| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2021/0052/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/136 |
| Огноо | 2021-03-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/136
2021 03 04 2021/ШЦТ/136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа,
улсын яллагч Б.Гүнсэл /томилолтоор/,
шүүгдэгч Э.Ц, түүний өмгөөлөгч Т.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Цт холбогдох эрүүгийн 2010018511026 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, 0000 тоотод оршин суух хаягтай, урьд
-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон,
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, Э.Ц /РД:аа00000/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Ц нь 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-ний өдөрт шилжих шөнө 0000 тоотын гадна өөрийн эхнэр Т.Уг найзыг минь явуулсангүй гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж, түлхэж хана мөргүүлэх зэргээр зодож эрүүл мэндэд нь духны баруун, зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зүүн зовхи, хамрын нуруу, баруун өгзөгт цус хуралт, зүүн хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Э.Ц нь 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-ний өдөрт шилжих шөнө 0000 тоотын гадна өөрийн эхнэр Т.Уг найзыг минь явуулсангүй гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж, түлхэж хана мөргүүлэх зэргээр зодож эрүүл мэндэд нь духны баруун, зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зүүн зовхи, хамрын нуруу, баруун өгзөгт цус хуралт, зүүн хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
“Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Т.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 21 цагийн үед нөхөр Э.Цтай 0000 дугаартай утсаар ярьж байхад цаанаас нэг эмэгтэй түүний утсыг аваад надад хандаж “нэг бол чи нөхрөө ирж ав, аль эсвэл би аваачаад өгье” гэж хэлсэн. Тэгээд Төв шуудангийн хажууд тэр эмэгтэйтэй уулзсан. Тэгээд би гайхаад юу болоод байгаа учрыг нь олох зорилгоор уг эмэгтэйг гэр лүүгээ буюу Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Пийс тауны 7 дугаар байрны 102 тоотод шөнө 12 цагийн үед дагуулж ирсэн. Тэгэхэд нөхөр маань байсан ба бид гурав тухайн байрны 7 давхарт коридорт уулзсан. Тэгээд би та хоёр ямар учиртай юм бэ гэхэд манай нөхөр нөгөө эмэгтэйг яв гэхээр нь би нөгөө эмэгтэйн үс хувцаснаас нь хойш нь татсан чинь манай нөхөр болиоч гээд миний толгой дух руу 1 удаа цохисон. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-21/
3. Гэрч Э.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг тухайн ресторанд очиход Э.Ц ганцаараа нэлээн согтуу байхаар нь эхнэр болох Т.Угийн утас руу залгаад нөхрийг нь хүргэж өгөхөөр Төв шуудан дээр бид гурав уулзахад Э.Ц эхнэртэйгээ уулзаж байгаад яваад өгсөн. Тухайн газар очиход Э.Ц намайг хараад шууд над руу хандан чи миний эхнэрийг доромжилдог хэн бэ гэж хэлээд намайг алгадахаар нь эхнэр болох Т.У дундуур орж намайг цохихыг болиулах гэж байгаад нөхөртөө нэг удаа алгадуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/
4. Гэрч Г.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.Ц унтаж байснаа гэнэт босож ирээд Э.Цийг юу хийж яваа юм гэж хэлээд алгадаад лифтэнд суулгах гэтэл Т.У Э.Цийг өмөөрөөд дундуур нь ортол Э.Ц эхнэрээ нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Би болиулах гэтэл лифт хаагдах зуур Т.У лифтэн дотор нүүрэн хэсгээрээ уначихсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10720/-ний:
“-Т.Угийн биед духны баруун, зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зүүн зовхи, хамрын нуруу, баруун өгзөгт цус хуралт, зүүн хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 30-31/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 61-75/-аар тогтоогдлоо. Одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдлын талаарх гэсэн ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10720/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбодь буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байх гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэжээ.
Хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Э.Ц нь 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-ний өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Peace town хотхоны 7 дугаар байрны 102 тоотын гадна өөрийн эхнэр Т.Уг найзыг минь явуулсангүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнд гэмтэл учирна гэдгийг мэдсэн, уг гэмтлийг учруулахыг хүсч хохирогчийн нүүрэн тус газар нь цохиж, түлхэж хана мөргүүлэх зэргээр зодож эрүүл мэндэд нь духны баруун, зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зүүн зовхи, хамрын нуруу, баруун өгзөгт цус хуралт, зүүн хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Э.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Хохирогч хавтаст хэрэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй, мөн 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд тэрээр “гомдол санал байхгүй” /хх-ийн 57/ гэсэн байх тул шүүгдэгч нь уг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал /... 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 1-5 насны 2 хүүхдийн хамт амьдардаг, Үндэсний шигшээ багийн боксын тамирчин.../, эрүүл мэндийн байдал /хэвтэн эмчлүүлэх шаардагатай гэсэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн эмнэлгийн хуудас/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Цыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зохимжтой гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Цт оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Цт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Мөн шүүгдэгч Э.Цын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Цыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Цт оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Э.Цт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Э.Цт сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР