| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2021/0141/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/147 |
| Огноо | 2021-03-09 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/147
2021 03 09 2021/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,
улсын яллагч Б.Энхбат,
шүүгдэгч А.Унарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Уд холбогдох эрүүгийн 2002005470342 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт 0000 тоотод оршин суух хаягтай, 00 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, А.У /РД:аа0000/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.Унь 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “Истанбул-Улаанбаатар” чиглэлийн ОМ-7162 дугаартай тусгай үүргийн нислэгийн онгоцоор Бүгд Найрамдах Турк улсаас зорчин ирэхдээ Монгол Улсад орох, гарах, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, зохих зөвшөөрөлгүйгээр буюу Е1960663 серийн дугаартай, О.Огэх хүний гадаад энгийн паспортыг ашиглан Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буянт-Ухаа” боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч А.Унь 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “Истанбул-Улаанбаатар” чиглэлийн ОМ-7162 дугаартай тусгай үүргийн нислэгийн онгоцоор Бүгд Найрамдах Турк улсаас зорчин ирэхдээ Монгол Улсад орох, гарах, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, зохих зөвшөөрөлгүйгээр буюу Е1960663 серийн дугаартай, О.Огэх хүний гадаад энгийн паспортыг ашиглан Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буянт-Ухаа” боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн болох нь:
“Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Б.О-н “...2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “Станбул-Улаанбаатар” чиглэлийн ОМ7182 дугаар аяллын онгоцонд зорчигчийн баримт баримт бичиг шалгах манаанд үүрэг гүйцэтгэх хугацаанд Одхүү овогтой Отгонтөгс /РД:ТА98080101/, Е1960663 тоот паспорттой/ нь 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Буянт-Ухаа 020” тоот штампыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй байсан тул ахлагч С.Дөлгөөнд мэдэгдэж шийдвэрлүүлсэн...” тухай албан тушаалтны тодорхойлолт /хх-ийн 11/
“-Шинжилгээнд ирүүлсэн Е1960663 гэсэн сери, дугаартай О.О-ийн Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт нь жинхэнэ.
-Шинжилгээнд ирүүлсэн шинжилж буй Е1960663 гэсэн сери, дугаартай О.О-ийн Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортын 32 дугаар хуудсанд байх шинжилж буй тэмдгийн дардас болон шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн тэмдгийн дардсууд нь нэг бараар дарагдаагүй. ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 73-81/
“-Шинжилгээнд ирүүлсэн Е1960663 гэсэн сери, дугаартай үндэсний энгийн гадаад паспортын зураг А.А.Угийн гэх зурагтай тохирохгүй.” Гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85-91/
Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120/-аар тогтоогдож байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогчийг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, шүүх эмнэлгийн шинжилгээ /№4136, №4137/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь “Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн” үйлдлийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан.
Монгол Улсын Хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ” гэж заасан ба улсын хил нь халдашгүй дархан байх бөгөөд бусдын бичиг баримт ашиглан Монгол Улсын хилээр орох, гарах үйлдэл нь Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн гэмт үйлдэл юм.
Түүнчлэн Үндэсний гадаад паспорт нь Монгол Улсын төрийн өмч бөгөөд Монгол Улсын иргэнийг гадаад улсад зорчин явааг батлан гэрчлэх, эрх олгосон баримт бичиг болох утгаар түүнийг зөвхөн тухайн бичиг баримтын эзэмшигч өөрөө ашиглах үүрэгтэй тул бусад этгээд өөр хүний бичиг баримт ашиглах, ашигласан үйлдэл нь хууль бусд тооцогдоно.
Хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч А.Унь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр буюу Монгол Улсын хилээр орох, гарах, хил нэвтрэхдээ бусдын бичиг баримтыг ашиглаж болохгүй гэдгийг мэдсээр байж 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “Истанбул-Улаанбаатар” чиглэлийн ОМ-7162 дугаартай тусгай үүргийн нислэгийн онгоцоор Бүгд Найрамдах Турк улсаас зорчин ирэхдээ Монгол Улсад орох, гарах, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, зохих зөвшөөрөлгүйгээр буюу Е1960663 серийн дугаартай, өөрийн садан төрлийн хамаарал бүхий хүн болох О.Огэх хүний гадаад энгийн паспортыг ашиглан Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буянт-Ухаа” боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч А.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, түүний хувийн байдал /...26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт амьдардаг.../ зэргийг харгалзан А.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.А.Уд оногдуулсан 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Уд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.
Мөн шүүгдэгч А.Угийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Уг 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.А.Уд оногдуулсан 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч А.Уд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Е1960663 серийн дугаартай Монгол Улсын иргэн Б.О, Е1579218 серийн дугаартай Монгол Улсын иргэн А.У нарын гадаад энгийн 2 ширхэг гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Улсын бүртгэлийн Ерөнхий газарт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг А.Уд сануулсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР