Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/219

 

 

 

 

 

 

 

 

    2021        04           05                                     2021/ШЦТ/219

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил, Б.Энхжин,

улсын яллагч Ц.Отгонсүрэн,   

хохирогч Т.Х, Ц.Ч, 

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, К.Бауиржан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бд холбогдох эрүүгийн 2010000001019 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, “Транс” ХХК-д үйлчлэгч ажилтай, ам бүл 6, хүү, охин, ач зээ нарын хамт 0000 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ц.Б /РД:аа0000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Б нь “Буянт-Ухаа-2 дугаар хорооллын түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Өөтоотоос хохирогч Т.Хгийн мобайл банк ашиглан шилжүүлсэн 4.000.000 төгрөгийг залилсан,

мөн “Буянт-Ухаа-2 дугаар хорооллын түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин захын Хаан банкны АТМ-ээс хохирогч Ц.Чээс шилжүүлсэн 5.000.000 төгрөгийг залилсан,

мөн “Буянт-Ухаа-2 дугаар хорооллын түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Оргил худалдааны Хаан банкны АТМ-ээс шилжүүлсэн Д.Дийн 5.000.000 төгрөгийг залилсан,

мөн “Буянт-Ухаа-2 дугаар хорооллын түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Сансар худалдааны Хаан банкны АТМ-ээс шилжүүлсэн хохирогч М.Бын 5.000.000 төгрөгийг залилсан,

мөн “Буянт-Ухаа-2 дугаар хорооллын түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Сансар худалдааны Хаан банкны АТМ-ээс шилжүүлсэн хохирогч Ц.Үын 5.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ц.Б нь “Буянт-Ухаа-2 дугаар хорооллын түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Өөтоотоос хохирогч Т.Хгийн мобайл банк ашиглан шилжүүлсэн 4.000.000 төгрөгийг залилсан,

мөн “Буянт-Ухаа-2 дугаар хорооллын түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин захын Хаан банкны АТМ-ээс хохирогч Ц.Чээс шилжүүлсэн 5.000.000 төгрөгийг залилсан,

мөн “Буянт-Ухаа-2 дугаар хорооллын түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Оргил худалдааны Хаан банкны АТМ-ээс шилжүүлсэн Д.Дийн 5.000.000 төгрөгийг залилсан,

мөн “Буянт-Ухаа-2 дугаар хорооллын түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Сансар худалдааны Хаан банкны АТМ-ээс шилжүүлсэн хохирогч М.Бын 5.000.000 төгрөгийг залилсан,

мөн “Буянт-Ухаа-2 дугаар хорооллын түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Сансар худалдааны Хаан банкны АТМ-ээс шилжүүлсэн хохирогч Ц.Үын 5.000.000 төгрөгийг залилсан болох нь:

1. Шүүгдэгч Ц.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хүмүүсээс авсан мөнгөө Золбоо гэх хүн рүү шилжүүлдэг байсан. ...Золбоо над руу мөнгө шилжүүлсэн боловч би тэр мөнгийг хохирогч нарт өгч чадалгүй хувийн хэрэгцээндээ зарцуулаад дууссан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Т.Хгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“2019 оны 10 дугаар сард манай ээжид Ц.Бг байранд оруулж өгдөг гэж хүн хэлсэн байсан. Түүний дагуу шүүгдэгчтэй очиж уулзсан. Намайг 11 дүгээр сарын сүүлээр байранд оруулна гэж хэлсэн учир 10 дугаар сарын сүүлээр 4 сая төгрөгийг дансаар шилжүүлсэн. Он гараад байранд оруулаагүй. Утсаар нь залгахад утсаа авахгүй байсан.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            3. Хохирогч Ц.Чийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“2019 оны 10 дугаар сард Должинсүрэн гэх хүнээс байр түрээслэх талаар сонсоод Баярмаад материалаа өгөөд мөнгөө дансаар өгсөн. Дэлгэрэх хотхоны урд талын байранд гэж материалаа өгсөн. Хан-Уул дүүргийн Сансар худалдааны төвөөс Ц.Бгийн данс руу 5 сая төгрөг шилжүүлсэн. Уг мөнгөө нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            4. Хохирогч Т.Чимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сард манай найз Должинсүрэн би Буянт-Ухаа 2 хороололд түрээсийн орон сууцанд хамрагдахаар мөнгөө өгсөн байгаа удахгүй байрандаа орно гэж хэлсэн.

Тэгэхээр би бас хамрагдмаар байна гэж хэлсэн чинь Цэвээний Баярмаа гэх хүний 88473113 гэсэн дугаарыг надад өгсөн. Тэгээд би хэд хоногийн дараа Баярмаа гэх хүнтэй утсаар ярьсан чинь холбогдох материал 5.000.000 төгрөгтэй байхад та түрээсийн орон сууцанд хамруулж өгч болно гэж хэлсэн. Баярмаа хэлэхдээ 2 өрөө байранд ороход сар бүр 240.000 төгрөг төлнө. Урьдчилгаа мөнгө болон хүү авахгүй гэж хэлсэн. 5 жилийн хугацаанд дээрх мөнгийг төлөөд байрны үлдэгдэл мөнгөн дээр 8% лизинг рүү шилжиж болно гэж хэлээд, мөн гэрээ хийж болно гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гадуур ажилтай байхдаа Хар хорин худалдааны төвд байх Хаан банкны АТМ-с өөрийн Хаан банкны 5033447830 дугаартай данснаас Баярмаагийн Хаан банкны 5016050210 гэсэн дугаартай данс руу 5 000 000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би энэ өдрөө бүрдүүлсэн бичиг баримтаа өөрийн биеэр Баярмаад Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байх Дэлгэрэх хотхоны гадна өгсөн...Мөн би өөрийн хамаатан Д.Д гэх хүнд байранд хамрагдах гэж байгаа удахгүй байрандаа орно гэж хэлсэн чинь Дашдэмбэрэл намайг хамруулаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь Баярмаагаас асуусан чинь материалыг нь бүрдүүлээд мөнгийг миний данс руу хийчих гэж хэлсэн. Дашдэмбэрэл миний Хаан банкны данс руу 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 5 сая төгрөг шилжүүлснийг тухайн өдөр нь Яармагт байх Оргил худалдааны төвд байх Хаан банкны АТМ-с Баярмаагийн Хаан банкны 5016050210 дугаартай дансанд шилжүүлсэн. Материалыг нь Дэлгэрэх хотхоны гадна Баярмаад өгсөн байгаа. Дашдэмбэрэл Баярмаагаас байранд хамрагдахаа болилоо гээд 3 сая төгрөгийг нь авсан бөгөөд 2 сая төгрөгийг нь авч чадаагүй байгаа. ...Баттулга, Үүрцайх хоёрын нийт 10 сая төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би өөрийн Хаан банкны 5033447830 дугаартай данснаас Баярмаагийн Хаан банкны 5016050210 дугаартай дансанд Яармагт байх Сансар худалдааны төвөөс шилжүүлсэн Халиун бол надаар дамжуулж мөнгөө өгөөгүй гэхдээ цагдаад өргөдөл өгнө гэсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10/   

5. Гэрч Ч.Должинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд нөхөр хүүхдүүд ач зээ нарын хамт амьдардаг бөгөөд Яармагт 52 худалдааны төв хувиараа гэр ахуйн бараа худалдан авч байсан хүн / сайн танихгүй нэр, гэрийн хаяг утас дугаар зэргийг мэдэхгүй/ дамаар надад Буянт-Ухаа 2 хороололд ТОСК-д байранд 5 сая төгрөг өгөх юм бол оруулж өгдөг байна гэж хэлсэн. Тэгээд дам дамаар дамжуулаад Баярмаа гэх хүний одоо барьж байгаа дугаар /99312265/ тухайн үед барьж байсан дугаарыг нь мэдэхгүй байна. Тэгээд холбогдсон. Охин Халиунаад энэ талаар хэлээд охин 4 сая төгрөг өөрийн данснаас Баярмаа гэх хүний дансанд шилжүүлсэн. ...Би бол энэ хүнийг бол хараагүй манай охин Халиунаа нэг удаа уулзаад мөнгөө данс руу шилжүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 13-14/

6. Ц.Бгийн Хаан банкны 5016060210 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 29-31, 47-48/

7. 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн 1094 дугаартай “...Танай хэлтэст...шалгагдаж байгаа иргэн Ц.Б /ӨӨ/ нь манай байгууллагад ажиллаж байгаагүй болно...” гэсэн албан тоот /хх-ийн 50/

8. Хохирогч Ц.Үын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Чимэг эгчид 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баттулга ах 5 сая төгрөг, би 5 сая төгрөг өгсөн. 2019 оны 12 дугаар сарын сүүлээр байрандаа орно гэж байгаад хойшлогдоод одоог хүртэл орж чадаагүй байна. 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баярмаа гэх хүнтэй очиж уулзахад “удахгүй байрандаа орно, чи байраа судалж байгаарай.” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-85/

9. Хохирогч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сард танил Чимэг эгч Буянт-Ухаа 2 хороололд түрээсийн байранд оруулдаг хүн байна би материал, мөнгөө өгсөн байгаа гэхээр нь сонирхоод асуусан. Тэгсэн Баярмаа гэх түрээсийн байранд хамруулах ажлыг хийж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би түрээсийн байранд хамрагдах гээд 5 сая төгрөгийг Чимэг эгчид 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бэлнээр /Хан-Уул дүүрэг Яармагийн дэнжид гэрийн хаягийг хэлж мэдэхгүй байна / гэрт өгсөн. 2019 оны 12 дугаар сарын сүүлээр байрандаа орно гэж байгаад хойшлогдоод одоог хүртэл орж чадаагүй байна. Чимэг эгчид энэ талаар хэлэхээр Баярмаа гэх эмэгтэйд би өөрийн болон чиний мөнгийг өгсөн байгаа бөгөөд худал хэлээд байна болохгүй бол цагдаад хандана гэж байсан. Би Баярмаа гэх хүнтэй 2020 оны 09 дүгээр сарын эхээр 99312265 гэсэн дугаараар холбогдоход чи өөрөө дуртай байраа сонгочих тэгээд хэдэн м2 болсноо надад хэлчих би гэж хэлсэн. Тэгээд одоог хүртэл байрандаа орсон зүйл байхгүй байна...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 112-114/

10. Хохирогч Д.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сард манай холын хамаатны эгч Чимэгээтэй уулзахад Буянт-Ухаа 2 хороололд түрээсийн байранд оруулдаг хүн би өөрөө мөнгөө өгчихсөн байрандаа орох гээд хүлээж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би сонирхоод би хамрагдаж болох болов уу гэхэд Баярмаа гэх хүнээс асуугаад эргээд хариу хэлье гэсэн. Тэгээд хэд хоногийн дараа Чимэгээ эгч утсаар яриад би нөгөө хүнээсээ асуусан чинь хамрагдаж болно гэж байна урьдчилгаа 5 сая төгрөг болон бичиг баримтаа бүрдүүлж өгөөрэй гэж хэлхээр нь өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа, Голомт банкны хуулга зэргийг бүрдүүлээд Чимэгээ эгчид 5 сая төгрөгийн хамт өгсөн байгаа. Тэгээд хэсэг хугацааны дараа Чимэгээ эгч рүү утсаар яриад байрандаа орох болж байна уу гэхэд нөгөө хүнээсээ асуусан түр хүлээж байгаач гээд байна гэсэн. 2020 оны хавар би Чимэгээ эгч рүү утсаар яриад байрандаа оруулахгүй бол мөнгөө буцааж авмаар байна гээд уурлаж хэлсэн чинь нөгөө хүндээ би хэлээд эргээд хариу өгье гэж хэлсэн. Чимэгээ эгч би бас мөнгө өгчхөөд авч чадахгүй байна Баярмаатай хэрүүл маргаан болж байж чиний мөнгийг буцаан авахаар болсон гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 06 сард 1 000 000 төгрөг, 2020 оны 08 дугаар сард 1 сая төгрөг, 2020 оны 10 дугаар сард 1 сая төгрөгийг Баярмаа гэх хүнээс Чимэгээ эгчээр дамжуулан авсан байгаа. Чимэгээ эгч өөрөө мөнгөө одоо болтол авч чадаагүй байгаа болохоор цагдаад хандана гэж байсан. Би бол Баярмаа гэх хүнийг бол танихгүй, харж байгаагүй, одоо би Баярмаа гэх хүнээс 2 сая төгрөг авах ёстой юм...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 136-138/

11. Хохирогч Т.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Ноосны нэхмэлийн байрны 17-48 тоотод нөхөр хүүхдийн хамт амьдардаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хаалттай хорих 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт сувилагч ажилтай. Манай ээж Ч.Должинсүрэн 2019 оны 10 дугаар сарын эхээр Буянт-Ухаа 2 хороололд түрээсийн орон сууцанд оочир дараалалгүй урьдчилгаа мөнгөгүй оруулдаг хүн байна гээд Баярмаа гэх хүний утасны дугаарыг өгч байсан одоо санахгүй байна. ...Би 2020 оны 10 дугаар сарын дундуур Хан-Уул Дүүргийн 3 дугаар хороонд байх Дэлгэрэх хотхоны гадна Баярмаа гэх эмэгтэйтэй уулзсан. Тэгэхэд 4 сая төгрөг өгөөд материалаа бүрдүүлэхэд болно гэж хэлээд 2019 оны 11 дүгээр сарын дундуур байранд оруулж өгнө гэж хэлсэн. 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд байх гэрээсээ Хаан банкны мобайл банк ашиглан өөрийн 5142023065 дугаартай данснаас 4.000.000 төгрөгийг Ц.Б гэх хүний 5016050210 дугаартай дансанд шилжүүлсэн. Ц.Б 40 гаран насны шардуу царайтай, зүүн талын дээд уруул дээрээ мэнгэтэй байсан. Би нэг удаа л уулзсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 187-189/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.    

Шүүгдэгч Ц.Б нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 197/-аар тогтоогдож байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.   

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

            Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, цахим хэрэгсэл ашиглах, худал амлах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд гэмт этгээд нь бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үздэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б нь нэр бүхий 5 хохирогч нарт түрээсийн орон сууцанд хамруулж өгнө гэж нийт 21.000.000 сая төгрөгийг аваад уг түрээсийн орон сууцанд оруулаагүй, хохирогч нарт мөнгийг нь буцааж өгөөгүй, хохирогч нараас шилжүүлсэн мөнгийг өөрийн хувийн хэрэгцээнд ашигласан үйл баримт тогтоогдлоо.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Ц.Б нь Буянт-Ухаа 2 цогцолборын түрээсийн орон сууцанд бусдыг хамруулах, хамрагдах хүсэлтэй иргэдийн бичиг баримтыг хүлээн авах эрх бүхий этгээд биш болох нь “Нийслэлийн орон сууцны корпораци”ХК-иас ирүүлсэн “...Цэвээний Баярмаа /РД:ӨӨ/ нь манай байгууллагад ажиллах байгаагүй болно. Мөн иргэн Д.Д, Т.Х, Ц.Ү, М.Ба нар нь манай байгууллагад хүсэлт өгч байгаагүй болно” гэсэн албан тоот /хх-ийн 50/, шүүгдэгч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...би түрээсийн орон сууцанд хамруулах эрх бүхий ажил эрхэлдэггүй, ийм төрлийн ажил хийж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 96/ зэргээр нотлогдож байна.

Улмаар шүүгдэгч Ц.Б нь бодит байдал дээр ийнхүү түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах эрхгүй этгээд гэдгээ мэдэж байсан хэдий ч уг байдлыг хэлэлгүй нууж, шунахайн сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олохоор хохирогч нарыг түрээсийн орон сууцанд хамруулж өгнө гэж хуурч өөрийн данс руу нийт 24.000.000 төгрөг шилжүүлэн авч, хохирогч нарын эд хөрөнгийг буцааж өгөлгүй цааш хувийн хэрэгцээндээ зарцуулсан үйлдэл нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. 

Хэдийгээр шүүгдэгч Ц.Б нь Х.Золбоо гэгчийн дансанд хохирогч нараас авсан мөнгөө шилжүүлдэг байсан гэх боловч шүүхийн хэлэлцүүлэгт Х.Золбоо нь бүх мөнгийг хохирогч нарт буцааж өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 29 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолын хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаартай Прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолын хуулбар зэргээр тогтоогдлоо. Мөн Ц.Б нь Золбоогийн данс руу нэр бүхий 5 хохирогч нарын мөнгийг шилжүүлэх ёстой байсан боловч шилжүүлээгүй өөрийн хувийн хэрэгцээнд ашигласан байгаа нь түүний гэмт санаа энэ үеэс эхэлсэн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн дээрх 5 удаагийн үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзнэ.   

Иймд шүүгдэгч Ц.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ. 

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ц.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал /...51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, “Транс” ХХК-д үйлчлэгч ажилтай, ам бүл 6, хүү, охин, ач зээ нарын хамт амьдардаг.../, хохирол төлбөр төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасан хэдий ч хохирол төлбөр төлөөгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бг 1 /нэг/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзэв. 

            Шүүгдэгч Ц.Бд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя. 

            Энэ хэргийн улмаас хохирогч Ц.Үад 5.000.000 төгрөгийн, хохирогч М.Бад 5.000.000 төгрөгийн, хохирогч Д.Дд 5.000.000 төгрөгийн, хохирогч Т.Халиунд 4.000.000 төгрөгийн, хохирогч Ц.Чт 5.000.000 төгрөгийн хохирол тус тус учирсан, хохирогч Д.Дд 3.000.000 төгрөгийг буцааж төлсөн болох нь хохирогч нарын дансны хуулга /хх-ийн 4-7, 21-23, 31, 134/, Д.Дийн “...3 сая төгрөгийг буцаан авсан байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 137/ зэргээр тогтоогдож байна. Харин бусад хохирогч нарт хохирол төлбөр төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бгаас нийт 21.000.000 /хорин нэгэн сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Үад 5.000.000 /таван сая/ төгрөг, хохирогч М.Бад 5.000.000 /таван сая/ төгрөг, хохирогч Д.Дд 2.000.000 /хоёр сая/ төгрөг, хохирогч Т.Хд 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг, хохирогч Ц.Чт 5.000.000 /таван сая/ төгрөг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Ц.Бгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.   

   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ц.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бг 1 /нэг/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Бгийн эдлэх 1 /нэг/ жил 10 /арав/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Ц.Бд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,  цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
  5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар Ц.Бгийн өмчлөлийн Г2203001308 дугаартай Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаа 37 дугаар гудамжны 526-а тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар, мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020191 дугаартай хувийн сууцын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хохиролд тооцуулахаар хэвээр үлдээсүгэй.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бгаас нийт 21.000.000 /хорин нэгэн сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Үад 5.000.000 /таван сая/ төгрөг, хохирогч М.Бад 5.000.000 /таван сая/ төгрөг, хохирогч Д.Дд 2.000.000 /хоёр сая/ төгрөг, хохирогч Т.Хд 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг, хохирогч Ц.Чт 5.000.000 /таван сая/ төгрөгийг тус тус олгосугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.
  8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай. 
  9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР