| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2021/0252/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/259 |
| Огноо | 2021-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Болор-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/259
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,
шүүгдэгч С.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.Э-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008033320026 дугаар хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: *******
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч С.Э- 2020 оны 11 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ___ дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ______ спорт зааланд сагс тоглож байх үедээ алдаа гаргасан гаргаагүй гэж маргалдсаны улмаас С.Ө-ын баруун талын шанаа руу гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь тархины доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
Шүүгдэгч С.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 46.500 төгрөг төлсөн. Торгох ял оногдуулж өгнө үү. Дахин ийм асуудал гаргахгүй” гэв.
Эрүүгийн 200803332___ дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч С.Ө-ын: “...Манай багийн эсрэг тоглож байсан багийн тоглогч 20 орчим насны залуу намайг довтолж байх явцад алдаа гаргаж мөргөсөн. Тэр залуу завсарлага аваад хэсэг сууж байгаад буцаж ирээд намайг “алдаа гаргасан” гээд алдаа авмаар байна гэсэн. Би “би алдаа гаргаагүй, харин чи өөрөө намайг довтолж байхад мөргөж алдаа гаргасан” гээд хэлтэл тэр залуу уурлаад байсан. Бид хоёр алдаа гаргасан, гаргаагүй гээд маргалдсан. Тэр залуу уурандаа миний баруун талын шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Би газар унасан. Үе үе толгой өвдөөд байгаа...” гэх мэдүүлэг /хх-16-17/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.11.17-ны өдрийн 13179 дүгээр “1. С.Ө-ын биед тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 2. Эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд дээрх гэмтэл нь 2020.11.08-нд үүссэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-31-32/,
Гэрч С.Э-ийн: “...дүүгийн эсрэг багийн тоглогч үл таних залуу манай дүүг “алдаа гаргалаа” гээд дайраад байсан. Манай дүү тэр залуугийн өөдөөс уурлаагүй, гараа өргөөд тоглоом завсарлаад хамгаалалт авсан гэдгээ хэлсэн. Тэр залуу уурлаж байгаад шууд дүүгийн баруун талын хацар, шанаа хэсэг рүү нэг удаа хүчтэй цохисон. Дүү тэр дороо заалны шалан дээр унасан...” гэх мэдүүлэг /хх-27/,
Гэрч Г.З-ын: “...Бор царайтай, намхан бондгор залуу манай дүүг “алдаа гаргалаа” гээд дайраад байсан. Манай дүү гараа өргөөд тоглоом түр завсарласан. Тэр залуу уурлаж байгаад дүүгийн баруун талын шанаа хэсэг рүү хүчтэй цохисон. Дүү цохиулаад унасан...” гэх мэдүүлэг /хх-29/,
Шүүгдэгч С.Э-ын яллагдагчаар өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө 00 цагаас 02 цаг хүртэл зааланд тоглосон. Намайг довтолгоо хийсэн чинь алдаа гаргаад элэгдчихсэн. Амьсгаа авч чадахгүй, 2 орчим минут завсарлуулаад эсрэг багийн залууд “алдаагаа авъя” гэж хэлсэн. Тэр залуу “би алдаа гаргаагүй” гээд уурлаад байсан. Тэгээд маргалдаад би тэр залуугийн баруун хацар хэсэг рүү нэг удаа цохисон. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг /52/,
хохирогчийн эмчилгээний зардлын баримт /хх-6/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-43/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-45/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,
шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн “хохирлын 46.500 төгрөгийг шилжүүлсэн” тухай мөнгөн шилжүүлгийн баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Э- 2020 оны 11 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн __ дүгээр хороо, __дугаар сургуулийн спорт зааланд сагсан бөмбөг тоглож байхдаа “алдаа гаргасан, гаргаагүй” гэж маргалдан хохирогч С.Ө-ын баруун шанаа руу гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь тархины доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч С.Ө-ын “...Бид хоёр “алдаа гаргасан, гаргаагүй” гэдгээс болоод маргалдсан. Тэр залуу уурандаа миний баруун талын шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-16-17/, шүүх эмнэлгийн ____дүгээр “1. С.Ө-ын биед тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд дээрх гэмтэл нь 2020.11.08-нд үүссэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-31-32/, гэрч С.Э-ийн “...тэр залуу уурлаж байгаад шууд дүүгийн баруун хацар, шанаа хэсэг рүү нэг удаа хүчтэй цохисон...” гэх мэдүүлэг /хх-27/, гэрч Г.З-ын “...тэр залуу уурлаж байгаад дүүгийн баруун шанаа хэсэг рүү хүчтэй цохисон...” гэх мэдүүлэг /хх-29/, шүүгдэгч С.Э-ын яллагдагчаар өгсөн “... бид хоёр маргалдаад би тэр залуугийн баруун хацар хэсэг рүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /52/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Э-ын хохирогч С.Ө-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас марган зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч С.Ө-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын 46.500 төгрөгийн баримт гаргаж өгсөн, шүүгдэгч С.Ээ 2021.03.03-ны өдөр дээрх хохирлын төлбөрийг хохирогчийн банкны данс руу шилжүүлж төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байна гэж дүгнэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч С.Э- хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хохирогч С.Ө-ыг зодож тархины доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай. Шүүхийн шатанд 46.500 төгрөгийг төлсөн баримт гаргаж өгсөн...” гэж,
шүүгдэгч “Торгох ял оногдуулж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогч, шүүгдэгч нар спорт зааланд сагсан бөмбөг тоглож байхдаа “алдаа гаргасан, гаргаагүй” гэх асуудлаас үүдэн үл ойлголцон маргалдаж, хохирогчийн баруун шанаа руу гараараа нэг удаа цохиж, эрх, эрх чөлөөнд нь халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, 46.500 төгрөгийн эмчилгээний баримт гаргаж өгсөн, хохирол төлөгдсөн, хохирогч “Санал хүсэлт байхгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эмээгээ асардаг гэх/-ыг зэргийг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ыг 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч С.Э- нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, эмээгээ гэрээр асардаг гэх шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн торгох ял оногдуулах үндэслэлгүй байна гэж дүгнээд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нийцнэ гэж үзсэн болно.
Шүүгдэгч С.Э-од оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг дээр дурдсанчлан “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох” буюу Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүрэг хүлээлгэх хэлбэрээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Э- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ________ овогт _________ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ыг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-од оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын төрлийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүрэг хүлээлгэж тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э- зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Э- энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч С.Ө- гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР