| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2021/0150/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/159 |
| Огноо | 2021-03-11 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/159
2021 03 11 2021/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,
улсын яллагч Ц.Отгонсүрэн,
шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Мд холбогдох эрүүгийн 2010021700035 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1966 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, гурван хүүхдийн хамт 000 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Л.М /РД:аа0000/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Л.М нь 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-д байсан бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж П.Нгийн гээгдүүлсэн хар цүнх, оюутны виза карт, банкны карт, иргэний үнэмлэх, түрийвч, хуавэй нова-3 загварын гар утас зэрэг эд зүйлийг завшиж 369.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Л.М нь 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-д байсан бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж П.Нгийн гээгдүүлсэн хар цүнх, оюутны виза карт, банкны карт, иргэний үнэмлэх, түрийвч, хуавэй нова-3 загварын гар утас зэрэг эд зүйлийг завшиж 369.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
3. Гэрч М.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын яг хэдний өдрийг нь мэдэхгүй байна, аав “утас байна авах уу” гэхээр нь авъя гээд л авчихсан юм. ...Урд тал нь хар, ард хэсэг нь улаан өнгөтэй Хуавэй нова-3 гэсэн утас байсан. Тухайн үед намайг ааваас авахад гар утас дотор нь ямар нэгэн зүйл байхгүй бөгөөд сим карт энэ тэр нь байгаагүй юм. Ингээд би ашиглаж байсан юм. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/
4. “Дамно” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №ХУ2-20-726 дугаартай “Хувай нова-3” маркийн гар утсыг 250.000 төгрөгөөр, иргэний цахим үнэмлэхийг 48.300 төгрөгөөр, хэтэвч 17.400 төгрөгөөр, оюутны үнэмлэх 3000 төгрөгөөр, Төрийн банкны карт 5000 төгрөгөөр, нийт 323.000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээний тайлан /хх-ийн 28/
5. “Дамно” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №ХУ2-21-034 дугаартай “цүнхийг 46.000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээний тайлан /хх-ийн 32/
6. Шүүгдэгч Л.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “..2020 оны 10 дугаар сард гэж санаж байна. Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машины газарт орж мөнгө авах гээд орсон юм. Тэгсэн чинь тухайн газрын цонхны тавцан дээр хар өнгийн үүргэвч байхаар нь аваад явсан юм. ...Би хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна. Хохирогчид бүх эд зүйлсийг нь бүрэн гүйцэт хүлээлгэн өгсөн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 / гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/-аар тогтоогдож байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, эд хөрөнгийн үнэлгээний тайлан /№ХУ2-20-726, №ХУ2-21-034/-г хэрэгт хувийн сонирхолгүй, зохих зөвшөөрөлтэй байгууллага гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцно.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл хөрөнгө” гэдэгт эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас өөрийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар хаягдаж орхигдсон, тухайн үедээ эд хөрөнгийн эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй байгаа эд зүйл хамаарах бөгөөд өмчлөгчийн гээгдэл эд хөрөнгийг олж авсан этгээд уг эд хөрөнгийг өөрийн өмч мэтээр захиран зарцуулж, ашигласан шууд санаатай үйлдлийг “гээгдэл эд хөрөнгийг завших” гэж ойлгоно.
Мөн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсныг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэгт тооцно.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Л.М нь 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-д хохирогч П.Нгийн гээгдүүлсэн хар цүнх, оюутны виза карт, банкны карт, иргэний үнэмлэх, түрийвч, хуавэй нова-3 загварын гар утас зэрэг эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж үнэ төлбөргүйгээр, хохирогчид буцааж өгөлгүйгээр гар утсыг цааш дамжуулсан, бусад эд хөрөнгийг өөрийн гэртээ хадгалж байсан үйл баримт тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилжээ.
Хэрэгт шинжээчээр томилогдон ажилласан Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн үнэлгээний №ХУ2-20-726, №ХУ2-21-034 дугааруудтай дүгнэлтүүдээр хохирогч П.Нгийн гээгдүүлсэн хар цүнх, оюутны виза карт, банкны карт, иргэний үнэмлэх, түрийвч, хуавэй нова-3 загварын гар утас зэрэг эд хөрөнгүүдийг хэрэг гарсан тухайн цаг үеийн зах зээлийн ханшийн аргаар үнэлж, нийт үнийг 369.000 /гурван зуун жаран есөн мянга/ төгрөг гэж тогтоосон /хх-ийн 28-32/ ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан хохирлын бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байх тул шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Л.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Хавтаст хэрэгт хохирогчийн “...миний эд зүйл бүрэн бүтэн байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-19/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13/ зэрэг нотлох баримтууд авагдсан байх тул шүүгдэгч уг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан хэдийгээр Улсын яллагчийн зүгээс 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргасан боловч шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид эд зүйлсийг биет байдлаар буцаан өгсөн, шүүгдэгчийн хувийн байдал /...54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, гурван хүүхдийн хамт амьдардаг.../, 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай /хх-ийн 43/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Мг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зохимжтой гэж үзэв.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хариуцлагын хуралдаанд гаргасан саналдаа “Л.М нь хөдөлмөрийн чадварын 50 хувийн алдалттай тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн хэдий ч шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчмыг баримталсан бөгөөд Л.М нь сарын 300.000 төгрөгийн групп тогтоолгож, тэтгэмж авдаг зэргийг үндэслэн торгох ял оногдуулсан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Мд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Л.Мд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Мөн шүүгдэгч Л.Мгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Мг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Мд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Л.Мд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Л.Мд сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Л.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР