, ажилтнаа сургаж, дадлагажуулсан байна” гэж заасныг зөрчсөн буюу хяналтын бүртгэлгүй, ажилтнуудаа сургалтад хамруулаагүй зөрчил гаргасан гэж тайлбарладаг.
Гэтэл хариуцагч нь галын аюулгүй байдал, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ, хяналтын бүртгэл нь яг ямар байх талаар тайлбарладаггүй, энэ талаар журамласан зүйл байхгүй болохыг хүлээн зөвшөөрдөг.
Харин гомдол гаргагч нь ажилтнуудаа сургалтуудад хамруулж байсан болох нь Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн сургалт зохион байгуулах төлөвлөгөө, илтгэх хуудас, “С” ХХК-ийн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэст хандан сургалт авах талаар гаргасан хүсэлт, сургалтад хамрагдсан фото зураг, талархал, сертификат зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд энэ тлааарх дүгнэлтийг хийж гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон.
4.2. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй тухайд.
Гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Тын гаргасан давж заалдах гомдолд “С” ХХК-ийн буруутай үйлдэл нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 болон 19 дүгээр зүйлийн 19.5 дахь зүйлийг зөрчсөн болох нь баримтаар тогтоогдож байна” гэсэн нь бидний хувьд туйлын ойлгомжгүй, маргаантай дүгнэлт гэж үзэж байна.
Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “... эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуудахлдаа ... хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэхийг тогтоосон байна” гэж зааснаар зөрчил гаргасан этгээдийн буруутай үйлдлийг эцсийн байдлаар тогтоосны дараа шийтгэл оногдуулах нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцэх учиртай.
2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс олгосон удгаар 01803666 тоот “Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт”-ийг баталгаажуулж 2 жилийн хугацаатай олгосон бөгөөд энэхүү батламж нь бидний Галын аюулгүй байдлын тухай хууль болон бусад холбогдох журам, дүрмийг бүрэн биелүүлж ажиллаж байсныг нотолно.
Дүүргийн Онцгой байдлын газраас жил бүр холбогдох ажилтан ир Галын аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар заавар, зөвлөгөө, хяналт, шалгалт хийж байсан.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 798 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянав.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргааны үйл баримтад хамаарах Зөрчлийн тухай хууль болон Галын аюулгүй байдлын тухай хуулиудын холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Хэргийн үйл баримтын талаар: “С” ХХК-ийн Имарт дэлгүүрт 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гал гарч, уг гал түймрийн асуудлыг улсын байцаагч Н.Т шалгаж, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0034001 дугаартай шийтгэлийн хуудсаар “С” ХХК-ийг Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэж, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас гал түймэр гарсан болох нь шинжээчийн дүгнэлт, холбогдох баримтуудаар тогтоогдсон гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 сая төгрөгөөр торгож, хохирлын 426.370.409 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
3.1. Уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч нэхэмжлэгч “С” ХХК-иас шүүхэд гомдол гаргасныг 3 шатны шүүхээс хянаад Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 116 дугаар тогтоолоор улсын байцаагч Н.Тын шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаатай дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
3.2. Ингэж шийдвэрлэхдээ Улсын дээд шүүхийн тогтоолд “...Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага дараах үүрэг хүлээнэ:” гээд 11 төрлийн үүргийг, мөн хуулийн 19 дүгээр зүйлд “Галын аюулгүй байдлыг хангах талаар нийтлэг шаардлага” тодорхойлохдоо 11 шаардлага тус бүрийг нарийвчлан жагсаасан байхад хариуцагчаас 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0034001 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа гомдол гаргагчийг Галын аюулгүй байдлын тухай хуулийн дээрх зүйлд заасан тодорхой ямар үүргээ биелүүлээгүй, эсхүл ямар нийтлэг шаардлагыг зөрчсөн талаар дурдаагүй атлаа хуулийн “...17, 19 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүй...” гэж хэт ерөнхий дүгнэж, торгуулийн шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм.” гэж дүгнэжээ.
3.3. Улмаар хариуцагчаас дээрх тогтоолын дагуу дахин шинэ акт гаргаж, 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №0072003 тоот шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгч “С” ХХК-ийг мөн Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 19 дүгээр зүйлийн 19.5, Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
4. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж, объект бүр нь галын аюулгүй байдал, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ, хяналтын бүртгэлтэй байна.”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аж ахуйн нэгж, байгууллага гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, ажилтнаа сургаж, дадлагажуулсан байна.” гэж заажээ.
4.1. Хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас үзэхэд нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд галын аюулгүй байдал, гал түймрээс хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмж хангалтгүй байсан, техникийн үйлчилгээ болон бүртгэл хөтлөлт хийгдээгүй байсан гэх нөхцөл байдал болоод гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаагүй, ажилтнуудаа сургалтад хамруулаагүй гэх нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй, сургалтад хамрагдаж байсан талаарх баримтууд хэрэгт авагдсан, энэ талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, тайлбарт үндэслэн дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй.
4.2. Нөгөөтэйгүүр гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ, хяналтын бүртгэл хөтөлж байсан эсэх нь баримтаар тогтоогдоогүй гэж хариуцагчийн зүгээс гомдол гаргасан боловч анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах үүргийн хүрээнд үзлэг хийсэн, нэхэмжлэгчийн зүгээс эрүүгийн хэрэгт бүртгэлтэй холбоотой баримтуудыг хурааж авсан гэх боловч өгсөн гэх баримтууд байхгүйг бүртгэл хийгдээгүй гэж бүрэн дүгнэх боломжгүй, өөрөөр хэлбэл зөрчил гаргасан гэж үзэж буй хуульд заасан үйлдэл, эс үйлдэхүй бүрэн дүүрэн тогтоогдоогүй байхад дахин зөрчил гаргасан гэж үзсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна:”, 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх;”, 1.3-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх;” гэж заасантай нийцээгүй байна.
4.3. Түүнчлэн, хариуцагчаас дахин шинэ акт гаргахдаа Улсын дээд шүүхийн тогтоолд заасан галын аюулгүй байдлыг хангах талаарх 11 төрлийн үүрэг биелүүлсэн эсэх, 11 төрлийн шаардлага хангасан эсэхийг тус бүрээр дүгнэж тогтоогоогүйгээс гадна Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2019 оны 07 дугаар 17-ны өдрийн 12/119 тоот шинжээчийн дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн цахилгаан дамжуулах утсанд бөмбөлөг үүссэн байна. Бөмбөлөг нь цахилгааны хэт ачаалал, богино холболт, шилжилтийн эсэргүүцлийн улмаас дамжуулагч утсанд богино холбоо үүсэх эсвэл гал түймрийн цахилгаан дамжуулагчийн гадна тусгаарлагч дөлний нөлөөгөөр шатаж гүйдэл дамжуулагч хоорондоо нийлснээр богино холбоо үүсэж бөмбөлөг үүсдэг. Бөмбөлөг илэрсэн цахилгааны утсыг нарийвчилсан шинжилгээнд хамруулж бөмбөлөгт агуулагдах хүчилтөрөгчийн агууламжийг тодорхойлсноор гал гарах шалтгаан нөхцөл болсон эсэхийг тодорхойлох боломжтой болно” гэж дүгнэснээс үзэхэд бөмбөлөг үүссэн эсэхийг шинжилгээгээр тогтоох нь гал юунаас шалтгаалж гарсныг тогтооход чухал ач холбогдолтой байна.
4.4. Хэрэгт авагдсан Геологийн төв лаборатори ТӨҮГ-аас ирүүлсэн “гал юунаас шалтгаалж гарсныг тогтооход чухал ач холбогдолтой, цахилгаан дамжуулагч утсанд үүссэн бөмбөлгийн хүчилтөрөгчийн агууламжийг тодорхойлдог багаж нь шинжээчийн дүгнэлт гарах үед ажиллаагүй байсан” талаарх тайлбараас дүгнэхэд Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Гал түймрийн улсын хяналтын байцаагч хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичиг болон итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шийдвэр гаргаагүй болох нь тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
4.5. Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, эрх бүхий албан тушаалтан тухайн үйлдэл, эс үйлдэхүй Зөрчлийн тухай хуульд заасан аль нэг зөрчлийн шинж байдлыг хангасан болохыг баримтаар бүрэн дүүрэн тогтоосны үндсэн дээр шийтгэл оногдуулах зарчимтай нийцсэн гэж үзэхээргүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 798 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ