Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
Хэргийн индекс | 188/2021/0229/Э |
Дугаар | 2021/ШЦТ/237 |
Огноо | 2021-03-04 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/237
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч Х.Онолт,
шүүгдэгч М.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч М.Б-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 200802287__ дугаар хэргийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: *********
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч М.Б- нь 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ____ дүгээр хороо, ______ дугаар гудамжны __тоотод хэрүүл маргаан хийлээ гэх шалтгаанаар иргэн Д.Б-г түлхэж унагах, хөл хэсэгт нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, зулай, зүүн гуяны урд, дунд болон зүүн хөлийн чигчий хуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Газрын маргаантай асуудлаас болж уг асуудал үүссэн. Хүлээцтэй байх ёстой юм байна гэж ойлгосон. Дахиж хэрэг хийхгүй. Торгох ялыг зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 2008022870143 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Д.Б-гийн: “...Газраа хувааж 0,4 га газрыг 2017 онд Б-д худалдсан. Б- намайг хашаандаа нүхэн жорлон бариулах гэхэд бариулахгүй гээд эсэргүүцээд байдаг байсан. 2020 оны 6 дугаар сарын 26-ны өглөө гэртээ ирэхэд миний 2 жилийн өмнө бариулсан модон жорлонг Б- нураагаад нүхийг булсан байсан. Б- гаднаас орж ирэхээр нь “чи яагаад жорлон нурааж байгаа юм” гэхэд өөдөөс хэрэлдээд салаавч гаргаад байсан. Бид хоёр хэрэлдэж байгаад шууд барьцалдаад авсан. Б- намайг хойшоо түлхэх үед нь би түүнийг татаад, дор нь ороод газар унасан. Тэгтэл Б- миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохиж, хөл рүү өшиглөсөн. Надад зодуулсан үйлдэлд гомдол санал гэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-34-35/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.07.06-ны өдрийн 7678 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Д.Б-гийн биед тархи доргилт, зулай, зүүн гуяны урд дунд болон зүүн хөлийн чигчий хуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-37-38/,
Гэрч Х.Р-ын: “...Нөхөр Б- хашааны хаалгаар орж ирж байгаа харагдсан. Тэр үед хажуу айлын эгч “Та нар намайг цагдаад өгдөг хэн бэ” гэж орилоод Б-г “модон жорлон нураалаа” гээд хашаанд маргалдаад байсан. Тэр хоёр улам ширүүн хэрэлдээд байхаар нь цонхоор харсан чинь хажуу айлын эгч 5 литрийн газын баллон аваад Б-г цохих гэж байгаа харагдсан. Тэгтэл Б- өөдөөс нь очоод цохих гэж байгаа юмыг булааж аваад хоорондоо ноцолдож байсан. Хажуу айлын эгч газар унаад өгөхөөр нь би цааш явсан...” гэх мэдүүлэг /хх-47/,
Шүүгдэгч М.Б-гийн яллагдагчаар өгсөн “…2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр эхнэр залгаад хажуу айлын Б гэх эмэгтэй согтуу орж ирээд агсан тавиад байна гэж хэлсэн. Намайг хашааны хаалгаар орох үед Б учир зүггүй дайраад “чи жорлон нураалаа” гээд элдэв янзаар хэлж нүүр ам маажих гээд дайраад байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дахин дуудлага өгсөн. Тэр хооронд маажих гээд байхаар 2 гарыг нь барьж толгой руу нь зөөлөн цохиод холдуулах гэхэд холдохгүй улам дайраад байхаар нь түлхэх үед миний хувцаснаас зуураад бид 2 хамт газар унасан. Тэгэхээр нь би хөл рүү нь нэг удаа өшиглөчихсөн. Үйлдсэн гэм буруугаа ухамсарлаж байгаа тул надад хуулийн хариуцлага оногдуулахад татгалзах зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-90-91/,
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-65/, эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа /хх-70/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа /хх-72-73/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-83/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хх-105/, хохирогчийн “Бид хоёр эвлэрсэн. Нэхэмжлэх гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-106/, прокурорын санал /хх-107/, прокурорын тогтоол /хх-108-109/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч М.Б- нь 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ******** тоот гэртээ “хэрүүл маргаан хийлээ” гэх шалтгаанаар хохирогч Д.Б-г түлхэж унаган, хөл хэсэгт нь өшиглөн зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, зулай, зүүн гуяны урд, дунд болон зүүн хөлийн чигчий хуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Д.Б-гийн “...бид хоёр хашаанд хэрэлдэж байгаад шууд барьцалдаад авсан. Б- намайг хойшоо түлхэх үед нь би түүнийг татаад, дор нь ороод унасан. Тэгтэл Б- миний толгой руу гараараа цохиод, хөл рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-34-35/, шүүх эмнэлгийн 7678 дугаар “1. Д.Б-гийн биед тархи доргилт, зулай, зүүн гуяны урд дунд болон зүүн хөлийн чигчий хуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно...” гэх дүгнэлт /хх-37-38/, гэрч Х.Р-ын “...Б- өөдөөс нь очоод цохих гэж байгаа юмыг нь булааж аваад тэр 2 хоорондоо ноцолдож байсан...” гэх мэдүүлэг /хх-47/, шүүгдэгч М.Б-гийн яллагдагчаар өгсөн “…намайг хашааны хаалгаар орох үед Б “жорлон нураалаа” гээд дайраад байсан ...2 гарыг нь барьж байгаад толгой руу нь зөөлөн цохиод холдуулах гэхэд холдохгүй улам дайраад байхаар нь түлхэх үед миний хувцаснаас зуураад бид 2 газар унасан. Тэгэхээр нь би хөл рүү нь нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-90-91/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Б-гийн хохирогч Д.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж эрх, эрх чөлөөнд нь халдан цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч М.Б- нь хэрүүл маргаан хийлээ гэх шалтгаанаар хохирогч Д.Б-г түлхэж унагах, хөл хэсэгт нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, зулай, зүүн гуяны урд, дунд болон зүүн хөлийн чигчий хуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,
шүүгдэгч М.Б- “Улсын яллагчийн сонсгосон саналыг хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч М.Б- “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хувийн таарамжгүй харилцаа /газрын маргааны улмаас хохирогч согтуурсан үедээ зүй бус авирласан/-ны улмаас хохирогчийн эрх, эрх чөлөөнд цохих, өшиглөх, түлхэх үйлдлээр халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ажилд орсон гэх, тодорхой орлого олдог/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ____ овогт ____ Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 450.000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР