Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/216

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Б.Бямбаабаатар, С.Сэржмядаг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч А.Ганзориг,

иргэдийн төлөөлөгч Ш.М-,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.О,

шүүгдэгч Р.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Р.Б-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 190806477__ дүгээр хэргийг 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: *******

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Р.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ___ дугаар хороо, ____ дүгээр гудамжны ___ тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Х.Э-тай “...архины мөнгө өгсөнгүй...” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний баруун нүдэн тус газар нь тохойгоороо цохиж зодон бие махбодод нь “...баруун нүдний эвэрлэгийн нэвт гэмтэл, эвэрлэгийн шарх, нүдний доторх агуулагдхуун гадагшлалт...” бүхий гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

Шүүгдэгч Р.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Би хохирогчийн гэрт 2-3 сар амьдарсан. Тухайн үед эхнэртэйгээ маргаад ажил хийхээр явсан үе байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эмнэлгийн зардалд 1.500.000 төгрөг өгсөн. Хохирлыг төлнө. Хөнгөн ял өгнө үү” гэв.

Эрүүгийн 1908064771621 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Х.Э-гийн: “Б-тай 2015 онд танилцсан. Бид дундаасаа хүүхэдгүй, хоорондоо ярилцаж тохироод 2019 оны 8 дугаар сарын эхээр манайд хамтран 4 сар гаруй амьдарсан. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны орой 22 цагийн үед би гэртээ орон дээрээ сууж байтал хамтран амьдрагч Р.Б- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд миний баруун гар талд орон дээр суучхаад надаас архины мөнгө нэхээд “мөнгө өгчих” гэхээр нь би “чи яагаад архи уугаад байгаа юм бэ? юун мөнгө нэхээд байгаа юм бэ? мөнгө өгч чадахгүй” гэж хэлтэл Б- уурлаад “чамд мөнгө байгаа надад өгчих” гээд миний баруун талын нүд рүү зүүн талын тохойгоороо нэлээн хүчтэй цохисон. Тэгсэн миний баруун талын нүд харанхуйлаад байхаар нь би “чи миний баруун талын нүд рүү цохичихлоо” гэхэд Б- “сүртэй юм бэ, ганц цохиод юу гэж нүд харахгүй болж байдаг юм” гэж хэлсэн. Тухайн үед орой байсан болохоор би унтаад өгсөн. 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө босоод иртэл миний баруун талын нүднээс цус гарчихсан хөнжил цус болчихсон байсан. “___” эмнэлэгт үзүүлтэл шууд хагалгаанд ор гэж хэлсэн. Миний биед учирсан хүнд гэмтлийг Б- зүүн талын тохойгоороо нэг удаа цохиж учруулсан. Өөрөөр намайг зодож цохисон зүйл байхгүй. Эмчилгээний зардлаа бүрэн барагдуулж авна. Дараачийн хагалгааны зардал 6 сая төгрөгийг гаргуулж авмаар байна...

...2019 оны 8 дугаар сараас Р.Б- бид хоёр манай гэрт хамт амьдарсан бөгөөд цаашид гэр болж хамт амьдарна гэж ярилцаж байсан. Миний охин Ч бид хоёрыг мэднэ. Би махны үйлдвэрт сард 1200.000-1500.000 төгрөгийн цалинтай ажил хийдэг. Би ажлаа 14 сар хийж чадаагүй, энэ хугацааны мөнгө нэхэмжилж байна. Би Б-аас “О” эмнэлэгт хэвтэхдээ 320.000, саяхан эгч нь 650.000 төгрөг өгч, нийт 970.000 төгрөг авсан. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-25-27, 30, 33/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.03.11-ний өдрийн 3375 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Х.Э--н биед баруун нүдний эвэрлэгийн нэвт гэмтэл, эвэрлэгийн шарх, нүдний доторх агуулагдахуун гадагшлалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65%-аар тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэжээ /хх-54-55/,

Шинжээч эмч Ц.-н: “...Дээрх дурдсан дүгнэлтэд 65% тогтонги гэж нүдний гэмтлийг заасан байдаг. Х.Э-гийн баруун нүд бүрэн хараагүй болсон байсан. Болсон хэрэг нь 2019 оны 11 дүгээр сарын 05-нд гэсэн ба 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр үзлэг хийсэн. Хэсэг газрын үзлэгээр баруун нүдний алим ширгэсэн, хүүхэн хараа цайсан, амбулаторийн картаас 2019 оны 11 дүгээр сарын 06, 12, 09, 11, 13, 18-ны өдрийн нүдний эмчийн үзлэгийг дүгнэж дүгнэлт гаргасан. Зөөлөн эдийн няцрал цус хуралт шимэгдэж эдгэрсэн тул хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй боловч 1 удаагийн тохойн ар хэсгээр цохих үед үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-56-57/,

Гэрч Г.Ч-ийн: “...2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр би гэртээ байтал ээж **** залгаад “ээж нь нүдний хагалгаанд орох гээд байна, хүнд баруун нүдээ цохиулчихсан, миний охин хүрээд ир” гэхээр нь би “О” нүдний эмнэлэг дээр очоод ээжийн нүдийг үзүүлтэл эмч нь “яаралтай хагалгаанд ор” гэж хэлсэн. Тэгээд нүдний хагалгаанд орсон. Сүүлд эмнэлгээс гарсны дараа надад ээж ****** “******** ах чинь намайг орон дээр сууж байх үед хажууд согтуу суугаад миний баруун нүд рүү зүүн талын тохойгоороо цохичихсон” гэж хэлсэн...

...Миний ээж, аав хоёр 11 жилийн өмнө салаад тусдаа байдаг. 2019 оны 9-10 дугаар сарын хооронд 2 удаа ээж дээр очиход Р.Б- гэдэг хүн байсан. Ээж “бид хоёр хамт амьдарч байгаа, архи дарс уудаггүй, гайгүй хүн” гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-41-42, 44/,

Гэрч Р.Ц-гийн: “...2019 оны 7, 8 дугаар сарын үед Б- над руу согтуу яриад “би Эмээлтэд махны үйлдвэрт ажиллаж байгаа, би ийм хүүхэнтэй танилцсан” гээд нэг согтуу хүүхэн яриулаад байсан. Тэр эмэгтэй нь Х.Э- гэдэг хүүхэн юм байна лээ. 2020 оны 01 дүгээр сард Б- над руу яриад би “Х.Э-гийн нүдийг цохичихлоо, эргээд өгөөч” гэхээр нь би 2 дугаар эмнэлэг дээр очсон чинь байхгүй “О” гэдэг эмнэлэгт байсан...” гэх мэдүүлэг /хх-48/,

Гэрч Р.Б-ийн: “...2019 оны 8 дугаар сард Б- бид хоёр муудалцаад хэсэг тусдаа амьдарч байсан. Эмээлтэд махны үйлдвэрт ажиллаж байгаа гэж хэлсэн. Р.Б- өмнө нь эхнэртэй байсан. Бид хоёр 2013 онд танилцаж байсан...” гэх мэдүүлэг /хх-46/,

Шүүгдэгч Р.Б-ын яллагдагчаар өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын дунд үеэр ****** “Манайд хүрээд ир, ажил хийж болно” гэхээр нь ******* гэрт нь очсон. 7-8 хоноод махны үйлдвэрт ачигчаар орсон. Энд гэр орон олж амьдаръя гэж хэлсэн чинь “манайд байгаад ажлаа хийгээд явж болно” гэсэн. Тэгээд би ажил хийгээд *********гийн гэрт 2-3 сар амьдарсан. Энэ хооронд бид хоёр бэлгийн харьцаанд 2 удаа орсон. Бид хоёр маргалдаад орон дээр сууж байсан. ****** хэрүүл хийгээд байхаар нь “Би явлаа, чи дуугүй бай” гээд зүүн тохойгоороо тохойдсон чинь ********ийн баруун нүд орчимд цохисон. ****** нүдээ дараад байхаар нь би гарсан. Энхтуяатай муудалцаад хэрүүл хийж байгаад болгоомжгүй тохойгоороо цохисон чинь нүдэнд нь цохисон. *******тай зүгээр найзын харилцаатай танилууд байсан, гэр бүлийн ямар нэгэн харилцаа байхгүй...” гэх мэдүүлэг /хх-65-72/,

Гэрч Б.У-ын мэдүүлэг /хх-50/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-100/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-90/, хохирлын “нийт 725.000 төгрөг” гэх тооцоо /хх-164/, хохирогчийн “О” нүдний эмнэлэгт үзүүлсэн талаарх өвчний түүх /хх-173-181/, аюулын зэргийн үнэлгээ, хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-183-186/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн эмнэлгээс өвчтөн илгээх хуудас, иргэний эрүүл мэндийн дэвтрийн 2 хуудас хуулбар зэргийг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Р.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Х.Э-тай “...архины мөнгө өгсөнгүй...” гэх шалтгааны улмаас маргалдан баруун нүд рүү нь тохойлдон баруун нүдний эвэрлэгийн нэвт гэмтэл, эвэрлэгийн шарх, нүдний доторх агуулагдхуун гадагшлалт бүхий гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Баримтаар бусдад төлөх төлбөргүй, цаашид гарах эмчилгээний төлбөрийг жич нэхэмжлэх эрхийг  нээлттэй үлдээх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Хавтаст хэрэгт Б-н “Бид хоёр 2013 оноос хамт амьдарч байсан” гэсэн мэдүүлэг байдаг. Энэ нь шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогддог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг дараах үндэслэлээр няцааж байна. Хамт амьдарсан нөхцөл байдал хавтаст хэрэгт байхгүй, учир нь шүүгдэгч ажил оройтох үед очиж хонодог, бусад үед эгчийнх рүүгээ очоод хонодог байсан гэдэг. Дээрээс нь энэ гэмт хэрэг тохиолдлын шинж чанартай байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл нь байнгын шинжтэй байдаг. Шүүгдэгч Бадгэрэлтэй ямар нэг асуудал үүсэхэд мөн л гэр бүлийн хүчирхийлэл гэж үзнэ. Энэ нь өөрөө Эрүүгийн хуулийн тайлбарлахад эргэлзээ үүсэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг тайлбарлахад эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтай байдлаар шийднэ гэсэн зарчмыг бариад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү...” гэж,  

иргэдийн төлөөлөгч “Шүүгдэгч Р.Б- нь гэм буруутай үйлдэл хийсэн. Энхтуяатай хамтран амьдарсан гэхдээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэж гэм буруугийн дүгнэлтээ тус тус танилцууллаа. 

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Р.Б- согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ******** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Х.Э-тай “...архины мөнгө өгсөнгүй...” гэх шалтгааны улмаас маргалдан баруун нүд рүү нь зүүн тохойгоороо цохиж “баруун нүдний эвэрлэгийн нэвт гэмтэл, эвэрлэгийн шарх, нүдний доторх агуулагдхуун гадагшлалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Х.Э-гийн “...2019 оны 8 дугаар сараас Б- бид хоёр манайд хамт амьдарч эхэлсэн. Б- архины мөнгө нэхээд уурлаад “чамд мөнгө байгаа, надад өгчих” гээд миний баруун талын нүд рүү зүүн тохойгоороо нэлээн хүчтэй цохисон...” гэх мэдүүлэг /хх-25-27, 30/, гэрч Г.Ч-ийн “...Надад ээж ******** “********* ах чинь намайг орон дээр сууж байх үед хажууд согтуу суугаад миний баруун нүд рүү зүүн тохойгоороо цохисон” гэж хэлсэн. Ээж “бид хоёр хамт амьдарч байгаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-41-42, 44/, гэрч Р.Ц-гийн “...2019 оны 7, 8 дугаар сарын үед Б- над руу яриад би ийм хүүхэнтэй танилцсан гээд нэг согтуу хүүхэн яриулсан. Тэр эмэгтэй нь Х.Э- юм билээ. 2020 оны 01 дүгээр сард Б- над руу яриад “Х.Э-гийн нүдийг цохичихлоо, эргээд өгөөч” гэсэн...” гэх мэдүүлэг /хх-48/, шүүх эмнэлгийн 3375 дугаар “1. Х.Э--н биед баруун нүдний эвэрлэгийн нэвт гэмтэл, эвэрлэгийн шарх, нүдний доторх агуулагдхуун гадагшлалт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65%-аар тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх шинжилгээ /хх-54-55/, шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн “...Х.Э-гийн баруун нүд бүрэн хараагүй болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-56-57/, шүүгдэгч Р.Б-ын яллагдагчаар өгсөн “...**********тай муудалцаад хэрүүл хийж байгаад болгоомжгүй тохойгоороо цохисон чинь нүдэнд нь таарсан...” гэх мэдүүлэг /хх-65-72/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Р.Б-ын үл ялих зүйлээр шалтаглан хохирогчтой маргалдан хохирогч буюу хамтран амьдрагч Х.Э-гийн баруун нүд рүү тохойгоороо цохин эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй” гэх, иргэдийн төлөөлөгчийн “Шүүгдэгч Р.Б- гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй” гэх гэм буруугийн дүгнэлтийг тус тус хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, ...тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 3.2 дугаар зүйлд “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдраагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж тус тус заажээ. Хэрэгт авагдсан хохирогч Х.Э-гийн “...2019 оны 8 дугаар сараас Б- бид хоёр манай гэрт хамт амьдарсан. Цаашид гэр бүл болж хамт амьдарна гэж ярилцаж байсан...” гэх мэдүүлэг /хх-30/, гэрч Г.Ч-ийн “...2019 оны 9-10 дугаар сарын хооронд 2 удаа ээж дээр очиход Р.Б- гэдэг хүн байсан. Ээж “бид хоёр хамт амьдарч байгаа...” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-41-42, 44/, гэрч Р.Ц-гийн “...2019 оны 7, 8 дугаар сарын үед Б- над руу согтуу яриад “би Эмээлтэд махны үйлдвэрт ажиллаж байгаа, би ийм хүүхэнтэй танилцсан” гээд нэг согтуу хүүхэн яриулаад байсан. Тэр эмэгтэй нь Х.Э- гэдэг хүүхэн юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх-48/, гэрч Р.Б-ийн “...2019 оны 8 дугаар сард Б- бид хоёр муудалцаад хэсэг тусдаа амьдарч байсан. ****** махны үйлдвэрт ажиллаж байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-46/, шүүгдэгч Р.Б-ын “...2019 оны 8 дугаар сарын дунд үеэс Энхтуяагийн гэрт 2-3 сар амьдарсан. Энэ хооронд бид хоёр бэлгийн харьцаанд 2 удаа орсон...” гэх мэдүүлэг /хх-65-72/ зэргээр шүүгдэгч, хохирогч нар харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Түүнчлэн тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд болох шүүгдэгчийн хамтран амьдрагч болох хохирогчийн сэтгэл санаанд дарамт учруулах, бие махбодод халдсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцэж байна, харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн болон иргэдийн төлөөлөгчийн гэм буруугийн дүгнэлтийг дээрх үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.       

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Э-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримтаар тогтоогдсон 725.000 төгрөгийг 970.000 төгрөг болгон төлж барагдуулсан тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хохирогчийн “Цаашид хагалгаанд 6 сая төгрөг шаардлагатай. 14 сар ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-30/, “********” ХХК-ийн “Х.Э- нь мах боловсруулах үйлдвэрт ажилладаг бөгөөд сарын дундаж цалин 1.500.000 төгрөг” гэх тодорхойлолт /хх-167/ хэрэгт авагдсан боловч дээрх хугацаанд ажилласан эсэх, цалин хөлс авсан эсэх, мөн эмнэлгийн магадалгааны мөнгө авсан эсэх зэрэг нь тодорхойгүй байх тул иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй байна гэж үзэв. Иймд хохирогч Х.Э- нь цаашид хийгдэх эмчилгээтэй холбоотой болон ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдаж байна.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Р.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Элэгний донор болж элгээ тайруулж байсан эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан 3 жил 5 сарын хорих ял оногдуулж өгнө үү...” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, үл ялих зүйлээр шалтаглан хамтран амьдрагчийнхаа нүд рүү нэг удаа тохойгоороо цохиж хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд баруун нүд хараагүй болж хүнд хохирол учирсан, баримттай хохирол төлөгдсөн ч хохирол, хор уршиг бүрэн арилаагүй, хохирогч “Цаашид гарах зардлаа болон цалингаа нэхэмжилнэ. Гомдолтой” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, элэгний донор болж элгээ тайруулсан эрүүл мэндийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа/-ыг тус тус харгалзан шүүгдэгч Р.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан хорих ялыг багасгаж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв. Хэдийгээр шүүгдэгч Р.Б- гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, түүнчлэн баримттай хохирлыг төлсөн байх боловч түүний үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /баруун нүд хараагүй болсон/, мөн хохирогч цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай, ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ гэснийг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм.  

Шүүгдэгч Р.Б-ын 2020.12.16-ны өдрөөс 2020.12.18-ны хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног, 2020.12.18-ны өдрөөс 2021.03.02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 74 хоног, нийт 76 /далан зургаа/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож хасах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Б- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ____ овогт ___ Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Р.Б-ыг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.Б-ын цагдан хоригдсон 76 /далан зургаа/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож хассугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Б- энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай. 

6. Хохирогч Х.Э- цаашид гарах эмчилгээний болон ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Р.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                              Л.БААТАР

 

 

                         ШҮҮГЧИД                                       Б.БЯМБААБААТАР

 

 

       С.СЭРЖМЯДАГ