Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбаярын Оюун |
Хэргийн индекс | 116/2019/0025/З |
Дугаар | 29 |
Огноо | 2019-09-02 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, Бусад, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: *******
Хариуцагч: Дорнод аймаг, Байгаль орчны хяналтын улсын байцаагч холбогдуулан гаргасан,
Гомдлын шаардлага: ”Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулсан 0165844 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. Би энэ нутаг усанд мал маллан 14 жил амьдарч байна. ******* гэж хүний хашаа хороог бараадаж зусланд нь буугаад удаагүй байхад тэр хавийн айлууд “...энд айл буучихлаа...” гэж сумын байцаагчид өргөдөл гаргасан юм байна лээ. Сумын Байгаль орчны улсын байцаагч ******* нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 165844 тоот шийтгэлийн хуудсаар, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу нэг мянган нэгж буюу нэг сая төгрөгөөр торгосон юм. Миний бие энэ шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа ба анх шалгаж эхлэхэд нь “та бүхэн нутаг орныхоо малчдаа хаана зусланд гарч малаа маллах ёстой болохыг зааж өг. Тэгвэл тэр газар чинь очиж бууя” гэсэн боловч зааж өгдөггүй байсан. Шийтгэлийн хуудас болон шалгалт хийсэн тухай тэмдэглэлд: Намайг газар чөлөөлөх үүргээ биелүүлээгүй гэдэг бөгөөд би энэ газар дээр зуншиж байгаа нь хэн нэгэн хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй. Бэлчээрийн газар төрийн өмч хэдий ч малчин иргэддээ сумын удирдлага зуны зуслангийн бэлчээрийг хязгаарлаж хөөж туух эрх байхгүй.
Хамгийн гол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар сумын байгаль орчны улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан зөрчилд ... эрхээ хэтрүүлэн шийтгэл оногдуулсан нь хүний эрхийг зөрчсөн асуудал болж байна. Иймд Б сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******-ын оногдуулсан 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0165844 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Гомдол гаргагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/65 дугаар захирамжаар ...бэлчээрийн маргаантай асуудлыг шалгах, зохицуулах комисс томилогдсон. Энэ комиссыг Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* ахалж ажилласан. ...Б сумын 4-р багийн иргэн М нь 2019 оны 05 сарын 23-ны өдөр нэр бүхий 11 хүний гарын үсэгтэй, Г, Б нарын гомдол ирсэн. ... 2019 оны 06 сарын 09-ний өдөр сумын Засаг даргад өгсөн. Үүнийг Байгаль орчны хяналтын улсын байцаагч хүлээж авсан. Энэ өргөдөлтэй холбогдуулж Байгаль орчны хяналтын улсын байцаагч, сумын Засаг даргын ажлын албаны хүмүүстэй ******* гуайн гэрт очиж шалгасан юм байна лээ. ... “Шаазан нуур” гэх газар нь өвс, ус сайтай, өмнө нь ч малчид зуншлагаа хийдэг газар юм байна. ******* нь ...******* гэх малчин өвгөнтэй хашаа хороог нь харж хандахаар ярилцаж тохироод, тэдний газар дээр малаа бэлчээж байсан. ******* гэдэг хүн “Шаазан нуур”-ын баруун талд өвөлжөө, хаваржааны газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг 2007 онд авсан, хугацаа нь дуусаагүй байсан. Энэ газар дээр нь ******* малаа маллаж бэлчээж байсан. Ингэснээрээ бусад хүмүүсийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй юм.
Улсын байцаагч нь 2019 оны 06 сарын 17-ны өдөр “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг өгсөн. Энэ шаардлага дээрээ ******* нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр өвөлжөө, хаваржаа, зуслангийн орчимд буусан. Тухайн багийн иргэн ******* нь 11 хүний гарын үсэг бүхий гомдол, мөн иргэн Г, Б нар гомдол гаргасан...” асуудлуудыг дурдсан. ******* эдгээр хүмүүсийн газрын орчимд буусан гэж байгаа болохоос биш газар дээр нь буучихсан гэсэн зүйл энэ албан шаардлага дээр ч байхгүй байгаа юм. Тухайн албан шаардлагаар “...бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газар дээр зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн...” гэсэн үндэслэлийг гаргаж ирж, мөн “...бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах журам зөрчсөн байна. Иймд газрыг чөлөөл...” гэсэн хугацаатай албан шаардлагыг өгсөн. ******* “...би Г гэдэг хүнтэй тохиролцоод түүний газар дээр малаа бэлчээж байгаа учраас энэ албан шаардлагыг зөвшөөрөхгүй...” гэдгээ мэдэгдсэн. Гэтэл Улсын байцаагч 2019 оны 07 сарын 25-ны өдөр очиж “...Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 6 дахь хэсэгт заасныг зөрчиж байна...” гээд 1 000 000 төгрөгийн шийтгэл оногдуулсан.
Энэ асуудлыг Байгаль орчны хяналтын улсын байцаагч хянаж шалгахдаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулж чадаагүй. Учир нь, хэрэг бүртгэлтийн ажиллагаан дээрээс харахад гэрчүүдийн мэдүүлэг, холбогдогчийн тайлбарыг үндэслэсэн байдаг.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1-т “Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна” гэж заасан. Гэтэл прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхгүйгээр зөвхөн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ” гээд зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол гэж заасан байдаг.
Мөн зөрчилд холбогдогч өөрөө тухайн асуудлыг зөвшөөрөөгүй байхад хялбаршуулсан журмаар явуулчихсан байгаа нь процессын алдаатай болсон гэж үзэхээр байна. Нэг удаагийн зохицуулсан акт гаргаж, торгууль оногдуулсан байдаг. Захиргааны байгууллагаас үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ тухайн иргэдийг сонсох, нотлох баримтыг цуглуулах, нөхцөл байдлыг тогтоох, хэний эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа юм гэх зэрэг үйл баримтуудыг нарийвчлан тогтоох ёстой байтал энэ асуудлыг явуулж чадаагүй гэж үзэж байна. Бэлчээр, түүнийг зохистой ашиглах, хамгаалах гэдэг дээр сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүргийг зохицуулж зааж өгсөн байна.
Гаргасан акт нь хууль зүйн үндэслэл байхгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн асуудал байгаа учир шийтгэлийг хүчингүй болгуулъя гэж миний үйлчлүүлэгч шүүхэд гомдол гаргасан юм гэв.
Хариуцагч Б сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Б сумын 4 дүгээр багийн иргэн ******* нь “Шилийн худаг гэдэг газраас “Шаазан нуур”-ын баруун талд 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нүүж очсон байдаг. Нуурын ойролцоо байсан 5 айлын малын бэлчээр өвөлжөө хаваржааны суурин газарт буусан тул 4 дүгээр багийн иргэн ******* нь 11 хүний гарын үсэг бүхий өргөдөл иргэн *******, ******* нар сумын Засаг даргад гомдол гаргасан байдаг. Иргэдийн гомдол хүсэлтийн дагуу багийн Засаг дарга С.Эрдэнэбаяр нь тухайн бэлчээрийн газрыг чөлөөлөх мэдэгдэл өгсөн боловч хүлээн зөвшөөрөөгүй, тул дараагийн шатны арга хэмжээ авч өгнө үү гэсэн албан тоотыг сумын Засаг даргад өгсөн байсан.
Н. М нь албан шаардлагыг одоог хүртэл биелүүлээгүй явж л байна. Энэ хүнд “...бэлчээрийг чөлөөлж өг...” гэдэг шаардлагыг бараг 2 сарын хугацаатай тавилаа хэрэгжүүлээгүй. Ингээд эцсийн арга хэмжээ болох шийтгэлийн арга хэмжээг авсан. Миний бие иргэн *******-д удаа дараа холбогдох хуулиудыг тайлбарлаж, шаардлага тавьж, хоёр удаа ажлын хэсэгтэй очсон, хуулийг тайлбарлаж ойлгуулах гээд бараагүй, энэ хүнд хангалттай мэдэгдсэн. Зөрчлөө арилгаагүй учраас энэ арга хэмжээг авсан юм. Сумын Засаг дарга нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр захирамж гаргаж, хэрэгжүүлэх үүрэг өгсөн. Миний бие энэ хүнийг нүүчих байх гэж бодож наадам өнгөртөл харсан, гэтэл одоог хүртэл нүүгээгүй... ******* гомдол гаргахдаа “...байгаль орчныг хамгаалах, бэлчээрийг хамгаалах талаар *******-ын тавьсан шаардлагыг ойлгоогүй...” гэсэн байна. Энэ асуудал Газрын тухай хуульд тодорхой байгаа, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2005 онд “Газар эзэмшүүлэх, ашиглуулахад баримтлах журам” боловсруулж баталсан. Энэ журмаа 2017 онд дахин хэлэлцэж, дэлгэрэнгүй болгон баталсан. Үүнд: бэлчээр, хадлан, тариалан, түгээмэл тархацтай ашигт малтмалыг хэрхэн ашиглах вэ, иргэд ямар эрх, үүрэгтэй байх вэ гэдгийг тодорхой тусгаж өгсөний дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоолоор батлагдсан энэхүү журмыг бид барьж ажилладаг. Энэ журмын дагуу иргэд багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцож, дараа оны газар зохион байгуулалтын талаарх саналаа хэлдэг. Өөрсдийнх нь амьдрал ахуйтай холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа учраас иргэд хуралдаа очиж, саналаа хэлж, нийтээрээ хэлэлцээд өвөлжөө, хаваржаа, зуслангаа тогтоодог, ...иргэдийн санал нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар орж, төлөвлөгөөг баталдаг. Үүнийг сумын Засаг дарга хэрэгжүүлэх үүрэгтэй.
Өмгөөлөгч сая нийтийн эдэлбэр газар гэж яриад байх юм. Энэ бол нийтийн эдэлбэр газар биш малчдын бэлчээрийн газар юм шүү. Малын бэлчээр бол төрийн өмч юм. Иргэн хүн өвөлжөө, хаваржааны 1 га газар л авах ёстой. Бусад бэлчээр нь төрийн өмч. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т “... бэлчээрийн бүсийг тогтоож болно” гээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бүрэн эрхийг нь өгсөн заалт байгаа. Үүнийг үндэслэж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан дээрхи журам дээр “1 га газрын эргэн тойрны 2 км газар нь мал маллагааны бүс байна” гээд зааж өгсөн байгаа.
Дараагийн асуудал нь, “2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж өвөлжөө, хаваржааны газрыг чөлөөлнө” гэсэн заалт байдаг. Гэтэл ******* дур мэдэн өнгөрсөн жил ч, энэ жил ч буусан. Би өнгөрсөн жил бол юм хэлээгүй. өвөлжөө, хаваржааны бүс тогтоогоод өгчихсөн газарт нь хэн нэгэн дураараа буухаар иргэд гомдол гаргаж л таарна шүү дээ. Хамгийн гол нь ... газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу явах ёстой. Багийн хурлаар хэлэлцээгүй асуудлыг сумын хурлаар авч хэлэлцдэггүй. ... сумын эргэн тойронд Хэрлэн, Булган, Чойбалсан сумдын малчид байрладаг. Өдөр тутам газрын асуудлаар хэрүүл маргаан гардаг, тэр бүгдийг би зохицуулаад, зөрчлийг нь арилгаад явдаг. Хэрвээ өмгөөлөгчийн хэлж байгаагаар үүнийг зөрчил биш гэх юм бол би цаашдаа төрийн хууль хэрэгжүүлэх энэ ажлыг хийж чадахгүй юм байна. Тэгвэл хэн дуртай захын малчин ирж, тогтоосон бүсэд малаа бэлчээнэ. Өмгөөлөгч мөн “...прокурорт хянуулаагүй...” гэж байна. Бид өнөөдөр дугаар авахгүйгээр зөрчлийн материал бүрдүүлнэ гэж байхгүй шүү дээ. Дугаараа аваад бид 3 хоногийн дотор материалаа бүрдүүлж өгдөг энэ зөрчлийн хэрэг нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 08 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд прокурор дээр хянагдсан. Прокуророос хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн ямар нэгэн шийдвэр хариуг надад өгөөгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч Н. М нь “сумын Байгаль орчны улсын байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулсан 0165844 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага[1] гаргасан.
Хариуцагч Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* нь иргэн *******-ыг Газар эзэмшиж ашиглах, чөлөөлөх үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй үндэслэлээр, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3, хуулийн 9 дэх хэсгийн 9.1-д зааснаар ...нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн шийтгэл оногдуулжээ.
Б сумын .. дүгээр багийн иргэн *******ынх “Шилийн худаг” газраас “Шаазан нуур” баруун талд 2019 оны 5 дугаар сарын 26-нд нүүн очиж нутагласантай холбогдуулж, тус багийн иргэн *******, *******, ******* нарын 11 иргэний гарын үсэг бүхий өргөдөл, гомдлыг [2] багийн Засаг даргын нэр дээр гаргасны дагуу, багийн Засаг дарга нь ...тухайн бэлчээрийн газрыг чөлөөлөх мэдэгдэл[3] өгсөн боловч иргэн ******* нь тогтоосон хугацаанд биелүүлээгүй учир, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 94 дүгээр[4] албан бичгээр сумын Засаг даргад хандаж, ...улмаар сумын Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/65 дугаар захирамжийн дагуу Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Газрын даамал, Мал эмнэлэгийн улсын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ...”Шаазан нуур” газарт очиж ...хяналт шалгалтыг явуулж, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 12-04-317-02[5] тоот албан шаардлагыг иргэн *******-д хүргүүлсэн байдаг.
Гэтэл дээрхи шаардлагыг биелүүлж, газрыг чөлөөлөөгүй бэлчээрийг ашиглаж 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь ...албан шаардлагын хэрэгжилтийг шалгахад нүүгээгүй байсан нь ...эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр, бусдын эзэмшил бэлчээрийн газарт нүүн очиж олон тооны мал оруулж, ... газар чөлөөлөх үүргээ /тогтоосон хугацаанд/ биелүүлээгүй байсан байна. Хариуцагч тал дээрхи зөрчлийг арилгуулахын тулд ...эрх бүхий албан тушаалтны мэдэгдэл, албан шаардлага өгч байсан талаарх, ... хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн 9.1-д заасан үндэслэлээр, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3-т зааасны дагуу, ...нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл[6] оногдуулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Тэрээр гомдол гаргагч түүний өмгөөлөгч нь “ ...малчин бидэнд буух газар зааж өгдөггүй” гэх тайлбар, хариуцагчийн “...тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэх үед иргэд хуралд ирж санал хүсэлтээ гаргадаг иргэн Н.******* тухайд хуралдаа ирдэггүй, гэхдээ бэлчээрийн газартай айл юм” гэжээ. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1. “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн нутгийн онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын нөөц нутаг гэсэн ерөнхий хуваарийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж батална” мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-д ... тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно” заасныг ... иргэд, малчид ч хэрэгжүүлэх үүрэгтэй.
Гомдол гаргагч нь ... “Гуравны шил”-д өвөлжөө хаваржаа эзэмшдэг, зундаа “Гуравны булаг” газар малаа бэлчээж зусдаг, ...1000 орчим толгой малтай талаар тайлбарлаж байгаа бөгөөд ... өвөлжөө хаваржаа, зуслангийн бэлчээр эзэмшил газартай байж, бусдын бэлчээрийн газрыг зөвшөөрөлгүй ашиглах эрхгүй, тухайн багийн нэр бүхий иргэд нь ...эзэмшил газар, нутаг ус бэлчээрийг олон тооны малд талхлагдахаас хамгаалах ... эрхтэй юм. Харин гомдол гаргагчийн “Гуравны булаг” хэмээх нэртэй зуслангийн бэлчээр газарт бусад сумын айл өрх саад учруулж байгаа талаараа эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж асуудлыг шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байгааг дурьдах нь зүйтэй юм.
Мөн гомдол гаргагчийн өмгөөлөгчийн ...зөрчилд холбогдогч өөрөө тухайн асуудлыг зөвшөөрөөгүй байхад ... хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь процессын алдаатай гэжээ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1. “...зөрчил үйлдсэн нь ил тодорхой нотлогдсон, үндэслэлээр хялбаршуулсан журмаар зөрчлийг хянан шийдвэрлэсэн нь” хууль зөрчөөгүй байгаа бөгөөд, ...хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-т заасны дагуу прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж хянагдсан байна.
Иймд гомдол гаргагч Н.*******, Улсын байцаагчийн Зөрчилд шийтгэл оногдуулсан 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 0165844 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн 9.1-д заасныг тус тус баримтлан, гомдол гаргагч ******* *******, сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******-т холбогдуулан гаргасан, Зөрчилд шийтгэл оногдуулсан 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 0165844 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагч Н.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсанаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОЮУН
[1] Хавтаст хэргийн 1-р хуудас
[2] Хавтаст хэргийн 27-28-р хуудас
[3] Хавтаст хэргийн 26-р хуудас
[4] Хавтаст хэргийн 25-р хуудас
[5] Хавтаст хэргийн 44-45-р хуудас
[6] Хавтаст хэргийн 4-р хуудас