Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/254

 

 

 

 

 

 

   2021         04           28                                 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго хөтлөн,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг /ҮД:2149/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Б дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар  ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч М холбогдох эрүүгийн 00000000 дугаартай хэргийг 2021 оны 0 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М нь 2020 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Нийслэлийн Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 214 дүгээр байрны орцонд иргэн Ггийн цүнхийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, 400.000 /дөрвөн зуун/ мянган төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,

Дээрэмдэх явцдаа түүний биед халдаж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, өмдийг тайлж, хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн буюу хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар   

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “ Шүүгдэгч М нь 2020 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Нийслэлийн Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 214 дүгээр байрны орцонд иргэн Ггийн цүнхийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, 400.000 /дөрвөн зуун/ мянган төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,

Дээрэмдэх явцдаа түүний биед халдаж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Мөн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, өмдийг тайлж, хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн буюу хүчиндэхийг завдсан гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримтыг тогтоохын тулд шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Ггийн гэрчээр өгсөн “...2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 18 цагийн үед найзуудын хамт хоолонд ороод бага зэрэг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд найз О 23 цагийн үед Б дүүргийн 0 дугаар хороо, 214 байранд байрлах гэртээ хүргүүлсэн. Тэгээд гэртээ орохоор орцны хаалга онгойлгох гэтэл код хийхэд ердөө онгойхгүй байсан. Би 10-15 минутад орцны үүдэнд хүн харж ирэхийг хүлээгээд хүүхэд рүүгээ залгаж ярих гэтэл утас болохгүй байсан. Тэгтэл миний хажуугаар үл таних хүн орцны хаалга онгойлгоод орохоор нь би дагаад цуг орсон. Нөгөө үл таних хүн лифтэнд суухаар нь мөн дагаад орсон. Би лифтний 13 давхрыг дарахад нөгөө залуу 13 давхарт надтай цуг буусан. Би гэртээ орох гэтэл нөгөө үл таних залуу намайг хөөе, хөөе гэж дуудаад татаж яваад орцны аваарын явган хүний шат руу чирээд гардаг хаалгыг нь хаагаад миний rap цүнх дотор нь байсан эд зүйлүүдийг булааж авсан...”  /хх-ийн 27-28 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ггийн хохирогчоор дахин өгсөн “...Тэгээд тэр залуу шууд над руу дайраад манай байрны шат руу гардаг хаалга руу түлхэж оруулж хаалгыг нь хаасан тэгээд шууд над руу дайраад цүнхийг минь булааж аваад намайг гараараа цааш нь түлхээд шатны булан руу шахаж түлхэж оруулаад миний биед халдсан. Намайг шууд түлхэж унагаагаад миний хөлөөс татсан. Хөлөөс татаж миний баруун хөлийн гутлыг тайлаад баруун хөлийн хоёр давхар өмдийг маань тайлж над руу дайрсан тухайн үед би түүнийг өөрөөсөө зайлуулах гэж ноцолдсон. Тэр залуу миний өмдийг тайлах гэж байхад нь би түүнтэй ноцолдож эхэлсэн. Тэр залуу миний баруун гарыг мушгисан. Би юу хүсээд байгааг нь асуухад мөнгө өг гэсэн. Тэгээд би надад одоо мөнгө байхгүй, гэртээ ороод мөнгө авад өгье гэж хэлэхэд зөвшөөрсөн. Би гэрийнхээ хаалгыг тогшиход манай хүү гарч ирсэн бөгөөд би гэртээ орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Т гэрчээр өгсөн “...2020 оны 02 дугаар сарын 03-ны шөнө 00 цагийн үед манай ээж хаалга тогшоод орж ирсэн. Орж ирэхэд манай ээж архи уучихсан согтуу байсан. Тэгээд суулгаад гутлыг нь тайлах гэхэд би цүнхээ алдчихлаа гэсэн”...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн 000 дугаартай “...Ггийн биед баруун гарын дунд хурууны шивнүүр ясны далд хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, зүүн гуяны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Ггийн баруун гарын дунд хурууны шивнүүр ясны далд хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 38-39 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн 000 дугаартай “...Ггийн биед охин хальс бүрэн сорвижсон, үтрээний арчдас наалдцад эр бэлгийн эс илрээгүй, бэлэг эрхтэнд гэмтэл тогтоогдоогүй, жирэмсэн биш, биед учирсан гэмтлийг 2250 дугаартай үнэлгээгээр тогтоосон...” гэх дүгнэлт /хх-ийн 47-48 тал/,

 

“А” ХХК, “К” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний...”375.000, 25.000 төгрөгийн үнэтэй...” гэх дүгнэлт /хх-ийн 42-45, 92-94 тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-13 тал/,

 

Таньж оруулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-17 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Мын гэрчээр болон яллагдагчаар татагдаж өгсөн “...Би 2020 оны 02 дугаар сарын 02-ны өглөө 05:00 цагийн үед 65 дугаар байрны орцонд найз нарын хамт байж байгаад Б дүүргийн 0 дугаар хороонд байрлах “Б” зах дээр очиж ажиллаа хийсэн. Тэгээд 18 цагийн үед ажиллаа тараад Апу бөөний худалдааны төвийн хажууд үл таних ачигчтай 3 шил архи хувааж уусан. Ойролцоогоор 3 цагийн дараа 65 дугаар байр орж ус уусан. Дараа нь Содон хороололд найзындаа очиход хаалга нь хаалттай байхаар нь буцаад 65 дугаар байранд ирсэн. Тэгээд би орцонд байж байгаад 03-ны өглөө “Барс” зах дээр очиж ажилласан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зарим зүйлээ санадаггүй. Хяналтын камер дээр байгаа хүн би мөн байна...”

“...Би тэр өдрийн талаар үнэхээр санахгүй байна. Нэмж хэлэх зүйл байхгүй, би согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34, 103-104 тал/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Мын өгсөн “ Би тухайн өдөр гаднаас 13 давхарт буугаад аваарын шат руу цүнхийн аваад зугтаасан. Тэр хүн араас цүнхээ авах гээд аваарын шат руу явахад тэр эмэгтэй бид хоёр газарт унасан. Тухайн үед бид хоёр согтолттой байсан. Би босоод явах гэхэд хөлөөрөө намайг цохиход гутал нь сугарсан. Би босоод цүнхийн аваад лифтэнд суугаад явсан... Би цүнхийн аваад аваарын шат руу явах гэтэл тэр бүсгүй цүнхнээсээ тавихгүй зууралдаад тэгээд аваарын шат руу цуг унасан. Би босоод цүнхийн аваад явсан. Тэр бүсгүйг хүчиндэх зүйл болоогүй...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор шүүгдэгч Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64, 166 тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 63 тал/, Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивын хуулбар /хх-ийн 72-75 тал/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 76-82 тал/, Нийслэлийн Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс /хх-ийн 87-88 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Б дүүргийн прокуророос шүүгдэгч Мыг 2020 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Нийслэлийн Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 214 дүгээр байрны орцонд иргэн Ггийн цүнхийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон”, хохирогч Гг дээрэмдэх явцдаа түүний биед халдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчилж ирүүлсэн бөгөөд эдгээр үйл баримтууд нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болох шүүгдэгчийн өгсөн хохирогчийн цүнхийг хүч хэрэглэж дээрэмдсэн, дээрэмдэх явцдаа түүнийг биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлүүдээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Ггийн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн 2250 дугаартай “...Ггийн биед баруун гарын дунд хурууны шивнүүр ясны далд хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, зүүн гуяны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Ггийн баруун гарын дунд хурууны шивнүүр ясны далд хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 38-39 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Харин шүүгдэгч Мыг  2020 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Нийслэлийн Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 214 дүгээр байрны орцонд иргэн Ггийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, өмдийг тайлж, хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн буюу хүчиндэхийг завдсан гэх үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсонгүй гэж шүүх дүгнэлээ. Тодруулбал, хохирогч Г нь энэ хэрэгт холбогдуулан нийт 4 удаа мэдүүлэг өгсөн байх ба 2020 оны 02 дугаар сарын 03-ны шөнийн 03 цагт мэдүүлэг өгөхдөө түүнийг дээрэмдсэн мөн хүчиндэхийг завдсан гэж, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр түүнийг хохирогчоор тогтоож хууль сануулж авсан мэдүүлэгт түүнийг дээрэмдсэн гэж, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр түүнд хууль сануулж авсан гэрчээр асуусан мэдүүлэгт шүүгдэгч түүнийг дээрэмдсэн гэж,  2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр түүнээс хохирогчоор мэдүүлэг дахин авахад  түүнийг дээрэмдсэн, мөн хүчиндэхийг завдсан гэж мэдүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл хохирогчийн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй, тогтвортой биш, эргэлзээтэй, тэрээр  2020 оны 02 дугаар сарын 03-ны шөнийн 03 цагт мэдүүлэг өгөх үедээ “...би 2 шил архи уусан байсан, нэлээн согтолттой байсан ” гэж мэдүүлсэн нөхцөл байдал нь хохирогч мэдүүлэг өгөх үедээ айсан сандарсан, бодит байдлыг бүрэн хянах боломжгүй байсан байх магадлалтай гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Мөн түүнчлэн хохирогч Ггийн хүү  С.Т гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...2020 оны 02 дугаар сарын 03-ны шөнө 00 цагийн үед манай ээж хаалга тогшоод орж ирсэн. Орж ирэхэд манай ээж архи уучихсан согтуу байсан. Тэгээд суулгаад гутлыг нь тайлах гэхэд би цүнхээ алдчихлаа гэсэн”...гэж мэдүүлсэн зэргээр энэ үйл баримт  мөн үгүйсгэгдэж, шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдаж байна.

 

Дээрх нөхцөл байдлууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийг хүчиндэхийг завдсан гэх үйл баримттай холбогдуулан шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь хохирогчийг хүчиндэхийг завдсан үйл баримт эргэлзээгүйгээр, бүрэн нотлогдон тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Мад холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Мөн түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Г гаргасан “…Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн зүйлчилсэн хэрэг дээр маргаан байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Бидний зүгээс маргаж байгаа зүйлчлэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэхийг завдсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна....Хохирогчоос  авсан мэдүүлэг дээр 23, 27 дүгээр хуудсан авсан мэдүүлэг дээр хүчингийн хэргийн талаар огт дурдаагүй, дээрэмдүүлсэн талаар мэдүүлэг өгсөн байдаг….Хүчингийн хэргийн талаар энэ хэрэгт нотлох баримт байхгүй байна. Хохирогч өөрөө 2 шил архи уусан гэж мэдүүлдэг ба хохирогчийн мэдүүлэгт тулгуурлаад шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь эргэлзээтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл заасан хүчингийн гэмт хэрэг үйлдэхэд ямар сэдэлт санаа зорилго байсан, ямар үйлдэл хийсэн, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл юу байсан талаар хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбар, санал үндэслэл бүхий байх ба улсын яллагчаас өмгөөлөгчийн тайлбарыг няцаасан үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт гаргаагүй болохыг дурдаж байна.

 

Иймд Б дүүргийн прокуророос шүүгдэгч Мад холбогдуулан ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон”, хохирогч Гг дээрэмдэх явцдаа түүний биед халдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчилж ирүүлсэн нь хэргийн үйл баримтад нийцсэн, хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Мыг 2020 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Нийслэлийн Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 214 дүгээр байрны орцонд иргэн Ггийн цүнхийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, 400.000 /дөрвөн зуун/ мянган төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох, хохирогчийг дээрэмдэх явцдаа түүний биед халдаж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, өмдийг тайлж, хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн буюу хүчиндэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох саналыг гаргаж, шүүгдэгч М нь “...гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна...” гэж мэдүүлж оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Дээрэмдэх гэмт хэргийн хүч хэрэглэж гэдэгт: эд хөрөнгийг авахаар цохих, зодох, зэргээр эрүүл мэнд рүү чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдэл, мөн ямар нэгэн арга хэрэглэн эд зүйлийг шилжүүлэн авсны дараа тухайн эд зүйлийг өөртөө үлдээхээр хүч хэрэглэх зэрэг нөхцөл байдал аль аль нь хамаардаг.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн эрүүл мэндэд хохирол учруулах гэдэгт: цохих зодох зэргээр хүний эрүүл мэнд рүү чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдэл хамаардаг.

Шүүгдэгч Мын дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй,  шунахайн сэдэлттэй байх бөгөөд хохирогч Ггийн эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэн авч хохирогчид 400.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан үйл баримт нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, дээрэмдэх явцдаа түүний биед халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Тодруулбал шүүгдэгч М нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдлээрээ хохирогч Ггийн эд зүйлийг авч түүнд 400.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогчийн биед халдсан үйлдлээрээ түүнд хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул шүүгдэгчийн энэ үйлдлүүд нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.2 дугаар зүйлийн 2 заасан гэмт хэрэг болон  мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив  болон обьектив шинжийг бүрэн хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч  Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч М үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Гд 400.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгчийг шүүх гэм буруутайд тооцох шийдвэрийг танилцуулахад түүний  өмгөөлөгч Л.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар  зүйлийн 1.3-д зааснаар хохирол төлөх 5 хоногийн завсарлага авах саналыг гаргаж шүүх хуралдаан завсарласан хугацаанд шүүгдэгч нь хохирогчид төлбөл зохих 400.000 төгрөгийг түүнд дамжуулан өгөхийг хүсэж шүүгчийн туслахад өгч уг мөнгийг хохирогчид  хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ “ Шүүгдэгч Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2  дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийн 365 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг журамлан нийт эдлэх ялыг 3 жил 5 сараар тогтоож ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 400.000 төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлсөн. Шүүгдэгч Мад 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан  тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хоригдсон 78 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар эдлэх ялд оруулсан тооцох саналыг шүүхэд гаргаж байна ’’ гэв.

 

Шүүгдэгч Мын өмгөөлөгч Л.Г нь эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ “Шүүгдэгч М нь өөрийн үйлдээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгодог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйл, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлж барагдуулсан байгаа. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэлд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдэлд  хорих ялын  доод хэмжээг оногдуулах мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар  хорих ялын доод хэмжээний  хоёрны нэгээр багасгаж ял шийтгэлийг багасгаж өгнө үү гэсэн саналтай байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг хорих ялаас хасаж тооцуулах, нээлттэй хорих ангид ял шийтгэлийг эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна”  гэв.

 

Шүүгдэгч М “ хэлэх зүйлгүй ” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Мад ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд шүүгдэгч  Мад  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сарын / нэг жил найман сар / хорих ялыг,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М нь урьд С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийн  дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цагийн  нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан уг ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр  нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Мад оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэргийн хамт эд мөрийн баримтаар 1 ширхэг хяналтын камерын бичлэг бүхий компакт дискийг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь болсон үйл баримтыг нотолсон нотлох баримт байх тул хэргийн хадгалах хугацаа дуустал тухайн хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь нийт 80 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Мад  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч М холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хохирогчийг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн буюу хүчиндэхийг завдсан” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг  тус тус баримтлан түүнд холбогдох энэ хэргийг хэрэгсэхгүй болгож,  шүүгдэгч Гэцэл овогт Алтансүхийн Мандахыг гэм  буруугүйд тооцон цагаатгасугай.

 

2.Шүүгдэгч М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сарын / нэг жил найман сар/ хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Шүүгдэгч Мад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дэх заалтад заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоног хорих ялаар тэнцүүлэн тооцож  90 /ер / хоног буюу 3 сар хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан   шүүгдэгч Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 8 сарын хорих ял дээр,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын  хорих ял,

С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 335 дугаартай шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дэх заалтад заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоног хорих ялаар тэнцүүлэн тооцож 75 /далан тав/ хоног буюу 2 сар 15 хоногийн  хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэмж нэгтгэн Мын биечлэн эдлэх нийт ялыг 2 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Мын цагдан хоригдсон 80 /ная/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мад оногдуулсан 2 жил 1 сар 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

9 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Мад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ЭРДЭНЭЧИМЭГ