Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/126

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

  Нарийн бичгийн дарга  Л.Сувд

        Улсын яллагч П.Отгон*********,

        Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Жамба

  Шүүгдэгч Б.********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********ын *********д холбогдох эрүүгийн 2138000000087 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 ......................................................................................................-д холбогдох,

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Б.********* нь 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэр “Сэмжин” гэх газраас 13 метр куб хэрэглээний мод бэлтгэх эрх авсан боловч эрхийн бичигт заасан нөхцөл болзлыг зөрчиж нойтон мод унагаан ойн санд 14.333.295 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Б.********* нь 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэр “Сэмжин” гэх газраас 13 метр куб хэрэглээний мод бэлтгэх эрх авсан боловч эрхийн бичигт заасан нөхцөл болзлыг зөрчиж нойтон мод унагаан ойн санд 14.333.295 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000087 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2х/,

Шалгалтын тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-3-4х/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-10х/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-18х/,

Модонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-19х/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-20-22х/,

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-23-26х/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол /хх-27-28х/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-29-30х/,

Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл /хх-31-32х/,

Эд мөрийн баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-33х/,

Шүүгдэгч Б.*********ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай хонины хашаа гал түймэр гарч шатсаны улмаас шинэ хашаа барих гээд 2 багийнхаа Сэмжин гэдэг газар руу 14 цагийн үед ганцаараа өөрийн мотоциклтой явсан. Модонд очоод Сэмжин уулын орой хэсгээс нийт 40 ширхэг босоо нойтон мод унагааж орхисон. Маргааш нь 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс модоо тайрч янзлаад уулын бэл рүү биеэрээ чирч цагаалсан. Тухайн үед бэлтгэсэн мод миний өөрийн хашаа барих гэж бэлтгэсэн мод байгаа юм. Намайг гоожин авахад байгаль хамгаалагч надад босоо мод бэлтгэж болохгүй шүү гэж хэлсэн. Тэгээд би нэг мөр сайн хашаа барьж авъя гэж бодоод нойтон мод унагааж бэлтгэсэн гэх мэдүүлэг,

  Иргэний нэхэмжлэгч *********ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутагт зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн асуудлын хүрээнд миний зүгээс Тосонцэнгэл сумын засаг даргын тамгын газраас иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон байх тул тухайн модны экологи эдийн засгийн үнэлгээг гарган учирсан хохирлыг гаргуулмаар байна. ...” гэх мэдүүлэг /хх-39-40х/,

      Гэрч *********ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би ********* гэдэг хүнийг нойтон мод бэлтгэсэн асуудлын талаар 2020 оны 12 дугаар сарын 26-ны үед малын тооноор явж байхдаа хүнээс ********* гэдэг хүн 2 багт нойтон мод бэлтгэсэн байна гэж хүн надад хэлэхээр нь би 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тухайн модыг үзэх гээд хяналт шалгалтаар явж үзсэн чинь хуурай, нойтон холигдсон босоо мод унагааж бэлтгэсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-50-51х/,

          Гэрч *********гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Цэвэрлэгээний ажлаар хэрэглээний нойтон мод гарч болно. ********* нь өөрийн малын хашааг шатаасан гээд өөрийн багийн хариуцсан байгаль хамгаалагч болох *********аас цэвэрлэгээний ажлаар ой цэвэрлэх унанги мод бэлтгэх гоожин авсан байсан. Тэгсэн ********* нь ой цэвэрлэгээ гэж байхад өөрөө дур мэдэн ойгоос босоо нойтон мод унагаж бэлтгэсэн байсан.  ... ” гэх мэдүүлэг /хх-54-55х/,

          Гэрч *********ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:“... Би ********* ахыг Сэмжин гэдэг газраас мод бэлтгэсэн талаар мэднэ. 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ********* ахын мод бэлтгэж байгаа газар очиж хамт модыг нь цагаалж өгсөн. ... ” гэх мэдүүлэг /хх-58-59х/

          Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум сумдын ойн ангийн инженер Б.Одончимэгийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаартай дүгнэлт:          1. Иргэн Б.********* нь модонд хэмжилт хийж чанар байдлыг тодорхойлоход 4,15 метр куб хэрэглээний нойтон шинэс мод байв.

          2. ********* бэлтгэсэн модонд хэмжилт хийж экологи эдийн засгийн үнэлгээ Шинэс 570216, итгэлцүүр 1,8, модны хэмжээ 4,15 метр куб, экологи эдийн засгийн үнэлгээ 4.259.513.5 төгрөг,

          3. Б.********* бэлтгэж, тээвэрлэсэн гэх мод нь хэрэглээний нойтон шинэс байв. Мод бэлтгэсэн Тосонцэнгэл сумын Сэмжин гэх газар нь 2012 оны ой зохион байгуулалтын хамгаалалтын бүсийн /1-р муж/ ойд хамаарч байна.

          4. Дээрх мод бэлтгэсэн гэх газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй болно....” гэх дүгнэлт /хх- 63-64х/,

          Бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт /хх-65х/,

          Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум сумдын ойн ангийн инженер Б.Одончимэгийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаартай дүгнэлт:

  1. Иргэн Б.*********ы модонд хэмжилт хийж чанар байдлыг тодорхойлоход 1,5 метр куб хэрэглээний нойтон шинэс мод байв.
  2. Б.********* бэлтгэсэн модонд хэмжилт хийж экологи эдийн засгийн үнэлгээ: Шинэс 570216, итгэлцүүр 1,8, модны хэмжээ 1,5 метр куб, экологи эдийн засгийн үнэлгээ 1.539.583.2 төгрөг,
  3. Б.*********ы бэлтгэж, тээвэрлэсэн гэх мод нь хэрэглээний нойтон шинэс мод байв. Мод бэлтгэсэн Тосонцэнгэл сумын Сэмжин гэх газар нь 2012 оны ой зохион байгуулалтын хамгаалалтын бүсийн /1-р муж/ ойд хамаарч байна.
  4. Дээрх мод бэлтгэсэн гэх газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй болно. ...” гэх дүгнэлт /хх- 71-72х/,

    Бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт /хх-73х/,

         Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум сумдын ойн ангийн инженер Б.Одончимэгийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаартай дүгнэлт:

  1. Иргэн Б.*********ы модонд хэмжилт хийж чанар байдлыг тодорхойлоход хэрэглээний хуурай 1,2 метр куб, хэрэглээний нойтон 4,3 метр куб нийт 5,5 метр куб мод байв.
  2. Б.*********ы бэлтгэсэн модонд хэмжилт хийж экологи эдийн засгийн үнэлгээ: Шинэс 570216, итгэлцүүр 1.8, модны хэмжээ 4.3 метр куб, экологи эдийн засгийн үнэлгээ 4.413.471 төгрөг, Шинэс 168655, итгэлцүүр 1.8, модны хэмжээ 1.2 метр куб, экологи эдийн засгийн үнэлгээ 364,294 төгрөг,
  3. Б.*********ы бэлтгэж, тээвэрлэсэн гэх мод нь хэрэглээний нойтон шинэс байв. Мод бэлтгэсэн Тосонцэнгэл сумын Сэмжин гэх газар нь 2012 оны ой зохион байгуулалтын хамгаалалтын бүсийн /1-р муж/ ойд хамаарч байна.
  4. Иргэн Б.*********ы бэлтгэсэн гэх мод нь ойгоос цэвэрлэсэн унанги мод бол 20-014479 дугаартай эрхийн бичиг нь хүчинтэй гэж үзнэ. гэх дүгнэлт, /хх-80-81х/,

Бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт /хх-82-83х/,

          Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Эрдэнэчимэгийн 21 дугаартай дүгнэлт:

          1. Экологи эдийн засгийн үнэлгээ 4.777.765 төгрөг хуульд заасны дагуу 3 дахин нэмэгдүүлэн, ойн санд учруулсан нөхөн төлбөрийн нийт хэмжээ 14.333.295 төгрөг,

          2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “Ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөрийг ногдуулна” гэсэн заалтыг үндэслэн тооцов. ...” гэх дүгнэлт /хх-88х/,

          Шинжээч Б.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...  модны чанар байдлыг дахин нэмэлтээр тогтооход хуурай нойтон холилдсон хэрэглээний мод байсан. Өмнө нь гаргасан дүгнэлтэд нойтон гэж үзсэн нь болохоор бүгдийг нь ялгах боломжгүй хураалттай байсан юм. Мөн бүх мод нь нойтон модны давирхайтай байсан болохоор эргэлзээтэй нийтэд нь нойтон мод гэж тогтоосон. Дараа нь уг модыг нэг нэгэнгүй үзэж уртыг хэмжиж үзэхэд 1,2 куб/метр хуурай шинэс, 4,3 куб/метр нойтон хэрэглээний шинэс мод гэж хэмжигдсэн. Нэмэлтээр гаргасан дүгнэлтээр бол хуурай нойтон холилдоод 5,5 куб/метр гарч байсан. ...”  гэх мэдүүлэг /хх-93-94х/,

          ХӨА -20-014479 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг /хх-114х/,

          Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн албан тоот /хх-116-117х/, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын эмт архивын лавлагаа /хх-118/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-121х/, 2020 оны мал, тэжээвэр амьтан, хашаа, худгийн тооллогын хуудасны хуулбар /хх-122-123/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-124х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Эрүүгийн 2138000000087 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

    Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

       Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч Б.********* нь 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэр “Сэмжин” гэх газраас 13 метр куб  хэрэглээний мод бэлтгэх эрх авсан боловч эрхийн бичигт заасан нөхцөл болзлыг зөрчиж ойгоос 5,5 метр куб хэмжээтэй нойтон мод унагаан ойн санд 14.333.295 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.*********ы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч *********ы /хх-39-40х/, гэрч *********ын /хх-50-51х/,  гэрч *********гийн /хх-54-55х/, гэрч *********ий /хх-58-59х/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2х/,

Шалгалтын тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-3-4х/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-10х/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-18х/,

Модонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-19х/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-20-22х/,

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-23-26х/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол /хх-27-28х/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-29-30х/,

Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл /хх-31-32х/,

Эд мөрийн баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-33х/,

Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум сумдын ойн ангийн инженер Б.Одончимэгийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаартай дүгнэлт /хх-63-64х/,

Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум сумдын ойн ангийн инженер Б.Одончимэгийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаартай дүгнэлт /хх-71-72/,

Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум сумдын ойн ангийн инженер Б.Одончимэгийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаартай дүгнэлт /хх-80-81х/,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний 21 дугаартай дүгнэлт /хх-88х/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойгоос зөвшөөрөлгүйгээр нойтон мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.*********ы ойгоос зөвшөөрөлгүйгээр нойтон мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч нь зөвшөөрсөн төрөл зүйлээс өөр буюу нойтон 5,5 метр куб хэрэглээний модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүрээлэн буй орчинд хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Ойгоос зөвшөөрөлгүйгээр нойтон мод бэлтгэсэн гэмт хэргийг шүүгдэгч Б.********* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Б.*********  нь экологи эдийн засагт 4.777.765 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Ойн тухай хуулийн 42 дүгээр зүйл “ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” тухай заалт мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч Б.*********  нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 14.333.295 төгрөгийн хохирлыг ойн санд учруулсан байна.      

Шүүгдэгч Б.********* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр аймгийн Прокурорт хүсэлт гаргаж, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн эвлэрлийн гэрээг хүргүүлжээ. Прокурор хүсэлтийг хүлээн авч 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүсэлт хангахаас татгалзсан тогтоол гаргажээ. Иймд экологи эдийн засгийн хохирол 14.333.295 төгрөгийг шүүгдэгч Б.*********аас гаргуулж, Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын Төрийн санхүү, торгуулийн дансанд оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.*********д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Б.*********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.********* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн 2138000000087 дугаартай хэрэгт эд мөрийн баримт битүүмжилсэн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын хашаанд байгаа 5,5 метр куб хэмжээтэй 83 ширхэг нойтон шинэс модыг хурааж хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 2500 төгрөгийн бичиг хэргийн зардал гарсан гэж Хөвсгөл аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.*********аас нэхэмжилж байх бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.7-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардалд хэргийн газар, орон байр, хүний бие, цогцост үзлэг, нэгжлэг, шинжилгээ хийх болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны үр дүнд үүссэн ажил гүйцэтгэсний хөлс, зардал багтана” гэж заасан байх тул төсвийн байгууллагын бичиг хэрэгтэй холбоотой гарсан зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан зардалд хамаарахгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бичиг хэргийн зардал 2500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Шүүх хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн эвлэрлийн гэрээг шүүхэд гаргаж өгсөн. Дээрх гэрээнд заасан хүсэлтийг прокурор тогтоол гаргасан хэрэгсэхгүй болгосон байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тэмээнийхэн овогт *********ын  *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүдэгдэгч Б.*********д 240 (хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.********* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*********д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газарт хийлгэхийг, хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

5. Эрүүгийн 2138000000087 дугаар хэрэгт эд битүүмжлэх тухай 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн нийт 5,5 метр куб хэмжээтэй 83 ширхэг нойтон шинэс модыг хурааж хэрэгцээний дагуу зохих байгууллагад  шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн 2138000000087 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт шүүгдэгч Б.*********аас экологи эдийн засагт учирсан хохирол болох 14.333.295 (арван дөрвөн сая гурван зуун гучин гурван мянга хоёр зуун ерэн тав) төгрөгийг гаргуулж Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын төрийн сан хүү, торгуулийн  орлогын дансанд оруулсугай.

8. Шүүгдэгч Б.********* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*********д  шүүхээс  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН