Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/277

 

 

 

 

 

 

 

 

   2021           05         11                                       

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Нарансолонго хөтлөн,

Улсын яллагч: Н.Энхболд,

Хохирогч: Т.Н,

Шүүгдэгч Д.Днарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Б дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д холбогдох эрүүгийн 000000 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Д нь 2021 оны 02 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Б дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах усан сангийн урд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Нын биед халдан зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун, зүүн хацар, дээд уруул дух, зүүн нүдний дээд зовхи, баруун гуянд зулгаралт, зүүн шуу, баруун гуянд цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч Д нь “2021 оны 02 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Б дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах усан сангийн урд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Нын биед халдан зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун, зүүн хацар, дээд уруул дух, зүүн нүдний дээд зовхи, баруун гуянд зулгаралт, зүүн шуу, баруун гуянд цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Дын “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчоос уучлалт гуйж  байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Нын: “…гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Нын хохирогчоор өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Б дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 78 дугаар сургуулийн хойд талд байж байхад манай найзууд болох Ц, Д нар ирээд “хамт ууя” гэсэн. Улмаар юм ярь байгаад би “уухгүй” гэдгээ хэлсэн. Гэтэл Д нь “чи яагаад уухгүй байгаа юм бэ, хэзээ ийм болчихсон юм” гэж хэлэхээр нь би “чи уусан идсэнээ шингээ” гэхэд Д нь миний цээж  рүү түлхэж, газар унагаагаад дээр гарч миний үснээс зулгаагаад нүүр рүү олон удаа маажаад, баруун талын гуянаас 1 удаа хазсан. Улмаар цагдаад дуудлага өгсөн. Би Дтай 2020 оны сонгуулийн ажил хийж байхдаа анх танилцсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.Ц гэрчээр өгсөн: “...Д бид 2 хамт найз Н  сургуулийн хойд талын усан бассейны зогсоол дээр уулзахад Н нь үл таних залуутай машинд нь хамт байсан. Ныг “хамт пиво уух уу” гэж асуухад Н “уухгүй” гэсэн. Д бид хоёр Сэнгүр нэртэй том пиво хувааж уусан. Ууж байгаад Д, Н бид 3 тамхи татахаар машинаас гарах үед Д нь Н бид 2-ыг тамхины цогоор түлчих гээд ойртуулаад байсан. Яагаад байгааг нь асуухад “мань чинь яавал гэж дээ, чи намайг өдөөд байгаа юм уу” гэж хэлээд хэрүүл өдөөд байсан. Би машиндаа суусан. Гэтэл гэнэт Д Нын дээр нь гарчихсан байдалтай байсан. Н машинд уйлаад орж ирсэн бөгөөд нүүр болон хүзүү нь улайж цус гарсан, маажуулчихсан байсан. Юу болсон талаар асуухад “Д намайг зодчихлоо” гэсэн. Удалгүй Д машинд орж ирээд “муу банди, та нар намайг өдөж байна тээ, би та нарыг ална шүү” гэж хэлсэн. Н урд талын суудал дээр сууж байсан бөгөөд Д араас нь үсдээд тавихгүй байсан. Н “чи намайг яагаад ингэж байгаа юм бэ” гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1460 дугаартай “...Нын биед тархи доргилт, баруун, зүүн хацар, дээд уруул дух, зүүн нүдний дээд зовхи, баруун гуянд зулгаралт, зүүн шуу, баруун гуянд цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19 тал/

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Дын  гэрчээр өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө 01 цагийн үед байх би өөрийн найзууд болон Н, Цацрал нарын хамт Нын танил ахын машинд нь Сэнгүр нэртэй 1,5 литрийн пиво хувааж уусан. Ихэвчлэн Цацрал бид 2 уусан. Пиво уухаас өмнө би Сөжү нэртэй Солонгос архи 2 шилийг уусан байсан учир нэлээн согтсон. Тэгээд Нтай машинаас тамхилах гээд гараад Ныг зодсон байсан. Тухайн үед ямар шалтгааны улмаас болж зодсон талаараа сайн санахгүй байна. Н хүний дургүй хүргэсэн зантай, магадгүй тэр зангаас нь болсон байх. Н бид 2-ын дунд ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д нь яллагдагчаар өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө 01 цагийн үед согтуу байхдаа найз Нтай машинаас тамхилах гэж гараад зодсон байсан. Тухайн үед Ныг ямар шалтгааны улмаас зодсон, яаж зодсон талаараа санахгүй байгаа. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Дын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33 тал/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 34 тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 35 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

Шүүгдэгч Д “…Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэж,

Хохирогч Н “…Дыг гэм буруутай гэж үзэж байна. Цаашдаа хохирол төлбөр нэхэмжилнэ…” гэж тус тус мэдүүлж оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч Дд холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүгдэгчийн хохирогч Ныг цохиж, зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед “тархи доргилт, баруун, зүүн хацар, дээд уруул дух, зүүн нүдний дээд зовхи, баруун гуянд зулгаралт, зүүн шуу, баруун гуянд цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал” гэмтэл учруулсан болох нь хэргийн 18-19 дахь талд авагдсан шинжээч эмчийн 1460 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг  зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1460 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь  цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай  давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан  гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 1460  дугаар дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Дын  “2021 оны 02 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Б дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах усан сангийн урд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Нын биед халдан зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун, зүүн хацар, дээд уруул дух, зүүн нүдний дээд зовхи, баруун гуянд зулгаралт, зүүн шуу, баруун гуянд цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Дыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч Н гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар 130.500 /нэг зуун гучин мянга таван зуу/ төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Д нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа хохирогчид нийт 130.500 төгрөг төлсөн гэж, хохирогч Н нь эмчилгээний зардалд  130.500 төгрөг хүлээн авсан , гэмт хэргийн улмаас цаашид  гарах хохирол төлбөрийг баримтаар нэхэмжилнэ гэж тус тус мэдүүлсэн.

 

 Шүүхээс, шүүгдэгч Дыг хохирогчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх үед шүүхэд баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан гэж дүгнэж, хохирогч Н нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Дд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ.

 

   Иймээс, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүх ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дыг  240 / хоёр зуун дөч / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх  ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүх ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д нь хохирогч Нд эмчилгээний зардалд 130.500 төгрөг төлсөн болохыг дурдаад, хохирогч  нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлээ жич гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Шүүгдэгч Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ