| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
| Хэргийн индекс | 183/2016/01160/и |
| Дугаар | 864 |
| Огноо | 2017-04-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 864
Д.Дуламрагчаагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/00216 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Д.Дуламрагчаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Э.Нямцэцэгт холбогдох
Гэм хорын хохирол 9 764 040 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин,
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Жаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Дуламрагчаа нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Дуламрагчаа нь 2016 оны 02 дугаар сарын 11-нд өөрийн ажил үүргээ гүйцэтгэж яваад Э.Нямцэцэгийн буруугаас авто осолд орж хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан. Осолд орох үедээ Д.Дуламрагчаа нь “Пасифик Рим Констракторс Монгол” ХХК-д ахлах тогоочоор ажиллаж байсан бөгөөд нэг сарын 1 250 000 төгрөгийн цалин авдаг байсан. Э.Нямцэцэг нь “Пасифик Рим Констракторс Монгол” ХХК-д админаар ажилладаг ба Д.Дуламрагчаа Э.Нямцэцэгтэй тохиролцооны гэрээ байгуулсан. Гэрээгээр тохирсон зардлыг бүрэн хариуцна гэсэн тул компанид ажиллаж байхдаа авдаг байсан 1 сарын цалин болох 1 250 000 төгрөг буюу 1 жилийн 15 000 000 төгрөгөөс хөдөлмөрийн чадвар алдалтын мөнгө болох 1 сарын 490 630 төгрөг буюу 1 жилийн 5 887 560 төгрөгийг хасч зөрүү болох 9 112 440 төгрөг, мөн сувиллын 651 600 төгрөг нийт 9 764 040 төгрөгийг Э.Нямцэцэгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Нямцэцэг болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Дуламрагчаатай хамт Орхон аймагт ажлаар явж байгаад зам тээврийн осол гаргасан. Д.Дуламрагчааг эмчлүүлэхэд гарсан зардлыг өөрөөсөө гаргаж байсан. Би өөрийн гэм бурууг ойлгож энэ хүнд хуульд зааснаар гарсан эмчилгээний зардал болон бусад мөнгөн дэмжлэг үзүүлж нийт бэлнээр 2 сая төгрөг буюу 2016 оны 3 дугаар сарын 11-нд нурууны зураг авхуулахад 30 000 төгрөг, эм 68 000 төгрөг, 6 800 төгрөг, 6 000 төгрөг, 13 500 төгрөг 12 500 төгрөг, томографийн зураг авахуулахад 110 000 төгрөг, толгойн зураг 5 000 төгрөг, Эрдэнэт хотын нэгдсэн эмнэлэгт ор хоногийн мөнгө 35 958 төгрөг, Орхоноос Улаанбаатарт авч ирэхэд тээврийн зардалд 300 000 төгрөг, Улаанбаатараас Дархан хүрэх зардалд 150 000 төгрөг, нийт 2 737 758 төгрөг гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаад хохирогч яллагдагчтай сайн дураар эвлэрсэн гэх үндэслэлээр надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Д.Дуламрагчааг би эрүүл болгоход шаардлагатай мөнгийг боломжоороо гаргаж өгдөг байсан. Хэрэг шийдвэрлэгдэж дууссаны дараа ч гэсэн би нийт 900 000 төгрөг дансаар Д.Дуламрагчаад явуулж байсан. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тогтоол гарсаны дараа би ажлаа хийж эхэлсэн. Д.Дуламрагчаа өөрөө хуульд зааснаар өвчтэй байсан хугацаандаа нийгмийн даатгалын газраас листний мөнгө, мөн байгууллагаас мөнгөн төлбөр гаргаж өгч байсан. Нийтдээ би 3 637 758 төгрөгийг Д.Дуламрагчаагийн эмчилгээ, бусад зардалд зарцуулсан. Мөн Гранд мед эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний зардалд 2 350 000 төгрөгийн эмчилгээ сувилгаанд зарцуулсан. Энэ мөнгийг манай байгууллагын ажилчдын гэнэтийн ослын даатгалаас мөнгө нь гарч эмчилгээг Д.Дуламрагчаа хийлгэсэн. Би өөрийн учруулсан хохирлын хэмжээнд гэм хорыг арилгасан гэж үзэж байгаа. Орхон аймгийн шүүх шинжилгээний үндэсний төвийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 142 дугаартай шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэснээс үзвэл 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Гэмтлийн зэрэг тогтоох дүрэм зааврын 2.3.1 дэх хэсэгт “гэмтэл түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан бол хүндэвтэр зэрэгт хамаарна” гэж заасан байна. Гэтэл одоо Д.Дуламрагчаагийн гаргаж өгсөн 50 хувь хөдөлмөрийн чадвараа алдсан тухай хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 00922197 дугаартай актыг нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэл болгожээ. Түүнчлэн “Пасифик Рим Констракторс Монгол” ХХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 16/119 дугаартай захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т заасныг үндэслэн Д.Дуламрагчааг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгож ерөнхий тогоочийн албан тушаалаас чөлөөлсөн. Д.Дуламрагчаа нь өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан байх нь надад хамаатай зүйл гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгч 1 сарын цалин 1 250 000 төгрөг, 1 жилд 15 000 000 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсан мөнгө болох 1 сарын 490 360 төгрөг, 1 жилийн 5 887 560 төгрөгийг хасаад зөрүү 9 112 440 төгрөг, сувиллын зардал 651 600 төгрөг нийт 9 764 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Нямцэцэгээс гэм хорын хохиролд 9 764 040 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Дуламрагчаад олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 171 174 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжинд илүү тегсөн 9 777 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч Д.Дуламрагчаад олгож, хариуцагчаас 171 174 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Э.Нямцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч миний бие гомдол гаргаж байна. Үүнд:
1. Хариуцагч миний бие өөрийнхөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Жаргалыг оролцуулсан. Д.Жаргал бид 2-ын хооронд хийгдсэн тохиролцоогоор бол би шүүх хуралд өөрөө оролцох шүүх хурлаас өмнө хэрэг хянан шийдвэрлээх ажиллагаанд оролцуулахаар итгэмжлэл олгосон. Гэтэл шүүх хуралд миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал миний итгэмжлэлээс татгалзсаар байтал шүүх хуралдааныг явуулж шийдвэрлэсэнд гомдолтой байгаа. Учир нь би өөрөө шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байсан. Гэм хорын хохирол төлбөртэй холбоотой асуудлаар би өөрөө шүүхэд мэдүүлэх эрхтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт зааснаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал татгалзах эрхтэй байсан гэж үзэж байна. Д.Жаргал нь намайг шүүх хуралд Э.Нямцэцэгийг байлцуулж хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг амаар гаргасан. Хүсэлтийг шүүх хуралдааны аль ч үе шатанд амаар гаргаж болно. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч талын хүсэлтийг шийдвэрлээгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
2. Шүүх 9 764 040 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Учир нь Д.Дуламрагчаа нь 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гарсан Зам тээврийн ослоос үүдэлтэйгээр 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хөдөлмөрийн чадварыг 1 жилийн хугацаагаар 50 хувь алдсанаас болж цалингийн зөрүү болон рашаан сувилалд явсны зардалд нийт 9 764 040 төгрөг нэхэмжилсэн. Би ослын улмаас 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Д.Дуламрагчаатай гэрээ байгуулж цаашид гарах эмчилгээ болон цалингийн зөрүүний талаар тохиролцож гэрээгээ нотариатаар батлуулж байсан. Би 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 2 000 000 төгрөгийг Д.Дуламрагчаагийн ХААН банкны дансанд шилжүүлсэн. Би тухайн үед хууль эрх зүйн мэдлэггүй байдлаас болж уг 2 000 000 төгрөгийг эмчилгээний баримтгүйгээр Д.Дуламрагчаад эмчилгээний төлбөр гэсэн утгаар шилжүүлсэн. Би энэ төлбөрийг төлөх ёсгүй байсан байна гэж үзэж байна. Учир нь тухайн үед эмчилгээ хийгдэж байх үед бүх зардлыг би өөрөө төлдөг байсан, мөн манай компаниас эмчилгээний төлбөрийг 100 хувь төлж байсан, Д.Дуламрагчаа өөрөөсөө гаргаж эмчилгээ хийлгэсэн зүйл огт байгаагүй юм.
Мөн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “хүүхдийн үсний найр надад 500 000 төгрөг шилжүүл, чамаас өөр мөнгө өгөх хүн байхгүй” гэж шаардасны улмаас 290 000 төгрөг шилжүүлсэн. Би үүнийг бас төлөх ёсгүй төлбөр байсан гэж би үзэж байна. 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 110 000 төгрөгийг, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр цалингийн зөрүү 500 000 төгрөг гэж нийт 610 000 төгрөг төлсөн.
Нийтдээ би төлөх ёсгүй баримтгүй төлбөрт нийтдээ 2 900 000 төгрөг төлсөн Энэ талаарх нотлох баримтуудыг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.
3. Д.Дуламрагчаагийн 1 жилийн цалингийн зөрүү нэхэмжилж байгаагаар /2016 оны 8 сараас 2017 оны 8 cap хүртэлх/ нийтдээ “Пасифик Рим Констракторс Монгол” ХХК-ийн гаргаж өгсөн баримтаар 11 488 092 төгрөг авах ёстой байсан гэж тодорхойлсон. Гэтэл нэхэмжлэгч 15 000 000 төгрөг авах ёстой байсан гэж нэхэмжилсэн. Би “Пасифик Рим Констракторс Монгол” ХХК-ийн гаргаж өгсөн баримтаар 11 488 092 төгрөгийн тодорхойлолтыг үндэслэж шийдвэрээ гаргаагүйд гомдолтой байна. Хөдөлмөрийн гэрээгээр “Пасифик Рим Констракторс Монгол” ХХК нь ажилтан хуанлийн 21 хоног ажиллаад 21 хоног амардаг, энэ хугацаанд 1 250 000 төгрөгийн цалин авах тухай гэрээ хавтаст хэрэгт байгаа. Энэ гэрээний дагуу ажиллахаар Д.Дуламрагчаа нь ажлаа тасралтгүй хийсэн бол 1 жилд нийт 21 хоногоор 9 гараа гарч ажилладаг. Би өөрөө Д.Дуламрагчаатай ижил нөхцөлөөр гэрээ байгуулж ажилладаг учир 9 гараагаар 1 жилд ажиллаад цалингаа гэрээний дагуу авдаг. Ингээд үзхээр цалин нь амралтын мөнгө, баярын нэмэгдэл хуульд зааснаар бүх цалин нь 2016 оны 8 сараас 2017 оны 8 cap хүртэлх Д.Дуламрагчаагийн цалин 11 488 092 төгрөг байжээ. Гэтэл үүнийг шүүх анхаараагүй 15 000 000 төгрөг гэдэг нь нотлогдохгүй байхад нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дүнгээр шүүх шийдвэрээ гаргасан нь алдаатай байна.
Шүүхийн шийдвэрлэсэн 9 764 040 төгрөгөөс өөрийн хүлээн зөвшөөрч байгаа 3 352 132 төгрөгийг хасвал 6 411 908 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг батлах нь зүйтэй байна.
Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар эвлэрснийг бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүхээс батлан шийдвэрлэх боломжтой байна.
Нэхэмжлэгч Д.Дуламрагчаа нь хариуцагч Э.Нямцэцэгт холбогдуулан гэм хорын хохиролд 9 764 040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагч Э.Нямцэцэг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 9 764 040 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж 4 902 600 төгрөг болгосныг, анхан шатны шүүх хуралдааны шатанд хариуцагч Э.Нямцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр, давж заалдах шатны шүүх хуралдааны шатанд өмгөөлөгчөөр оролцсон Д.Жаргал хүлээн зөвшөөрч, цалингийн зөрүү болох 2 125 500 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор, 2 125 500 төгрөг болон сувиллын мөнгө болох 651 600 төгрөгийг тус тус 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Д.Дуламрагчаад төлөхөөр тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/00216 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Э.Нямцэцэгээс 2 125 500 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор, 2 777 100 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, нийт 4 902 600 төгрөгийг нэхэмжлэгч Д.Дуламрагчаад төлөхөөр тохиролцож, зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Нямцэцэгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 171 175 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ
С.ЭНХТӨР