| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2021/0118/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/189 |
| Огноо | 2021-03-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/189
2021 03 24 2021/ШЦТ/189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,
улсын яллагч С.Солонго,
шүүгдэгч С.Ж , түүний өмгөөлөгч Ч.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овгийн С.Ж ид холбогдох эрүүгийн 2011000001189 дугаар хэргийг 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Тайж овгийн С.Ж , 1998 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Говь-Алтай аймгийн Чандмань сум, 2 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч С.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Энхбат бид 2 орой ажлаа тараад явж байхад Гантулга, Баярцогт 2 над руу ярьсан. Тэгээд Энхбат бид 2 Гантулгын гэрт явж очсон. Тухайн үед Гантулгын эхнэрийн бие өвдөөд байна гэхээр нь бид 4 эмийн сан хайж гадагшаа гарч Гантулгын эхнэрт эм авч ирж өгсөн. Түүний дараа Энхбат Баярцогт руу залгаад машинаа аваад хүрээд ир гэж хэлж байсан. Тэгсэн Баярцогт намайг хамт явъя гэж хэлэхээр нь би түүнтэй хамт явсан Энхбат руу явсан. Тэгсэн Энхбат, Баярцогт 2 хэдэн дугуй машин руу хийгээд байсан. Тухайн үед би машин дотор сууж байсан. Би тэгээд Баярцогтоос “...энэ хэний дугуй юм бэ...” гэсэн чинь “...чамд хамаагүй дуугүй бай...” гэж хэлсэн. Би хулгайн дугуй гэж мэдээгүй. Би хулгай хийгээгүй. Би нэг удаа мэдүүлэг өгсөн. Содбаяр мэдүүлэг авахдаа юун дээр гарын үсэг зурсныг мэдэхгүй. Хэргээ нэгтгэж шийдүүлэх хүсэлтэй байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 37-40/,
Хохирогч В.Д нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 22-23 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах гэртээ ирж машинаа зогсоолд тавиад машинаа цоожлоод гэртээ орсон юм. Маргааш нь 23 цагийн үед унтах гэж байгаад цонхоор машинаа хартал миний машинд ямар нэг эвдрэл гэмтэлгүй зүгээр байсан. Өглөө 07 цагт манай дүү Түмэнжаргал ажилдаа явах гэж байгаад манай машиныг хараад надад мэдэгдсэн юм. Би гараад машинаа хартал машины 4 ширхэг дугуй нь алдагдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх 45-46/,
Иргэний нэхэмжлэгч Г.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн үед кэпик малгай өмссөн 160 см өндөртэй махлагдуу шар залуу ногоон өнгийн Приус 20 маркийн машинтай ирсэн бөгөөд машиныхаа гупер, салхины шил солиулах шаардлагатай байна гэж надад хэлсэн. Приус 30 маркийн машины 4 ширхэг обудтай дугуйг салхины шил гупер хоёрыг тулаад өгч болох уу гэж хэлсэн юм. Би ямар учиртай обуд вэ? Хаана байгаа юм үзье гэж хэлэхэд нөгөө залуу миний хажууд өөр хүн рүү утсаар яриад “4 обудаа зарсан уу? Чамд байгаа юу? Чамд 50.000 төгрөг өгье надад өгчих” гэж нөгөө залуу утсаар яриад байсан. ...Би обуд дугуйг нь аваад салхины шил, купертэй нь тавьж сольж өгсөн юм. Купер 170.000 төгрөгөөр үнэлж, салхины шилээ 180.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх 62/,
Яллагдагч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө танил ах Гантулгын 04-61 УНЛ улсын дугаартай ногоон саарал өнгийн Тоёота Приус-20 маркийн автомашинтай өөрийн найз Жанчив, Энхбат нарын хамтаар Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Био хороолол ороод байран дундуур явж байгаад улаан өнгийн Приус-30 зогсож байхаар нь харж авчхаад доогуур нь эвэх юм олж ирээд машинаа хол давиад блокоо өргөж очоод би Гантулга ахын машинд байсан данхраадаар тухайн машиныг өргөж Энхбат бид хоёр 4 дугуйг нь тайлсан Жанчив блок зөөлцөж, тайлж авсан дугуйг зөөсөн. Тэгээд бид гурав хулгайлж авсан дугуйнуудаа машиныхаа тээш, арын сандал дээр нь хоёр хоёроор нь хийгээд Дарь-Эхэд 4 өнгөрч байхад очоод Энхбатын хашаанд буулгаж амбаарт оруулаад үлдээгээд бид гурав буцаж био ороод Гантулга ахын гэрийн гадаа очиход 6 цаг өнгөрч байсан тэгээд машиндаа унтацгаасан...” гэх мэдүүлэг /хх 50-51/,
Яллагдагч Н.Э нь мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр мэдүүлэхдээ: Би Алтай хотхоны барилга дээр хэсэг хугацаанд ажилсан юм 2020 оны 2 дугаар 21-ний өдөр ажлаа тарах дөхөөд 19 цагийн үед Гантулга руу залгаад хаана явж байна гэр лүүгээ явах замд дайгдаад дөхье гэсэн юм тэгээд удалгүй Гантулга, Баярцогтын хамтаар өөрийн машинтайгаа намайг болон хамт ажилладаг Жанчивдорж бид хоёрыг авсан тэгээд Гантулга Баярцогт хоёр биод Приус-30-н 4 ширхэг дугуй байна та хоёр хамт яваад тайлаад өгөөч гэсэн юм бид за гээд зөвшөөрсөн. Тухайн үедээ хулгай хийнэ гэж мэдээгүй тэгээд бид нар биод очиж Гантулгын найз охины гэрт орж юм яриад сууж байхад Гантулгын найз охин Болорцэцэгийн бие нь өвөөд бид хэд нисэх руу эмийн сан ороод буцаж био ороод эмийг нь гэрт нь оруулж өгөөд буцаж Гантулга, Жанчивдорж, Баярцогт бид гэрээс гараад биогийн засмал дээр автобусны буудал дээр Гантулга бид гурвыг буулгаад явсан Баярцогт бид хоёрыг дагуулаад 38-р байрны урд байсан улаан өнгийн Тоёота Приус-30 маркийн автомашины хажууд авч ирээд энэ машин гэхээр нь би хулгайлах гэж байна гэж мэдсэн тэгэхдээ больё гэж хэлж чадаагүй тэгээд буцаж зам руу гараад машиндаа суугаад Гантулгыг гэрт нь хүргэж өгөөд буцаж Баярцогт, Жанчивдорж бид гурав замаараа доогуур нь эвэх блок замын хажуугаас олоод нөгөө машин дээрээ очоод бид тэр автомашины 4 ширхэг дугуйг хулгайлсан тэгээд тухайн дугуйгаа Гантулгын машинд ачиж аваад манай хашааны амбаарт хийсэн тэгээд хоёр хоногийн дараа Гантулга, Баярцогт хоёр ирээд манай хашаанаас тэр 4 дугуйгаа аваад явсан...” гэх мэдүүлэг /хх 52-53/,
Яллагдагч Г.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...2020 оны 2 дугаар сарын 21-ний орой би найзууд болох Энхбат, Жанчив, Баярцог, найз охин болох Болорцэцэгийн хамтаар Биокомбинатад байх гэрт нь очсон юм. Хаягийг нь сайн мэдэхгүй байна. Гэрт нь очиход манай найз охины гэрт нь Болорцэцэгийн хамаатны охин болох Солонго байж байсан юм. Бид гэр лүү нь ороод байж байтал манай найз охины бие нь муудаад байсан юм. Би найз охиндоо чи гэртээ Солонготой хамт байж бай гэж хэлээд бид дөрөв гараад Биокомбинатын байр ороод байрны буудал дээр нь Энхбат, Баярцогт хоёрыг буулгаж үлдээгээд тэр хоёрт “наана чинь камер байна уу? Харж байгаарай” гэж хэлээд Жанчивтай би цаашаа явж (Болорцэцэгийн хамаатан болох Төгсөө гэх хүнээс дугуйны 14-ын түлхүүр 1 ширхгийг аваад тэгээд би Төгсөөгөөс түлхүүр авах далимаар Төгсөөгөөс тамхи авсан. Тэгээд бид шөнө 02 цагийн үед Жанчивтай нөгөө хоёрыг авахаар явсан юм. Солонго миний 89151266 дугаарын утас руу өөрийн дугаараас залгаад “Найз охин чинь цусаар бөөлжөөд байна хурдан ирээрэй өвчин намдаах эм байвал аваад ирээрэй” гэж хэлээд байсан. Бид Биокомбинатад байх эмийн сан орох гэтэл хаалттай байсан бөгөөд бид Нисэхийн буудлын Хаан банкны хажууд байх Аз фармаас эм авах гэтэл бэлэн мөнгө байхгүй мобайлаар шилжүүлэх гэтэл болохгүй гээд байсан юм. Бид эмээ авч чадалгүй буцаад Биокомбинат руу яваад Болорцэцэгийн гэр лүү нь яваад би гэрт нь үлдээд түргэний 102 дугаар луу залгаад дуудлага өгсөн юм. Миний машиныг манай найзууд болох Энхбат, Баярцогт, Жанчив нар нь 03 цагийн үед аваад гараад явсан. Түргэний эмнэлэг ирээд Болорцэцэгийг үзээд эм өгөөд явсан юм. 06 цагийн үед манай найзууд ирээд унтаад өгсөн юм. Өглөө нь босоод Болорцэцэгийг Жанчив Энхбат, Баярцогтын хамтаар үзүүлж байтал Баярцогт “Ахаа би дугуй авчихсан юм аа” гэж надад хэлсэн юм. Би тэгээд тэр дугуйг нь очиж харахаар Энхбатын гэр болох Дарь эх рүү явсан юм. Тэгээд Энхбатын хашааны амбаарт нь 4 ширхэг 17-той Приус 30 загварын дугуй байсан юм. Би Баярцогтын хамтаар Өгөөмөр зах ороод зарах гэтэл авахгүй байсан бөгөөд бид хоёр айгаад зарж чадахгүй байсан. Бид Дарь-Эх рүү буцаж очсон. 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр би машин дотроо фейсбүүк ухаж байтал “Приусны арын гупер засаж янзална” гэсэн зар байхаар нь зарын дагуу яриад би Хороололд бас засварын газар очиж засварчин ахад “надад 4 ширхэг дугуй байгаа харин та миний машины гупер шилийг янзлаад өг” гэж хэлээд бид тохиролцсон юм. Бид тус засварчин ахад 4 дугуйгаа өгөөд өөрийн машины гупер шилийг хийлгэсэн юм...” гэх мэдүүлэг /хх 55-56/,
Гэрч Ц.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Гантулгатай 1 жилийн өмнө танилцаж байсан. Тухайн үед манай найз залуу Гантулга нь зан харилцааны хувьд сайн залуу байгаа юм. Би өмнө нь хэрэг төвөгт орооцолдож байсан асуудлыг нь сайн мэдэхгүй байна. Манай найз залуу Гантулга аав ээжийн хамтаар Дахь эхэд амьдардаг юм. Би хаягийг нь сайн мэдэхгүй байна. 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр миний бие маш муу байсан бөгөөд Гантулгын хамт Хан-Уул дүүргийн гэртээ хамт байсан. Тухайн үед манай найз залуутай Энхбат, Жанчивдорж, Баярцогт нарын хамтаар манайд ирээд эхэндээ нөгөө дөрөв эмэнд гараад явсан бөгөөд би Гантулгыг гэрт ирэхийг шаардахад Гантулга удалгүй гэрт ирж надтай хамт байж байгаад түргэнд үзүүлсэн юм. Тухайн үед 20-30 минутын дараа Энхбат, Жанчивдорж, Баярцогт нар удалгүй хойноос нь орж ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх 57/,
Шүүгдэгч С.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Энхбатын хамтаар ажлаа тараад найз Ганааг ирээд ажлаас авчих гээд дуудсан юм. Тэгтэл 21 цаг болж байхад Гантулга өөрийн 04-61 УБД улсын дугаартай ногоон саарал өнгийн Тоёота Приус 20 загварын автомашинтай Баярцогттой хамт ирсэн. Бид Гантулгын найз охины гэрт нь очиж гэрт нь ороод ойр зуурын юм ярьж байгаад гэрээс нь гарсан. Би гэрээс нь гараад эмийн сан орох гээд явж байтал Гантулгын эхнэрийн бие нь өвдөөд гээд бид нар эмийн сан ороод Гантулгын найз охинд нь эм аваачиж өгөөд Баярцогт, Энхбат бид гурав Гантулгын машиныг нь аваад 38 дугаар байрны урд талд нь байсан Приус-30 загварын улаан өнгийн машины 4 дугуйг тайлан Гантулгын машиных нь хойно нь ачаад бид гурав 4 дугуйгаа аваад Энхбатын гэр болох Дарь-Эхэд хашаанд аваачиж тавиад үүрээр бид гурав Гантулгын найз охины гэрийн гадаа ирээд машин дотроо унтацгаасан...” гэх мэдүүлэг /хх 58/,
Дамно ХХК-ний 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн №ХУ2-20-131 дүгээр хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Тоёота Приус-30 маркийн автомашины, 17той, 2019 онд авч байсан 225*55*17 обуд нь машинтай ирж байсан 4 ширхэг дугуй нь ах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 2 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 560.000 төгрөг...” гэх үнэлгээ /хх 68-69/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 75/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 76, 79/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 93/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 127/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.Ж нь Н.Э , Г.Г , Б.Б нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, 04-61 УБЛ улсын дугаартай Тоёота Приус-20 машин механизм ашиглан 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 38 дугаар байрны гаднах автомашины зогсоолд байсан В.Д гийн эзэмшлийн Тоёота Приус 30 маркийн автомашины 4 ширхэг обудтай дугуйг нууцаар, хууль бусаар авч 560.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 37-40/, хохирогч В.Д гийн “...2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 22-23 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах гэртээ ирж машинаа зогсоолд тавиад машинаа цоожлоод гэртээ орсон юм. Маргааш нь 23 цагийн үед унтах гэж байгаад цонхоор машинаа хартал миний машинд ямар нэг эвдрэл гэмтэлгүй зүгээр байсан. Өглөө 07 цагт манай дүү Түмэнжаргал ажилдаа явах гэж байгаад манай машиныг хараад надад мэдэгдсэн юм. Би гараад машинаа хартал машины 4 ширхэг дугуй нь алдагдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх 45-46/, иргэний нэхэмжлэгч Г.Н гийн “...2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн үед кэпик малгай өмссөн 160 см өндөртэй махлагдуу шар залуу ногоон өнгийн Приус 20 маркийн машинтай ирсэн бөгөөд машиныхаа гупер, салхины шил солиулах шаардлагатай байна гэж надад хэлсэн. Приус 30 маркийн машины 4 ширхэг обудтай дугуйг салхины шил купер хоёрыг тулаад өгч болох уу гэж хэлсэн юм. Би ямар учиртай обуд вэ? Хаана байгаа юм үзье гэж хэлэхэд нөгөө залуу миний хажууд өөр хүн рүү утсаар яриад “4 обудаа зарсан уу? Чамд байгаа юу? Чамд 50.000 төгрөг өгье надад өгчих” гэж нөгөө залуу утсаар яриад байсан. ...Би обуд дугуйг нь аваад салхины шил, купертэй нь тавьж сольж өгсөн юм. Купер 170.000 төгрөгөөр үнэлж, салхины шилээ 180.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх 62/, Дамно ХХК-ний 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн №ХУ2-20-131 дүгээр “...Тоёота Приус-30 маркийн автомашины, 17той, 2019 онд авч байсан 225*55*17 обуд нь машинтай ирж байсан 4 ширхэг дугуй нь ах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 2 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 560.000 төгрөг...” гэх үнэлгээ /хх 68-69/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 75/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 76, 79/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Ж ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Ж ийн өмгөөлөгч Ч.Ганбат нь “...Шүүгдэгч С.Ж ид холбогдох хэрэг өмнө нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан. Тухайн үед цагдаагийн байгууллагаас С.Ж оос нэг удаа мэдүүлэг авсан байдаг. Сүүлийн мэдүүлгийг “...манай ах өгсөн...” гэж С.Ж хэлдэг. Хэргийн материалтай танилцах явцад С.Ж ын гарын үсгийг харахад эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн. Прокурорын зүгээс хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд зааснаар яллагдагч нь гэмт хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээгээгүй гэж заасан байдаг. Иймд яллагдагч нар нь нэг нэгнийгээ гэрчилж түүнд яллах дүгнэлт үйлдэж байгаа нь өөрөө хуулийн үндэслэлгүй байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлд үнэлгээ хийсэн тэмдэглэл зэрэг нь яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох баримтууд биш. Мөн шүүгдэгчийн өгсөн хоёр дахь мэдүүлгийн гарын үсэгт шинжээч томилж дүгнэлт гаргуулах саналтай байна. Иймд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах саналыг шүүхэд гаргаж байна...” гэх хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзэв. Учир нь энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон, хийвэл зохих ажиллагааг хангалттай хийсэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан үндэслэлээр хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах шаардлаггүй гэж анхан шатны шүүх дүгнэв.
Үүнээс гадна дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх хэрэгт холбогдсон Н.Э , Г.Г , Б.Б нарт холбогдох хэргээс С.Ж ид холбогдох хэргийг тусгаарласан прокурорын тогтоол нь хууль зөрчөөгүй, хэргийг тусгаарлах үндэслэлтэй байх тул хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх талаар гаргасан шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авах шаардлаггүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүх шүүгдэгч С.Ж ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал буюу хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүх, шүүгдэгч С.Ж ид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Хохирогч В.Д д алдагдсан 4 ширхэг обудтай дугуйг биет байдлаар нь буцаан өгч хохирлыг барагдуулсан, харин иргэний нэхэмжлэгчид 350.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд гэм буруутай этгээдүүдээс буюу гэмт хэрэгт бүлэглэн оролцсон яллагдагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах үндэслэлтэй байх тул шүүгдэгч С.Ж оос 87.500 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Баянгол дүүргийн 20 дугаар хороо 4 дүгээр байр 32 тоотод оршин суух Гэрэлчимэгийн Нямдаваа /РД: АЙ89052214/-т олгуулж шийдвэрлэв.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Ж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол уншиж танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг шүүх хуралдааны танхимаас цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохыг тайлбарлав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36,12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овгийн С.Ж ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан бусадтай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Ж ид 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Ж оос 87.500 /наян долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Баянгол дүүргийн 20 дугаар хороо 4 дүгээр байр 32 тоотод оршин суух Гэрэлчимэгийн Нямдаваа /РД: АЙ89052214/-т олгосугай.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Ж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.Ж ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ж ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЛИУН