Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/315

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Х.Анхцэцэг,  

гэрч Б.Г_____,

шүүгдэгчийн өмгөөлөгч_____,

шүүгдэгч М.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч М.О-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 210800071_____ дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ оны ___ дугаар сарын ___-ны өдөр _____ аймгийн ____ суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, _____ мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ____ дүүргийн ____ дугаар хороо, ______ дугаар гудамж, ____ тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт _____ дүүргийн _____ дугаар хороо, ______ дүгээр гудамж, _____ тоотод түр оршин суух,

урьд ______ дахь Сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ___ дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

___ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ___ дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сар баривчлах ял, өмнөх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт 1 жил 2 сарын хорих ял шийтгүүлсэн, ____ овогт ______________ /РД:_________________/.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч М.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн орчим _____ дүүргийн ____ дугаар хороо, _____ дүгээр гудамжны ___ тоотод дуудлагын дагуу очсон эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч О.Э-ын “хаалгаа онгойлго” гэсэн шаардлага тавихад мөрдсийг урж, бороохойг булаан авч энгэр лүү цохиж, албаны хэрэгцээнд ашигладаг Таб актив аяпатын дэлгэцийг хагалж хүч хэрэглэн эсэргүүцэж, 1492724 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

Шүүгдэгч М.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хажуу хашааны ах Ц бид хоёр пиво уусан. Гэнэт цагдаа ирэхээр нь айж сандраад ийм юм болсон. Эхнэр цагдаа дуудсан байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм асуудал гаргахгүй. Ялыг хөнгөлж өгнө үү” гэв.

Эрүүгийн 210800071___ дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Э-ын: “2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хуваарьт томилгооны дагуу дэд ахлагч Д-гийн хамт үүрэг гүйцэтгэж байсан. 21 цаг 19 минутад Хилчиний 79-02 тоотод нөхөр агсан тавиад байна гэсэн дуудлага ирсний дагуу очсон. дуудлага өгсөн эмэгтэйтэй уулзахад гэрийн нимгэн хувцастай, доогуураа углааштай айж сандарсан байдалтай, нөхөр цохиж зодоод байна, цагдаа дуудах гэтэл хойноос гарч ирээд зодоод гар утсыг булааж аваад гэр лүү орчихсон. Байшингийн гэрэл унтраастай байсан ба хаалгыг 15 минут орчим тогшсон. Дуудлага өгсөн эмэгтэй “гэр дотроо байгаа, та нар заавал авч яв, би айж байна” гэж хэлсэн. Цонхыг тогшиж байтал дотроос согтуу эрэгтэй “та нар зайл, пизда нараа, новшийн цагдаа нарыг хэн дуудсан юм” гэхэд “хаалгаа онгойлгочих, өөртэй чинь уулзах гэсэн юм, дуудлагын дагуу ирж байна, гэрт чинь орж шалгах хэрэгтэй байна” гэхэд тоохгүй элдэв бусаар харааж зүхээд байсан. Дуудлага өгсөн эмэгтэй “та нар цонхыг хагалаад ч хамаагүй ороод наад хүнээ авч яв, би зөвшөөрлийг нь өгч байна” гэж хэлсэн. Нөгөө согтуу эрэгтэй цонхон дээр ирчхээд “та нар зайлцгаа” гээд жижиг цонхоо онгойлгочхоод мөн хэл амаар доромжлоод хаалгаа тайлж өгөхгүй болохоор цонхыг хаалгахгүй гээд би резинен урт бороохойг цонхонд хөшөөд хийгээд байж байтал нөгөө согтуу эрэгтэй миний энгэр дээрх камерыг харчхаад “чи наанаа юу бичээд байгаа юм” гээд ухасхийж миний зүүн талын мөрдсийг хуулаад камерыг унагахаар нь камераа авах гэтэл өнөөх согтуу эрэгтэй бороохой булаагаад авчихсан. Цонхоо хаах гээд байхаар нь манай цагдаа хаалгахгүй гээд гараараа түлхэж байсан чинь цонх хагарсан. Нөгөө согтуу эрэгтэйгээс бороохойгоо авах гэхэд өөдөөс бороохойгоор чичээд байсан. Тэгэж байхдаа миний энгэртээ хийчихсэн байсан дуудлага мэдээлэл хүлээж авдаг албанаас олгож тавьж өгсөн ТАБ-ыг бороохойгоор цохиод газарт унагачихсан... миний гадна хүрмийн зүүн мөрдсийг урсан, энгэрт хийчихсэн байсан албаны ТАБ-н дэлгэц нь хагарсан, би гадна хүрмийнхээ мөрдсийг оёдолчин дээр 3000 төгрөгөөр оёулсан. Албаны ТАБ-н дэлгэц хагарсан түүний янзлуулмаар байна, тухайн хүнд хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна” гэх мэдүүлэг /хх-30/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2021.01.20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний 45 дугаар тайланд: ““Самсунг Галакси Таб актив” загвар /дэлгэц хагарсан, ажиллагаа хэвийн, хааяа мэдрэхээ больсон/ үнэлэх боломжгүй, цагдаа мөрдөс 3000 төгрөг, нийт 3.000 төгрөг” гэжээ /хх-42/,

Гэрч Д.Г-гийн: “2020 оны 12 сарын 21-ний орой ...“одоо согтуу яаж явдаг юм, өглөө эрүүл болоод явъя” гэснээс болж маргалдаж байтал О- миний толгой руу гараараа 2 удаа цохичихоор нь би гарч зугтаагаад хашаан дотор утсаар цагдаад дуудлага өгөх гэтэл О- хойноос гарч ирээд утас булааж авчхаад гэр лүү орчихсон. Би хашаанаас гарч машинтай явж байсан ахын утаснаас 102-т дуудлага өгсөн. Цагдаа ирэхэд нь гэр лүүгээ очсон. Өмнө нь ингэж байгаагүй болохоор би айсан, биеэ хамгаалах гээд цагдаа дуудсан болохоор би “эрүүлжүүлэх байранд хийгээд өг” гэсэн. О- хаалгаа дотроос нь түгжсэн, тайлж өгөхгүй байсан. Би “болохгүй бол цонх хагалаад орчихгүй юу даа” гэж хэлсэн. Хүргэн Ч ирээд цонхоор ороод хаалга онгойлгосон. Манай нөхөр барилцаж аваад цохилцсон биш, таб цохиж эвдэлсэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна, мөрдсийг нь хуулсан үйлдэл бол гаргасан...” гэх мэдүүлэг /хх-34/,

Гэрч А.Д-гийн: “2020 оны 12 дугаар сарын 21-ний ...21 цаг 19 минутад Сонгинохайрхан дүүргийн *** тоотод нөхөр агсан тавиад байна гэх дуудлага мэдээллийг хүлээн аваад очиход нөхөртөө зодуулсан Г- нь байшингийнхаа гадна гэртээ орж чадахгүй тавчик болон гэрийн халаадтай байсан. Агсам тавьсан гэх О- гэрийнхээ хаалгыг түгжээд онгойлгохгүй, цонхоороо бид нарыг гэртээ оруулахгүй ямар учиртай юм бэ гэх мэтээр тавьсан шаардлага биелүүлэхгүй байсан. Хаалгыг онгойлгох хууль ёсны шаардлага тавихад биелүүлэхгүй байсан. Г- нь нимгэн хувцастай даарсан, айсан байдалтай байхаар нь түүнээс зөвшөөрөл авч жижиг цонхоор орох гэтэл О- оруулахгүй гээд түлхээд байсан. Жижиг цонхыг онгойлгож бороохойг завсарт нь хавчуулж дахин хаалгахаас сэргийлэх гэсэн боловч цаанаас татаж аваад зөрүүлэн бороохойгоор чичиж байгаад эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Энхтулгын энгэрийн халаасанд байсан албаны хэрэгцээнд ашигладаг ухаалаг таблет төхөөрөмжийн дэлгэцийг хагалж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх-11/,

Гэрч Т.Ж-ын: “Би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст холбоо мэдээллийн инженер ажилтай. Уг Таблетыг 2016 онд ЦЕГ-аас албан хэрэгцээнд хуваарилан өгч байсан, манай хэлтэст үндсэн бүртгэлтэй, Самсунг Галакси Таб актив загварын 166В багтаамжтай, үндсэн үнэ нь 1.149.724 төгрөгийн үнэлгээтэй ирж байсан. Одоог хүртэл ажиллаж байгаа. Сэлбэг нь байдаггүй юм шиг байна лээ, дэлгэц солих боломжгүй” гэх мэдүүлэг /хх-32/,

Гэрч Ө.Т-ын: “2020 оны 12 дугаар сарын 21-ний орой гэртээ орох гээд хашааныхаа үүдэнд машинаа тавьчхаад зогсож байтал нэг танихгүй эмэгтэй машины хойд хаалгыг онгойлгоод шууд орж ирээд суучихсан. Би тэр эмэгтэйгээс “юу болж байна” гэж асуухад “нөхөр намайг зодоод том тэргээ барьж асааж явах гээд байна, согтуу байгаа, та цагдаа дуудаад өгөөч” гэхээр нь би дуудлага өгсөн. Тэр эмэгтэй халаадтай, тавчиктай өвлийн хүйтэнд явж байсан болохоор би цагдаа иртэл машиндаа суулгаж цагдаа ирэхэд хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-36-37/,

Гэрч Э.У-ын: “Тухайн орой эхнэр залгаад “эгч дээр оч, тэр хоёр маргалдаад байна, утсаа авахгүй байна” гэхээр нь би баз О-ын гэрт очиход 103 ирчихсэн, цагдаа нар түргэний машинд гараа боолгож байна гээд сууж байсан. Г- тэдний хамаатан Чинзориг хоёр гадаа байсан юу болсон талаар асуухад Г- надад нэг их юм яриагүй, би хоёр цагдаагаас асуухад бороохой нааш цааш болгож байгаад ийм юм болчихлоо, мөрдөс хуулаад ТАБ хагалчихлаа О-ыг олж авах хэрэгтэй байна гэхээр би О-ыг утсаар дуудсан. Цагдаагийн албан хаагч ТАБ-аа надад харуулж байсан, дэлгэц цуурсан харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-40/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “2020 оны 12 сарын 21-ний өдрийн 21:19 минут ___ дүүргийн ___-р хороо ____ тоотод нөхөр агсан тавиад байна гэх дуудлагын дагуу ирсэн байна гэж хэлж байв. Бичлэг дээрх цагдаагийн алба хаагч хаалгыг тогшиж түлхэж байгаад хашааг давж орно, дотор талаас нь онгойлгож хашаан дотор орж хаалга цонх тогшиж байгаа чимээ гарах бөгөөд бичлэг нь шөнийн цагаар хийгдэж байгаа тул харанхуйд харагдахгүй байв. Бичлэг хийж байгаа эрэгтэй хаалгыг тогшиж “цоожтой байна, нөхөр нь дотроо байгаа гэсэн” гэх ярьж хаалга цонхыг тогшиж байгаад бичлэгийн 22:24 цаг 31 секундэд түлхүүр чинь байхгүй юу гэж асуугаад алхаж байгаад... ...уг эмэгтэй хаалгаа онгойлгооч ээ гэж хэлж байх бөгөөд бичлэгийн 22:27 цаг 18 секундэд эмэгтэй “би зөвшөөрлийг нь өгье, голын цонхны порчикийг хагалаад орчих” гэж ярьж байх бөгөөд цонхыг тогшиж байхад цаанаас эрэгтэй хүн дуугарч “яагаад хаалга тогшоод байгаа юм пизда, унтаж амарч байгаа юм биш үү, чадахгүй пизда” гэх бөгөөд татаад гаргачих гэх чимээ гарахад “би үүдээр гараад ирье, пизда минь тавь” гэж ярьж байх бөгөөд нийт 08 минут 53 секундын бичлэг байв.

20201221223010_0012 гэсэн файлруу ороход бичлэгийн доод хэсэгт эрэгтэй “чи яагаад хүн унтаж байхад дарамтлаад байгаа пизда вэ” гэхэд “хаалгаа онгойлго” гэж хэлнэ. Хоорондоо юм ярьж байх үед бичлэгийн 22:30 цаг 41 секундэд эрэгтэй хүн “мөрдөс урчихлаа, камер эвдчихлээ” гэх бөгөөд бичлэг хийж байгаа эрэгтэй “хаалгаа онгойлго” гэхэд “хүний гэрт ирчхээд дээрэлхэх хэрэг байхгүй лалар минь” гэх яриа бичигдсэн 57 секундын бичлэг байв.

20201221223111_0013 гэсэн файл руу ороход бичлэгийн доод хэсэгт цагаан өнгийн вакум цонхны цаад талд цэнхэр өнгийн футболктой эрэгтэй, урт хар резинен бороохой барьсан “коронатай муу лалар минь” гэж цонхны цаанаас хэл амаар доромжлох бөгөөд бичлэг хийж байгаа эрэгтэй мөрдөс урсан камер эвдчихлээ гэж ярьж байна. Дотор байх эрэгтэй резинен бороохойгоор нааш нь чичих хөдөлгөөн хийж цонхыг хаах бөгөөд цагдаагийн алба хаагч хаасан цонхыг түлхэж онгойлгож байгаад бичлэгийн 22:32 цаг 32 секундэд хагалж цагдаагийн алба хаагчийн баруун гар шилэнд зүсэгдэж цус гарч машин луугаа буцаж очин гартаа боолт хийж 103- т дуудлага өгч, бичлэг хийж байгаа эрэгтэй буцаж хашаа руу орж байшин дотор байгаа эрэгтэйг “гараад ир” гэхэд “та нарын бороохой надад байна шүү, би хэлдэг газар нь хэлнэ” гэж утсаар ярих бөгөөд цагдаа нар бороохойгоор цонх хагалчихлаа гэж утсаар ярина, “май шүү лалар минь” гэх зэргээр хараалын үг хэлж, цонхны цаад талд салаавч гарган хүнтэй утсаар ярьж байгаа нийт 15 минутын бичлэг байв...” гэжээ /хх-26/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ___ дугаар хороо, Хилчин ___ тоотод гэр бүлийн хүчирхийллийн дуудлагад очоод албаны хэрэгцээнд ашигладаг ухаалаг төхөөрөмжийг бусдад эвдлүүлсэн” гэх тэмдэглэл /хх-3/, цагдаагийн дуудлагын лавлагааны хуудас /хх-4, 57/, хохирогчийн мэдүүлэг /хх-7-8/, гэрч Ц.Ц-н мэдүүлэг /хх-18/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлд ажиллах эргүүлийн офицер, цагдаа жолооч нарын томилгоо /хх-19/, эд хариуцагчийн тооллогын бүртгэл /хх-20/, эд зүйлд үзлэг хийсэн “Дуулгат 115 чиглэлд албан хэрэгцээнд ашиглагддаг ухаалаг төхөөрөмж нь гадна талаараа хамгаалалтын резинен гэртэй хар өнгийн 22 см урттай дэлгэцийн дээд талд самсунг гэсэн бичиглэлтэй, дэлгэцийн доод хэсэгт 3 товчлууртай төхөөрөмж байх бөгөөд урд талын дэлгэцийн баруун дээд булан хэсэгт дэлгэцийн шил бутарч, цуурч тарсан байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-22-24/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-25/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх 58/, Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2011.04.25-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-63-67/, ___ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013.01.28-ны өдрийн ___ дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-79-83/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын “О.Э-ын байгууллагын дансанд бүртгэлтэй таблетыг төлж, хохирлыг барагдуулсан болно” гэх тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны тодорхойлолт, хохирогч О.Э-ын “мөрдөсний хохирол 3000 төгрөгийг хүлээн авсан. Гомдол санал байхгүй” гэх хүсэлт, гэр бүлийн иргэний бичиг баримтын хуулбаруудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцогчид гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч М.О- согтуурсан үедээ 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ___ дугаар хороо, ___ дүгээр гудамж, ___ тоот гэртээ дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэн мөрдсийг урж, бороохойг булаан авч энгэр лүү цохин, албаны хэрэгцээнд ашигладаг Самсунг Галакси Таб актив загварын таблетын дэлгэцийг хагалсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Э-ын “...би өөрийн тусгай хэрэгсэл болох резинен урт бороохойг цонхонд нь хөшөөд хийгээд байж байтал нөгөө согтуу эрэгтэй миний энгэр дээрх камерыг харчхаад чи наанаа юу бичээд байгаа юм гэж хэлээд ухасхийж миний зүүн талын мөрдсийг хуулаад камерыг унагахаар нь камераа авах гэтэл өнөөх согтуу эрэгтэй бороохой булаагаад авчихсан. ...албанаас тавьж өгсөн таблетыг бороохойгоор цохиод газарт унагачихсан...” гэх мэдүүлэг /хх-30/, гэрч А.Д-гийн “...жижиг цонхыг онгойлгож бороохойг завсарт нь хавчуулж дахин хаалгахаас сэргийлэх гэсэн боловч цаанаас нь татаж аваад зөрүүлэн бороохойгоор чичиж байгаад эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Энхтулгын энгэрийн халаасанд байсан албаны хэрэгцээнд ашигладаг ухаалаг таблет төхөөрөмжийн дэлгэцийг хагалж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх-11/, гэрч Д.Г-гийн “...мөрдсийг нь хуулсан үйлдэл бол гаргасан...” гэх мэдүүлэг /хх-34/, гэрч Э.У-ын “...би хоёр цагдаагаас асуухад “бороохой нааш цааш болгож байгаад ийм юм болчихлоо, мөрдөс хуулаад ТАБ хагалчихлаа, О-ыг олж авах хэрэгтэй байна” гэхээр би О-ыг утсаар дуудсан...” гэх мэдүүлэг /хх-40/, камерын бичлэгт үзлэг хийсэн “...Бичлэгт цагаан өнгийн вакум цонхны цаад талд цэнхэр өнгийн футболктой эрэгтэй, урт хар резинен бороохой барьсан “корона”тай муу лалар минь гэж цонхны цаанаас хэл амаар доромжлох бөгөөд бичлэг хийж байгаа эрэгтэй мөрдөс урсан камер эвдчихлээ гэж ярьж байх...” гэх тэмдэглэл /хх-26/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.О-ын “нөхөр агсам тавиад байна” гэх дуудлагын дагуу очсон цагдаагийн албан хаагчийн “хаалгаа онгойлго” гэх хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн мөрдсийг урж, бороохойг булаан авч албаны хэрэгцээнд ашиглагддаг таблетын дэлгэцийг хагалсан санаатай үйлдэл нь  байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 1.492.724 төгрөгийн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Э-ад 3000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтуудаар хохирол төлсөн болох нь тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч М.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 79-2 тоотод дуудлагын дагуу очсон эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч О.Э-ыг “хаалгаа онгойлго” гэсэн шаардлагыг тавихад мөрдсийг урж, бороохойг булаан авч энгэр лүү нь цохиж албаны хэрэгцээнд ашигладаг Таб актив айпатын дэлгэцийг хагалж, хүч хэрэглэн эсэргүүцэж хохирол учруулсан нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 1 жил 6 сарын хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн хувьд ямар нэг маргаан байхгүй. Хэргийн нөхцөл байдлыг харахад эхнэрийн дуудлагын дагуу эргүүлийн 2 цагдаа ирж зүй ёсны шаардлага тавьсан боловч манай үйлчлүүлэгч шаардлагыг биелүүлээгүй, улмаар цагдаагийн алба хаагчийн мөрдөс болон албан хэрэгцээнд ашиглаж байсан табыг гэмтээсэн байдаг. Эхнэр Д.Г- нь нөхрийгөө хашраах зорилгоор цагдаагийн байгууллагад мэдэгдсэний улмаас ийм асуудал үүссэн гэж ярьж байна. Хувийн байдлыг харгалзан үзэхэд эхнэр нь 2-4 бага насны хүүхдүүдээ хараад гэртээ байдаг, ажил хийдэггүй, О- ар гэрээ авч явдаг, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /ахуйн хүрээнд согтуурсан үедээ, дуудлагын дагуу очсон албан хаагчийн шаардлагын биелүүлэхгүй эсэргүүцсэн, мөрдсийг урсан, бороохойг булаан авч хүч хэрэглэн хууль сахиулах албаны тоног төхөөрөмжийг эвдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогч байгууллагад 1.492.724 төгрөгийн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 3000 төгрөгийн хохирол тус тус учирсан, хохирол төлөгдсөн, хохирогч “Гомдол санал байхгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, өөрийн орлогоороо гэр бүлээ тэжээдэг, бага насны хүүхэдтэй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн/-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч М.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

Тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруу болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгод бүрэн нийцнэ хэмээн шүүх дүгнэсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргах, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.О- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч _______ овогт __________ О-ыг хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Тэнссэн хугацаанд шүүгдэгч М.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.О- тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэргийг халгалах хугацаанд хэрэгт хавсаргах, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.О- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                              Л.БААТАР