| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2021/0241/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/254 |
| Огноо | 2021-03-11 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | О.Пүрэвсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/254
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч О.Пүрэвсүрэн,
шүүгдэгч Б.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.М-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 200803042__ дүгээр хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ******
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Б.М- нь 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэн Ш.Г-ээс Сонгинохайрхан дүүргийн ********** тоотод гэртээ байхдаа ******* дугаартай данс руу 600.000 төгрөгийг андуурч шилжүүлснийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан буюу Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завшсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
Шүүгдэгч Б.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Уучлалт гуйя. Дахин хэрэг хийхгүй. Торгох ял оногдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн 200803042__ дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Ш.Г-ийн: “...2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн орчимд найз О- залгаад “онлайнаар покер тоглох гэсэн юм нэг сая төгрөг зээлээч” гэхээр нь “нэг сая төгрөг байхгүй, 600.000 төгрөг байгаа” гэж хэлсэн. Мөнгө шилжүүлэхээ мартчихсан байсан чинь 2020 оны 10 дугаар сарын 04-ний 03 цаг өнгөрч байхад О- залгаад нөгөө зээлэх 600.000 төгрөгөө “___” пэйж хуудасны данс руу шилжүүлчих гэхээр нь өөрийн утаснаас “___” нэртэй пэйж хуудас руу орж чат хэсэгт байршуулсан байсан ____ М- гэсэн данс руу шилжүүлсэн. Төд удалгүй О- залгаад “чи мөнгө хийнэ гэсэн, яасан бэ” гэхээр нь “би сая ______ данс руу шилжүүлсэн” гэтэл “буруу данс руу шилжүүлсэн байна” гэсэн. Маргааш нь “___” пэйж хуудас руу утасдаж ____ данс руу андуураад 600.000 төгрөг шилжүүлсэн талаараа хэлтэл манайд ийм данс байхгүй гэхээр нь “Хаан банк”-д очоод ***** данс руу андуураад 600.000 төгрөг шилжүүлчихлээ гээд хандсан чинь банкны ажилтан дээрх дансны эзэмшигч М-тай холбогдсон чинь өөртэй нь холбогдъё гээд М- гэх хүн надтай ярьсан. Тухайн “600.000 төгрөгийг чинь зээл татчихсан байна, удахгүй буцаагаад өгнө” гэсэн боловч сүүлдээ утсаа авахгүй алга болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 04 цаг 08 минутад өөрийн гэртээ гар утаснаасаа “Интернет” банк аппликейшнээ ашиглан шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-7-11/,
Шүүгдэгч Б.М-ын яллагдагчаар өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байсан чинь миний ****** гэсэн данс руу 600.000 төгрөг Олзоо гэсэн утгатай орж ирсэн. Маргааш хүртэл нь над руу ямар ч хүн залгаагүй. Над руу хүн андуурч мөнгө хийчихлээ гэж мэдэж байсан. 2020 оны 10 дугаар сарын 05-ны орой мөнгийг АТМ-ээс аваад Улаанбаатар хот руу вагонд суусан. Тэгээд хувцас авч, хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Тэр өдөртөө буцаад **** аймаг руу явсан. 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр над руу мөнгө андуурч шилжүүлсэн хүн залгаад “мөнгө хурдан хий, цагдаад өргөдөл гаргана” гэж хэлэхээр нь би тухайн хүний утсыг шууд блок хийчихсэн. Удаагүй цагдаагийн байгууллагад дуудагдаж ирсэн. Би тухайн мөнгийг үрж болохгүй гэдгийг мэдэж байсан. Гэхдээ мөнгө ороод ирэхээр нь баярлаад өөртөө хувцас авч өмссөн. 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч *****н данс руу 600.000 төгрөг шилжүүлж хохирлыг барагдуулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-46-47/,
шүүгдэгч Б.М-ын _____ дахь дансны хэдлгэрэнгүй хуулга /хх-5/, Хөдөлмөр, халамжийн хэлтсийн “Б.М- нь нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаггүй” гэх албан бичиг /хх-21/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-23/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-24/, эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа /хх-27/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-29/, хохирол төлсөн тухай Хаан банкны мөнгөн шилжүүлгийн 2020.11.03-ны өдрийн баримт /хх-51/, хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-58/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.М- нь 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Ш.Г-ийн Сонгинохайрхан дүүргийн **** тоот гэрээсээ ____ дугаартай данс руу 600.000 төгрөгийг андуурч шилжүүлснийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Ш.Г-ийн “...өөрийнхөө утаснаас ____ М- гэсэн данс руу 600.000 төгрөг шилжүүлсэн. М- залгаж тухайн андуурч шилжүүлсэн 600.000 төгрөгийг чинь зээл татчихсан байна, удахгүй өгнө гэсэн...” гэх мэдүүлэг /хх-7-11/, шүүгдэгч Б.М-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар “2020.10.04-ний өдрийн 04:08 цагт ****** дугаар данснаас 600.000 төгрөг орлого болон орсныг 2020.10.04-ний өдрийн 04:13 цагт зарлага болгон гаргасан” /хх-5/, шүүгдэгч Б.М-ын яллагдагчаар өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байхад миний 5400857930 гэсэн данс руу 600.000 төгрөг Олзоо гэсэн утгатай орж ирсэн. Над руу хүн андуурч мөнгө хийчихлээ гэж мэдэж байсан. Тэгээд хувцас авч, хувийн хэрэгцээндээ зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх-46-47/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.М-ын хохирогч Ш.Г-ийн данс андууран шилжүүлсэн 600.000 төгрөгийг мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Г-эд 600.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “Миний хохирол бүрэн барагдсан” гэх мэдүүлэг /хх-57/, банкны мөнгөн шилжүүлгийн “Ш.Г-ийн данс руу 600.000 төгрөг шилжүүлсэн” баримт /хх-51/ зэргээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байна гэж шүүх дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.М- нь хохирогч Ш.Г-ийн андуурч шилжүүлсэн мөнгийг мэдсээр байж авч завшсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Б.М- нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй тул 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгч “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм хэрэг хийхгүй. Торгох ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /андуурч шилжүүлсэн бусдын мөнгийг хууль бус болохыг мэдсээр байж хувьдаа ашиглаж бусдын өмчлөх эрхийг зөрчсөн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 600.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ар гэрийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээ.
Шүүгдэгч Б.М-ын 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 24 /хорин дөрөв/ хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 192 цагийг ял эдэлсэнд тооцон хасаж, эдлэх ялыг 48 цагаар тогтоож шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.11, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** овогт ******ийн М-ыг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ын цагдан хоригдсон 24 /хорин дөрөв/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 192 цагийг хасаж, эдлэх ялыг 48 /дөчин найм/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М- бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.М-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР