Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/134

 

 

 

 

 

 

 

 

    2021        03           04                                      2021/ШЦТ/134

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,    

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа,      

улсын яллагч Ц.Отгонсүрэн,    

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Сарантуяа,            

иргэний хариуцагч Ц.О, түүний өмгөөлөгч О.Баясгалан, 

иргэний хариуцагч М.Ж, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч З.А, түүний өмгөөлөгч Т.Даваажав,     

шинжээч М.Ууганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж З.Аэд холбогдох эрүүгийн 1910020770966 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

            Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 05-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2,  1 хүүхдийн хамт, аа ХХК-нд жолооч ажилтай, 0000 тоотод оршин суух хаягтай, урьд

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 407 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар 3  сарын баривчлах ял шийтгүүлсэн, З.А /РД:аа0000/  

 

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч З.А нь 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах “АБ” ХХК-ийн бохир усны цооногоос 0000улсын дугаартай автомашинаар бохир ус соруулахдаа, бохирын худгийн тагийг хаахгүй явснаас 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авалтад ирсэн иргэн Я.Ц унаж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч З.А нь 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах “АБ” ХХК-ийн бохир усны цооногоос 0000улсын дугаартай автомашинаар бохир ус соруулахдаа, бохирын худгийн тагийг хаахгүй явснаас 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авалтад ирсэн иргэн Я.Ц унаж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон болох нь:

1. Шүүгдэгч З.Аийн шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн үед очиж бохир соруулсан. Тэгээд явахдаа тухайн газрын хамгаалагчид бохир соруулж байна, явлаа шүү гэж хэлсэн. Би 5 удаа бохир соруулсан. Эргэж ирээд соруулъя гээд явсан. Эргэж ирээд соруулъя гээд чадаагүй. Тухайн бохирын худгийн таг 114 килограммтай учир авч тавихад хэцүү, стандартын бус таг байсан. Урд нь нэг панер шиг зүйл тавьдаг, таггүй л байдаг байсан. Энэ хэрэг гарахаас 2-3 хоногийн өмнө би тагтай болго гэж хэлж байж тагтай болгосон. Стандартын таг бол газрын түвшнээс 20 см өндөр, нээж хаахад хялбар нугастай байдаг. Мөн хашаа хамгаалалт, гэрэлтүүлэгтэй байх ёстой...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/    

2. Хохирогчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр амь хохирогч Я.Цхамт ажилладаг хүнийхээ хуримд оролцох гээд гэрээсээ гарсан. Тэгээд орой нь амь хохирогчийн нөхөр лүү танай эхнэр бохирын цооногт унаад бэртсэн, гэмтлийн эмнэлэг дээр байна гэсэн мэдээлэл аваад очсон байгаа. Амь хохирогч 2 хүүхэдтэй, нөхөртэй эмэгтэй байсан. Тухайн айлыг ганц авч явж байсан хүн амь хохирогч байсан. Түүний ар гэр бол гомдолтой байгаа. Хохирол төлбөрийн тухайд амь хохирогчийн 2 хүүхдийн сургалтын төлбөр, байрны зээл, ажил хийх байсан баримтуудыг шүүхэд өгсөн. Энэ бүгдийг иргэний хариуцагч нараас нэхэмжилнэ. Бидний зүгээс нийт 167,246,377 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнд цалингийн зөрүүд нэг сарын 366,985 төгрөг. Учир нь амь хохирогч амьд байсан бол 60 настайдаа тэтгэвэрт гараад авах ёстой цалинг бодоход 69,885,120 төгрөг байгаа юм. Мөн амь хохирогчийн том хүүгийн сургалтын 2019, 2020 оны төлбөрүүдийг 50 хувиар бодоход  3,200,000 төгрөг, байрны зээлийг 50 хувиар бодоход 34,593,462 төгрөг, сэтгэл санааны хохиролд том хүү 20,000,000 төгрөг, бага хүү 20,000,000 төгрөг, нөхөр 20,000,000 төгрөгүүдийг тус тус нэхэмжилж байгаа. АБ зочид буудалд сэтгэл санааны хохиролд 27,000,000 төгрөг өгсөн байгаа. Оршуулгын зардалд 42,701,524 төгрөг гарсан. Нэхэмжилж буй сэтгэл санааны хохирлоос 27,000,000 төгрөгийг хасаж тооцно. Тухайн 27,000,000 төгрөгийн тухайд 10,000,000 төгрөгийг шүүгдэгч З.А, 17,000,000 төгрөгийг АБ зочид буудал өгсөн юм байна лээ. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Монголхүү  сэтгэлзүйн хямралд орж эмнэлэгт үзүүлсэн төлбөр болох 1,163,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Ингээд нийт 167,246,377 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/      

3. Иргэний хариуцагч Ц.О шүүх хуралдаанд өгсөн: “...Манай зүгээс амь хохирогчийн ар гэрийнхэнд сэтгэл санааны хохиролд 17,000,000 төгрөг өгсөн. Үүнд нэмэлт зардал баримтгүй мөнгө өгсөн. Мөн эмнэлэгт байхад эмчилгээний зардлыг нь өгсөн. Амь хохирогчийг бохироос авсан 2 залууд тус тус 5,000,000 төгрөг өгсөн. Бүгд л баримтгүй төлбөрүүд байгаа. Тухайн хэргийн дараа бүх ажилчидтайгаа уулзсан бөгөөд газар дээр нь очиж цагдаа шалгасан байгаа. Энэ хэрэгт манай компанийг иргэний хариуцагчаар татаж байгаад гомдолтой байна. Амь хохирогчийн дүү Нямцэрэнтэй байнга холбоотой байсан бөгөөд бид боломжоороо мөнгө өгөөд явсан. Цар тахал гарсантай холбоотой манай компани орлогогүй болсон. Одоо л үйл ажиллагаа эхэлж байна. Манай зүгээс амь хохирогчийн сэтгэл санааны хохиролд мөнгө өгсөн байгаа. Оршуулга дээр бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

4. Иргэний хариуцагч М.Ж шүүх хуралдаанд өгсөн: “...Би энэ компанийн нягтлан, мөн хувьцаа эзэмшигч. Манайх 2015 онд АБ зочид буудалтай гэрээ байгуулаад 2016 оны 04 дүгээр сард бохирын худгийн төмөр нугастай 10 кг жинтэй хөдөлгөөн таг байсныг нь өөрсдөө зардал гаргаад  бат бөх байлгах засвар хийгээд захиралд үзүүлж байсан. Энэ байгууллагатай олон жил хамтарч ажилласан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч Аж ахуйн нэгж хоорондын дүрэм байдаг. Үүнд хэрэглэгч өөрийн худгийг хяналттай байлгах талаар байгаа. МНС гэсэн стандарт байдаг. Үүнд тухайн байгууллага өөрийн худгийг байнгын хяналттай байлгах үүрэгтэй байдаг. Тухайн худаг таг дотроо дахиад сараалжин төмөртэй байх ёстой. Тэнд зөвхөн машины шаланг орох л зориулалттай байдаг. Хүн, ямар нэгэн эд зүйл дотогшоо унахгүй байх үүднээс хамгаалах ёстой байдаг. Бохир усыг тусгай зөвшөөрлийн машинаар татах ёстой байдаг. Тусгай зөвшөөрлийн ангилалд засвар үйлчилгээний талаар байдаг. Бид бохироо соруулж аваад зориулалтын газар аваачих ёстой. Бохир хальсан бол бид хариуцлага хүлээх ёстой. Ажилтны ур чадвар, машины байдлаас ямар нэгэн зүйл болсон бол бид хариуцлага хүлээнэ. Мөн манай ажилчид бохирын машины жолоочийн ажлын байрны тодорхойлолтын ус сувгийн сургалтад хамрагддаг байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

5. Хохирогч Н.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр талийгаач Дуурь бүжгийн эрдмийн театр хамт ажилладаг хүний хурим болно гэж хэлээд гарч явсан. Тэгсэн чинь орой 22 цаг өнгөрч байхад над руу нэг танихгүй утаснаас залгаад танай эхнэр чинь бохирын цооногт унаад гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн байна та хүрээд ир гэж хэлсэн. Маргааш өдөр нь 15 цагийн үед хурц хордлоготой байна гэж эмч нар хэлж байсан бөгөөд биеийн байдал гайгүй байх шиг байсан чинь нас барсан....Сэтгэл санааны хохирлыг бүрэн нэхэмжлэх болно. Мөн авах ёстой байсан цалин хөлстэй холбоотой баримтыг мөн гаргаж өгөх болно...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 35-58/  

6. Гэрч Ч.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд 21 цаг 50 минутын үед баяр дуусаад бүгд ресторанаас гарсан. Ресторанаас гараад Туул, Я.Цбид 3 Улаанбаатар хот руу Туулын машинаар явах гэж дуудлагын жолооч дуудсан бөгөөд 30 минутын дараа дуудлагын жолооч ирэхэд Туул рестораны зүүн талд байсан хар өнгийн тээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгож түлхүүрийг дуудлагын жолоочид өгч байхад Я.Цтээврийн хэрэгслийн баруун хойд талын хаалгыг онгойлгож надад та түрүүлээд сууж бай би нөгөө талаар нь сууя гэж хэлээд авто машины ард талаар тойрч явж байх хооронд гэнэт Туул Я.Цуначихлаа хүн байна уу авраарай гэж хашхирсан. Би автомашинаас буугаад очиход Я.Цмашины баруун хажуу талд байсан бохир усны цооногт унасан байсан. Удалгүй Пүрэв- Очирын хоёр найз нь бохир усны цооногоос Цэцэгдоржийг гаргаж авахад шокод орсон байсан. Бохир усны цооног таггүй байсан. рестораны хүмүүс цооногийн бохир усыг өчигдөр соруулсан гэж хэлж байсан бөгөөд 2 метр орчим гүнтэй байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 39-40/  

7. Гэрч Д.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг ээлжтэй байх үед 11 цагийн орчим бохирын машин ирсэн. Уг өдөр хамгийн сүүлд 18 цаг 40 минутын орчим бохирын машин 5 дахь ресс буюу явалтаа хийж бохир соруулж аваад явсан. Бохир соруулах компанийн ажилчид өөрсдөө ирж тагаа онгойлгоод бохироо соруулаад явахдаа таглаад явчихдаг. Цоож цуургагүй түлхээд тавьчихдаг цементэн таг байдаг болохоор өөрсдөө шууд онгойлгодог юм...Ямар ч гэсэн соруулж дуусаад явахдаа тагийг тагласан явдаг байсан...Ер нь бетонон тагтай байсан ш дээ. Бетонон таг нь төмөр нь сэнжтэй байсан...Ямар ч гэсэн юмаар хөшөөд хөдөлгөж онгойлгож байгаа харагддаг байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 43-46/ 

8. Гэрч Ө.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би объектоосоо гадагш гараагүй болохоор гарч ойр орчмоо шалгаагүй, бохирын цооногийн тагийг бохир соруулсан компанийн хүмүүс өөрсдөө хаагаад явчихдаг болохоор тэрийг анзаараад байдаггүй. Ер нь шалгаж байгаагүй юм байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 47/ 

9. Гэрч Э.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр би “ӨХ” ХХК-аа төлөөлж АБ ХХК-тай шингэн хог хаягдал татан зайлуулах үйлчилгээний гэрээ байгуулаад тухайн байгууллагын бохирын цооногоос бохир ус соруулах ажлыг өдгөө хүртэл хийж гүйцэтгэж байгаа. 2019 оны 8 дугаар сарын 29-ны өдөр манай 0474 УБР улсын дугаартай, Хьюдай Мегатрак загварын 8 тонны багтаамжтай машинаар ажилтан Зандраабалын З.А очоод бохир соруулах ажил хийсэн...цооногийн тагыг яг хэн нь таглах эсэх талаар бид нарын хооронд байгуулсан гэрээнд заалт ороогүй, Манай хүн таглах ёстой байсан юм уу, эсхүл ААХХК өөрсдөө таглах ёстой байсан юм уу одоохондоо тодорхой хэлэх зүйл алга байна...Ямар ч гэсэн сүүлийн явалт дээр З.А яваагүй. Өөр хүн очоогүй байхаа З.Аийг АБийн гадаа байж байхад би утасдаж хэлсэн байхаа. АБээс явсны дараа бол хэлээгүй. З.Аэд өөр газраас рейс хийгээрэй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 48-49, 53/  

10. Гэрч Ч.Аы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би энэ зочид буудалд 2014 оноос хойш ажиллаж байгаа...Бохирын цооногийн нүхэнд осол болохоос бетон дугуй хэлбэрийн тагтай байсан.Энэ бетон нь таг нь осол болохоос өмнө байсан. Удаж байсан энэ бетонон таг нь дээрээ барих зориулалттай сэнжтэй байсан. Энэ сэнж рүү хийсэн труба төмөр нь 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр соруулах үед угаасаа байсан. Энэ труба төмөр нь сул төмөр ба бохир соруулах хүмүүс сэнж рүү хийж өргөж хажуу тийш тагийг зайлуулдаг байсан...З.А хамгийн сүүлд явахдаа одоо дахиад нэг соролт дутуу байгаа шүү гэж харуулд хэлсэн гэсэн...Нүхний тагийг бохирын компанийн машины жолооч хаагаад явдаг байсан. Манай харуулууд дутуу сорсон уу, гүйцэд соруулсан уу гэдгийг шалгаж хардаг байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 50-51/  

11. Гэрч Ц.Отын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бохирын цооногийн хувьд гэвэл 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “ӨХ”ХХК-тай манай компани “шингэн хог хаягдал татан зайлуулах үйлчилгээний гэрээ” байгуулсан. Дээрх гэрээ одоо хүчин төгөлдөр гэрээний хугацаа 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр дуусна. Бохирын ус соруулахтай холбоотой бүх ажиллагаа буюу өөрөөр хэлбэл бохирын цооногийн тагийг нээхээс эхлээд хаах хүртэл бүх ажлыг тухайн компани өөрөө хариуцах ёстой...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 54-55/    

12. Иргэний хариуцагч Ц.От мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд хүн нас барьчхаад байхад их бага нэхэмжилж байна гэж ярих эрх байхгүй. Уг нь тэр жолооч ирээд явахдаа тагийг таглаад явсан бол ийм асуудал үүсэхгүй байсан байх. Манай байгууллагын зүгээс хохирлыг зохих хэмжээнд төлнө...” гэсэн мэдүүлэг /1хх-58-59х/

13. 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1881 дугаартай “Талийгаач нь амьсгалын зам гадны биетээр бөглөрөх хэлбэрийн амьсгал бүтэлтэд орж уушгины хатгалгаагаар хүндэрч нас баржээ.” гэсэн дүгнэлт /1хх-67- 68х/

14. Шүүгдэгч З.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би энэ байгууллагын бохирын цооногоос сүүлийн дөрвөн жил бохирыг соруулаад авч байсан. 2016 онд энэ цооногт төмрөөр хийсэн стандарт тагтай байсан. 2019 оны эхээр энэ тагаа хулгайд алдсан ба хэсэг хугацаанд онгорхой, тал панер тавьдаг байсан. Хэрэг болохоос гурав, дөрөв хоногийн өмнө бетонон тагыг авчирч тавьсан...Нугастай тагтай байхад би байнга таглаад явдаг байсан. Онгорхой үйлдсэний дараа панерын тагтай болсон. Би ирэх болгонд мэдэгддэг. Дууссаны дараа явлаа шүү гэж хэлдэг. Гарч ирсэн үед тэд машины машины түвшин харчхаад өөрсдөө таглачихдаг. Гарч ирээгүй бол таглачихаарай гээд хэлээд явдаг...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 115-116/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.   

            Шүүгдэгч З.А нь урьд урьд 2004 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 407 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /2хх-11-14/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 126/-аар тогтоогдлоо. Одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдал гэсэн ойлголт хуульчлагдаагүй байх тул З.Аийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.       

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1881 дугаартай дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжийг хууль тогтоомж хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсхүл бусад болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол учирсан байх гэж тодорхойлсон.

Гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь гэмт этгээд өөрийн үйлдэл буюу эс үйлдлээсээ учирч болох хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг ухамсарлан ойлгоогүй байдаг боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбож үзвэл тийм хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсанд оршдог.

Шүүгдэгч З.Аийн холбогдсон хэргийн тухайд тэрээр “ӨХ” ХХК-д жолоочоор ажиллаж байхдаа “АБ” ХХК болон “ӨХ” ХХК-ийн хооронд байгуулсан “Шингэн хог хаягдал татан зайлуулах үйлчилгээний гэрээ”-нд заасан шингэн хог хаягдлыг сорох, ачих ажлыг гүйцэтгэхдээ 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах “АБ” ХХК-ийн бохир усны цооногоос 0000улсын дугаартай автомашинаар 5 удаагийн үйлдлээр /явалтаар/ бохир ус соруулсан бөгөөд 6 дахь удаагаа соруулах байсан боловч өөр ажил руу яваад буцаж ирээгүй, улмаар тагийг хаалгүй 30-аад цаг өнгөрсний дараа хохирогч Я.Ц уг бохирын цооног руу унаж, хүний амь нас хохирсон үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдлоо.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

“ӨХ” ХХК-ийн ажлын байрны аюулгүй байдлын дүрэм /1хх-ийн 148-149/-д “...Аюулгүй бус аливаа нөхцөл байдал, үйл ажиллагааг даргадаа мэдэгд. ...Ослоос урьдчилан сэргийлэхэд тусал” гэж,

Ажлын ерөнхий дүрэм /1хх-ийн 151/-ийн 11.“Аюулгүй байдал буюу эрүүл мэндийн дүрэм журмыг санаатайгаар буюу олон удаа зөрчсөн бол ажилтныг донгодох, сануулах, халах, огцруулах зэрэг сахилгын арга хэмээ авна” гэж,

Аюулгүй ажиллагааны зааварчилгаа /1хх-ийн 152/-ны Зааварчилгаа №1-ийн 5 дугаар зүйлд “Ажлаа эхлэхийн өмнө ажлын байрны аюулгүй байдлыг шалгаж, түүнийг аюулгүйн техникийн дүрмийн дагуу болгож, ...ажлын байрны аюулгүй байдлыг хангах боломжгүй бол удирдах ажилтан, диспетчерт шуурхай мэдэгдэж, зөрчлийг арилгаж засах хүртэл ажлаа эхэлж болохгүй.” гэж тус тус заажээ. Эдгээр заалтуудаас харахад шүүгдэгч З.А нь аливаа гарч болох эрсдэл, ослыг урьдчилан мэдэх, тооцоолох, түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд шаардлагатай арга хэмжээг авахыг үүрэг болгосон нь харагдаж байна. Мөн шүүгдэгч З.А нь уг хэрэг учрал болсон гэх 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагаатай холбоотой мэдээллийг зохих албан тушаалтнаас авч гарын үсэг зурсан болох нь хавтас хэрэгт авагдсан Хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны дэвтэр /1хх-ийн 173-176/-ийн 122 дугаар тал, гэрч Э.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...жолооч З.Аэд шингэн хог хаягдлыг татаж, соруулж дууссаны дараа цооногийн тагийг таглахтай холбоотой зааварчилгааг ерөнхийдөө хянаарай гэж байсан. Амаараа бол өгч байсан. ...Зааварчилгаа байнга өгдөг байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 53/-ээр тогтоогдож байна.

Нөгөөтэйгүүр хавтаст хэрэгт авагдсан гэрч Д.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг ээлжтэй байх уед 11 цагийн орчим бохирын машин ирсэн. Уг өдөр хамгийн сүүлд 18 цаг 40 минутын орчим бохирын машин 5 дахь ресс буюу явалтаа хийж бохир соруулж аваад явсан. Бохир соруулах компанийн ажилчид өөрсдөө ирж тагаа онгойлгоод бохироо соруулаад явахдаа таглаад явчихдаг. Цоож цуургагүй түлхээд тавьчихдаг цементэн таг байдаг болохоор өөрсдөө шууд онгойлгодог юм. ...Ямар ч гэсэн соруулж дуусаад явахдаа тагийг таглаад явдаг байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 43-46/

гэрч Ө.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би объектоосоо гадагш гараагүй болохоор гарч ойр орчмоо шалгаагүй, бохирын цооногийн тагийг бохир соруулсан компанийн хүмүүс өөрсдөө хаагаад явчихдаг болохоор тэрийг анзаараад байдаггүй. Ер нь шалгаж байгаагүй юм байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 47/

гэрч Ч.Алтанбаганы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би энэ зочид буудалд 2014 оноос хойш ажиллаж байгаа. ... 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ...З.А хамгийн сүүлд явахдаа одоо дахиад нэг соролт дутуу байгаа шүү гэж харуулд хэлсэн гэсэн. ...Нүхний тагийг бохирын компанийн машины жолооч хаагаад явдаг байсан. Манай харуулууд дутуу сорсон уу, гүйцэд соруулсан уу гэдгийг шалгаж хардаг байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 50-51/

гэрч Ц.Отын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бохирын цооногийн хувьд гэвэл 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “ӨХ” ХХК-тай манай компани “шингэн хог хаягдал татан зайлуулах үйлчилгээний гэрээ” байгуулсан. Дээрх гэрээ одоо хүчин төгөлдөр гэрээний хугацаа 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр дуусна. Бохирын ус соруулахтай холбоотой бүх ажиллагаа буюу өөрөөр хэлбэл бохирын цооногийн тагийг нээхээс эхлээд хаах хүртэл бүх ажлыг тухайн компани өөрөө хариуцах ёстой...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 54-55/ зэргээс хэдийгээр “АБ” ХХК болон “ӨХ” ХХК-ийн хооронд байгуулсан Шингэн хог хаягдал татан зайлуулах үйлчилгээний гэрээнд бохирын цооногийн тагийг хэн хаах талаар тусгагдаагүй боловч тухайн ажлыг гүйцэтгэх хугацаанд ажил гүйцэтгэгч тал буюу жолооч З.А нь бохир соруулж, ачихдаа цооногийн тагийг нээж, хаадаг байсан болох нь нотлогдож байна.

Хэдийгээр шүүгдэгч З.А нь бохирын цооногийн тагийг хаах үүргийг гэрээгээр хүлээгээгүй боловч тухайн ажил үүргийн хувьд буюу зарчмын хувьд ажлаа бүрэн дуусгах, цаашлаад цооног руу хүн унах, бэртэх эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тагийг хаах эсхүл ажил гүйцэтгүүлэгч талд хаахыг мэдэгдэх ёстой буюу гарч болох эрсдэлийг мэдэх боломжтой, уг эрсдэлийг гаргахгүй байх арга хэмжээг авах ёстой буюу тагийг хаах боломжтой байсан боловч уг эрсдэл гарахгүй гэж хайхрамжгүй хандан 6 дахь удаагаа ирж бохир ус соруулна гэж хэлэн цооногийн тагийг нээлттэй үлдээж, буцаж ирэлгүйгээр явсан үйлдэл, цооногийн тагийг хаагаагүй эс үйлдэхүй нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн хувь хүн /иргэн, байгууллага/ хоорондын харилцаа бүрийг хуулиар нарийвчлан зохицуулах боломжгүй бөгөөд эдгээр харилцаа нь зан заншлын хэм хэмжээ буюу хүн хоорондын ухамсарт оюун санаа буюу үйлдэл, ухамсраар зохицуулагддаг.

Хэргийн үйл баримтын хүрээнд талуудаас ажил гүйцэтгэх гэрээгээр цооногийн тагийг хаах үүрэг хүлээгээгүй, тусгайлан заагаагүй тул хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж маргадаг боловч энэ нь гэрээ, дүрэм, журмаар тусгайлан зохицуулаагүй бол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрхэд аюул учруулж болзошгүй үйлдэл, эс үйлдэхүй хийж болно гэсэн агуулга биш гэдгийг тайлбарлах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч З.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Монголхүү нь нийт 167.246.377 төгрөг нэхэмжилсэн ба цалингийн зөрүүд нэг сарын 366.985 төгрөг буюу амь хохирогч амьд байсан бол 60 настайдаа тэтгэвэрт гараад авах ёстой цалинг бодоход 69.885.120 төгрөг, том хүүгийн сургалтын 2019, 2020 оны төлбөрүүдийг 50 хувиар бодоход 3.200.000 төгрөг, байрны зээлийг 50 хувиар бодоход 34.593.462 төгрөг, сэтгэл санааны хохиролд 60.000.000 төгрөг, оршуулгын зардалд 42.701.524 төгрөг, Монголхүү сэтгэлзүйн хямралд орж эмнэлэгт үзүүлсэн төлбөр болох 1.163.000 төгрөгийг тус тус нэхэмжилжээ. 

Шүүхээс “ӨХ” ХХК болон “АБ” ХХК нарыг иргэний хариуцагчаар татаж хохирол төлбөрийг тухайн байгууллагуудаас гаргуулах нь зүйтэй байна гэж дүгнэв.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж,

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ /1хх-ийн 166/-гээр болон гэрчүүдийн мэдүүлгээр шүүгдэгч З.А нь “ӨХ” ХХК-д жолоочоор ажилладаг байсан бөгөөд тэрээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан албан үүргээ гүйцэтгэж байсан болох нь тогтоогдож байна. Хэдийгээр Иргэний хариуцагч “ӨХ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч нь бохирын цооногийн тагийг хаах, нээх асуудалд хяналт тавих үүрэггүй гэж байгаа боловч гэрээнд заагдаагүй асуудал гээд хариуцлагаас зайлж байгаа нь үндэслэлгүй.

Шинжээчийн ХАБ-12/20 дугаартай дүгнэлтэд “ӨХ” ХХК нь “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.Хангагч дараах үүрэгтэй: 14.2.2/хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулахад зориулсан тоног төхөөрөмж суурилуулах, туршилт тохируулга хийж, аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөөгөөр хангах, мөн дүрмийн 14.2.3.ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын талаарх хууль тогтоомж, норм, стандарт, дүрэм, зааврыг үйл ажиллагаандаа мөрдөх; Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 74 тоот тогтоолын нэгдүгээр хавсралт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 3.2 Хэрэглэгчийн ус хангамж, ариутгах татуургын системд холбогдсон шугам сүлжээ, барилга байгууламжид хяналт тавьж, хэрэглэгчид ашиглалтын талаар мэргэжлийн тусламж үзүүлэх, зөвлөгөө өгөх үүрэгтэй”. тус тус заасан үүргээ биелүүлээгүй нь осол гарах шалтгаан болсон байна гэж үзлээ” /1хх-ийн 88/ гэжээ.

Өөрөөр хэлбэл “ӨХ” ХХК нь ажилтан З.Аийн аюулгүй ажиллагааны болон тухайн үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг мөрдөж буй эсэхэд байгууллага холбогдох ажилтнаар дамжуулан хяналт тавиулах ёстой бөгөөд З.Аийг бохир ус соруулахдаа, бохирын цооногийн тагийг хаасан эсэх асуудалд хяналт тавих үүрэгтэй байсан гэж ойлгоно.

“АБ” ХХК-ийн тухайд “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулийн 3.1.13-д заасан /цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа хуулийн этгээдийг/ “хэрэглэгч” байгууллага байна.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017 оны 05 /гаар сарын 19-ний өдрийн 74 тоот тогтоолын нэгдүгээр хавсралт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 4. /Хэрэглэгчийн эрх, үүрэг: 4.3. Өөрийн зааг эзэмшилд байгаа ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ барилга байгууламжийг... ус зөөвөрлөх боломжтой орц гарцтай байх зэрэг хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй./,

Бохир ус зайлуулах цэг тогтоох Ерөнхий шаардлага ММ5-6230:2010 стандартын 2.Хамрах хүрээ: Энэхүү стандарт нь ариутгах татуургын төвлөрсөн системд холбогдоогүй барилга байгууламж, аж ахуйн нэгжид хамаарна гээд 5.3.Техникийн шаардлага, 5.3.1. /Бохир ус зайлуулах цэгт шөнийн цагт бохир ус юүлэх, зайлуулах боломжтой болгон тохижуулж, гэрэлтүүлсэн байх/, 5.4.Байршил тогтоох болон ашиглалтын үеийн шаардлага, 5.4.3. /Бохир ус зайлуулах цэгийн эргэн тойрон хашаа, хайс хийж стандартын дагуу хил хязгаарыг тогтоох, таних тэмдэг, санамж байрлуулан, үерийн уснаас хамгаалах суваг, далан байгуулна./ гэж заасан шаардлагууд бүрэн хангагдаагүй байсан гэж үзнэ.

Тухайн компани нь бохирын цооногийн дээр гэрэлтүүлэг хийх, эсхүл хашаа тойруулан барих мөн стандартын шаардлага хангасан таних тэмдэг зэргийг байршуулсан байх шаардлагатай байсан хэдий ч хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлт зэргээс харахад уг бохирын цооног нь гэрэлтүүлэггүй, тойруулан барьсан хашаа хаалтгүй, чанарын шаардлага хангаагүй болох нь тогтоогдож байна.

Стандартын таг бол газрын түвшнээс 20 см өндөр, нээж хаахад хялбар нугастай, хашаа хамгаалалт, гэрэлтүүлэгтэй, газрын түвшнээс 20 см өндөр, нээж хаахад хялбар нугастай байх зэрэг стандартын шаардлагыг хангуулаагүй нөхцөл байдал тогтоогдлоо.

Хэрэг учрал болох үед “АБ” ХХК-ийн эзэмшлийн газар, талбайд үйл ажиллагаа явагдаж байсан бөгөөд тус байгууллага нь үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой байсан хэдий ч уг үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлд хамаарч байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гэм хортой холбоотой хохирлыг амь хохирогчийн хүүхдийг 18 нас хүртэл авахаар нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлд Хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах талаар зохицуулсан бөгөөд 508 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл” нөхөн төлөхөөр зохицуулжээ.

Иймд хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээд буюу “ӨХ” ХХК болон “АБ” ХХК нараас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мгийн нэхэмжилсэн оршуулгын зардал 42.701.524 төгрөг, сэтгэл заслын эмчилгээний төлбөр 1.163.000 төгрөг, цалингийн зөрүү 24.377.915 төгрөг /амь хохирогчийн цалин дунджаар 723.185 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмж 310.000 төгрөг зөрүү 413.185 төгрөгийг 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү М.Арвижихийг 16 нас хүртэл 59 сараар тооцож/ нийт 68.242.439 төгрөгийг иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн, тус бүрээс 34.121.219 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт “ӨХ” ХХК нь 10.000.000 төгрөг, “АБ” ХХК нь 20.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлж барагдуулсан болох нь тогтоогдож байх тул “ӨХ” ХХК-иас 24.121.219 төгрөг, “АБ” ХХК-иас 14.121.219 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мд олгохоор тогтлоо.

Хавтаст хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбар /2хх-ийн 5/-аар амь хохирогчийн хүүхэд Монголхүү овогтой Арвижих нь 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 12 нас 4 сар 22 хоногтой /хэрэг шүүхээр шийдвэрлэгдэх үеийн байдлаар/ буюу бага насны хүүхэд байх тул дээрх заалтад зааснаар 16 нас хүртэл гэм хор учруулсны төлбөр нөхөн авахаар шийдвэрлэлээ.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М нь гэм хор учруулсны төлбөр, сэтгэл санаа, зээл, сургалтын төлбөр болон бусад зардал хохирлоо цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлав.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан хэдийгээр Улсын яллагчаас 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан боловч шүүгдэгч З.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал /...35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, 1 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Аийг 3 /гурав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зохимжтой гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан З.Аийн эдлэх 3 /гурав/ жил 3 /гурав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.

Харин шүүгдэгч З.Аийн эхнэр Х.Бямбажав нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан ба /нас барсны гэрчилгээ-1хх-128/ шүүгдэгч З.А нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн 2 нас 5 сар 1 хоногтой охин Аялгуу /төрсний гэрчилгээ 1хх-129/-тай хамт өрх толгойлон амьдардаг ганц бие эцэг болох нь тогтоогдож байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...гурав хүртэлх насны хүүхэдтэй...ганц бие эцэг...” гэх үндэслэлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Аэд 3 /гурав/ жил 3 /гурав/ сарын хугацаатай хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар З.А нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулдаг болохыг түүнд сануулах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар З.Аийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаанд хойшлуулсан шүүхийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч З.Аэд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдъя.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргахаар шийдвэрлэснийг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч З.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Аийг 3 /гурав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан З.Аийн эдлэх 3 /гурав/ жил 3 /гурав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.А 3 /гурав/ жил 3 /гурав/ сарын хугацаатай хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар З.Аийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаанд хойшлуулсан шүүхийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар З.А нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг түүнд сануулсугай.

7. Шүүгдэгч З.Аэд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сд-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.  

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар ӨХ ХХК-аас 24.121.219 /хорин дөрвөн сая нэг зуун хорин нэгэн мянга хоёр зуун арван ес/ төгрөгийг, “АБ” ХХК-аас 14.121.219 /арван дөрвөн сая нэг зуун хорин нэгэн мянга хоёр зуун арван ес/ төгрөгийг тус тус олгосугай.    

10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохирол, сэтгэл санааны хохирол болон бусад зардалтай холбоотой хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

12. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

13. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд З.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

              

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

                                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОРЦ.О