Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 1084

 

МАГАДЛАЛ

 

2017.05.05                                                Дугаар 1084                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

“Угсрах Увидас” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/00997 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Угсрах Увидас” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Оргил сор” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 18 406 956 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Зохигчдын гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Саранчимэг,

Хариуцагчийн төлөөлөгч: М.Билгээ,

Хариуцагчийн өмгөөлөгч: О.Батцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “Угсрах Увидас” ХХК нь “Оргил Сор” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. 9 давхар орон сууцны барилгын угсралтын одоо байгаа түвшингөөс үргэлжлүүлэн хийгдэх угсралтын ажлыг хийхээр болсон. Хамтран ажиллах гэрээний 2-т зааснаар гэрээний хугацаа нь 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл байна гэжээ. Гэрээнд заагдсан ажил үүргийг гүйцэтгэгч “Угсрах Увидас” ХХК нь хугацаандаа хийж гүйцэтгэсэн. Гэрээний 6.1-д заасны дагуу 5-9 дүгээр давхарын ажил 384 м.кв /1 м.кв 55 000/ х 5 давхар 21 120 000 төгрөг, 1 давхарын үнэ =  105 600 000 төгрөг болж байгаа. Техникийн давхарын ажил нь 11 400 000 төгрөг, нийт гэрээний үнийн дүн 117 000 000 төгрөг, НӨАТ-тай / гэж тохиролцсон. Хамтран ажиллах гэрээнд зааснаар “Угсрах-Увидас” ХХК-д 117 000 000 төгрөг төлөхөөс хариуцагч “Оргил Cop” ХХК нь 101 740 000 төгрөгийг төлсөн байна. 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “Угсрах Увидас” ХХК, “Оргил Cop” ХХК болох талууд хоорондоо тооцоо нийлсэн. Тооцооны үлдэгдлийн баталгаа баримтаар “Оргил Сор” ХХК нь 17 260 000 төгрөгийг “Угсрах Увидас” ХХК-д төлөхөөр өртэй гарсныг талууд харилцан баталсан. 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч “Оргил Cop” ХХК нь манай “Угсрах Увидас” ХХК-ийн дансаар 2 000 000 төгрөгийг шилжүүлэн төлсөн. Одоо үлдэгдэл 15 260 000 төгрөгийг өнөөг хүртэл хариуцагч “Оргил Cop” ХХК нь төлөөгүй байна. Хамтран ажиллах гэрээний 3.5-д, Захиалагч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд хийгдээгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.02 хувьтай тэнцэх алданги гүйцэтгэгчид нөхөн төлнө гэжээ. Иймд үндсэн үлдэгдэл төлбөр 15 260 000 төгрөг, дээрх гэрээний 3.5-д зааснаар 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 0.02 хувьтай тэнцэх 484 хоногийн алданги тооцон 1 464 960 төгрөг, итгэмжлэлд заагдсан ажил үүргийг гүйцэтгэх ажиллагаанд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, түүний хөлс 1 672 496 төгрөг, бичиг баримт нотариатаар батлуулсан төлбөр 11 500 төгрөг, нийт 18 406 956 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 249 985 төгрөгийн хамт гаргуулан, өмгөөллийн хөлсны хувьд урьдчилгаа авсан бөгөөд үлдэгдэлээ аваагүй байгаа гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Гүйцэтгэгч байгууллага “Угсрах Увидас” ХХК нь хамтран ажиллах гэрээний хоёр дахь хэсэг, 3.3 дахь заалтын дагуу гэрээт хугацаандаа угсралтын ажлыг хийж дуусгаагүй болно. Иймээс хоногийн алданги 1 464 960 төгрөгийг төлөхгүй болно. Тус өмгөөлөлийн тухайд “Угсрах Увидас” ХХК нь өөрийнхөө эрх ашигаа хамгаалуулахын тулд авсан тул бид төлөх үндэслэл байхгүй болно. Бичиг баримт нотариатаар батлуулсан 11 500 төгрөгийн тухайд төлбөр нь юу болох нь тодорхойгүй бөгөөд манай байгууллагад хамааралгүй болно. Мөн нэхэмжлэлд бичигдсэн үнийн дүн зөрүүтэй байгаа нь ойлгомжгүй байгаа болно.

Нэхэмжилж байгаа 15 260 000 төгрөгийн тухайд, Тухайн байгууллага нь хугацаандаа хийж гүйцэтгээгүй, НӨАТ-аа дутуу төлсөн, гэрээний 3.3 дахь хэсэгт заасан бичиг баримтын бүрдэл дутуу, мөн бусад алдаа тутагдалтай зүйлс байгаа болно. Иймээс манай байгууллага 15 260 000 төгрөгийн тухайд сөрөг нэхэмжлэл гаргах болно.

2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “Оргил cop” ХХК “Угсрах Увидас” ХХК хамтран ажиллах гэрээ байгуулж захиалагчийн шаардлага хангасан 9 давхар орон сууцны одоо байгаа түвшингөөс үргэлжлүүлэн карказ угсралтын ажлыг гүйцэтгэхээр болсон. Гэрээний нийт үнийн дүн 117 000 000 төгрөг, НӨАТ-тай гэж тохиролцсон. Захиалгч байгууллагын зүгээс гүйцэтгэгч байгууллагад 103 740 000 төгрөг шилжүүлээд байгаа болно. Үлдэгдэл төлбөрийн тухайд гүйцэтгэгч байгууллагад олгогдох боломжгүй байна. Тухайн ажил нь гэрээний хугацаанд хийгдээгүй, чанарын шаардлага хангаагүй, бичиг баримтын бүрдэл дутуу, ажлыг хүлээлгэж өгөөгүй зэрэг гэрээний үндсэн хэд хэдэн заалтыг хэрэгжүүлээгүй болно. Хийгдээгүй ажилбаруудыг дурьдвал, Гэрээний 3.3 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэлийн бичиг баримт өгөөгүй. НӨАТ-н баримтыг шилжүүлсэний мөнгөн дүнгийн 36 500 000 төгрөгт өгөөгүй. Гэрээний 4.6 дахь гэрээт хугацаандаа ажлыг бүрэн хүлээлгэж өгөөгүй. Гэрээний 4.9 дэх хэсэгт бетоны задралт цүлхийлт, хасараа бүрэн хийж хүлээлгэж өгөөгүй. 4.10 дахь хэсэгт дотор гадна цэвэрлэгээ, лимутин авах ажил бүрэн хийж хүлээлгэж өгөөгүй. Гэрээний 5.1, 5.2 дахь хэсэгт баталгааны бичиг баримт гаргаж өгөөгүй. Дээрхи 5 заалтыг хэрэгжүүлээгүй нь фото зураг болон баримтад тулгуурлаж байгаа болно. Мөн манай байгууллагын зүгээс удаа дараа гүйцэтгэгч байгууллагын удирдлагад дээрх алдаа дутагдлаа засахыг сануулж албан бичиг өгч байсан болно. Гүйцэтгэгч байгууллага “Угсрах Увидас” ХХК нь хамтран ажиллах гэрээний Хоёр дахь хэсэг 3.3 дахь заалтын дагуу гэрээт хугацаандаа угсралтын ажлыг хийж дуусгаагүй болно. Гэрээт хугацааны алданги өнөөдрийн байдлаар 567 өдөр болж байна. Гэрээний 4.6 дахь заалтын дагуу 13 267 800 төгрөгийн алданги үүсээд байна. Гэрээний 3.3 дахь заалтын дагуу тухайн гэрээнд нэмэгдсэн өртөгийн албан татвартай гэрээ санхүүжилт хийгдсэн, гүйцэтгэл бичигдсэн даруйд НӨАТ-ын падааныг өгөх үүрэгтэй. НӨАТ-ын падаанаа бичиж өгөөгүй байгаа 36 500 000 төгрөгөөс НӨАТ болох 3 318 181 төгрөгийг гүйцэтгэгч байгууллагад илүү олгосон болно. Гүйцэтгэгч “Угсрах Увидас” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэн нийт 16 585 981 төгрөгийг Захиалагч тал “Оргил сор” ХХК-д төлөх үүрэгтэй болно. Нэхэмжлэгч нь ажлаа одоо хүртэл хийж дуусгаагүй, ажлын алдаагаа засаагүй гэдгийг зургаар нотолно. Ажлын алдаа засах талаар шаардаж байхдаа баримт үйлдээгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.5, 352.5.1-д зааснаар хариуцагч “Оргил сор” ХХК-иас 13 976 932 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Угсрах Увидас” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 430 024 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 249 985 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 227 835 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “Оргил Cop” ХХК-иас төлсөн 2 000 000 төгрөг ороод, “Угсрах Увидас” ХХК-д төлсөн нийт төлсөн төлбөр нь 101 740 000 төгрөг болж байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримт болох “Угсрах-Увидас” ХХК-ийн Голомт банкны дансны хуулгаар, “Оргил Cop” ХХК нь “Угсрах Увидас” ХХК-д дараах төлөлтийг хийсэн байна. Үүнд, 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 42 240 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 40 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5 000 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 2 000 000 төгрөг, нийт 99 240 000 төгрөгийг “Оргил Cop” XXК нь төлсөн байна.

Иймд үүнийг зөвтгөн бодож, 15 260 000 х 0,02 % /1 хоногт 3 052/ х 266 хоног =     811 832 төгрөгийн алданги тооцогдож байна. / Зөрүү 106 400 төгрөгийг гаргуулж өгнө үү./

Хууль зүйн туслалцааны зардалд нэхэмжилсэн 1 672 496 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа 1 172 496 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шүүх шийдвэрлэснийг зөвшөөрнө.

Харин өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу /ХХ-5/ нэхэмжлэгчийн бодитоор төлсөн баримтттай 500 000 төгрөг гаргуулах тухай шаардлага хэвээрээ байгаа болно.

2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төлөөлөгчийн өөрийнх нь 5064542331 тоот Хаан банкны дансанд нэхэмжлэгчээс /захирал Болд нэрнээс/ урьдчилгаа гэж 300 000 төгрөг шилжсэн баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар харагдаж байгаа. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төлөөлөгчийн 5064542331 тоот Хаан банкны дансанд нэхэмжлэгчээс /захирал Болдбаатараас/ өмгөөлөгчид хураамжийн мөнгө 450 000 төгрөгийг шилжүүлсэн байгаа./ Үүнээс, улсын тэмдэгтийн хураамжинд 249 985 төгрөг, үлдэх 200 015 төгрөг нь өмгөөлөгчид төлсөн төлбөр юм. /

Дээрх Хаан банкны улаан тэмдэгтэй шаардлага хангасан баримтаар нэхэмжлэгч “Угсрах Увидас” ХХК-ийн захирал А.Болдбаатар нь цувуулан нийт 500 000 төгрөгийг төлөөлөгчид /өмгөөлөгчид/ төлсөн байна гэдгийг нотлох юм. Иймээс нэхэмжлэгчийн гарын үсэг байхгүй, нэхэмжлэгч дансаар шилжүүлэн төлсөн мөн дансны хуулгаар шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцааны төлбөрт шилжүүлсэн гэж үзэх боломжгүй байна гэж байгааг үгүйсгэж байна. Төлөөлөгч буюу өмгөөлөгч ч нэхэмжлэгчээс 500 000 төгрөгийг шилжүүлгээр хүлээн авсан гэдгээ зөвшөөрдөг. Гэтэл шүүхээс шийдвэр гаргахдаа дээрх бодит байдлыг ойлголгүй хассан байна.

Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн үлдэгдэл төлбөр   2 000 000 төгрөг, зөрүү алданги 106 400 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгчид төлсөн 500 000 төгрөг, нийт 2 606 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: "Угсрах Увидас" ХХК ажлаа бүрэн буюу 100 хувь гүйцэтгэж, хүлээлгэж өгөөгүй тул дутуу гүйцэтгэсэн ажлыг хөлсийг төлөөгүй юм. Тухайлбал, гэрээний 4.9-т заасан Бетоны задралт цүлхийлт, хасраа бүрэн хийж хүлээлгэж өгөөгүй, 4.10-т заасан дотор гадна цэвэрлэгээ хийх, лимутин авах ажлаа бүрэн хийж хүлээлгэж өгөөгүй. Үүнийг нотолсон баримт болох гүйцэтгэсэн ажлын фото зургийг хэрэгт хавсаргаж өгсөн бөгөөд хариуцагч тал үүнийг няцаагаагүй байхад шүүхээс нотлох баримтаар үнэлээгүйд гайхаж байна. Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2-т "үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө" гэж заасан. Гүйцэтгэгч тал ажлаа дутуу гүйцэтгэж, хүлээлгэж өгөөгүй тул Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн дагуу хөлс төлөхөөс татгалзсан нь хууль зөрчөөгүй юм. Хэрэгт ажлыг 100 хувь гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн ямарч баримт байхгүй байхад шүүх нэхэмжлэгч талын тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад үндэслэж шийдвэр гаргасан нь Иргэний хуулийн 343.1, 351.1.1, 346.2 дахь заалтуудыг зөрчиж байна.

Шүүхээс хугацаа хэтрүүлсний алданга 705 432 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Гэрээнд хөлс төлөх хугацааг тухайлан заагаагүй, ажлын гүйцэтгэлээр тооцон төлдөг байсан тул тухайлсан өдөр байхгүй. Өөрөөр хэлбэл ажил хүлээлгэж өгсөн өдрөөс хөлс төлөх үүрэг үүснэ.

Түүнчлэн Иргэний хуулийн 352.5.1-т заалтыг гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж аваагүй нөхцөлд хэрэглэгдэх зохицуулалт юм. Энэ нь нотлох баримтын чанартай үнэлэгдэх ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэргийг шийдвэрлэсэн боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөх шаардлагатай байна.

Нэхэмжлэгч “Угсрах увидас” ХХК нь хариуцагч “Оргил сор” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 16 724 960 төгрөг, учирсан хохирол болох хууль зүйн туслалцааны хөлс 1 672 496 төгрөг, нотариатын зардалд 11 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “Оргил сор” ХХК эс зөвшөөрч, зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...барилгын угсралтын ажлыг гүйцэтгэсэн боловч хүлээлгэж өгөөгүй, доголдолгүй гүйцэтгэн хүлээлгэн өгөх” гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл талуудын хооронд 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр агуулгын хувьд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсч, ажлын гүйцэтгэлийн гэрээний хугацааг 2015 оны 06 дугаар сарын 26-наас 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, ажлын нийт хөлсийг 117 000 000 төгрөг гэж тохиролцсон байна. Талууд хийсэн ажлын хөлсний үлдэгдлийг баталгаажуулаад 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 17 260 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн тооцооны үлдэгдлийн баталгааны баримт хэрэгт авагдсан байна. Мөн дансны хуулгаар хариуцагч 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдож мөн зохигчид тухайн баримтуудад маргаагүй байна. /хх 8-15 хуудас/

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байх боловч гэрээ хэрэгжих явцад хөлс төлөх талаар хугацааг тохироогүй учраас ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг төлөх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.

Иймд хариуцагч гэрээний үүргийг биелүүлэх хугацааг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан алданги тооцон шаардах үндэслэлгүй юм.

Хэргийн үйл баримт талуудын тайлбараар ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 13 260 000 төгрөгийг дутуу төлсөн гэх байдал тогтоогдож байх тул ажлын хөлсийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн алдангийн талаар гаргасан гомдлыг хүлээн авч харин фото зургийг “нотлох баримтаар өгсөн, энэ баримтыг үнэлээгүй” гэх гомдолд фото зураг нь хуульд нийцүүлэн гаргасан баримт гэж үзэхгүй, хуульд заасан журмыг зөрчсөн учраас шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэх боломжгүй юм. Мөн ажлыг бүрэн гүйцэтгээгүй, чанаргүй хийсэн гэх гомдлыг гаргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй гэж үзлээ.

Дээрх дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/00997 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар ажлын хөлс 13 260 000 төгрөг, нотариатын зардал     11 500 төгрөг нийт 13 271 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Угсрах увидас” ХХК олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 135 456 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...227 835...” гэснийг “...224 307...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 56 652 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 228 000 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

            ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

 

                                                                     М.НАРАНЦЭЦЭГ