Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 1124

 

МАГАДЛАЛ

 

2017.05.12                                                  Дугаар 1124                                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

Д.Хатанбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Н.Батзориг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/00537 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Хатанбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨААТҮГ-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Бямбажаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Нэхэмжлэгч нь хэлтсийн даргын албан тушаалд 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон байна. 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Б82 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан. Уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийг үндэслэж “төрийн бүтэц орон тоо шинэчлэн батлагдсантай холбоотой” гэж хөдөлмөрийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр чөлөөлж, ажил хүлээлцэхийг даалгасан нь 40.5-д заасан ажлаас чөлөөлөхөөс 1 сарын өмнө мэдэгдэх гэсэн шаардлагыг хангаагүй, тушаалын үндэслэх хэсэгт “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 93 тоот тогтоолыг үндэслэсэн байна. Хэрэв бүтэц орон тоо өөрчлөх шийдвэр гарсан гэж үзэх юм бол мэдэгдээгүй тул хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Улсын Дээд шүүхийн 2016 оны 33 дугаар тогтоолын 17-д “40.5-д 1 сарын өмнө мэдэгдэх заалтыг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар цуцлах тухай ажил олгогч нь ажилтанд уг хугацааны өмнө бичгээр мэдэгдэж гарын үсэг зуруулж баталгаажуулсан байна” гэж заасан байтал мэдэгдээгүй тул төслийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүүлэн тогтоолгоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 1.1-д “энэ хууль нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил олгогч болон ажилтны хооронд үүсэж байгаа эрх үүрэг, харилцааг зохицуулж байгаа хууль юм. Хөдөлмөрийн гэрээг хугацаатай ба хугацаагүй гэж, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулдаг, 40 дүгээр зүйл нь туршилтын хугацаатай ажиллаж байсан ч хамаардаг. Нэхэмжлэгчтэй туршилтын хугацаа дуусаад жинхэнэ албан тушаалтан болгосон нь хөдөлмөрийн гэрээний хавсралтад тусгагдсан байгаа. Улсын Дээд шүүхийн зөвлөмжөөр туршилтын хугацаа гэдэг нь байгууллагын дотоод журмаар тодорхойлж байгаа, туршилтын хугацаа дуусгавар болоход жинхэнэ орон тоонд оруулсан баримтууд хэрэгт байгаа. Сүүлд авсан цалин хөлсийг 100 хувиар авсан. Хөдөлмөрийн гэрээг захирал Бүрэнтогтох байгуулж, тушаалыг баталсан. Нэхэмжлэгч нь 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг 1 122 000 төгрөгийн цалинтай, төрийн албан хаагчийн нэмэгдэл 30 хувиар бодогддог, туршилтын хугацаа, байгууллагын дотоод журмаар бол 70 хувиар цалин авах ёстой байсан учраас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг тооцохдоо дээрх хугацааг хасаж тооцохыг хүсэж байна. 10 дугаар сарын 20-ны өдөр тасалбар болгож чөлөөлсөн учраас нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалин 818 000, 1 048 000 төгрөг нь нэхэмжлэгчийн үндсэн болон дутуу бодогдсон цалин байгаа тул ЭМНХ-ын сайдын 55 тоот тушаалд зааснаар гэрээнд заасан цалинг тооцож, нэмэгдэл 30 хувийг нэмж, 1 өдрийн дундаж цалин 68 801 төгрөгийг ажлын 59 хоногт үржүүлж, 4 059 311 төгрөгийг гаргуулна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 10 тоот тушаалаар батлагдсан хэлтэс, орон тооны дагуу ЭХХТ-ийн төвийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Б/58 тушаалаар төсөл хөтөлбөрийн хэлтсийн даргын албан тушаалд сургалтын болон туршилтын журмаар томилогдсон. Ажлаас халах үндэслэлдээ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоож, албан тушаалтныг томилох, чөлөөлөх, эрх бүхий байгууллагаас тогтоосон цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан цалинг тогтоох, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д орон тоо хасагдсан, 40.1.2-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 10 дугаар сарын 02-ний өдрийн 93 тоот тогтоолоор манай дүрэм, бүтэц, зохион байгуулалтын орон тоонд нэмэлт өөрчлөлт орж шинэчилсэн. Энэ тогтоолоор ажлаас нь чөлөөлөөд, шинээр гадаад хамтын ажиллагаа төсөл хөтөлбөрийн хэлтэс орон тоо бий болж, хэлтсийн ажлын байранд тавигдах шаардлага хангахгүй байсан учраас өөр албан тушаал санал болгох боломжгүй болсон. Тухайн үед удирдлага солигдоод албан ёсоор хурал хийж мэдэгдээгүй. Д.Хатанбаатарыг ажилд авсан эрх зүйн актууд үндэслэлтэй эсэхийг үзэх шаардлагатай. Туршилтын хугацаа дуусч, энэ орон тоон дээр ажиллуулах талаар шийдвэр гарсныг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тушаалаар 68 тоот тушаалыг хүчингүй болгосон, ажилд авсан, халсан дээр 2 зохицуулалтын ялгаа гараад байна. Тиймээс эрх зүйн хувьд үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Хатанбаатарыг “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын төсөл хөтөлбөрийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговорт 4 705 046 төгрөг гаргуулан, Д.Хатанбаатарт олгож, шаардлагаас үлдэх 653 084 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, Хариуцагчийн хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 90 230 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ЭХХТ-ийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/82 тоот тушаалаар нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцлах биш дуусгавар болгож байгаа тушаал нь эрх зүйн хувьд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь ЭХХТ-д анх ажилд орохдоо туршилтын хугацаагаар томилогдож, ажиллаж байх явцад нь жинхэлсэн байдаг. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 93 тоот тогтоолоор ЭХХТ ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, захиргааны албан тушаалын жагсаалт, орон тооны хязгаарыг баталсан. Уг бүтэцтэй холбогдуулаад зөвхөн Д.Хатанбаатар төдийгүй Эрчим хүчний яамны сайдын тушаалын дагуу ажилд орсон  бүхий л ажилтнуудыг жинхэлсэн буюу 2016 оны 09 дүгээр сарын 27-ны Б/68 тоот тушаалыг хүчингүй болгосон. Шинэ батлагдсан бүтцээр төсөл хөтөлбөрийн хэлтэс нь татан буугдаад шинээр Гадаад хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийн хэлтэс гэж батлагдсан. Бүтцийг дагаад ажлын байрны чиг үүрэг, хэлтсийн бүтэц, зохион байгуулалт, ажлын байрны тодорхойлолт нь ч мөн адил шинээр бий болсон. Ингэснээр нэхэмжлэгч нь Гадаад хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийн хэлтсийн даргын албан тушаалд ажил мэргэжлийн хувьд тохирохгүй байсан учраас хөдөлмөрийн гэрээг цуцласан болно. Шүүх үндэслэхдээ шинэ хуучин 2 хэлтсийн чиг үүргийг нэгтгэсэн, Д.Хатанбаатарын ажлын байр байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, ажиллаж байсан хуучин ажил болох төсөл хөтөлбөрийг хэлтсийн чиг үүрэг байсан бол шинэ гадаад хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийн хэлтэс ажил үүргийг гүйцэтгэхээр болсон нь өмнө ажлын байрны тодорхойлолтонд заасан үүргээс өөр байгаа болох нь илтэд баримтаар нотлогддог. Гэтэл зөвхөн нэрийг харьцуулах төдийд л дүгнэсэн нь илтэд нэг талыг баримталсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтад шүүхийн шийдвэр нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.Хатанбаатар нь хариуцагч “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨААТҮГ-т холбогдуулан урьд албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотой хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, 2016 оны 10 дугаар сарын 06-ны 93 тоот тогтоолыг үндэслэж 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “төвийн бүтэц орон тоо шинэчлэн баталсантай холбогдуулан” нэхэмжлэгчийг ажлаас нь Б/82 тоот тушаалаар чөлөөлжээ.

Эрчим хүчний сайдын 2016 оны 08 дугаар сарын 26-ны 10 тоот тушаалаар “Эрчим хүчний хөгжлийн төв”ТӨААТҮГ-ын дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталж бүтцийн өөрчлөлт хийгдсэн үйл баримт тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Д.Хатанбаатарын өмнө эрхэлж байсан Төсөл хөтөлбөрийн хэлтсийг өмнөх бүтцийн Эрчим хүчний хөгжлийг дэмжих хэлтсийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны мэргэжилтний ажиллах чиг үүрэгтэй нэгтгэн гадаад хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийн хэлтэс болгосон нь орон тоо хассан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Учир нь хариуцагч нэхэмжлэгчид орон тоог цөөрүүлж цомхотгол хийсэн талаар албан ёсоор мэдэгдэх, мэдэх боломжгүй байсан гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор гомдол гаргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах бол мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1-т ажилтны орон тоог цөөрүүлсэн гэж заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх” гэж заасныг хариуцагч хэрэгжүүлээгүй байна.

Мөн шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс татгалзсаныг баталж      шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэгчийн шаардлагыг хангасан нь үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/00537 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 90 230 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

         ШҮҮГЧИД                                          Н.БАТЗОРИГ

                                                                           М.НАРАНЦЭЦЭГ