| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2020/0822/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/148 |
| Огноо | 2021-03-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Энхболд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/148
2021 03 09 2021/ШЦТ/148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,
улсын яллагч П.Энхболд /томилолтоор/,
хохирогч Д.Б, түүний өмгөөлөгч Л.Доржпүрэв.
шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Н.Мөнхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Од холбогдох эрүүгийн 2010000000920 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1950 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр аа суманд төрсөн, 71 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, 208 тоотод оршин суух хаягтай, урьд
-Улаанбаатар хотын шүүхийн 1983 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №182 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн “в” ангид зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, Д.О /РД:аа0000/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.О нь 00 тоотод 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Бг зодож түүний биед доод уруулын нэвт шарх, доод уруулын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.О нь 0000 тоотод 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Бг зодож түүний биед доод уруулын нэвт шарх, доод уруулын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
5. Гэрч Д.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.О ах гарч ирэх гэж байгаад буцаад гал тогоо руу гүйгээд орсон. Тэгсэн эхнэр гэнэт орилох шиг болохоор нь гүйгээд ортол гал тогоонд нил цус болчихсон Д.О ах бас цус болчихсон байсан ба эхнэрийн ам хэсгээс цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10442/-ний:
“-Д.Бгийн биед доод уруулын нэвт шарх, доод уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.
-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-21/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь урьд Улаанбаатар хотын шүүхийн 1983 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №182 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн “в” ангид зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-32/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 34-36/-аар тогтоогдлоо. Одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдлын талаарх ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10442/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбодь буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байх гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэжээ.
Хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Д.О нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны 01 тоотод 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Д.Бг зодож түүний биед доод уруулын нэвт шарх, доод уруулын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүдэгч болон түүний өмгөөлөгч нар хохирогчийг цохиогүй, өөр хүнд зодуулсан байх боломжтой, хавтаст хэргийн материалтай танилцаагүй гэж гэм буруу дээрээ маргаж, цагаатгах байр суурьтай оролцов.
Хавтаст хэрэгт авагдсан хэргийн материал танилцуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 46/-д шүүгдэгч Д.О нь “уншиж танилцав” гээд гарын үсэг зурсан байх тул шүүгдэгчийг хэргийн материалтай танилцсан гэж үзэх үндэслэлтэй.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл хэдийгээр шүүгдэгч гэмт хэргийн дуудлага мэдээлэл өгсөн хүн буюу хохирогчийн дүү нь Д.Бг найзууддаа зодуулсан гэж мэдээлэл өгсөн байсан учраас надаас өөр хүнд зодуулсан байх магадлалтай, би тухайн өдөр маш их согтолттой байсан тул юу болсныг санахгүй байна гэдэг боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хохирогчид хууль сануулж авсан мэдүүлэг /хх-ийн 11/-ээр болон хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...нөхөр Д.О ах хоёр хоёулаа согтсон унтаж байсан. Ингээд нөхрөө сэрээгээд Д.О ахыг гэрт нь хүргэж өг гэж хэлээд байж байтал Д.О ах үүдэнд хувцсаа өмсөх байж байгаад гал тогооны өрөө рүү ороод ирэхээр нь та одоо гэр лүүгээ харих гэж байна уу гэхэд намайг үнсэх гээд над руу дайраад цонхонд шахаад толгой руу цохиж үстээд цус нөж болсон. Манай гэрт Д.О ахаас өөр гадны хүн байгаагүй” гэсэн мэдүүлгээр тухайн хэрэг учрал болох үед хохирогч Д.Б нь нөхөртэй нь хамт ирсэн шүүгдэгч Д.Ог хүндэтгэж хоол хийж өгсөн, ...үнсэх гэхэд нь эсэргүүцэл үзүүлэхэд шүүгдэгч нь хохирогчийг цохьсон үйл баримт тогтоогдож байна.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Б нь “...Анх би хуурай дүү рүүгээ залгаад манай нөхөр гаднаас нэг хүнтэй хамт орж ирсэн. Тэр хүн эгчийг нь зодчихлоо гэж хэлсэн. Ингээд манай дүү цагдаад дуудлага өгсөн. Манай дүү буруу ойлгосон байна. Нөхрийн найз зодсоныг найзууд гэж ойлгосон бололтой” гэж мэдүүлжээ. Иймд хохирогч, түүний нөхөр, шүүгдэгч нараас өөр хүн тухайн гэрт байгаагүй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад хохирогч нь “хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй.” ...4 дэх хэсэгт “хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ...худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоос авсан мэдүүлгүүд нь хууль сануулж авсан нотлох баримтын шаардлагыг хангасан анхдагч нотлох баримтад тооцогдоно.
Нөгөөтэйгүүр хохирогч Д.Б, шүүгдэгч Д.О нарын хооронд өр авлага, өс хонзон зэрэг хувийн болоод хоорондын таарамжгүй харилцааны улмаас шүүгдэгчийг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх үндэслэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй, хохирогчид хууль сануулж авсан мэдүүлэг нь нотлох баримтын тул насанд хүрээгүй хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг шүүх үндэслэл бүхий гэж дүгнэн, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Харин шүүгдэгч нь тухайн өдөр 2 шил архийг хохирогчийн нөхөртэй хувааж уусан гэх бөгөөд маш их согтолттой байсан тул юу болсныг санахгүй байна гэж мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлжээ. Иймд шүүгдэгчийн хохирогчид гэмтэл учруулаагүй гэх мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй.
Учир нь шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, мөн тэрээр хэрэг учрал болох үед маш их согтолттой байсан гэх тул өөрийн хийсэн үйлдэл, болсон үйл явдлыг бодитоор санах чадваргүй байсан гэж үзэх үндэслэлтэй тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч Д.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.
Хохирогч хавтаст хэрэгт эмчилгээтэй холбоотой 4 ширхэг, нийт 220.800 төгрөгийн баримт гарган өгчээ. Иймд хохирогчийн баримтаар гаргаж өгсөн 220.800 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. Харин хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт 200.000 төгрөгөөр шүдний эмчилгээ хийлгэсэн гэх боловч энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул уг нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзлаа.
Харин хохирогч нь гэм хортой холбоотой хохирол, цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлав
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...жараас дээш насны эрэгтэй хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж болохгүй”, гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал /... 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Улсын яллагчаас санал болгосон ялын саналыг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ог 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зохимжтой гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Од оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг тэрээр тэтгэврээр орлогожиж амьдардаг тул 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Мөн шүүгдэгч Д.Он үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ог 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Од оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Д.Од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Огоос 220.800 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Бд олгосугай.
6. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Д.Од сануулсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР