Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2023/0086

 

 

 

 

 

 

Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.П

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны НА-26210000070 дугаар нөхөн ногдуулалтын актаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан 2017 онд хамаарах нөхөн татвар 13,727,272.73 төгрөгийг хасаж тооцуулах, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны НА-26210000070 дугаар нөхөн ногдуулалтын актаас 2018 онд хамаарах нөхөн татварын торгууль болох 1,718,181.82 төгрөг, алданги 1,145,454.50 төгрөгийг хасаж тооцуулах” тухай 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 783 дугаар шийдвэры

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.П

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З

Хариуцагч Б.А, Д.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/0132/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш ХХК нь Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны НА-26210000070 дугаар нөхөн ногдуулалтын актаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан 2017 онд хамаарах нөхөн татвар 13,727,272.73 төгрөгийг хасаж тооцуулах, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны НА-26210000070 дугаар нөхөн ногдуулалтын актаас 2018 онд хамаарах нөхөн татварын торгууль болох 1,718,181.82 төгрөг, алданги 1,145,454.50 төгрөгийг хасаж тооцуулах”-аар маргасан байна.    

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 783 дугаар шийдвэрээр: “...нэхэмжлэгч Ш  ХХК-иас Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А , Д.Э нарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны НА-26210000070 дугаар нөхөн ногдуулалтын актаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан 2017 онд хамаарах нөхөн татвар 13,727,272.73 төгрөгийг хасаж тооцуулах, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны НА-26210000070 дугаар нөхөн ногдуулалтын актаас 2018 онд хамаарах нөхөн татварын торгууль болох 1,718,181.82 төгрөг, алданги 1,145,454.50 төгрөгийг хасаж тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж гомдол гаргаж байна. Үүнд:

3.1. ...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шүүхийн шүүгч Г.М нь уг НӨАТ-ын хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой маргааныг Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.2-т тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс гэсэн заалтад хамааруулж шийдвэр гаргасныг дараах үндэслэлээр няцааж байна.

3.2. Татварын ерөнхий хуулийн хөөн хэлэлцээ хугацаа 15 дугаар зүйл өөрөө цаг хугацааны дарааллыг хамаарах тайлантай нь уялдуулан маш тодорхой заасан байдаг ба товчхондоо 15.3.1-т жилийн тайланг, 15.3.2-т улирлын тайланг, 15.3.3-т сарын тайланг, 15.3.4-д хугацаа хамаарахгүй тайланг тус тус хамааруулан үзэхээр хуульд заасан байхад уг хуулийн цогцоор нь харж үзэхгүй зөвхөн 15.3.2-т тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс” гэсэн зохицуулалт байгаа хэмээн өөрсдийн дураар хууль тайлбарлаж, Татварын ерөнхий хуулийн 15.3.3-д хамаарах татваруудын хөөн хэлэлцэх хугацааг хүртэл уг Татварын ерөнхий хуулийн 15.3.2-т цуг хамруулан тайлбарлаж байна. Иймд Татварын ерөнхий хуулийн хөөн хэлэлцэх хугацаа 15.3.3-д хамааран тайлагнан татвар байхгүй болж ямар ч хэрэггүй, ямар ч татварт харъяалалгүй илүүдэл хуулийн заалт болоод байна.

3.3. Хариуцагч тал сар бүр гаргадаг НӨАТ-ын тайланг жилээр гаргадаг тайланд хамруулж, 2017 оны 08 дугаар сард үүссэн хий бичилтийн хөөн хэлэлцэх хугацааг ирээдүй цагт буюу 2018 оны 01 дүгээр сараас эхэлж тооцно гэж ярьж байгаа нь аливаа цагийн орон зайг гажуудуулж байна. Хүн амны гэмт хэрэг үйлдэгджээ гэж үзвэл өнөөдөр үйлдэгдсэн асуудлыг маргааш болсон гэж тооцож болохгүйтэй адил юм. НӨАТ-ын хуульд тайлангаа дараа сарын 10-ны дотор тайлагнаж баталгаажуулна гэж маш тодорхой заасан байдаг. Түүнчлэн татварын байгууллагын үндсэн вэб сайтад нэмэгдсэн өртгийн албан татварын тайлагнах, тушаах хугацаа нь сар бүрийн 10-ны дотор гэж тусгасан байдаг. Хэрвээ жилийн тайлан юм бол яагаад вэб сайтандаа ирэх оны 01 дүгээр сарын 10-ны дотор тайлагнаж тушаах ёстой байдаг талаар тусгаагүй юм.

3.4. Маргаад байгаа асуудал НӨАТ-тай холбоотой ба Татварын ерөнхий хуулийн 15.3.3-т борлуулалт хийгдсэнээс хойш тодорхой хугацааны дотор татвар төлөхөөр хуульд заасан татварын төрөл болон суутгаж төлдөг татварын хувьд тухайн төрлийн татварын тайланг гаргаан, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс гэж борлуулалтаас үүдэлтэй үүсдэг. Нэмэгдсэн өртгийн албан татварын хөөн хэлэлцэх хугацааг маш тодорхой зааж өгсөн байдаг. Түүнчлэн татварын байцаагч нар анхан шатны шүүхийн шийдвэр дээр нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил үйлчилгээнд ногдох албан татварын доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор тайлагнаж, баталгаажуулж илгээсэн байх ёстой гэж өөрсдөө дурдсан. Тодруулбал НӨАТ-ын тухай хуулийн 4 дүгээр зүйлд хуулийн нэр томьёоны тодорхойлолт, 4.1.1-т борлуулалт гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг маш ойлгомжтой тусгасан байдаг.

3.5. Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 783 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж хөөн хэлэлцэх хугацаа дууссан 2017 онд хамаарах нөхөн татвар 13,727,272.73 төгрөг болон 2018 онд хамаарах нөхөн татварын торгууль болох 1,718,181.82 төгрөг, алданги 1,145,454.50 төгрөгийг тус тус хүчингүй болгож шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэгчийн төлөөлөгчийн  гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.

2.1. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А , Д.Э нар нь дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Татварын хяналт шалгалт хийх 2621903029 дүгээр томилолтын дагуу “Ш ” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалтыг татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн хүрээнд гүйцэтгэн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн НА-26210000070 дугаар нөхөн ногдуулалтын актаар “Ш ” ХХК-д 19,454,545.46 төгрөгийн нөхөн татвар, 5,836,363.64 төгрөгийн торгууль, 3,890,909 төгрөгийн алданги, нийт 29,181,818.1 төгрөгийн төлбөр төлүүлэхээр “Нөхөн ногдуулалтын акт”-ийг ногдуулсан байна.

2.2. Нэхэмжлэгч Ш ХХК-иас нөхөн ногдуулалтын актын зарим хэсгийг эс зөвшөөрч татварын маргаан таслан зөвлөлд гомдол гаргасныг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 43 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн НА-26210000070 дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

2.3. Улмаар хариуцагч Татварын улсын байцаагч нарын 194,545,454.54 төгрөгийн зөрчилд 19,454,545.46 төгрөгийн нөхөн татвар, 5,836,363.64 төгрөгийн торгууль, 3,890,909.00 төгрөгийн алданги, нийт 29,181,818.10 төгрөгийн “Нөхөн ногдуулалтын акт”-ийн зарим хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Ш ” ХХК нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх ...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

2.4. Нэхэмжлэгч Ш ХХК-ийн төлөөлөгчөөс “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан 2017 онд хамаарах нөхөн татвар 13,727,272.73 төгрөг болон 2018 онд хамаарах нөхөн татварын торгууль болох 1,718,181.82 төгрөг, алданги 1,145,454.50 төгрөгийг тус тус хасаж тооцож өгнө үү...” гэх гомдлын тухайд

2.5. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т “Энэ хуулийн 15.1-д заасан хугацааг дараах байдлаар тооцно, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.2-д “тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс” гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж заажээ.

2.6. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл 2017 оны зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоологдож 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дуусахаар, 2018 оны зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоологдож 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дуусахаар байна.

2.7. Татварын ерөнхий хууль /шинэчлэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /шинэчлэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө гэж заажээ.

2.8. Татварын улсын байцаагч нар татварын хяналт шалгалтаар илрүүлсэн 2017 оны нийт 137,272,727.27 төгрөгийн зөрчилд торгууль, алдангийг ногдуулахдаа дээрх хуулийн заалтуудыг үндэслэж үйлдсэн хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.А , Д.Э нарын нөхөн ногдуулалтын акт үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2.9. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 783 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

ШҮҮГЧ                                                                А.САРАНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ