| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2021/0335/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/341 |
| Огноо | 2021-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/341
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч Д.Ууганцэцэг,
шүүгдэгчийн өмгөөлөгч****,
шүүгдэгч О.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч О.Б-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 210800000___ дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ оны ___ дүгээр сарын ___-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 38 настай, боловсролгүй /бичиг үсэг мэдэхгүй/, мэргэжилгүй, ____ дүүргийн ____дугаар хорооны нутаг дэвсгэрт _____ ажиллуулдаг, ам бүл 8, эх, дүү нарын хамт ___н дүүргийн ___ дүгээр хороо, _____ дугаар гудамж, _____ тоотод оршин суух,
урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны __ дүгээр сарын ___-ны өдрийн ____дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, ялыг биелүүлсэн, ______ овогт ______ /РД:т______/.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч О.Б- нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр _____ дүүргийн ____дүгээр хороо, ____ дугаар гудамжны ____ тоотод “архи уулгасангүй” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн дүү Х.Д-ын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн хутгалж, бие махбодод нь “цээжний зүүн дээд хэсгийн гүн, хүзүүний зүүн хэсэг, баруун мөрний өнгөц зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол хүний эрүүл мэндэд санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч О.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Тэр өдөр сүмээс тусламжийн мөнгө гэж 250.000 төгрөг дансаар орж ирэхээр нь хоол хүнсний зүйл аваад гэрт ирсэн. Тухайн үед би их согтсон байсан. Хутга аваад дайрч байснаа мэдээд их айсан. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм алдаа гаргахгүй” гэв.
Эрүүгийн 210800000____ дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Х.Д-ын: “2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 18-19 цагийн орчим гэртээ ирсэн. Тэгтэл Б- ах Есүсийн сүмийн хүнээс мөнгө дансаар авсан. ...Б- ах ганцаараа архи уугаад байсан. Манай дүү ахыг “та одоо битгий архи уугаад бай” гэхэд Б- ах уурлаад “миний архи уух та нарт хамаагүй” гэснээ хар иштэй хутгыг аваад шууд миний цээжний зүүн хэсэгт, далан дээр нэг нэг удаа хатгасан. Бас хүзүүний ар хэсэгт эсгэсэн. Б- ах хутгаа аваад гараад явсан. Тэр хойгуур дүү цагдаа дуудсан. Надад ямар нэг гомдол, санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-15/,
Эмнэлгийн бичиг баримтаар хийсэн шүүх эмнэлгийн 2021.01.21-ний өдрийн 731 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Х.Д-ын биед цээжний зүүн дээд хэсгийн гүн, хүзүүний зүүн хэсэг, баруун мөрний өнгөц зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-22-23/,
Гэрч О.Т-ын: “2021 оны 01 дүгээр сарын 12-ны орой ...Б- ах ганцаараа архи уугаад байхаар нь би “уухаа боль, тааруулж уу” гэтэл Б- ах над руу уурлаж босож ирээд хоол хийх гээд төмс арилгаж байсан Д-а ахын эхлээд цээж рүү хутгалаад, дараа нь 2 дал руу нь хутгалсан. ...Тухайн үед Б- ах хутгалсан хутгыг, цус болсон хувцсыг угаалгын машинд хийлгэж өөрөөр нь угаалгаж байгаад зугтаачихсан. Хутгаа өөрөө аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-17/,
Шүүгдэгч О.Б-ын яллагдагчаар өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 19 цагийн орчим би дэлгүүрээс 4 шил пиво, 100, 200 грамм болон 0.33, 0.5 литрийн архи аваад гэртээ уусан. Их согтсон байсан. Манай дүү Т “архи битгий уу” гэхээр нь уур хүрээд хоол хийх гээд гаргасан байсан хар иштэй хутгыг аваад дүү Д-ын цээжний зүүн хэсэгт нэг удаа, баруун далан дээр нэг удаа хатгасан. Би шууд хутгаа аваад зугтаасан. Гудамжинд явж байхдаа цагдаа нарт баригдсан. Hутгыг гудамжинд хаячихсан. Дараа нь хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг /хх-36-37/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-8/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-39/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/, ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2021.02.02-ны өдрийн “О.Б- нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг бүрэн биелүүлсэн тул эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 339 дугаар тогтоолоор дуусгавар болгосон байна” гэх албан бичиг /хх-64/, ___ дүүргийн ___ дүгээр хорооны “О.Б- нь тус хорооны ____ дугаар гудамж, ___ тоот хаягт ам бүл 8 амьдардаг” гэх тодорхойлолт /хх-72/, ____ дүүргийн ** дугаар хорооны Засаг даргын “О.Б- нь 32-р байрны баруун хойд талд дугуй засварын үйл ажиллагаа явуулдаг нь үнэн” гэх албан бичиг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч О.Б- согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 19 цагийн орчим _____ дүүргийн ___ дүгээр хороо, _____ дугаар гудамж, 40 тоотод “архи уулгасангүй” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн дүү Х.Д-ыг хутгалж хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Х.Д-ын “...Б- ах ганцаараа архи уугаад байсан. Дүү ахыг “Одоо битгий архи уу” гэхэд “миний архи уух та нарт хамаагүй” гэснээ ногоо арилгаад тавьсан байсан хар иштэй хутгыг аваад шууд миний цээжний зүүн хэсэгт, далан дээр нэг нэг удаа хатгасан. Бас хүзүүний ар хэсэгт эсгэсэн...” гэх мэдүүлэг /хх-15/, шүүх эмнэлгийн 731 дүгээр “1. Х.Д-ын биед цээжний зүүн дээд хэсгийн гүн, хүзүүний зүүн хэсэг, баруун мөрний өнгөц зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжилгээ /хх-22-23/, гэрч О.Т-ын “...Б- ах архи уугаад байхаар нь би “Уухаа боль, тааруулж уу” гэхэд над руу уурлаж босож ирээд Д-а ахын цээж рүү, 2 дал руу нь хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-17/, шүүгдэгч О.Б-ын яллагдагчаар өгсөн “...Манай дүү Туул “архи битгий уу” гэхээр нь уур хүрээд хар иштэй хутгыг аваад дүү Д-ын цээжний зүүн хэсэгт нэг удаа, баруун далан дээр нэг удаа хатгасан юм...” гэх мэдүүлэг /хх-36-37/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О.Б-ын согтуурсан үедээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн дүү, хохирогч Х.Д-ыг хутгалж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, улмаар түүний “Нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-15/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч О.Б- гэртээ хохирогч Х.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэр бүлдээ ганцаараа /дугуй засвар/ ажиллаж, амьжиргаагаа залгуулдаг учраас нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх боломжгүй байдлыг харгалзан 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, дүү нарынхаа “одоо архи уухаа боль, тааруулж уу” гэх зүй ёсны шаардлагыг эсэргүүцэн хохирогчийн эрх, эрх чөлөөнд хутга хэрэглэн халдан, 3 удаа хутгалж гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын хохирлын баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч эм тариа авч өгсөн гэх, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, урьд 2020 онд энэ төрлийн гэмт хэрэгт шийтгэгдэж байсан/-ийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах “...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /автомашины дугуй засвар ажиллуулдаг гэх/-ийг үндэслэн шүүгдэгч О.Б-ыг 1.500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид торгох ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхийн зэрэгцээ гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод бүрэн нийцнэ хэмээн шүүх дүгнэж, харин улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын эрүүгийн хариуцлагын дүгнэлт нь дээрх шаардлагад нийцэхгүй байна гэж үзсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ______ овогт _____ Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ыг 1.500.000 төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР