| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0565/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/588 |
| Огноо | 2021-05-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/588
2021 05 18 2021/ШЦТ/588
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч М.Эрдэнэзаяа,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Бд холбогдох 2106 00805 0719 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Завхан аймаг, Улиастай хотод 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 37 дугаар гудамжны 868 тоотод оршин суух, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Бийн Б /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.Б нь 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хооронд нийт 3 удаагийн үйлдлээр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг Е-Март худалдааны төвөөс 528.940 төгрөгийн үнэ бүхий хүнсний болон гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.9/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн төлөөлөгч Э.Батсүрэнгийн өгсөн: “... 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах И март буюу ажил дээрээ байсан юм. Гэтэл 17 цагийн орчимд худалдааны төвийн 1 давхар хүнсний тасгаас үл таних 50 орчим насны эмэгтэй хүн хиам, “Чамос” брэндийн нүүрний тос-5 ширхэг, бал-6 ширхэг, агааржуулагч-1 ширхэг, гал тогооны алчуур-1 ширхэг, ариун цэврийн хэрэглэл /котекс/-1 ширхэг, Огурцы-1.500 грамм, гоо сайхны маск 6 ширхэг, хатан сүйх зайдас-5 ширхэг, хүүхдийн оймс 1 ширхэг, нийт 270.000 төгрөгийн бараа бичүүлээгүй авч яваад баригдсан юм. Тухайн үед би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Дээрх үл таних 50 орчим насны эмэгтэй манайд Б Б гэх нэртэй “гишүүний картаар үйлчлүүлсэн байсан, карт нь /97611000-228510/ гэсэн дугаартай байсан юм. Дээрх картаар шүүж үзэхэд 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 3 удаа орж ирж ба 36.000 төгрөгийн бараа бичүүлээд авч гарсан. Харин 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 3 удаа 45.000 төгрөгийн худалдан авалт хийгээд гарсан. 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2 удаа орж ирэхдээ 50.000 төгрөгийн худалдан авалт хийгээд гарч байсан. Дээрх орж ирсэн өдрүүдэд 303.130 төгрөгийн хүнсний бараа бичүүлээгүй авч гарсан байсан бөгөөд хяналтын камер шүүж үзэхэд Б гэх эмэгтэй нь үйлчлүүлэгчийн том тэрэг бариад явахдаа нэлээн олон төрлийн хүнсний бараа авсан боловч гарахдаа заримыг нь бичүүлээгүй байсан. Мөн хүнсний барааг лангуун дээр буцааж тавьсан нь хяналтын камерт байхгүй, дандаа тэрэг дээрээ тавиад гарахдаа хоосон орж ирсэн цүнхэндээ чихээд гарч байсан юм. Манайхаас нийт 573.130 төгрөгийн бараа бичүүлээгүй авч гарсан юм...” гэх мэдүүлэг /хх.12/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бын яллагдагчаар өгсөн: “... Би 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Сансарын И март худалдааны төв рүү ганцаараа ороод ойр зуурын хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн авсан яг юу юу авснаа одоо сайн санахгүй байгаа. Надад хулгай хийхэд ямар нэгэн зорилго байхгүй, би умайн хүзүүн хорт хавдартай гэдгээ сонсоод сэтгэл санаагаар унаад нэг өдөр ч гэсэн хүүхдээ гэдэс цатгалан байлгая гэж бодоод хулгай хийсэн одоо хийсэн хэрэгтэй их гэмшиж байна. 2021 оны 02 дугаар сарын 10-ны дахиад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг И-март худалдааны төв рүү орж эд зүйл хулгай хийсэн, яг юу юу хулгайлснаа сайн санахгүй байна. Нийт 3 удаа Сансарын И-март худалдааны төв рүү орж хулгай хийсэн 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 2 удаа орж эд зүйл хулгайлсан. Би хийсэн хэрэгтэй үнэхээр их гэмшиж байна, дахин ийм үйлдэл хийхгүй...” гэх мэдүүлэг /хх-61/,
“Дамно” ХХК-й 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №БЗ1-21-141 дугаартай: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021.02.07-2021.02.10-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 528.940 /таван зуун хорин найман мянга есөн зуун дөчин/ төгрөгөөр үнэлэгдэнэ” гэх дүгнэлт /хх.26-28/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.34/,
Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.52-53/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Б нь 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хооронд нийт 3 удаагийн үйлдлээр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг Е-Март худалдааны төвөөс 528.940 төгрөгийн үнэ бүхий хүнсний болон гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.9/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн төлөөлөгч Э.Батсүрэнгийн өгсөн: “... 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр... нийт 270,000 төгрөгийн бараа бичүүлээгүй авч яваад баригдсан юм... 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 3 удаа орж ирж ба 36000 төгрөгийн бараа бичүүлээд авч гарсан. Харин 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 3 удаа 45.000 төгрөгийн худалдан авалт хийгээд гарсан. 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2 удаа орж ирэхдээ 50.000 төгрөгийн худалдан авалт хийгээд гарч байсан. Дээрх орж ирсэн өдрүүдэд 303.130 төгрөгийн хүнсний бараа бичүүлээгүй авч гарсан байсан бөгөөд хяналтын камер шүүж үзэхэд Б гэх эмэгтэй нь үйлчлүүлэгчийн том тэрэг бариад явахдаа нэлээн олон төрлийн хүнсний бараа авсан боловч гарахдаа заримыг нь бичүүлээгүй байсан. Мөн хүнсний барааг лангуун дээр буцааж тавьсан нь хяналтын камерт байхгүй дандаа тэрэг дээрээ тавиад гарахдаа хоосон орж ирсэн цүнхэндээ чихээд гарч байсан юм. Манайхаас нийт 573.130 төгрөгийн бараа бичүүлээгүй авч гарсан юм...” гэх мэдүүлэг /хх.12/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бын яллагдагчаар өгсөн: “... Би 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ... 2021 оны 02 дугаар сарын 10-ны дахиад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг И-март худалдааны төв рүү орж эд зүйл хулгай хийсэн яг юу юу хулгайлснаа сайн санахгүй байна. Нийт 3 удаа Сансарын И-март худалдааны төв рүү орж хулгай хийсэн 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 2 удаа орж эд зүйл хулгайлсан. Би хийсэн хэрэгтэй үнэхээр их гэмшиж байна, дахин ийм үйлдэл хийхгүй...” гэх мэдүүлэг /хх-61/,
“Дамно” ХХК-й 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №БЗ1-21-141 дугаартай: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021.02.07-2021.02.10-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 528.940 /таван зуун хорин найман мянга есөн зуун дөчин/ төгрөгөөр үнэлэгдэнэ” гэх дүгнэлт /хх.26-28/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.34/,
Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.52-53/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Б.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогчийн төлөөлөгч Б.Алтанцэцэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Б.Быг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Б.Б нь хохиролд 528.940 төгрөг нөхөн төлсөн, хохирогчийн төлөөлөгч Б.Алтанцэцэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Б.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Бд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 2 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Б овогт Бийн Быг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Бд сануулсугай.
4. Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 528.940 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн төлөөлөгч Б.Алтанцэцэг нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 2 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР