| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 106/2018/0147/Э |
| Дугаар | 410 |
| Огноо | 2018-05-03 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | П.Энхболд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 410
Д.О, А.А нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор П.Энхболд,
шүүгдэгч Д.Огийн өмгөөлөгч Н.Ариунболд,
шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, шүүгдэгч Д.Огийн өмгөөлөгч Н.Ариунболд нарын давж заалдах гомдлуудаар тус тус Д.О, А.А нарт холбогдох эрүүгийн 1702002200008 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Д.О, 1988 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эмээ, эгч нарын хамт Баянгол дүүрэг, .... тоотод оршин суух хаягтай,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, /РД:..../,
М овогт А.А, 1988 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк, санхүүгийн нягтлан бодогч мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн .... тоотод оршин суух хаягтай,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, /РД:..../,
Шүүгдэгч Д.О, А.А нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 14 дүгээр байрны 1 дүгээр орцны 6 давхарт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай хажуу бөөрөндөө цоолсон, бичиггүй хуванцар сав, гялгар уутны хамт 0.7 грамм сэтгэцэд нөлөөт каннабис гэх нэршилтэй бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Д.О, А.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Д.О бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М овогт А.А бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ог 1 жилийн хугацаагаар хорих ялаар, А.Аыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.О, А.А нарт тус бүр оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Аы өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Анхан шатны шүүх нь шүүгдэгч А.Аыг сэтгэцэд нөлөөт өвсийг биедээ хадгалж байсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Яллагдагч А.А нь мөрдөн байцаалтын шатанд “Би биедээ өвс хадгалж байгаагүй. Шатан дээрээс олдсон 1 грамм өвс хэнийх болохыг би мэдэхгүй байна” гэж удаа дараа тогтвортой мэдүүлж ирсэн байдаг. Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед ч дээрх мэдүүлгээ нотолж өвсийг хадгалж байгаагүй гэдгээ батлан хэлсэн. Хавтас хэргийн материалд яллагдагч А.Ад өвс байсныг нотолсон баримт байдаггүй юм. Харин шүүгдэгч Д.О нь анхан шатны шүүхэд мэдүүлэг өгөхдөө “шатан дээрээс олдсон 0.7 грамм өвсийг би хүнээс худалдан авч хадгалж байгаад хэрэглэсэн юм” гэж үнэнээ хүлээсэн. Мөн миний биед өвс байгааг А.А мэдээгүй бөгөөд өвснөөсөө түүнд өгөөгүй. А.Аы бие, эд зүйлд өвс байгаагүй гэдгийг нотолж хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой бичигдсэн байгаа. Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар шүүгдэгч А.А бие, эд зүйлдээ өвс хадгалж байсан гэдэг нь нотлогдохгүй байхад шүүх түүнийг гэм буруутайд тооцсон дүгнэлт гаргасан.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч А.Аыг Д.Отэй хамт байсан мөн өвс хэрэглэсэн учир бүлэглэж өвс хадгалж байсан гэж үзэх үндэслэлтэй байна хэмээн эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж шүүгдэгч А.Ад хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчсөн.
3. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт дурьдагдсан “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэсэн заалтыг зөрчиж төсөөлөл таамаглалд үндэслэж шийдвэрээ гаргасан. Мөн шүүгдэгч А.Аыг хэрхэн яаж Д.Отэй санаатай нэгдсэн, хэдэн грамм өвсийг ямар хугацаагаар, хаана хадгалж байсныг хэрхэн нотолсон тухай тайлбар хийгээгүй.
4. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь заалт, мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх заалт, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх заалт, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтуудыг харгалзаж үзэлгүй шийдвэрээ гаргасан.
Өмгөөлөгч Н.Намжилцогт би давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох бөгөөд ялтан А.Аыг онлайнаар оролцуулах хүсэлтэй байна...” гэв.
Шүүгдэгч А.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би өвсийг хэн нэгнээс авч өөрийн биедээ хадгалсан үйлдэл огт хийгээгүй. Гэтэл шүүхээс ямар ч нотлох баримт, үндэслэлгүйгээр надад хорих ял оногдуулж хэлмэгдүүлсэнд маш их гомдож байна. Д.О нь өөрт байсан өвснөөсөө надад өгч хадгалуулаагүй. Тэр намайг согтуу байхад өөрийн татаж байсан өвснөөсөө соруулсан гэдэг. Би түүнийг нь санадаггүй юм. Би өвс сорсон үйлдэлдээ шийтгэл хүлээхэд бэлэн байна. Харин өвс хадгалж байсан гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие, эд зүйлээс өвс гараагүй, надад өвс байсан гэж нэг ч хүн гэрчлээгүй байхад ямар учраас хүчээр тулгаж ял оногдуулж байгааг ойлгохгүй байна. Би биедээ өвсийг хадгалсан гэмт хэрэг үйлдээгүй. Давж заалдах шатны шүүх хуралдаанд онлайнаар оролцоно...” гэв.
Шүүгдэгч Д.Огийн өмгөөлөгч Н.Ариунболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй гэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй”, 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдлийн нийгмийн аюулын хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан.
Д.О нь мансууруулах бодисыг олж авсан, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мансууруулах бодис хэрэглэсэн нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “сэтгэцэд нөлөөлөх бодисыг хадгалсан” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заасан.
Харин Д.О нь өөрийн олж авсан мансууруулах бодисыг хадгалах идэвхитэй үйлдлийг гаргаагүй байх бөгөөд хэрэглэсний дараа илүү хэсгийг нь өөрийн бие, эд зүйлээс холдуулсан нь өөрийнх нь мэдүүлгээр нотлогдсон. Аливаа зүйлийг хадгалах гэдэг нь эд юмсыг өөрийн мэдэлд байлгах, өөрийн эзэмшлийн бус бусдын хамааралтай газар байлгасан тохиолдолд өөр бусад этгээд олж авах боломжгүй байхаар байлгахыг ойлгоно.
Гэтэл Д.О нь хэрэглэсэн мансууруулах бодисоо хадгалах санаа зорилго агуулаагүй, илүү гарсан хэсгийг нь өөрөөс холдуулж орцны шалан дээр хаясан байх уг хаясан зүйлийг гэрч нэн даруй олж харсан, хурааж авснаар нотлогдоно. Өөрөөр хэлбэл Д.О нь хаясан мансууруулах бодисынхоо дэргэд байсныг “мансууруулах бодис хадгалсан” гэх үйлдэлтэй төсөөтэйгээр авч үзэж шүүх шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.
Прокурор П.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...А хувьд шийтгэх тогтоолд түүнийг гэм буруутай гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. А хувьд хүсч хийсэн үйлдэл байна. Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хүн Эрүүгийн хариуцлагаасаа чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. А шээснээс тус мансууруулах бодис нь илэрсэн. Тухайн гэмт хэргийг хамтран үйлдсэн, цуг орцонд байсан гэдэг нь нотлогддог. Ундааны сав орцны шатан дээр байсан нь гэмт хэргийн нөхцөл байдлыг үгүйсгэхгүй юм. Шүүгдэгч О байцаалтын үед анх мэдүүлэхдээ мэдэхгүй гэдэг байсан. Дараа дараагийн мэдүүлгүүддээр танихгүй хүн фэйсбүүкээр орж ирээд өвс авах уу гэж асуухаар нь авсан гэж мэдүүлдэг. Баянгол худалдааны төвийн үүднээс хүнээс авсан гэдэг боловч тухайн авч байгаа зүйлийг А хараагүй гэж мэдүүлдэг. Хадгалсан гэдгийн хувьд хэдэн минут, хэдэн өдөр, хэдэн сараар хадгалсан нь хамаагүй гэж дүгнэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Нийгмийн аюулын шинж чанар, хор аюулд нь тохирсон ял шийтгэл оноосон гэж үзэж байна. Анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Д.О нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 14 дүгээр байрны 1 дүгээр орцны 6 давхарт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай хажуу бөөрөндөө цоолсон, бичиггүй хуванцар сав, гялгар уутны хамт 0.7 грамм сэтгэцэд нөлөөт каннабис гэх нэршилтэй бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэрч М.А “...цагдаа нар ирээд араас нь дээш гарахад 6 давхарт нөгөө дөрвөн залуугаас хоёр нь үлдчихсэн цагдаа нар зураг аваад байж байсан. Намайг доош буухад 6 давхарт ямар нэг хог хаягдал байгаагүй юм. Байсан бол би хаячихсан байгаа. Би орой болгон давхар болгоны хогийг цэвэрлэж доош буулгадаг юм. Би 2 цаг тутам явж орцны хогийг буулгадаг юм. Тухайн өдөр 1 дүгээр орцонд нөгөө архи ууж байсан залуусаас өөр хүмүүс байгаагүй. Мөн гарч ороогүй. Би ер нь өөрийн орцны хүмүүсийг танина...” /хх-ийн 27-28/
Гэрч О.Б: “...2017 оны 11 дүгээр сарын 25-ны орой 20 цагийн үед байхаа над руу М залгаад О орцонд бид нар уулзах гэж байна, чи ирэх үү гэсэн. Тэгээд би гэрээсээ гараад Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 14 дүгээр байрны 1 дүгээр орцны 8 давхарт гарахад уг давхарт О, А, М, Б нар нэг шил 0.5 граммын Ерөөл архи уугаад шатан дээр сууж байсан. Тэгээд намайг очсон чинь О, М 2 гараад нэг шил 0.33 граммын архи авчраад тэрийг бид нар хувааж уугаад орцноос М, Б нэг танихгүй залуу бид 4 гараад явсан ба тэр үед 21 цаг дөнгөж өнгөрч байсан ба орцонд О, А 2 нэгнийдээ орж хононо, жоохон архиа гаргаж байгаад харина гээд үлдсэн. Намайг очиход манай хэд 8 давхарт архи ууж байсан болохоор би 8 давхарт хамт байж байгаад явсан...”/хх-ийн 33-34/,
Гэрч Н.Г: “...би Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст эргүүлийн Тайшир-114 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан ба тус өдрийн 21 цаг 15 минутын үед Тайшир-10-аас Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны 1 дүгээр орцонд хүмүүс архи уугаад амраахгүй байна гэх дуудлагын дагуу дуудлага өгсөн газар орчин тус байрны 1 дүгээр орцоор орон цахилгаан шатаар хамгийн дээд давхар буюу 8 дугаар давхарт гаран давхар болгоныг шалган доош уруудан явж байхад 7 давхар орчимд явж байхад нэг эвгүй муухай шатсан ургамал мэт зүйл үнэртэж байсан. Тэгээд 6 давхарт буухад хоёр эрэгтэй хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай шатан дээр сууж байсан. Би тухайн этгээдүүдийн сууж байсан шатны орчим нүдээр үзлэг хийхэд улбар шар өнгийн куртиктэй залуугийн урдхан талд хажуу бөөрөн хэсэгт цоолж нүх гаргасан уг нүхээр хуйлсан мөнгө хийсэн хуванцар сав хажуу тийшээ унасан байдалтай, ойр орчимд нь шингэн зүйл асгарсан мөн доошоо харуулан тавьсан хуванцар аяга мэт зүйл байсан. Тэгэхлээр нь би мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй гэж бодон Тайшир-10-т мэдэгдэж бүрэлдэхүүн дуудсан...” /хх 35-36/,
Гэрч Г.А: “...2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 18 цаг өнгөрч байхад А над руу фэйсбүүк мессенжрээр уулзах уу гээд бид хоёр хорооллын “Алтан төгрөг”-ийн урд уулзахаар тохирсон юм. Тэгээд би Алтан төгрөгийн урд очтол А ирээгүй юм. Намайг очиход А ухаангүй хоёр гараа дэлгээд дээшээ хараад хэвтэж байсан...” /хх37-38/,
Шүүгдэгч О.О: “...2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ байж байтал фэйсбүүкээр танихгүй хүн холбогдоод “өвс авах уу” гэж асуухаар нь “тэгье авъя” гэхэд “утасны дугаараа өгчих” гэхээр нь утасны дугаараа өгөхөд “над руу залгая” гэж хэлсэн. Би залгахыг нь хүлээж байтал А намайг дуудаад уулзаж байтал над руу нэг хүн залгаад “хорооллын хүнсний зах дээр хүрээд ир” гэсэн. А тэр өдөр хорооллын хүнсний захын хажууд байдаг А уулзахаар явсан үед би хүнсний зах дээр нөгөө хүнтэйгээ уулзаж 20 000 төгрөгөөр жоохон өвс авсан. Тэгээд Атай уулзахад Мандах гэх найз маань уулзъя гээд дуудсан. Тэгээд гэртээ очтол М, Бархас нар манай орцонд ирсэн байсан. Тэгээд уулзаж байтал А, Б нар яваад А бид хоёр орцонд үлдээд нөгөө өвсөө гаргаад хэрэглэж үзсэн. Хэрэглэж үзэхэд муухай санагдаад толгой өвдөөд байхаар нь хаясан. Удалгүй цагдаа ирээд эрүүлжүүлэх рүү явсан...” /хх-201/,
Шүүгдэгч А.Аы: “...2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэг найзтайгаа шөнө болтол архи уусан байсан. Маргааш нь буюу 11 дүгэр сарын 25-ны өдөр 15-16 цагийн үед босоод гарч пиво уугаад О гэрийн цонхон доор явж байтал намайг дуудаад “хаачих гэж байгаа юм бэ” гэхээр нь “хүнсний захын тийшээ явж байна” гэхэд “байж бай, хамт явъя” гэсэн. Тэгээд хамтдаа хүнсний захын тийшээ очоод би А уулзаад О хамт байранд нь очтол “М, Б нар ирсэн байна, уулзъя” гэж хэлсэн. Тэгтэл Б, М хоёр нэг шил архитай сууж байсан. Би тэр өдөр шартаад пиво уусан байсан бөгөөд тэд нартай хамт архи уусан. Дараа нь Б нэг шил архи авсан. Тэр архийг ууж байгаад тасарсан. Юу болсон талаар санахгүй байна...” /хх 201/ гэх мэдүүлгүүд,
Шинжээч Б.Цогбаярын: “...гаргасан дүгнэлтүүдэд дурдагдсан дельта-9 тетрагидроканнабинол болон тетрагидроканнабинол гэх бодис нь ижил төрлийн нэг бодис юм. Уг бодис нь хүний биед орохоороо бодисын солилцоонд орохоороо тетрагидроканнабинолын агууламжаараа илэрдэг юм...” /хх 43-44/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны 11077 дугаартай дүгнэлтэд: 1. шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна.
2. 3. Шинжилгээнд ирүүлсэн хуванцар сав, гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинолийн агууламж илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.
Хуванцар аяга, хуванцар саванд хуйлж шургуулсан байсан JN6379709 гэсэн сери дугаартай 100-тын тал дэвсгэрт зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.
4. Шинжилгээнд ирүүлсэн гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 0,4236 г байна. /хх 47-49/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 11075 дугаартай дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн “А.А ЧИ88030819 БГДЦХ-1 Эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад Н.Атарчимэг А.А мансууруулах өвс хэрэглэсэн” гэж хаягласан шээс, “Одхүү УМ88092990 БГДЦХ-1 ахмад Н.Атарчимэг 94112268 Д.О мансууруулах өвс хэрэглэсэн гэх” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “А.А ЧИ88030819 БГДЦХ-1 Эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад Н.Атарчимэг Абетхааны А мансууруулах өвс хэрэглэсэн” гэж хаягласан шээс, “Одхүү УМ88092990 БГДЦХ-1 ахмад Н.Атарчимэг 94112268 Д.О мансууруулах өвс хэрэглэсэн гэх” гэж хаягласан шээс тус бүрт тетрагидроканнабинол илэрч байна.
3.4 Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно” /хх 53-54/,
хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-11/,
мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-18/,
эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-20/,
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 21-23/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Од холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй , түүнийг гэм буруутайд тооцсон нь зөв, ял шийтгэл тохирсон байна.
Харин А.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ түүнд прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй гэж дүгнэн шүүгдэгч А.Аыг бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Учир нь:
А.А нь шүүгдэгч Д.Огийн хадгалсан НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай сэтгэцэд нөлөөт каннабис гэх нэршилтэй бодисыг 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 14 дүгээр байрны 1 дүгээр орцны 6 давхарт хэрэглэсэн болох нь түүний мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 11075 дугаартай “шээсэнд сэтгэцэд нөлөөтэй бодис илэрсэн” талаар гаргасан дүгнэлтээр тогтоогддог бөгөөд харин сэтгэцэд нөлөөт бодисыг “хадгалсан” болох нь тогтоогдохгүй байна.
А.Аы хар тамхи хэрэглэсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, А.А болон түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын “ хэргийг хэрэгсэхгүй болгож өгөх”-ийг хүссэн давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч, шүүгдэгч Д.Огийн өмгөөлөгч Н.Ариунболдын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож” өгөхийг хүссэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолын: тогтоох хэсгийн “...шүүгдэгч Молк овогт Абетхааны Аыг бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэсэн 1 дүгээр заалтыг хүчингүй болгож, “ шүүгдэгч М овогт А.Ад холбогдох дээрх эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай...” гэж,
2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ог 1 жилийн хугацаагаар хорих ялаар, А.Аыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ог 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж тус тус өөрчилж тогтоох хэсгийн А.Ад холбогдох бусад заалт, хэсгийг хүчингүй болгож Д.Од холбогдох заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
О.ЧУЛУУНЦЭЦЭГ