Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 862

 

В.Гантөмөрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00285 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч В.Гантөмөрийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Р.Тулга болон “Орчлон констракшн” ХХК-д холбогдох

 

12 868 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сарангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч В.Гантөмөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сарангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Гантөмөр миний бие нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хорооны “Гутал” ХК-ийн 28 дугаар байрны 155 тоот байрны хууль ёсны өмчлөгч байсан бөгөөд уг байрыг буулгаж, дахин барилгажуулах “Шинэчлэл-1” төслийн хүрээнд “Орчлон констракшн” ХХК нь дахин шинээр байр барих болсон юм. Ингээд хууль ёсны өмчлөгч надтай “Орчлон констракшн” ХХК нь 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “Орон сууцны нөхцөл сайжруулах тухай гэрээ”, 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 11/156 дугаартай “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г тус тус байгуулсан. Эдгээр гэрээний дагуу “Орчлон констракшн” ХХК нь шинээр баригдах барилгаас 69.95 м.кв талбай бүхий 3 өрөө сууцыг хүлээлгэн өгөх, миний бие нь үнийн дүнгийн зөрүү болох 13 836 000 төгрөгийг тус компанид төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээгээр тохиролцсон үүргийнхээ дагуу миний бие нь нийт 12 868 000 төгрөгийг төлсөн. Гэтэл Р.Тулга нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1/4396 тоот, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/12847 тоот, 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1/13018 тоот албан бичгүүдийг “Орчлон констракшн” ХХК-д хүргүүлснээр тус компани нь В.Гантөмөр надтай байгуулсан гэрээг, Р.Тулгын нэр дээр шилжүүлэн байгуулж, улмаар 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр орон сууцны түлхүүрийг Р.Тулгад шилжүүлэн өгсөн байдаг. Ингээд миний бие байргүй үлдсэний зэрэгцээ орон сууцны зөрүү үнэнд тушаасан 12 868 000 төгрөгөөр хохироод байна. Р.Тулга нь байрны зөрүү мөнгийг би “Орчлон констракшн” ХХК-нд тушаасан гэдэг боловч тус компани нь В.Гантөмөр надаас байрны зөрүү мөнгө авснаа тодорхойлдог юм. Иймд “Орчлон констракшн” ХХК-тай байгуулсан 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “Орон сууцны нөхцөл сайжруулах тухай гэрээ”, 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 11/156 дугаартай “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу В.Гантөмөр миний байрны мөнгөний зөрүү үнэнд тушаасан 12 868 000 төгрөгийг Р.Тулга болон “Орчлон констракшн” ХХК-наас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Орчлон констракшн” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй. Учир нь анх В.Гантөмөртэй орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээний дагуу тэрээр 12 868 000 төгрөгийг манай компанид төлсөн. Гэвч барилга баригдсаны дараа шүүхийн шийдвэрийн дагуу манай компанид албан бичиг ирснээр бид гэрээг Р.Тулгын нэр дээр шилжүүлж, түүнд түлхүүрийг өгсөн. Бид шүүхийн шийдвэрийг л биелүүлсэн тул В.Гантөмөрийн төлсөн мөнгийг буцаан төлөх үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч Р.Тулга шүүхэд гаргасан тайлбартаа: Р.Тулга миний бие нь нэхэмжлэгч В.Гантөмөрөөс байрны үнийн зөрүү гэж нэг ч төгрөг аваагүй болно. Нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтууд нь бүгд “Орчлон консракшн” ХХК-д мөнгө тушаасан баримтууд байна. “Орчлон консракшн” ХХК ямар учиртай төлбөр авсан тухайгаа тайлбарлаж хариуцагчаар дангаараа оролцох үндэслэлтэй байна. Иймд хариуцагч гэх Р.Тулга миний биеийг энэхүү нэхэмжлэлийн хариуцагчаас хасаж өгөхийг хүсье гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Орчлон констракшн” ХХК-иас 12 868 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч В.Гантөмөрт олгож, хариуцагч Р.Тулгад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч “Орчлон констракшн” ХХК-иас 220 838 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220 838 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Ганзориг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00285 дугаартай шийдвэрийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадсангүй.

Учир нь тус хэрэгт хариуцагчаар оролцсон “Орчлон констракшн” ХХК нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин барилгын нөхцөлийг сайжруулах төсөл хэрэгжүүлж Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах гутлын 28 дугаар байрыг шинэчлэн барьсан. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр шинээр барьсан Эв-Эе 28 дугаар байрны 155 тоотод байрлах 69.95 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны төлбөрт хуучин гутлын 28 дугаар байрны 15 тоот 58.42 м.кв талбай бүхий орон сууцыг хөрөнгө оруулалтад тооцон, талбайн зөрүү 11.53 м.кв талбайн үнэ болох 13 836 000 төгрөгийг В.Гантөмөр нь төлж барагдуулах үүрэг хүлээсэн. “Орчлон констракшн” ХХК-ийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж 155 тоотын 69.95 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан.

Харин В.Гантөмөр, Р.Тулга нар нь хоорондоо зээлийн гэрээний маргаантай байсан бөгөөд тус маргаан нь Улсын Дээд шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 881 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн байдаг. Шүүхээс Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 28 дугаар байрны 155 тоот орон сууцны өмчлөгчөөр Р.Тулгыг бүртгэж, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт үүрэг болгон шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас ажиллагаа хийж тус орон сууцны гэрээг Р.Тулгын нэр дээр шилжүүлэхийг шаардсан. Манай компанийн зүгээс нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, түүнийг биелүүлж байгаа шийдвэр гүйцэтгэх албаны шаардлагыг биелүүлсэн.

Тиймээс “Орчлон констракшн” ХХК нь өөрсдийн барьж ашиглалтанд оруулсан орон сууцны талбайн зөрүү үнийг гэрээний дагуу В.Гантөмөрөөс авсан нь хуульд нийцсэн. “Орчлон констракшн” ХХК нь Р.Тулгаас төлбөр нэхэмжлэх үндэслэл байхгүй бөгөөд зөвхөн шүүхийн шийдвэрийн дагуу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн.

Харин нэхэмжлэгч В.Гантөмөр нь зөрүү талбайн үнийг төлсөн орон сууцныхаа өмчлөх эрхийг шүүхийн шийдвэрийн дагуу Р.Тулгад шилжүүлэхээр болсон нь зөрүү талбайн үнийг “Орчлон констракшн” ХХК-аас буцаан нэхэмжлэх үндэслэл болохгүй юм.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00285 дугаартай шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагч Р.Тулга болон “Орчлон констракшн” ХХК-д холбогдуулан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу талбайн зөрүүд илүү төлсөн 12 868 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч В.Гантөмөр гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна.

 

Нэхэмжлэгч В.Гантөмөр, хариуцагч “Орчлон констракшн” ХХК-ийн хооронд 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдөр орон сууцны нөхцөл сайжруулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “Орчлон констракшн” ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 28 дугаар байрны суурин дээр шинээр орон сууцны барилга барих хөрөнгө оруулалтыг гарган гэрээнд заасан хугацаанд барилгыг барьж ашиглалтад оруулах, орон сууцны өмчлөгч В.Гантөмөр нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг чөлөөлөхөөр тохиролцжээ.

 /хэргийн 8-10 дугаар тал/

 

Талууд дээрх гэрээг үндэслэн 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, гутал 28 дугаар байрны 15 тоот 58.42 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хөрөнгө оруулалтад тооцон хариуцагчид шилжүүлж, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Эв эе-28 дугаар байрны 2 дугаар орцны 145 тоотод байрлах 69.95 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг захиалж, орон сууцны талбайн зөрүү 11.53 м.кв талбайн үнэд 13 836 000 төгрөгийг хариуцагчид төлөхөөр талууд тохиролцсоны дагуу нэхэмжлэгч В.Гантөмөр 12 868 000 төгрөгийг “Орчлон констракшн” ХХК-д төлсөн болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт болон “Орчлон констракшн” ХХК-ийн орлогын тасалбараар тогтоогдсоныг хариуцагч нар үгүйсгэж маргаагүй байна.

/хэргийн 11-13 дугаар тал/

Хэрэгт нэхэмжлэгч В.Гантөмөрийн хариуцагч Р.Тулгад холбогдуулан гаргасан маргаан бүхий орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2920 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон үндэслэлдээ В.Гантөмөрийн Г.Энхсайханд холбогдуулан гаргасан орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл болон Б.Чулуунбаатар, В.Гантөмөр нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, В.Гантөмөрийн нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулж, өмчлөх эрхээ сэргээлгэхээр Р.Тулгын бие даасан шаардлагаас орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Р.Тулга зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн тохиолдолд орон сууцны өмчлөх эрхийг түүний нэр дээр шилжүүлэхийг В.Гантөмөрт, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 28 дугаар байрны 155 тоот орон сууцны өмчлөгчөөр Р.Тулгыг бүртгэж, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт үүрэг болгож шийдвэрлэсэн талаар Хан-Уул дүүргийн шүүх 2010 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 783 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүх мөн оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 949 дүгээр магадлал, Улсын Дээд шүүх 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 881 дүгээр тогтоолуудад дүгнэснийг зохигчид үгүйсгээгүй байна. /хэргийн 43-47 дугаар тал/

 

Улмаар дээрх шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар хариуцагч Р.Тулга нь нэхэмжлэгчид зээлийн төлбөрийг төлснөөр хариуцагч “Орчлон констракшн” ХХК нэхэмжлэгч В.Гантөмөртэй байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ дуусгавар болж, хариуцагч “Орчлон констракшн” ХХК нь хариуцагч Р.Тулгатай гэрээ байгуулж, орон сууцыг шилжүүлсэн үйл баримт зохичдын тайлбараар тогтоогджээ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Р.Тулга нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцааны гэрээний дагуу нэхэмжлэгч В.Гантөмөрт өөрийн өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн үед нэхэмжлэгч нь хариуцагч “Орчлон констракшн” ХХК-тай дээрх гэрээг байгуулж, улмаар шүүхийн шийдвэрээр орон сууцны өмчлөх эрх Р.Тулгын нэр дээр буцаан бүртгэгдсэн үйл баримтын талаар талууд маргаагүй тул хариуцагч “Орчлон констракшн” ХХК нь нэхэмжлэгчээс дуусгавар болсон гэрээний дагуу шилжүүлэн авсан 12 868 000 төгрөгийг төлөхөөс татгалзах эрхгүй болно.

 

Иймээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй.” гэж зааснаар нэхэмжлэгч В.Гантөмөр нь хариуцагч “Орчлон констракшн” ХХК-д талбайн зөрүүд төлсөн 12 868 000 төгрөгийг түүнээс гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагч “Орчлон констракшн” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00285 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Орчлон констракшн” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220 838 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

     

                                  ШҮҮГЧИД                                  М.НАРАНЦЭЦЭГ

 

                                              С.ЭНХТӨР