Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/253

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.О-,

шүүгдэгч Ч.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ч.М-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 210800000__ дугаар хэргийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: *******

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Ч.М- нь Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр гудамжны задгай тоот болох өөрийн гэртээ 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр найз П.Х-тай хамтран пиво, архи зэрэг согтууруулах ундааны зүйлсийг хэтрүүлэн хэрэглэсэн. Улмаар согтуурсан үедээ Ч.М- нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч П.Х-ын зүүн мөрөн тус газар нь хутгалж хохирогчийн биед “зүүн бугалгад хатгагдаж зүсэгдсэн шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогч манайд 2 пиво бариад орж ирсэн. Дахиад пиво нэмж аваад уусан. Хоол ид гэж хэлсэн. Хутгатай гараараа түлхсэн чинь хатгасан. Би уг гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч надаас нэхэмжлэх зүйлгүй гэсэн ч би нэг ширхэг гар утас өгсөн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Уучлалт гуйж байна” гэв.

Эрүүгийн 210800000___ дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч П.Х-ын: “2021 оны 01 дүгээр сарын 06-ны орой ...гэртээ очихоосоо өмнө манайхтай ойрхон байдаг М гэх найзынхаар ороод пиво ууя гэж бодоод дэлгүүрээс 2 том пиво авч ороод уусан. Нэг мэдсэн чинь гэрийн урд гудамжинд явж байх шиг байсан. Тухайн үед намайг М-ынхаас гарах үед М мах идэж байсан хутгаараа хатгаад гаргачихсан юм шиг байна лээ. Замдаа хүйт оргиод ухаан ороод буцаж Мынд орсон. Курткаа тайлаад харсан чинь зүүн гарын булчин зүсэгдсэн байхаар нь эхнэртээ утсаар хэлээд цагдаа, эмч болсон. Ямар шалтгааны улмаас намайг хутгаар хатгасан гэдгийг нь мэдэхгүй байна. Би тухайн үед нэлээн согтолттой байсан. Эргэн ирж оёдол тавьчхаад явсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-17 -19, 59/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.01.21-ний өдрийн 842 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. П.Х-ын биед зүүн бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-27-28/,

Гэрч *******ын: “...7-10 хоногийн өмнө манай урд хашаанд амьдардаг М эхнэр бид хоёрыг унтаж байхад өглөө согтуу орж ирээд надаас “шарх цэвэрлэдэг бинт, цэвэрлэгээний бодис байна уу” гэхээр нь “юу болсон бэ” гэсэн чинь “би пиво ууж байгаад маргалдаад Хг хутгалчихлаа, сая түргэн ирээд оёо хийлгэлээ” гэсэн...” гэх мэдүүлэг /хх-25/,

Шүүгдэгч Ц.Мын яллагдагчаар өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 06-ны орой 22 цагийн үед зүс таних Х ах манай гэрт машин янзлаад ирлээ гээд 2,5 литрийн хоёр том пивотой ирсэн. Бид хоёр пиво ууж дуусчхаад би дэлгүүр орж 0,5 литрийн 10 шил пиво аваад ирсэн. Мах чанаад Хүрэлбаатар ахыг “мах ид” гэсэн чинь “би мах идэхгүй” гээд пивоо ууж байхдаа намайг загнаад “чи дандаа ганцаараа байх уу” гээд үг хэлээр өдөөд байхаар нь би мах идэж байсан хар иштэй урт хутгаар Х ахын зүүн бугалга хэсэг рүү хатгачихсан чинь юу ч хэлэлгүй гараад явсан. Удалгүй Х ах орж ирээд “чи намайг хутгалчихсан байна шүү дээ” гэхээр нь би шууд түргэн, цагдаа дуудсан. Би хохирлыг барагдуулж өгсөн. Надаас нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Бид хоёр эвлэрсэн” гэх мэдүүлэг /хх-51-52/,

Гэрч М.О-ийн мэдүүлэг /хх-22/, дуудлагын хуудас /хх-67/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-69/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-68/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-71/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-72/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-73/, тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа /хх-74/, шүүхийн шийдвэрийн иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-75/, нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-76/, эд хөрөнгө бүртгэлтэй байсныг шилжүүлсэн лавлагаа /хх-77/, депозит дансны хуулга /хх-78-81/ зэрэг бичгийн нотлох баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.  

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ч.М- согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ******** дүгээр гудамжны задгайд байх гэртээ хохирогч П.Х-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зүүн бугалганд хутгалж “зүүн бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч П.Х-ын “...Бид хоёр пиво уусан. Тухайн үед М мах идэж байсан хутгаараа хатгаад намайг гаргачихсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх-17-19, 59/, шүүх эмнэлгийн 842 дугаар “1.П.Х-ын биед зүүн бугалгад хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-27-28/, гэрч Б.Гын “...М өглөө манай гэрт согтуу орж ирээд ...“би пиво ууж байгаад маргалдаад Хг хутгалчихлаа, сая түргэн ирээд оёо хийлгэлээ” гэсэн...” гэх мэдүүлэг /хх-25/, шүүгдэгч Ц.Мын яллагдагчаар өгсөн “...Х ах “би мах идэхгүй” гээд пивоо ууж байхдаа намайг загнаад үг хэлээр өдөөд байхаар нь би мах идэж байсан хар иштэй урт хутгаар зүүн бугалга хэсэг рүү хатгачихсан...” гэх мэдүүлэг /хх-51-52/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-67/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ч.М-ын хохирогч П.Х-тай хувийн таарамжгүй харилцсаны улмаас зүүн бугалганд хутгалж биед нь “зүүн бугалгад хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч П.Х-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, “Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-19, 59/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ч.М- согтуурсан үедээ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй...”

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Ч.М- гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн үйлдлийн хувьд согтууруулах ундааны зүйлийг айлд барьж ирж уугаад, улмаар маргаан гаргаж, хэл амаар доромжилсон. Шүүгдэгч сонсголын бэрхшээлтэй, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /ахуйн хүрээнд согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн эрх, эрх чөлөөнд хутга хэрэглэн халдаж гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд нэг ширхэг гар утас өгсөн гэх, хохирогч “Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэр бүлийн байдал, эрүүл мэндийн байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой/ зэргийг тус тус харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ял шийтгэлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /“Шинэ 59” СӨХ-д жижүүр ажилтай, тодорхой орлоготой/-ийг үндэслэн шүүгдэгч Ч.М-ыг 700.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэх учиртай бөгөөд дээрх байдлаар тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн “шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах тухай” шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.М- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ____ овогт _____ Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-ыг 700.000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.М- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР