Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2023/0101

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн       

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г, Д.А

Нэхэмжлэлийн шаардлага: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/285 дугаар тушаалыг хүчингүй болгуулах... тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 821 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, Д.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ө

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2021/0900/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/285 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.  

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 821 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А ” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “А ” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/285 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г , Д.А нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1 “...Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан ”Газар эзэмшигчийн эрх үүрэг”, 35.3”Газар эзэмшигчээс дараах үүрэг хүлээнэ”, 35.3.1-д “Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх”, 35.3.3Газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, 40 дүгээр зүйлд “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох”, 40.1”Аймаг, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5”эрхийн гэрчилгээ эзэмшигч төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6”хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Манай зүгээс “У” ХХК-иар Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгүүлж Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсан бөгөөд үнэлгээгээ хийлгэсний дараа гэрээ байгуулагдаж, төлбөр тооцооны асуудлаа шийддэг гэдэг тайлбарыг гаргаж гэрээ болон тооцоо нийлэх асуудлыг удаа дараа хойшлуулсан. Улмаар 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А-1У/01 тоот ажил эхлүүлэх зөвшөөрөл хүссэн албан хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн ба хүсэлтийг хүлээн авч, манай компанийг тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж байгааг баталж, газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгуулах тухай хүсэлтийг дэмжин 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” гурвалсан гэрээг баталгаажуулсан ба 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр утсаар холбогдон газрын төлбөрт 16.478.210 төгрөг тушаагаад ир тэгээд тооцоогоо нийлье гэсний дагуу 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр газрын төлбөрийг төлж, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тооцоо нийлсэн. 2020 оны 07 дугаар сарын 01-нээс 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл төлбөр төлөөгүй гэжээ. Дээрх хугацаанд манай байгуулагын газар эзэмших гэрээг сунгаж өгөөгүй учир газрын төлбөрыг төлөх үүрэг үүсэхгүй. Үүнээс хойш эс үйлдэхүйгээр сунгахгүй байсаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймээс газрын тухай хуулийн 40.1.5”эрхийн гэрчилгээ эзэмшигч төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэл үгүйсгэгдэж байна.

3.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6“хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлийн тухайд шүүхээс маргаан бүхийн газар дээр нэхэмжлэгч компанийн зүгээс шороо асгаж асгаж далан босгох, техник тоног төхөөрөмж зэрэг 200 сая төгрөг зарцуулагдсан гэх тайлбарыг гаргасан гэх боловч нэхэмжлэгчийн зүгээс үүнтэй холбоотой санхүүгийн болон бусад баримтыг гаргаж өгөөгүй гэж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурджээ.

3.3. Гэтэл 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр манай компанийн зүгээс маргаан бүхий газарт хийгдсэн газар шорооны ажлын гүйцэтгэлийн төсвийг хийлгүүлж хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Мөн шүүхээс маргаан бүхий газар дээр үзлэг хийж хөрөнгө оруулалт хийж барилгын суурийн ажил хийгдсэн нь тогтоогддог. Дээрхээс үзвэл нэхэмжлэгчийг маргаан бүхий газраа зориулалтын дагуу буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл тогтоогтохгүй байна.

3.4. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 821 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч А ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Богины амны хязгаарлалтын бүсэд 0.3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэж газар ашиглах эрхийн 2015/599 дугаар гэрчилгээ олгож, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 2020/146 дугаартай “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ”-г байгуулсан байжээ.

2.2. Үүний дараа Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/187 дугаар захирамжаар гуравдагч этгээд Б.Б, Б.А нарт газар ашиглах эрх олгохдоо 0.3 газрыг бүхэлд нь давхцуулан олгосон байна.

2.3. Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “...тус компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр үйлчлэлийн хугацаа дуусгавар болсон бөгөөд газрын төлбөр төлөөгүй, газар ашиглах эрхийн хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй нь Газрын тухай хуулийн 27.4-д “Хүчин төгөлдөр гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” зэрэг заалтыг тус тус зөрчин Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу “сонсох ажиллгаа” явуулахад хариу тайлбар өгөөгүй” гэх 1139 дүгээр албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нь 2020 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр Мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхтэй иргэн, хуулийн этгээд нь Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Усны тухай хууль зэрэг бусад салбар хуулийг зөрчсөн үйлдэл тогтоогдож байх тул ...мөрдөгчийн мэдэгдэл бичиж хүргүүлэв гэх 11и-3/5988 дугаар албан бичгийг тус тус Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлж байжээ.

2.4. Улмаар хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нэхэмжлэгч “А ” ХХК нь Газрын тухай хуулийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус зааснаар газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/285 дугаар тушаалыг гаргасан байна.

2.5. Нэхэмжлэгчээс “...газрын төлбөр төлсөн, 2020 оны 04 дүгээр сараас 2021 он хүртэл манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаагүй учраас газрын төлбөр төлөх гэрээнд заасан үүрэг үүсэхгүй, хариуцагч газар эзэмших эрхийн хугацааг сунгаагүй эс үйлдэхүй гаргасан, Газар эзэмших гэрээнд заасан үйл ажиллагааг явуулахад шаардагдах бичиг баримт бүрдүүлэх бэлтгэл ажиллагаа явагдаж, маргаан бүхий газар дээр шороо асгах компани, техник тоног төхөөрөмж зэрэг 200 орчим сая төгрөг зарцуулсан, гуравдагч этгээд газар эзэмших эрхтэй хүсэлтээ 2015 оноос хойш өгсөн. Манай компанийн газар эзэмших эрх хүчинтэй байсан...” гэж маргажээ.

2.6. Анхан шатны шүүх ...Газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэдгийг төлбөрөө тухай бүрт нь хугацаанд бүрэн төлөөгүй байхыг ойлгох бөгөөд маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч нь 2015-2020 оны 2 дугаар улирал хүртэлх хугацааны газрын төлбөрийг хэдийгээр төлсөн боловч тухай бүр нь төлөөгүй мөн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд газрын төлбөрөө огт төлөөгүй байх тул газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэл тогтоогдож байна. ...нэхэмжлэгч нь маргаан бүхий 0.3 га газарт хийгдсэн газар шорооны ажлын гүйцэтгэлийн төсвийг хийлгэсэн байх боловч тус төсвийг үндэслэн тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч маргаан бүхий газарт 2 жил дараалан ашиглаагүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

2.7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын ...2020 оны 07 дугаар сарын 01-нээс 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд манай байгуулагын газар эзэмших гэрээг сунгаж өгөөгүй учир газрын төлбөрыг төлөх үүрэг үүсэхгүй. Үүнээс хойш эс үйлдэхүйгээр сунгахгүй байсаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. ...Компанийн зүгээс маргаан бүхий газарт хийгдсэн газар шорооны ажлын гүйцэтгэлийн төсвийг хийлгүүлж, шүүхээс маргаан бүхий газар дээр үзлэг хийж хөрөнгө оруулалт хийж барилгын суурийн ажил хийгдсэн нь тогтоогддог. Дээрхээс үзвэл нэхэмжлэгчийг маргаан бүхий газраа зориулалтын дагуу буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл тогтоогтохгүй байна... гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

2.8. Учир нь нэхэмжлэгч “А ” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах гурвалсан гэрээг шинээр байгуулах тухай хүсэлтийг 2020 онд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан байх боловч тус гэрээг Хан-Уул дүүргийн Засаг дарга батлаагүй байхаас гадна Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16/410 дугаартай ...А ХХК тус албанд газар ашиглах тухай гурвалсан гэрээ батлагдаж, бүртгэлгүй байна гэх албан бичиг авагджээ.

2.9. Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар 2015 онд 1.254.000 төгрөг, 2016 онд 3.009.600 төгрөг, 2017 онд 3.009.600 төгрөг, 2019 онд 6.796.940 төгрөг, 2020 оны 1, 2 дугаар улиралд 3.398.470 төгрөг төлөхөөс сүүлд  2020 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр 2015, 2016, 2017, 2019, 2020 оны газрын төлбөрийг нөхөж төлсөн, 2020 оны 02 дугаар улирлаас  хойш маргаан бүхий захиргааны акт гарах хүртэлх хугацаанд газрын төлбөрөө төлөөгүй болох нь тогтоогдож байна.

2.10. Газрын төлбөрийг цаг хугацаанд нь төлөх үүрэг нь газар эзэмшигч, ашиглагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг тул газар эзэмших, ашиглах гэрээг байгуулаагүй нь тухайн газар эзэмшигч, ашиглагчийг газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

2.11. Мөн хавтас хэрэгт авагдсан баримтуудаар маргаан бүхий Богдхан уулын дархан цаазат газрын Богины амны хязгаарлалтын бүсэд 0.3 газарт газар шорооны ажил болон барилгын суурь ажил хийсэн болох нь тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэгчид газар ашиглах гэрээг цуцлахыг мэдэгдэж байсан болох нь хариуцагчийн тайлбар, Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09/8020 дугаар албан бичиг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1139 дугаартай санал хүргүүлэх тухай албан бичиг зэргээр нотлогдож байх тул Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд А ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон байна.

2.12. Нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн аль нь 2015, 2016 оноос хойш газраа зориулалтын дагуу ашиглаагүй боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж, дүгнэснийг буруутгах үндэслэлгүй, гуравдагч этгээдийг Газрын тухай хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэх эрх нь Төрийн захиргааны байгууллагад байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй болохыг  дурьдах нь зүйтэй.

2.13. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/285 дугаар тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус үндэслэж, “А ” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй, анхан шатны шүүх маргааны үйл баримтад дээрх хуулийн заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 821 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А ХХК-ийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

ШҮҮГЧ                                                          Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ