Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/127

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

   Нарийн бичгийн дарга С.Уянга,  

   Улсын яллагч М.Берикбол,

   Шүүгдэгч Э.********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********гийн *********д холбогдох эрүүгийн 2138000000147 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр  сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   ...........................................................................................................холбогдох,

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

  Шүүгдэгч Э.********* нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *********той эрүүл маргаан үүсгэж улмаар түүний зүүн талын нуруун тус газарт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Э.********* нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *********той эрүүл маргаан үүсгэж улмаар түүний зүүн талын нуруун тус газарт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000147 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

   Шүүгдэгч Э.*********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр би Нямбуу зааны гэрт архи ууж байхад Бямбадорж, Лхагва-Очир хоёр ирсэн. Лхагва-Очир удалгүй хөдөө явлаа гээд яваад өгсөн. Бид нар тэнд 2 шил архи хувааж уусан. Тэгээд тухайн үед архи ууж дуусгаад юу болсон талаар сайн санахгүй орж гараад байсан. тэгээд өглөө сэрсэн чинь эхнэр Үүрийнтуяа надад чи Бямбадорж намайг зодоод болохгүй байхаар нь Бямбадоржийг хутгалсан гэж өчигдөр хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёрт хэлсэн тэгээд Бямбадоржид хоол хийж эмнэлэгт аваачиж өгсөн гэж надад хэлсэн. Би архи уухаараа эрүүл юм шиг яваад байдаг мөртөө унтаад босоод ирэхээр өчигдөр юу болсон талаар сайн санадаггүй юм. Би Бямбадоржийг хутгалсан талаар бүдэг санаж байна. юунаас болоод хутгалсан талаараа сайн мэдэхгүй байна. Бямбадорж бид хоёр ах дүүгийн харилцаатай хоорондоо муудалцах асуудал байдаггүй юм. ... Би Бямбадоржийн хохирлыг барагдуулж эмчилгээний зардал төлсөн гэх мэдүүлэг,

  Хохирогч *********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Нямбуу заан гэх айлд ороход ********* Нямбуу заантай хамт архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь би тэнд сууж хэсэг хамт архи уусан. Тэгээд Нямбуу зааны гэрээс гарч ирэх үед *********тай маргалдаж цохих үед ********* гэр лүүгээ ороод хутга аваад гараад ирсэн. Би тухайн үед айлгах гэж байгаа болов уу гэхэд над руу чиглээд ирсэн. Тэгэхээр нь би барьж аваад бид хоёр ноцолдсон тэгээд миний зүүн талын нуруу тус газар 1 удаа хутгалсан. Тэгээд  байж байтал Идэр гэх хүн ирээд эмнэлэг дуудаж өгсөн.... ********* намайг ороход архи согтууруулах ундаа уугаад сууж байсан. Золоо нэлээд согтуу байсан болохоор тухайн үед юу болсон  талаар санахгүй байгаа болов уу гэж бодож байна... гэх мэдүүлэг /хх-8-10х/,

    Гэрч *********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 17 цагийн үед айлын мал үзэж явахад эхнэр Баасанжаргал гэрээсээ залгаад Золоо архи дарс уугаад хүнтэй муудалцаад байгаа юм шиг байна хараадхаач гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад очиход Золоо гудамжны зам дээр явж байсан тэгээд би юу хийгээд байгаа нөхөр вэ гээд цохиод авсан .Би Золоогоос чи яагаад архи уугаад байгаа юм бэ хүнтэй хэрэлдэж маргалдаад байгаа юм уу гэтэл Бямбаа хашаан дээгүүр хараад зогсож байхаар нь дөхөөд очиход цустай хутгалдсан байдалтай харагдаж байсан. Тэгэхээр нь би юу болов гэж асуухад Бямбаа Золоо ах хамаагүй шүү би буруутай гэж хэлээд байхаар нь дуугүй бай гэж хэлээд шархыг нь үзээд эмч дуудсан ... улбар шар иштэй хутга байсан. Золоогийн гар нь цус болсон байдалтай явж байсан гэх мэдүүлэг /хх-13-14х/,

 Гэрч *********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 17 цагийн үед би гэртээ хүүхдээ хараад байж байхад манай нөхөр ********* гаднаас орж ирээд гарахдаа гартаа хутга бариад гарч байгаа харагдсан....Тэгээд би гэртээ байж байсан чинь Идэрээ ах над руу Бямбадорж гэмтсэн байна эмч дуудах юм уу гэхээр нь би багийн эмч руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Би буцааж залгаад Саруул эмч рүү залга гэж хэлсэн.Тэгээд гэртээ хүүхдэдээ эм өгөөд унтуулчхаад хойд хашаа руу орсон чинь хэн ч байгаагүй. Газар манай гэрийн шар иштэй хутга хэвтэж байхаар нь жорлон руу хаясан юм аа. Түүнээс өөр зүйл мэдэхгүй.... Манай нөхөр ********* Бямбадорж намайг зодоод байхаар нь хутгалсан талаар хэлж байсан тэгээд Бямбадоржид хоол хийгээд эмнэлэгт хүргэж өгсөн гэх мэдүүлэг /хх-16х/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 168 дугаартай:

  1. *********ийн биед нуруунд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
  3. *********ийн биед үүсэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-28х/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-48х/, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Энхтал багийн засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 26 дугаартай тодорхойлолт /хх-44х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-49х/, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 136 дугаартай Шийтгэх тогтоолын хуулбар /хх-51-53х/, шүүгдэгч Э.*********гийн 2020 онд тоолуулсан малын А дансны хуулбар /хх-45-47х/, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0155 дугаартай эвлэрлийн гэрээ /хх-56х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Эрүүгийн 2138000000147 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

  Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

  Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Э.********* нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *********той эрүүл маргаан үүсгэж улмаар түүний зүүн талын нуруун тус газарт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Э.*********гийн  мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, 

   Хохирогч *********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-11-13х/,

   Гэрч *********ийн /хх-17-18х/, гэрч *********гийн /хх-16х/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,

   Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 168 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-33х/, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 874 дугаартай эвлэрлийн гэрээ /хх-55х/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

   Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

   Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Э.********* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

  Шүүгдэгч Э.********* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

  Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 

  Шүүгдэгч Э.********* нь хохирогч *********ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан боловч хохирогч нэхэмжлэх зүйл байхгүй хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Э.*********г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-55-56х/

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

  Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.********* нь урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 2 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-51-53х/-аар тогтоогдож байх боловч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 онд шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Э.*********г анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. 

  Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

   Шүүгдэгч Э.********* нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

   Шүүгдэгч Э.********* нь прокурорын 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

   Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хаад боржгон овогт *********гийн *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********гийн *********г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.********* нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.********* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Э.*********гийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*********д шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН