Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 303

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийж, Б.Б-ийн нэхэмжлэлтэй “СБД-ийн ЗД-ын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/1... дугаар албан бичгийг хүчингүй болгох” шаардлага бүхий СБД-ийн зд-Д холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны оршин суугч Б.Б миний бие нь ам бүл зургуулаа бөгөөд одоогоор 3 хүүхэдтэй ба тус хороонд байгаа улсын ******* дугаар сургуулийн хүүхдийн тоо багтаамж хэтэрсэн шалтгаанаар 2 охиноо хувийн сургуульд сургаж байгаа билээ. Мөн бага хүү 2013 онд төрсөн болохоор ирэх намар сургуульд орно.

Монгол Улсын 2015 оноос 2017 оны төсвийн хөрөнгө оруулалтаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар манай хороонд 640 хүүхдийн суудалтай барилгыг барьж, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ашиглалтад оруулсан. Гэвч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр А/1.. дугаартай тушаал гаргаж, уг байрыг манай хороонд байгаа нийслэлийн Ерөнхий боловсролын ******* дугаар сургуульд бус, манай хороонд хамааралгүй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяаны олон улсын К сургалттай гэх “М т” сургуульд эзэмшүүлж, манай хорооны хүүхдүүд сурдаг ******* дугаар сургуулийг 1, 2 дугаар давхарт түр байрлуулахаар болсон нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон эрхээ эдэлж чадахгүй болсон. Өөрөөр хэлбэл, манай хороо 22337 хүн амтай бөгөөд сургуулийн насны 4549 хүүхэд байгаагаас ******* дугаар сургуульд 1540 хүүхэд сурч байгаа нь тус хорооны сургуулийн насны хүүхдүүдийн 35 орчим хувийг эзэлж байгаагаас харахад үлдсэн 65 хувийг эзэлж буй хүүхдүүд Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байна. Эдгээр хүүхдүүдийн төлөөлөл нь манай хүүхдүүд юм. Мөн улсын цэцэрлэг нэг ч байхгүйгээс манай хүүхдүүд хувийн цэцэрлэгт өндөр төлбөр төлж суралцсан билээ.

 

Манай хорооны хүүхдүүдэд зориулж баригдсан хичээлийн байрыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Ч нь булаан авч, тус яамны харьяа “М т” сургуульд эзэмшүүлэхээр 2017 оны 09 дүгээр сарын 20- ны өдрийн А/196 дугаартай тушаал гаргасан нь манай хорооны хүүхдүүдийн эрхэд халдсан бүдүүлэг үйлдэл болсон. Энэ үйлдлийг яамны удирдлагууд тайлбарлахдаа “танай хороонд ******* дугаар сургуулийн байр шинээр барьж өгнө. Улсын төсөвт хөрөнгө оруулалтыг нь шийдэж байгаа” гэдэг. Гэтэл өнөөдрийг хүртэл шинэ хичээлийн байр баригдаагүйгээс нийслэлийн ******* дугаар сургуульд сурч буй сурагчид Монгол Улсын стандартад заасан хэмжээнээс 4-5 дахин бага талбайд 4 ээлжээр хичээллэж байна.

 

2018 онд улсын төсөвт 6,6 тэрбум төгрөгийг ******* дугаар сургуулийн байр барихаар тусгаж, Нийслэлийн Засаг дарга С.Б захирамж гаргаж, 7500 м.кв газрыг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, О п х “И” ХХК-ийн газраас олгосон боловч уг захирамжийг “И” ХХК хүлээн зөвшөөрөөгүй тул Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, захиргааны хэрэг үүсэн хянагдаж байгаа билээ. Гэхдээ энэ маргаан хэзээ дуусаж, сургууль баригдахыг таашгүй юм. Гэтэл 09 дүгээр сарын 01-ний өдөр хичээлийн шинэ жил эхлэхэд нэгдүгээр ангид орох 683 хүүхдүүд болон улсын сургуулийн багтаамж хүрэлцээтэй бол сурах хүсэлтэй манай хорооны олон олон хүүхдүүдийн ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхээ эдлэх эсэх нь тодорхойгүй байна.

 

Манай хороонд төрийн ерөнхий боловсролын сургууль 2-3, цэцэрлэг 5-7 шаардлагатай юм. Гэтэл зарим Улсын Их Хурлын гишүүд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Нийслэлийн удирдлагуудаас ******* дугаар сургуулийг хичээлийн шинэ байртай болгочихвол  бүх  асуудал  шийдэгдэх  мэтээр

 тайлбарлаж байгаа нь үнэхээр өрөөсгөл юм. Учир нь цаашид манай хороонд орон сууцны барилга байнгын ашиглалтад их орж байгаа учраас шилжилт хөдөлгөөн их байгаа, манай хорооны иргэдийн ихэнх нь залуу гэр бүл учраас хүүхдүүд улам нэмэгдэж байгаа юм.

 

Энэ жил 6 настай 683 хүүхэд, 5 настай 700 гаруй, 4 настай 800 гаруй хүүхдүүд байгаагаас харахад л сургуулийн насны хүүхдүүд улам нэмэгдэх юм. 

Манай хорооны хүн ам Говь-Сүмбэр аймгийн хүн амаас их, Нийслэлийн Багануур дүүргийн хүн амтай тэнцэх хэмжээтэй байхад, Сүхбаатарын талбайгаас 2 км буюу хотын А зэрэглэлийн бүсэд байгаа хүүхдүүд эрхээ эдэлж чадахгүй, улсын гэх өөрийн байргүй нэг сургууль, улсын цэцэрлэг нэг ч байхгүй байгаад үнэхээр харамсалтай байна. Төр засгийн удирдлагууд гэр хорооллын хүүхдүүдэд их анхаарал хандуулдаг мөртлөө хотын төв шинэ суурьшлын бүсэд байгаа манай хорооны хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөж байхад тоохгүй 10 гаруй жил болсонд үнэхээр хэлэх үг алга.

Нийслэлийн Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийн байдал үнэхээр хүнд байгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл Е*******, М******* ******* зэргээр гарсан юм. Багш нарын өрөө, өлгүүр, номын сан, урлагийн заал танхим, эмчийн өрөө байхгүй, хүүхдүүд коридорт хичээллэдэг, хүүхдүүд хичээллэж байгаа анги танхим /хүрэлцээ муутайгаас урлагийн заалыг 2 анги болгосон/-уудад цайны газрын агааржуулалтын хоолой явагддагаас муухай үнэр үнэртдэг, шатны хонгилын доод талд ажилчид байрладаг, 4-н ээлжээр хичээллэдэг, сургуулийн хэмжээнд эрэгтэй хүүхдийн бие засах 8 суултууртай зэрэг багш, ажилчид, хүүхдүүдийн эрх буюу Монголын Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2, 4, 6 дахь хэсгүүдэд заасан эрх /эрүүп аюулгүй орчинд суралцах, хөдөлмөрийн аятай тухтай нөхцөлөөр хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах/ асар ихээр зөрчигдөж байна.

 

Тухайн “М т” сургуулийн хичээлийн байр дөрвөн давхар бөгөөд ******* дугаар сургууль 1, 2 давхарт 1540 хүүхэд багтаж ядан хичээллэж байхад яг адилхан зайтай 3, 4-р давхарт олон улсын сургууль нэрийн дор 160 хүүхэд хичээллэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь заалт/ ялгаварлан гадуурхах/-ыг зөрчиж байна. 

 

Энэ асуудлаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисст гомдол гаргаж шалгуулахад “******* дугаар сургуульд суралцаж буй хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, хоёр адилхан сургуулийн хүүхдүүдэд ялгавартай тэгш бус хандаж байгаа зохисгүй явдлыг залруулах, улмаар тус барилгын асуудлыг яаралтай шийдвэрлэх нь зүйтэй байна” гэжээ. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/196 тушаалыг хүчингүй болгосноор Нийслэлийн Ерөнхий боловсролын ******* дугаар сургууль өөрийн гэсэн байртай болж, манай хорооны хүүхдүүд болон манай хүүхдүүд Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхээ баталгаатай эдлэх болно. Цаашид манай хороонд ганц сургууль байх юм бол хүүхдүүдийн эрх зөрчигдсөн асуудал хэвээр цаашид үргэлжлэх болно. Тийм учраас сайдын тушаалыг хүчингүй болгож, одоогийн байгаа 640 хүүхдийн суудалтай байрыг ******* дугаар сургуульд эзэмшүүлж, 2018, 2019 оны улсын төсөвт байгаа 920 хүүхдийн суудалтай сургуулийн байрыг дахин өөр сургууль цэцэрлэгийн барилгыг барьж ашиглалтад оруулах нь зүйтэй юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа “М т” сургууль / АШУИС өөр тийшээ нүүж байгаа, байшин барилга нь суларч байгаа тул олон улсын стандартын дагуу засвар хийх/-ийг өөр тийш нь нүүлгэж, одоогийн хичээлийн байрыг ******* дугаар сургуульд шилжүүлэх нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудал юм.

Манай хүүхдүүдийн Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон эрх зөрчигдөж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Нийслэлийн Засаг дарга, Хүний эрхийн Үндэсний комисс зэрэг газруудад 2019 оны 03 дугаар сар, 04 дүгээр саруудад хандаж, гомдол гаргасан боловч Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хуулбар / Хүний эрхийн Үндэсний комисс, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Нийслэлийн Засаг даргад гаргасан гомдлын хариу Нийслэлийн Боловсролын газар /цахим/ зэргээс хариу ирсэн болно.

 

Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон эрхээ эдэлж, чадахгүй байгаа хүүхдүүдийн төлөө энэхүү жагсаал цуглааныг Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны эцэг эхчүүд болон ******* дугаар сургуулийн сурагчдын эцэг эхчүүдийн хамт хийхээр болсон тул Сүхбаатар дүүргийн Засаг даргад жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд заасны дагуу бүртгүүлэхээр хүсэлт гаргасан боловч хууль бусаар үндэслэлгүйгээр татгалзсан.

 

Иймд Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/1... дүгээр албан бичгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Иргэн  Б.Б-ийн  нэхэмжлэлтэй , тус  дүүргийн  Засаг  даргын  2016  оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/1... дүгээр албан бичгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч нь 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв-Дүнжингарав салбарт Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандан 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 24-ний өдрүүдийн 11 цаг 00 минутаас 16 цаг 00 минутын хооронд Сүхбаатарын талбайд Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байгаа хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах, холбогдох албан тушаалтад шаардлага гаргуулах зорилгоор 500 орчим хүнийг хамарсан жагсаал, цуглаан зохион байгуулах тухай мэдэгдэл ирүүлсэн. 

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн дагуу мэдэгдэлд дурдсан газарт жагсаал, цуглаан зохион байгуулахыг бүртгэсэн эсэхийг судлахад 05 дугаар сарын 22-ны өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 25-ны өдөр “Н с е” ТББ-аас Номын үзэсгэлэн зохион байгуулахаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандаж тус тус бүртгүүлсэн байсан тул нэхэмжлэгчид 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/1014 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдэлд дурдсан хугацаанд зохих ёсоор бүртгүүлсэн үйл ажиллагаа байх тул бүртгэж авах боломжгүй тухай хариу өгсөн.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгох 1/1... дүгээр албан бичиг нь нэхэмжлэгчийн хууль ёсны, ямар эрх, ашгийг хөндсөн нь тодорхойгүй тус 1/1.. дүгээр албан бичиг нь Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн дагуу нэхэмжлэгчид хариу хүргэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 24-ний өдрүүдийн 11 цаг 00 минутаас 16 цаг 00 минутын хооронд Сүхбаатарын талбайд Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байгаа хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах, холбогдох албан тушаалтад шаардлага гаргуулах зорилгоор 500 орчим хүнийг хамарсан жагсаал, цуглаан зохион байгуулах тухай мэдэгдэл ирүүлсэн бөгөөд тухай цаг хугацаанд өөр үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд бүртгэгдсэн байх тул Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн бүртгэж авахаас татгалзсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

        Шүүх  хавтаст  хэрэгт  авагдсан  бичгийн  нотлох  баримт  болон   нэхэмжлэгч, 

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд СБД-ийн ЗД-д холбогдуулан гаргасан “СБД-ийн ЗД-ын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/1... дугаар албан бичгийг хүчингүй болгох” шаардлага бүхий иргэн Б.Б-ийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

 

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2-д  “Жагсаал, цуглаан хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр хүлээн авсан зохион байгуулагч түүнийг хуульд нийцээгүй байна гэж үзвэл гомдлоо уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шүүхэд гаргана”, 10 дугаар зүйлийн 3-д “Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гомдлыг шүүгч ажлын 6 өдрийн дотор багтаан хянан шийдвэрлэнэ” гэж хуулийн тусгайлан заасан хугацаанд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүх хуралдаанаар шийдвэрээ гаргасан болно.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...жагсаал, цуглаан явуулах мэдэгдэлд дурдсан хугацаанд тухайн байршилд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандаж, зохих ёсоор бүртгэгдсэн өөр үйл ажиллагаа давхцаж байх тул Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлтийг бүртгэж авах боломжгүй” гэж  мэтгэлцсэн. 

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргад 2019 оны 05 дугаар сарын 22-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг дуустал 11 цаг 00 минутаас 16 цаг 00 минут хүртэл Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон эрхээ эдэлж, чадахгүй байгаа хүүхдүүдийн төлөө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны эцэг эхчүүд болон ******* дугаар сургуулийн сурагчдын эцэг эхчүүдийн хамт хийх жагсаал, цуглааныг бүртгүүлэхээр мэдэгдэл гаргасан байна. 

 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ний өдрийн 1/1... дүгээр “Хариу мэдэгдэх тухай” албан бичгээр Б.Б-т “Таны жагсаал, цуглаан явуулах мэдэгдэлд дурдсан хугацаанд тухайн байршилд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт  хандаж зохих ёсоор бүртгэгдсэн өөр үйл ажиллагаа давхцаж байгаа тул танай хүсэлтийг бүртгэж авах боломжгүйг мэдэгдэж байна” гэж хариу өгчээ.

Хэрэгт  авагдсан бичгийн нотлох баримтаар 2019 оны 05 дугаар сарын 23, 24, 

25-ны өдрүүдэд 10 цаг 00 минутаас 18 цаг 00 минут хүртэл  “Н с е” ТББ-аас “Номын үзэсгэлэн-2019” үйл ажиллагааг Жанжин Д.Сүхбаатарын талбайн урд хэсэгт зохион байгуулах тухай хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 07/918 дугаар албан бичгээр бүртгэсэн болох нь тогтоогдож байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын нээлттэй хаалганы өдрийн үйл ажиллагааг Жанжин Сүхбаатарын талбайд явуулахаар байгаа гэж тайлбар гаргасан. 

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5-д “Зохих журмын дагуу бүртгэгдсэн жагсаал, цуглаан хийх газарт мөн цаг хугацаанд түүний эсрэг агуулга, зорилготой өөр жагсаал, цуглаан давхардуулан хийхийг хориглоно” гэж заасны дагуу иргэдээс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор жагсаал цуглаан хийх нэг газар, цаг хугацаанд эсрэг агуулга, зорилго бүхий жагсаал, цуглааныг  давхардуулан хийхийг хуулиар хориглосон нь гудамж, талбайд нийтийн эмх замбараагүй байдал үүсгэхгүй байх,  урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг хамгаалах зорилгыг агуулсан хязгаарлалт болно.

Түүнчлэн, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд “Энэхүү хууль дараахь арга хэмжээ зохион байгуулахад үйлчлэхгүй:”, 5 дугаар зүйлийн 2-д “иргэд, байгууллага энэ хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудалтай холбогдолгүй сэдвээр зохион байгуулж байгаа спорт, урлаг, уран сайхан, байр наадмын болон тэдгээртэй адилтгах бусад арга хэмжээ;”, 3-д “...төрийн бус байгууллагаас иргэд, сонгогчид, гишүүд, дэмшигчидтэй хийх хурал, уулзалт” гэж заасны дагуу “Н с е” ТББ-аас зохион байгуулах “Номын үзэсгэлэн-2019”, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын нээлттэй хаалганы өдрийн үйл ажиллагаа нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зохицуулагдах харилцаа биш бөгөөд хариуцагч төрийн болон төрийн бус байгууллагаас зохион байгуулах үйл ажиллагаануудыг дээрх хуулийн үйлчлэлд хамаатуулж байгаа нь хуулийн заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгчийн бүртгүүлэхээр хүсэлт гаргасан жагсаал, цуглаан нь “Н с е” ТББ-ын зохион байгуулах үйл ажиллагаа нь хоорондоо ямар нэгэн эсрэг агуулга, зорилгыг агуулаагүй, тус тусын өөр зорилготой бөгөөд нэхэмжлэгч Б.Б жагсаал, цуглааныг бүртгэхээс татгалзсан хариуцагчийн  үндэслэл  хуулийн  шаардлагад  нийцээгүй,  Жагсаал,  цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Жагсаал, цуглааныг Монгол Улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй” гэж заасныг зөрчсөн байх тул шүүх “СБД-ийн ЗД-ын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/1... дугаар албан бичгийг хүчингүй болгож  шийдвэрлэлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсгүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 5 дугаар зүйлийн 2, 3, 8 дугаар зүйлийн 5, 9 дүгээр зүйлийн 1, 10 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, СБД-ийн ЗД-ын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/1... дугаар албан бичгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ТӨМӨРБАТ