Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 28

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох, 

Нэхэмжлэлийн шаардлага: “*******” ХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахыг, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газарт даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагч Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын байцаагч Д.*******, Г.*******, гуравдагч этгээд “*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хуулийн этгээдийн хууль бус үйл ажиллагааг дэмжин, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэргэжүүлээгүй эс үйлдэхүйд “*******” компанийн эзэмшлийн ашигт малтмалын 14892/А тусгай зөвшөөрөл бүхий талбай дээр “*******” ХК нь хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулахдаа 2018 оны 09 сараас эхлэн тусгай зөвшөөрлийн талбайн хилийн цэсийг хэтрүүлэн манай компанийн эзэмшлийн 1364/А тусгай зөвшөөрлийн талбайн зүүн урд хэсэгт хөрс хуулалтын их хэмжээний шороог асган хуулиар хориглосон үйл ажиллагааг явуулсан.

 Бусдын эзэмшлийн талбайд хаягдлаа хаяж байгаа үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бидний зүгээс гомдлоо  Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 18/62 тоот албан бичгээр гаргасан. Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталсан 12/213 тоот удирдамжийн дагуу холбогдох байцаагч нар хяналт шалгалт хийсэн бөгөөд  Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01/03 тоот албан бичгээр хариуг ирүүлсэн. Уг албан бичгийн 2-рт дээрх гомдлын талаар тайлбарыг ирүүлсэн байх ба “*******” ХК-ийн зөрчлийг илэрхий өмгөөлж, хамгаалсан, эс үйлдэхүйгээр хандсан байсан. Энэ тухай дээд шатны албан тушаалтанд хуульд заасны дагуу  2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гомдол гаргасан боловч хууль зөрчиж өнөөдрийг хүртэл хариу өгсөнгүй.

Иймд “*******” ХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан  зөрчилд зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэхийг  Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газарт даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, ... 5 зөрчил илэрсэн. Гэвч бидний тавьж байгаа нэг зөрчлийг илэрхий хамгаалсан тайлбар ирүүлсэн. “*******” ХК нь зөвхөн 1364 тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулж байсан. Ганцхан компани ажиллаж байсан учир уул уурхайн хилийн шав тэмдгийг илэрхий байдлаар хашаа хороо босгож тавьж байгаагүй. Харин байнгын шав тэмдэг тавьсан актууд байсан. “*******” ХК, “*******” ХХК, “*******” ХХК-тай холбоотой хилийн цэс давуулж олборлолт хийсэн маргаантай асуудал  2018 оны 02, 03 дугаар сараас эхэлж яригдсан. Өөрөөр хэлбэл: “*******” ХК нь “*******” ХХК-тай хамтарч ажиллаж байх хугацаандаа "*******" ХХК-ийн талбайгаас буюу тусгай зөвшөөрлийн талбайгаас зүүн тийш хууль бусаар нүүрс олборлосон асуудлууд байдаг. “*******” ХК-ийн хувьд хилийн цэс хаагуур байдгийг мэдэж байсан. Нөгөө талаар Мэргэжлийн хяналтын байгууллага энэ маргаанаас болж “*******” ХК-ийн үйл ажиллагааг зогсоож байсан. Тухайн үедээ хилийн цэс хаагуур байдаг талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниар хэмжилт хийлгэж байхад мэдэж байсан. Гэтэл дараа нь хяналт шалгалт хийхдээ хилийн цэс давуулсан гэдгийг үгүйсгэсэн байдлаар тайлбар гаргаж шүүхэд ирүүлсэн байсан. Бидэнд ирүүлсэн болон “*******” ХК-д хүргүүлсэн албан бичгүүд дээрээ хөрс шороог хилийн цэс давуулж хаясан байна гэдгийг Мэргэжлийн хяналтын газар хүлээн зөвшөөрсөн байдаг.

Гэтэл 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...хилийн цэс тогтоосон шав тэмдэг байхгүй. Тиймээс ******* ХХК-ийн буруутай үйл ажиллагаа...” мэтээр тайлбарласан нь өөрсдийнх нь гаргасан албан бичгийн хариу, бусад хяналт шалгалт хийсэн баримтуудтай зөрчилдөөд байгаа юм. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд “...тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно...” гэж заасан байдаг. Энэ хуулийн зүйл заалтыг зөрчсөн. Иймд хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахыг Мэргэжлийн хяналтын байгууллагад даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. “*******” ХХК-иас “*******” ХК, “*******” ХХК-д шалгалт хийлгүүлэх хүсэлтийг манайд 2018 оны 18/62 тоот албан бичгээр ирүүлсэн. Тус хүсэлтэд “*******” ХХК-ийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр нэвтрэн үйл ажиллагаа явуулан хөрсний овоолго үүсгэж, бидний үйл ажиллагаанд саад учруулж байна. Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн “*******” ХХК, “*******” ХК нарыг шалгаж өгнө үү гэсэн байдаг.  

Тус хүсэлтийн дагуу ...төлөвлөгөөт бус шалгалтыг хийж тусгай зөвшөөрөл эзэмшигч “*******” ХХК нь тусгай зөвшөөрөлтэй талбайдаа батлагдсан 2018 оны уулын ажлын төлөвлөгөө, зураг төслийн дагуу олборлолт явуулаагүй, газрын хэвлийг дур мэдэн ашигласан зөрчилд  Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, нүүрс олборлолтын үйл ажиллагааг 2018 оны 12-05-031-55 дугаар улсын байцаагчийн актаар хэсэгчлэн зогсоож, “Зөрчил арилгуулах тухай” улсын ахлах байцаагчийн 2018 оны 12-04-003-253 дугаар 24 заалттай албан шаардлага өгсөн. “*******” ХХК-ийн үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоосонтой холбогдуулж, ”*******” ХК-ийн нүүрс олборлолтонд ашиглаж байгаа 4 экскаваторын цахилгаан эх үүсвэрийг лацдаж 011542, 010049, 003619, 010066, 010030, 002831, 002840, 010099, 002846 дугаартай лацнуудыг ...тус тус хариуцуулсан.

2. “*******” ХК болон “*******” ХХК нь “*******” ХХК-ийн эзэмшлийн талбайн хөрсний овоолго үүсгэсэн, үйл ажиллагаанд нь саад учруулсан гэсэн асуудлыг шалгаж, газар дээр нь үзсэн. Тус газарт хэмжилт хийлгэхэд “*******” ХХК-ийн 1364 тусгай зөвшөөрөлтэй 74.08 га талбайн 0.6 га-д буюу нийт талбайн 0.8 хувьд хөрсний овоолго үүсгэсэн байсан. Хөрс, нүүрсний хаягдлыг хаясан гэх хэсэг нь ...нүүрсний нөөц байхгүй, улны нүүрсний судалтай, олон жил ууршиж халж, гал гарах нөхцөл үүсгэх эрсдэлтэй байдлаас дүүргэлт хийгддэг байна. Иймд ашиглагдсан орон зайг дүүргэсэн, гал гарах нөхцөл байдлаас урьдчилан сэргийлсэн, ямар нэг үйл ажиллагаанд саад хохирол учруулсан зүйл байхгүй байсан. МХГ-ын  2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01/03, 2019 оны 02 сарын 15-ны өдрийн 01/116, 2019 оны 05 сарын 09-ний өдрийн 01/309 тоот албан бичгээр “*******” ХХК-д удаа дараа хариу өгсөн.

3. “*******” ХХК-ийн ашигт малтмал ашиглах 1364 тусгай зөвшөөрөлтэй талбайн нэг хувь хүрэхгүй газарт нүүрсний хог асгасан байна.  Монгол Улсын Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1  “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа нэг этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан. “*******” ХХК-ийн хүсэлтээр “*******” ХХК-д 2018 оны 11 сард хийсэн шалгалтаар ашигт малтмал ашиглах 1364 тусгай зөвшөөрөл бүхий 74.08 га талбайд газар эзэмших зөвшөөрөлгүй, одоог хүртэл газар эзэмших гэрээ гэрчилгээгүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан. Иймд “*******” ХХК-ийн эзэмшлийн газар гэж үзэх үндэслэлгүй юм гэжээ.

 

Хариуцагч Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...“*******” ХХК нь ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй. Тэгэхээр тухайн солбилцол бүхий 74 га талбайд байгаа ашигт малтмалын нөөцийг ашиглах эрх байгаа юм. Үүнийг ашиглах эрх нь юугаар баталгаажих ёстой вэ гэхээр тэрхүү 74 га газрыг эзэмших зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан байх ёстой. Ингэснээр тэрхүү талбайг бүрэн бүтэн эзэмших, ашиглах, үүнтэй холбоотой гомдлоо гаргах эрх нь үүснэ гэж үзэж байгаа. “*******” ХК, “*******” ХХК хоёр хил залгаа тусгай зөвшөөрлийн талбайтай. Хил залгаа талбай дээр хилийн цэсийг хэтрүүлж шороог хаясан гэж байгаа. Тэр хэсэгт олборлолт явагдаагүй. Өөрөөр хэлбэл ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн талбайгаас хэтрүүлсэн ажиллагаа явагдаагүй, нөөц байхгүй талбай гэж тогтоогдсон. Мөн хог хаягдал хаясан газар нь шинэ газар биш, хэрвээ шинэ газарт хаясан бол газар орон, хөрсөнд хохирол үүсгэж байгаа. Гэтэл тухайн талбайн хувьд өмнө нь ухагдчихсан, доороо нөөц байхгүй, галын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хаягдал шороогоор дүүргэлт хийгдээд явж байсан талбай байсан. ... Өнөөдөр галын эрсдлээс урьдчилан сэргийлэх ажил хоёуланд нь хамааралтай. Тиймээс талбайгаас хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан гэдэг нь тухайн газраас нөөцийг нь аваагүй, эрүүл шинэ газар дээр хог хаяагүй, цаашдаа нөхөн сэргээгдэх газар.

Иймд бид энэ асуудлыг уул уурхайн талаас нь зөрчлийн хэрэг нээгдэх хэмжээний, талбайг хэтрүүлээд ашигт малтмалын нөөцийг ашиглачихсан, тухайн компани хохирсон, шинэ газар бохирдуулсан асуудал байхгүй гэж дүгнэсэн юм гэв. 

 

Хариуцагч Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК-ийн тавьсан асуудлаар “*******” ХК-д төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгдсэн. Хяналт шалгалтыг хийхэд “*******” ХК нь газар эзэмших гэрээ, гэрчилгээгээ аваад үйл ажиллагаа явуулж байсан. “*******” ХХК-ийн хувьд тусгай зөвшөөрөл бүхий 74 га газар дээрээ эрх бүхий байгууллагаас газар эзэмших зөвшөөрөл аваагүй үйл ажиллагаа явуулж байсан. Энэ шороог зайлуулах шаардлага байхгүй, хохирол үзүүлээгүй гэж үзэж, хариуг хүргүүлсэн гэв.

Гуравдагч этгээд “*******” ХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Технологийн дагуу ашиглагдсан орон зайд 2006 оноос овоолго хийж дүүргэлт хийсэн. Уг талбайд 2001 оноос хойш уурхайн улны нүүрсийг авах зорилгоор олборолтын үйл ажиллагаа явуулсан. Уг талбайн  уланд олборлох нүүрс байхгүй ба улны бага зэргийн нүүрсний судалтай шавартай хэсэг нь олон жил ууршиж, гал гарах нөхцөл үүсгэх эрсдэлтэй тул  2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд хөрс буулган дарсан. Ингэснээр уурхайн хамгийн том галын голомтыг дарж гал гарах нөхцөлөөс сэргийлсэн. 2019 онд ... хоёр газарт гал гарч  “*******” ХК болон “*******”  ХХК-тай хамтарч унтраасан. Мөн “*******” ХХК өөрийн хөрсөөр дахин дарж булсан. ...Уг газарт хэрэглэгдэх нүүрс байхгүй. Дашрамд хэлэхэд:  2017 оны 6 сараас 9 сарын хооронд “*******” ХХК–ийн 1364А талбайн нүүрснийг нээх зорилготой хуулсан 600 орчим мянган м3 хөрсийг “*******” ХК-ийн 1389А талбайн зүүн хойд хэсэгт овоолго болгон буулгаж “*******” ХХК-ийн 1364А талбайд 350000 орчим тн нүүрс нээж  “*******” ХХК нь уг нүүрсийг өнөөдрийг хүртэл олборлон борлуулалт хийж байгаа болно гэжээ.

Гуравдагч этгээд “*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК-ийн хог хаягдлыг зайлуулах тухай албан бичгийг Мэргэжлийн хяналтын газраас манай байгууллагад өгсөн. ... “*******” ХХК-ийн эзэмшлийн 0.6 га газарт овоолго үүсгэсэн, хөрс хаясан...” гэж яригдаад байгааг бидний хувьд эхлээд нэг газар гэж ойлгож байсан. Сүүлдээ хоёр газар болж таарсан. Нэг газар дээр нь 2001 онд эксковатороор ухалт хийсэн. Түүнээс хойш тэр газарт дахин ямар ч техник ажиллаагүй. Замын хажуугийн овоолго доороос ногоон шавар нь гарч ирсэн. Нүүрсний бага зэргийн судалтай. Түүнтэй урвалд орж галын аюул бий болгосон. 2016 онд гал алдаж, уурхай 2 сар шатсан тохиолдол ч байгаа. Үүнээс улбаалж бид тухайн газрыг шороогоор дүүргэх ёстой гэж үзэж бага багаар шороогоор дарж байгаад, 2018 оны 05 дугаар сард дүүргэсэн. Тухайн газар нь өөрөө өндөр газар учраас холоос сүртэй их шороо мэт харагдаж байгаа. Түүнээс биш тийм ч их шороо асгаагүй. “*******” ХК-ийн тоног төхөөрөмж, эксковаторуудыг нүүлгэлээ гэхэд дор хаяж 3-4 өдөр болдог. Иймээс гал гарлаа гэхэд бид эксковаторуудаа авч чадахгүй шатаана л гэсэн үг. Үүнээс сэргийлж тэр газрыг шороогоор дарсан. 2018 оны 05  сарын 05-нд ... гал гарч бид унтраах гэж 2 өдөр болж байсан. Тэр талбай мөн л сүүлийн 10 гаруй жил олборлолт хийгдээгүй талбай. “*******” ХХК-тай хилийн маргаан үүсч, танай машинуудыг явуулахгүй гэж хилээ зааглаж зам хаасны дараа экскаватороо явуулах зам гаргах гээд ухаж байхад мөн гал алдаж, яаралтай арга хэмжээ авч галыг дарсан. Манай зүгээс шинээр овоолго үүссэн байна уу үгүй юу гэдэг дээр нотлох баримтаар хоёр уурхай салж байх үеийн, түүний дараа 2018 оны 11 дүгээр сарын, 2019 оны 07 дугаар сарын зургуудыг “Google”-ээс авч, харьцуулалтыг өгсөн байгаа. Түүнээс харахад нэмэгдсэн зүйл нь дээд талын шинэ газар л байгаа гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь, “*******” ХК-д  тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахыг, Мэргэжлийн хяналтын газарт даалгуулах” шаардлага[1] -ын үндэслэлээ  “*******” ХХК-ийн 1364А тусгай зөвшөөрлийн талбайн зүүн урд хэсэгт хөрс хуулалтын их хэмжээний шороо... асгаж хуулиар хориглосон үйл ажиллагааг явуулсан гэжээ.

  Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр нэвтрэн  үйл ажиллагаа явуулахдаа ... хөрсний овоолго үүсгэж, үйл ажиллагаанд саад учруулж байгаа талаар шалгалт хийлгүүлэх хүсэлтийн дагуу[2], Мэргэжлийн хяналтын газрын даргын  2018 оны 12/213 тоот удирдамжийн хүрээнд явуулсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар: “*******” ХХК-ийн MV001364 талбайн зүүн урд хэсэгт нүүрсний хаягдал хаяж овоолго... үүссэн гэх газар нь 1969 оноос хойш ил уурхай үүсэхэд малталт эхлүүлсэн гол амны үргэлжлэл ба энэ хэсэгт нүүрсний нөөц тогтоогдоогүй учраас ухаш хэлбэрээр байсаар ирсэн. 2016, 2017 онуудад тус газарт овоолго хийж дүүргэлт хийсэн. Энэхүү дүүргэлт хийгдсэн талбай нь технологийн 3 замын уулзвар дээр байдаг тээвэрлэлтийн явцад нүүрсний хог, тоос орсоноор ууршилт халалт, хоосон орон зайн нөлөөнөөс суулт гулсалт үүсдэг тул өмнөх жилүүдэд шавартай хэсгээс нь дүүргэлт хийсэн байна” гэсэн  дүгнэлтийг[3] гаргасан байдаг.

Хариуцагч Мэргэжлийн хяналтын газар нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийг,   Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшинэ”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4. “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихыг хориглоно” заасныг зөрчиж газар эзэмших эрхийн гэрчилгээгүй үйл ажиллагаа явуулж байсан гэжээ.

  Ашигт  малтмал ашиглалтын 1364А  тусгай зөвшөөрөл бүхий “*******” ХХК нь тухайн үед эдэлбэр газрын эрхийн гэрчилгээгүй байсан бөгөөд, Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн  А/108[4] дугаар шийдвэрийг үндэслэн, 18.5 мкв газрыг уурхайн эдэлбэрийн зориулалтаар эзэмшүүлэх эрхийн улсын бүртгэлийн Э-0614000093 дугаарт бүртгэж, 000004826[5] дугаар гэрчилгээг олгосон байна. Мөн тусгай зөвшөөрлийн 74 га талбайн 18.5 га талбай нь Хэрлэн сумын нутаг дэвгэрт хамааралтай байгаа учир нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа болно.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 “Хяналт шалгалт” гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, ...үзүүлж байгаа ажил үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолбор юм. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.4 “Хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ судалгаа, тайлбар, бусад баримт бичиг, холбогдох байгууллага, ... албан тушаалтнаас гаргуулан авах бүрэн эрхтэй. Гэтэл гуравдагч этгээд нь ...замын хажуугийн овоолго доороос ногоон шавар гарч ирсэн, нүүрсний бага зэргийн судалтай талаар тайлбарлаж байхад, хариуцагч улсын байцаагч нь ...талбайн  хувьд  өмнө нь ухагдсан доороо нөөц байхгүй, өнөөдөр галын аюулгүй байдал нэн чухал, хог хаягдал хаясан гэх газар нь шинэ газар биш ...хэмээн зөрүүтэй тайлбарлаж байгаагаас үзэхэд “...галын аюулгүй байдал, ...нөөц байхгүй эсэх талаар холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тайлбарлах нь хуульд нийцэх  бөгөөд, хавтаст хэрэгт ирүүлсэн  2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн гал түймэр гарсан талаархи  02/2016[6] тоот  акт нь тухайн үеийн нөхцөл байдлыг л тогтоосон байна.

 Мэргэжлийн хяналтын байгууллага нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.3 “Хяналтын чиглэл тус бүрээр хяналт шалгалтыг явуулахдаа холбогдох журам заавар, маягт, аргачлал, техникийн ерөнхий шаардлага, эрсдэлийн ангилалыг харгалзан хяналт шалгалт хийх стандартын ...” дагуу шалгах, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасны дагуу хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцлийг арилгах талаар холбогдох албан тушаалтан аж ахуйн нэгжид шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах”  Тодруулбал: “*******” ХХК-ийн  ашиглалтын  талбай дээр   ...уурхайн хаягдал овоолго үүссэн шалтгаан, ... гал гарах  үндсэн нөхцөл, дүүргэлт хийх шаардлагатай эсэх талаар  ...магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, ...ашигт малтмалын харилцаанд хууль ёсны хяналтыг тогтмол хэрэгжүүлэх төдийгүй  байгаль орчныг хамгаалах талаар  хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил,  дутагдлыг арилгуулах талаар холбогдох арга хэмжээ авах эрхээ хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

Захиргааны ерөнхий хуулийн  37 дугаар зүйлийн 37.3 “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” хуульчилсан. Тэгэхээр даалгах нэхэмжлэл нь захиргааны байгууллага албан тушаалтны хууль бус  эс үйлдэхүйн эсрэг тэдний идэвхигүй  үйлдэл, үйл ажиллагаа нь хамаарагдахаар байна. Гэтэл хариуцагч байгууллага нь ...төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг  явуулсан ...гомдлыг шийдвэрлэх үүргээ  биелүүлсэн мэт харагдаж  байгаа  боловч ... хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт  авагдсан нотлох баримт, тухайн талбайн хэсэгт хийсэн үзлэгийн фото зураглал[7] ...зэргээс үзэхэд  дахин нарийвчлан хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийж эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байна.

Дээрхи маргаан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.10-д заасан мэргэжлийн хяналтын шалган шийдвэрлэх харьяалалын маргаан байх тул “*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайн ...зүүн урд хэсэгт хөрс хуулалтын шороо, хаягдал асгаж ...овоолго үүссэн нь хуулиар хориглосон үйл ажиллагааг зөрчсөн эсэх талаар хяналт шалгалтыг  явуулж эцэслэн шийдвэрлэх шаардлагатай гэж шүүх үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8, 10.12.1,  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн  6 дахь хэсгийн 6.10-д заасныг  баримтлан, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  “*******” ХК-д  тусгай зөвшөөрлийн  талбайг хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан зөрчилд, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахыг Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар /дарга Д.Мөнхтуяа/-д  даалгасугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  48 дугаар зүйлийн 48.1-д   зааснаар  нэхэмжлэгч “******* “ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Мэргэжлийн хяналтын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  “*******” ХХК-д  олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, гуравдагч этгээд  нар  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.ОЮУН                   

 

[1] Хавтаст хэргийн 1-2-р хуудас 

[2] Хавтаст хэргийн 3-р хуудас

[3] Хавтаст хэргийн 38-39-р хуудас

[4] Хавтаст хэргийн 59-р хуудас

[5] Хавтаст хэргийн 58-р хуудас

[6] Хавтаст хэргийн 57-р хуудас

[7] Хавтаст хэргийн 70-77-р хуудас