Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/130

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч Ч.Батзориг,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Иргэний нэхэмжлэгч Э.*********

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж

Шүүгдэгч *********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********ийн *********д холбогдох эрүүгийн 2038006280010 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

............................................ холбогдох,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

   Шүүгдэгч *********нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч *********ийг 2020 оны 09, 10, 11 дүгээр сард, мөн 12 дугаар сарын 07-ны өдөр, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зулын гол ороож чадсангүй гэх үл ялиг зүйлээр шалтаглан түлхүүрийн оосроор хацар хэсэгт нь ороолгож, бэлэг эрхтэн рүү нь өшиглөж, гутлаараа байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зодохдоо эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

  Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр баг “Цагаан зураа” гэх газраас 2020 оны 12 дугаар сарын эхээр 4.40 м урттай 52 ширхэг 4.47 м.куб хэмжээтэй нойтон шинэс модыг мод бэлтгэх эрхийн бичиггүй бэлтгэж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч *********нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч *********ийг 2020 оны 09, 10, 11 дүгээр сард, мөн 12 дугаар сарын 07-ны өдөр, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зулын гол ороож чадсангүй гэх үл ялиг зүйлээр шалтаглан түлхүүрийн оосроор хацар хэсэгт нь ороолгож, бэлэг эрхтэн рүү нь өшиглөж, гутлаараа байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зодохдоо эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр баг “Цагаан зураа” гэх газраас 2020 оны 12 дугаар сарын эхээр 4.40 м урттай 52 ширхэг 4.47 м.куб хэмжээтэй нойтон шинэс модыг мод бэлтгэх эрхийн бичиггүй бэлтгэж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038006280010 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэх үйлдсэн гэмт хэргийн талаар шинжлэн судалсан нь:

   Шүүгдэгч Д.*********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2020 оны 12 дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна. Би гэрээсээ сумын төв рүү ганцаараа ороод *********тай хамт 2 том савтай пиво мөн 0,500 граммтай Ерөөл нэртэй архи уусан. Тэгээд бид хоёр хөдөө манай гэр лүү хамт мотоциклоор манайд очсон. Гэрт ороход эхнэр 3 хүүхэдтэйгээ хамт байсан. би эхнэртэйгээ маргалдаж эхэлсэн. Тэгээд эхнэрийнхээ үснээс гараараа зулгаагаад нүүр лүү нь алагдсан мөн хөл рүү нь өшиглөсөн юм шиг байна лээ. Тэгээд ********* эхнэр бид хоёрыг салгасан. Намайг салгах гэж байхад нь би мөрөөрөө цонх цохиод хагалсан байсан. ...гэр бүл болсноос хойш 5-6 жилийн дараа эхнэртэйгээ маргалдсанаас болж зодож эхэлсэн.   гэх мэдүүлэг,

  Хохирогч *********ийн мөрдөн шалгах шатанд өгсөн: “... Би 2020 оны 11 дүгээр сарын 25-ны үед манай хамгийн бага охин гэртээ ээрч уйлаад ухаан алдахаар нь ********* бид хоёр мотоциклоор Их-Уул сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад ирэхэд манай хамтран амьдрагч чи хаагуур банзалдаж яваад ирэв гээд намайг хадам ээжийн гэрт байхад миний хоёр хөхийг гараагаа цохиж би чамайг гэрт очихоор ална гээд байсан. тэгээд хөдөө гэртээ очиход намайг үснээс зулгааж чирээд гурван хүүхдийнхээ хажууд зодохгүй гадаа гаргаж байгаад зодно гээд чирч гаргаад цохиж зодсон. Намайг байнга дарамталж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байдаг. Сая 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр намайг зодохдоо би чамайг унтах юм бол ал руу чинь хутгалж 2-3 удаа хутга эргүүлнэ гэсэн тэгээд би унтаж чадахгүй байхад айгаад хоёр хоног нойргүй байхад цагдаа очсон. Урьд нь намайг баруун гарын шуу, баруун гуяны дотор талд 2 удаа хутгалж байсан.  ********* намайг зодохдоо дандаа эзэнгүй, гэрчгүй, хүнгүй газар аваачиж байгаад зоддог. Хүний хажууд зодож байгаагүй. 2020 оны 12 дугаар сарын эхээр байх өдрийг нь санахгүй байна сумын төвөөс гарч ирэхдээ ********* гэдэг хүнтэй хамт ирсэн. Би 0-4 настай 3 хүүхдийн хамт гэртээ байсан. тэгсэн намайг бага охиноо ахад харуулаад усанд явахгүй яасан юм үхсэнээ хийж байсан юм ажил муутай юм гээд намайг шууд үснээс зулгаагаад цонх руу аваачиж байгаад миний толгойгоор цонх хагалсан. Тэгээд үснээс зулгаасан чигээрээ хөл рүү 2-3 удаа өшиглөсөн мөн баруун талын нүд рүү гараараа цохиж нүд хавдсан мөн хацар луу алдагдсан чинь тэр үедээ өвдөж байгаад зүгээр болсон. ********* хамтран амьдарч эхэлснээс хойш 3 жилийн дараа буюу 2015 оноос эхэлж зодох болсон. Намайг зодохдоо өөрийнхөө гарт тааралдсан ямар нэг зүйлээрээ шууд цохиод авдаг. 2016 онд намайг малын хашааны шургааг модоор толгойн тус газарт цохисон. Тухайн үед толгойноос маш их хэмжээний цус гарсан. Энэ хүн намайг гэрээсээ огт гаргадаггүй гэрийн хорионд байлгадаг байсан. сумын төв рүү  би өөрийнхөө дураараа явж чаддаггүй. ... 2020 оны 9 дүгээр сард ********* сумын төв ороод хөдөө гэртээ гарч ирэхдээ согтуу ирээд намайг модон ташуураар 2 гар болон 2 хөл рүү мөн бие рүү удаа дараа цохисон. ...10 сард би бага хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтэж байхад нэг орой надад эргэлт авчирч өгөхдөө намайг эмнэлгээс дагуулаад гаргаад усан сангийн хойно аваачиж байгаад чулуугаар толгой руу цохих гэж байхад нь би чулууг нь булааж аваад хаясан. Тэгсэн чинь эмнэлэг рүү оруулахгүй гээд хөл рүү өшиглөөд байсан. ...Намайг хүүхдээ хөхүүлээд сууж байхад ********* миний 2 хөх рүү гараараа цохиод байсан. энэ үед хадам ээж боль гэж огт хориглоогүй. 9 сараас хойш ********* намайг 3 удаа зодсон. Энэ хүнтэй хамтран амьдарч эхэлснээс хойш эрүүл мэндээрээ удаа дараа хохирсон. Үр хүүхдэдээ болон надад ямар нэгэн хайр халамж байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй. Надад санал гомдол байхгүй...” /хх-09-10, 14-16х/ гэх мэдүүлэг,

   Гэрч Ц.*********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 12 дугаар сарны 07-ны өдөр гэртээ байхад хөдөөгөөс ********* орж ирээд намайг хамтдаа айлд очоод ирье гэхээр нь би энэ хүнтэй хамт мотоциклтой очсон. Гэрт нь очсон чинь ********* эхнэр лүгээ би чамаас болж шоронд явсан гэж маргалдаж эхэлсэн. ********* эхнэрээ зодохдоо үснээс нь зулгасан чинь эхнэр нь гарыг нь тавиулах гээд гараас нь хазах шиг болсон. Тэгээд эхнэрийнхээ үснээс зулгааж байгаад толгой хэсэг рүү нь гараараа цохиод байсан. би тэгээд *********ыг боль гээд эхнэрээс нь салгасан. Тэгсэн чинь ********* улам эхнэр лүгээ дайраад байхаар нь би гэрээс нь гараад гадаа хэсэг зогссон. Хэрэв *********ыг хориглох юм бол эхнэртэйгээ хардаж магадгүй юм шиг байсан. намайг гадаа гараад байж байсан чинь энэ хоёр орон дээр сууцан ********* мөн эхнэрийнхээ үснээс зулгаагаад толгой руу нь цохиод байсан. намайг гаднаас ороход тэр хоёр хоорондоо эвлэрсэн байдалтай зүгээр болсон байсан. гэх “... /хх-22-24х/ мэдүүлэг,

   Гэрч *********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг энэ айлд хаяа нэг албан ажлаар очиход *********ын хамтран амьдрагч *********ийн нүд нь хөхөрсөн байдалтай байсан. Манай багийн иргэдийн яриагаар бол ********* нь хамтран амьдрагч *********ийг зодож дарамталдаг гэж ярьдаг байсан. гэх “.../хх-26-27х/,

  Гэрч *********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 онд сумын хүн эмнэлгээс над руу утасдаад ********* хамтран амьдрагч *********ийг хөх алаг болтол нь зодсон байна энэ талаар мэдэж байгаа юу гэж асуухад би огт мэдэхгүй байна одоо л та нараас сонсож байна гэж хэлсэн. Уранчимэг нь хамтран амьдрагч Д.*********д зодуулсан талаар надад огт хэлдэггүй.  гэх “... /хх-26-27х/ мэдүүлэг,

6. Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 589 дугаартай:

1. *********ийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун хөмсөг зулай баруун чамархайн хуйханд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь модоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.

3. биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-34х/,

         Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-53-55х/,

         Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-56-61/х

         Үзлэг хийсэн эмч Б.Баасанжавын тодорхойлолт /хх-62х/,

         Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээний үнэлгээний маягт /хх-63-72х/,

          Хүчирхийлэлд өртсөн, эсхүл хүчирхийллийн болзошгүй эрсдэлд байгаа хүүхдийг эцэг, эх, төрөл, садны болон бусад хүн, өөр гэр бүлд хүлээлгэн өгөх маягт /хх-73-74/, Эвлэрлийн гэрээ /хх-75-76х/, 

Хууль бусаар мод бэлтгэх хэргийн тухайд шинжлэн судалсан нь:

Шүүгдэгч Д.*********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2020 оны 12 дугаар сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. манай махны пүнзний мод муудаад шинээр барих гээд Их-Уул сумын Шивээ баг Цагаан зураа гэдэг газраас модны зах руу ороод захаас нийт 21 ширхэг нойтон мод унагааж 4 метр 40 см хэмжээтэй тайрч бэлтгэсэн. Бэлтгэсэн модоо хавар цас ханзрахаар авна гэж бодоод орхисон. ...ганцаараа явж мод бэлтгэсэн. Тухайн модыг бэлтгэхдээ ямар ч гоожин зөвшөөрөл аваагүй бэлтгэсэн. ...” гэх мэдүүлэг /хх-131-132/,

Хохирогч Э.*********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би Их-Уул сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан зураа гэх газрыг хариуцсан байгаль хамгаалагч бөгөөд тухайн унагааж бэлтгэсэн нойтон мод нь миний хариуцсан газраас зөвшөөрөлгүй бэлтгэсэн байсан. Тухайн бэлтгэсэн модны экологи, эдийн засгийн үнэлгээг төлж барагдуулах юм бол гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-126-127х/,

Гэрч *********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...********* ах надад мод бэлтгэж хонины хашаа барина гэж ярьж байсан. ********* ахын мод бэлтгэсэн асуудлыг саяхан мэдсэн. ********* ах намайг хамт бэлтгэлцэж өгөөч гэж хэлж байгаагүй. Мод бэлтгэхдээ ганцаараа явж бэлтгэсэн. ...” гэх мэдүүлэг /хх-135-136/,

Гэрч *********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын эхээр байхаа сайн санахгүй байна. хонинд явж байсан чинь урд модонд хөрөө дугараад мод унагаад байсан. дараа нь хүмүүс ********* мод унагааж бэлтгэсэн гэж ярьж байсан. Тухайн үед мод бэлтгэсэн өдөр ямар хүн мод бэлтгэснийг мэдээгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх-139-140х/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-102х/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-104-111х/,

Модонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-112-114х/,

Эд мөрийн баримт, эд зүйл, баримт бичиг хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-115-116/,

Эд мөрийн баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-117/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-119-120/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-121-122/,

Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн шинжээч Б.Одончимэгийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаартай дүгнэлт:

1. Иргэн Д.*********ын модонд хэмжилт хийж чанар байдлыг тодорхойлоход 4.47 метр куб хэрэглээний нойтон шинэс мод бэлтгэсэн байв.

2. Д.*********ын бэлтгэж, тээвэрлэсэн гэх мод нь хэрэглээний нойтон шинэс мод байв. Мод бэлтгэсэн Их-Уул сумын Цагаанзураа гэх газар нь 2012 оны ой зохион байгуулалтын 66-р хэсэглэлд хамаарах хамгаалалтын бүсийн /1-р муж/ ойд хамаарч байна.

3. *********ын бэлтгэсэн модонд хэмжилт хийж экологи эдийн засгийн үнэлгээ нь. Шинэс 570216, итгэлцүүр 1.8, модны хэмжээ 4.47 метр куб, 4.687.957.9 төгрөг.

4. Уг бэлтгэсэн модонд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын” 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын үндэслэн “Нэг шоо метр модны экологи, эдийн засгийн үнэлгээ” тооцох аргачлалаар тооцсон. ... гэх дүгнэлт /хх-144-145х/,

Бөөрөнхий модонд материалын хэмжилтийн хүснэгт /хх-146х/,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Эрдэнэцэцэгийн 12 дугаартай дүгнэлт:

1. Иргэд Д.*********ын ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлбөрийг тооцоход экологи эдийн засгийн үнэлгээ 4.587.957.9 төгрөг, хуульд заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж, ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ нийт 13.763.873.7 төгрөг байна.

2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дугаар зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “Ойн санд учруулсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөрийг ногдуулна” гэсэн заалтыг үндэслэн тооцов... гэх дүгнэлт /хх-151х/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-171х/, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн засаг даргын тодорхойлолт /хх-165х/,  иргэний үнэмлэхийн хуулбар /хх-169/,  шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-173-171х/ зэрэг нотлох баримт болно.

Эрүүгийн 20380006280010 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хууль ёсны, хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

        Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч *********нь 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэр *********ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Д.*********ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, 

Хохирогч *********ийн мөрдөн шалгах шатанд өгсөн мэдүүлэг /хх- 9-11, 12-16, 17-18/,

Гэрч Ц.*********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-22-24х/,

Гэрч *********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-27-28х/,

Гэрч *********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  мэдүүлэг /хх-30-32/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 589 дугаартай дүгнэлт /хх-34х/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч *********нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч *********нь  хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *********нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч *********ийг 2020 оны 09, 10, 11 дүгээр сард, мөн 12 дугаар сарын 07-ны өдөр, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зулын гол ороож чадсангүй гэх үл ялиг зүйлээр шалтаглан түлхүүрийн оосроор хацар хэсэгт нь ороолгож, бэлэг эрхтэн рүү нь өшиглөж, гутлаараа зодож, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.*********ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч *********ийн мөрдөн шалгах шатанд өгсөн мэдүүлэг /хх-9-11, 12-16, 17-18/,

Гэрч Ц.*********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  мэдүүлэг /хх-22-24х/,

Гэрч *********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  мэдүүлэг /хх-26-27х/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-53-55х/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-56-61/х          

Үзлэг хийсэн эмч Б.Баасанжавын тодорхойлолт /хх-62х/,       

Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээний үнэлгээний маягт /хх-63-72х/,

Хүчирхийлэлд өртсөн, эсхүл хүчирхийллийн болзошгүй эрсдэлд байгаа хүүхдийг эцэг, эх, төрөл, садны болон бусад хүн, өөр гэр бүлд хүлээлгэн өгөх маягт /хх-73-74/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.*********ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг байнга зодож үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *********нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр баг “Цагаан зураа” гэх газраас 2020 оны 12 дугаар сарын эхээр 4.40 м урттай 52 ширхэг 4.47 м.куб хэмжээтэй нойтон шинэс модыг мод бэлтгэх эрхийн бичиггүй бэлтгэж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.*********ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

  Хохирогч Э.*********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-123-127х/,

  Гэрч *********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-135-136х/,

  Гэрч *********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-139-140х/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-102х/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-104-111х/,

Модонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-112-114х/,

Эд мөрийн баримт, эд зүйл, баримт бичиг хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-115-116/,

Эд мөрийн баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-117/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-119-120/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-121-122/,

          Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн шинжээч Б.Одончимэгийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаартай дүгнэлт,

Бөөрөнхий модонд материалын хэмжилтийн хүснэгт /хх-146х/,

  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Эрдэнэцэцэгийн 12 дугаартай дүгнэлт, зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

   Шүүгдэгч *********нь зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

   Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль эрх зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

   Шүүгдэгч нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүрээлэн буй орчинд хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

  Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг шүүгдэгч *********нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

  Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүхийн шинжилгээний байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч *********ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, мөн экологи-эдийн засагт 13.763.873 төгрөгийг хохирол тус тус учруулсан байх тул шүүхийн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэв.

Хохирогч ********* нь хохирлын баримтаа бүрдүүлэн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Д.*********ын ойн санд учруулсан 13.763.876 төгрөгийн хохирлыг гаргуулж, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засагт даргын тамгын газрын  гутлаараа Сан хүү төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийг, 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийг   үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *********нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь: /хавтаст хэрэгт авагдсанаар/

Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн  126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнссэн, Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.3, 148.1, 261.1-д тус тус зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар,

 Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 354 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /171, 173-174/-аар болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гаргаж өгсөн бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх боловч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 онд шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Д.*********ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нь зүйтэй байна.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хариуцлагын зорилго”-д 1.”Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэжээ.

   Иймд шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, өмгөөлөгч нарын өмгөөллийн дүгнэлтэд тус тус дүгнэлт хийн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүл мэнд, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 хэсэгт хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахаар ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

   Эрүүгийн 2138006280010 дугаартай хэрэгт эд мөрийн баримт битүүмжилсэн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Их- Уул сумын Засаг даргын тамгын газрын хашаанд байгаа 4.47 шоо метр куб хэмжээтэй 52 ширхэг нойтон шинэс модыг хурааж хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч *********нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл яллагдагчаар цагдан хоригдсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн цагдан хоригдсон нийт 53 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хар нүдэн овогт *********ийн *********ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн”, “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч *********ийн *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5, 3.1, 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*********д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцахыг хязгаарлах, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.*********д  хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*********д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг нэмж нэгтгэн 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*********ын цагдан хоригдсон 53 /тавин гурав/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож 424 /дөрвөн зуун хорин дөрөв/ цагийг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцож нийт биечлэн эдлэх ялыг 56 /тавин зургаа/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт найман цагаас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газарт хийлгэхийг, хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.  

9. Эрүүгийн хэрэгт 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн 4.47 куб.метр модыг хурааж хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хохирогч ********* нь энэ хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.*********аас нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.*********аас ойн санд учруулсан хохиролд 13.763.873 /арван гурван сая долоон зуун жаран гурван мянга найман зуун далан гурав/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын сан хүү төрийн сангийн дансанд оруулах, хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

12. Эрүүгийн 2138006280010 дугаар хэрэгт шүүгдэгч Д.*********аас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан  БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

13. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*********д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БЭЭЖИН