| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2021/0108/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/149 |
| Огноо | 2021-03-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/149
2021 03 09 2021/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,
улсын яллагч Б.Гүнсэл,
шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Жд холбогдох эрүүгийн 2010010171071 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймагт төгсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт 0000 тоотод оршин суух хаягтай, урьд
-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 575 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, Б.Ж /РД:аа0000/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Ж нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 0000 хороололд өөрийн гэртээ байхдаа иргэн Х.Ш-ийн Ц.Т-д өгсөн Хаан банкны картыг Ц.Т-с авч, 7 удаагийн гүйлгээгээр, нууцаар, хууль бусаар 990.250 төгрөгийг хулгайлан авч бусдад 990.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Ж нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 0000 хороололд өөрийн гэртээ байхдаа иргэн Х.Ш-ийн Ц.Т-д өгсөн Хаан банкны картыг Ц.Т-с авч, 7 удаагийн гүйлгээгээр, нууцаар, хууль бусаар 990.250 төгрөгийг хулгайлан авч бусдад 990.250 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1.Шүүгдэгч Б.Жын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Х.Шын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Буянт-Ухаа 2 хороололд айлд ирэхэд том нь болох 10 орчим насны эрэгтэй хүүхдэд өөрийн Хаан банкны картыг өгөөд 10.000 төгрөгт багтааж дүү нартаа гоё юм авч өгөөрэй гэж хэлээд өөрийн Хаан банкны картаа өгөөд “нууц дугаараа хэлээд” явуулсан, би Тэмүүжинтэй архи уугаад нэлээн орой өөрийн гар утсаа үзэхэд 7 удаагийн үйлдлээр нийт 950.000 төгрөг миний Хаан банкны данснаас зарлага гарсан байсан тул уг айлд хамт ирсэн. Тэмүүжингээс асуух гэтэл унтаад сэрэхгүй байсан тул би тэр дор нь Хаан банкны лавлах утас руу залгаад өөрийн 0000дугаартай дансаа хаалгаад хүүг хайсан боловч байхгүй байсан. Тэмүүжин гэрийг нь мэднэ мөн Жавзандулам олдоно та картаа хаалгасан бол боллоо гэж хэлээд намайг дагуулан Сонгинохайрхан дүүрэгт байрлах гэр хорооллын айлууд дунд байшинтай айл руу ороход миний Хаан банкны карт өгсөн 10 орчим насны хүү Төгөлдөр ганцаараа байсан. Би Төгөлдөрөөс Хаан банкны картаа асуухад Б.Ж эгч надаас булааж аваад өчигдөр намайг энд эмээгийнд буулгаад явсан. Одоо Жавзандулам эгчийг хаана байгааг мэдэхгүй. Манай эмээ ажилдаа явсан. Би гэртээ ганцаараа байна гэх хэлсэн тул Тэмүүжин намайг дагуулан эмээгийнх нь ажил дээр очиход 50 гаран насны эмэгтэй өөрийгөө Нансалмаа гэж танилцуулан өчигдөр орой Жавзандулам ирээд надад 200.000 төгрөг өгөөд явсан гэж хэлээд надад буцаан 200.000 төгрөг өгөөд Б.Жыг одоо хаана байгааг нь мэдэхгүй байна гэж хэлсэн. Намайг 10 настай Төгөлдөр хүүд картаа өгөөд, нууц дугаараа хэлж байхыг хөндлөнгөөс Б.Ж сонсоод араас нь гарч Төгөлдөр хүүгээс миний хаан банкны картыг аваад явсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50/
4. Гэрч Э.Эрдэнэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн үед Ш Б.Ж, мөн 10 настай Т хоёрыг асууж, данснаас 950.000 төгрөгийн зарлага гарсан байна. Миний картыг аваад явсан хүү хаана амьдардаг, хэний хүүхэд болох талаар асууж байсан. Удалгүй Тэмүүжинтэй хамт гараад явсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59/
5. Гэрч Я.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг гэртээ байхад миний охин Жавзандулам ирээд надад 200.000 төгрөг өгөөд удалгүй гараад явсан. Тухайн үед төрсөн эгчийнхээ хүүхэд болох Төгөлдөрийг үлдээгээд явсан. Маргааш нь буюу 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр манай гэрт Тэмүүжин танихгүй залуутай ирээд надад болсон асуудлын талаар ярьж Ж-тай холбоо барих утасны дугаар асуухад нь өчигдөр над дээр ирээд 200.000 төгрөг хадгалуулаад явсан гэж хэлээд 200.000 төгрөгийг бэлнээр Тэмүүжинтэй хамт явсан залууд өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62/
6. “Хаан банк” ХХК-иас ирүүлсэн Х.Шын 0000 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 19/
7. Шүүгдэгч Б.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ш манай хамаатны дүү Төгөлдөрийг дуудаад дүү нартаа 10.000 төгрөгт зайрмаг авч өгөөрэй гэж хэлээд Хаан банкны картыг өгөөд явуулахад нь би Төгөлдөртэй хамт гэрээс гарч Нисэхийн байрны буудлын хаан банкны АТМ орж хоёр удаа нийт 240.000 төгрөг, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Энхжин худалдааны төвийн АТМ орж 310.000 төгрөг 3 удаагийн гүйлгээгээр аваад Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 80-5 тоотод оршин суух төрсөн ээж Нансалмаагийн гэрт очиж Төгөлдөрийг үлдээж ээж Нансалмаад 200.000 төгрөг үлдээгээд буцаж Буянт-Ухаа 2 хороолол гэр рүүгээ явах гэж байгаад замаараа Нисэхийн байрны буудалд байдаг Хаан банкны АТМ орж 300.000 төгрөг аваад гэр рүүгээ орохоо болиод буцаад Цэргийн хотхонд очсон. Миний халаасанд Ш-н Хаан банкны карт нь байсан. Тухайн үед би Тэмүүжинтэй утсаар ярьж байгаад Ш-н Хаан банкны картыг өгнө гэж бодож байсан боловч уг хаан банкны карт халааснаас алга болсон байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ж нь урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 575 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69/-аар тогтоогдож байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг бөгөөд хууль ёсны өмчлөгчийн эзэмшлээс түүний эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар гэмт хэргийн бүрдэл төгсдөг.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заажээ.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Ж нь хохирогч Х.Ш-ын өмчлөлийн Ц.Т-т өгсөн Хаан банкны картыг Ц.Тс авч, картыг Х.Ш-н эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар, түүнд мэдэгдэлгүйгээр 7 удаагийн гүйлгээ хийж хохирогчийн данснаас нийт 990.250 төгрөгийг авч бусдад 990.250 төгрөгийн хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Ш-т 990.250 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хавтаст хэрэгт хохирогчийн “...надад буцаан 200.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50/ байх тул хохирогчийн нэхэмжилсэн 990.250 төгрөгөөс 200.000 төгрөгийг хасч, шүүгдэгч Б.Жавзандуламаас 790.250 төгрөг гаргуулж хохирогч Х.Ш-т олгохоор тогтлоо.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан хэдийгээр Улсын яллагчийн зүгээс 6 сарын хугацаатай хорих ял оногдуулах ялын саналыг гаргасан боловч шүүгдэгч Б.Ж-ын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн, мөн түүний хувийн байдал /...29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт амьдардаг, 2 сартай буюу бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон ганц бие эмэгтэй...” зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүд, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад заасныг журамлан тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авах нь зохимжтой гэж үзлээ.
Шүүгдэгчид албадлагын арга хэмжээ хэрэглэж буйтай холбоотойгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Б.Ж нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд сануулав.
Шүүгдэгч Б.Ж д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүд, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад заасныг журамлан Б.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх эсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Б.Ж д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж с 790250 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Ш-т олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Б.Ж нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд сануулсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР