Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 182/2017/00514/и |
Дугаар | 1123 |
Огноо | 2017-05-12 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан /захиргааны албан хаагч/, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 1123
МАГАДЛАЛ
2017.05.12 Дугаар 1123 Улаанбаатар хот
У.Насанчимэгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Н.Батзориг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00514 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч У.Насанчимэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-т холбогдох,
2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 17-ны хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 10 193 274 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 17-ныг хүртэл хугацааны цалингийн зөрүү 150 000 төгрөг болохыг тогтоолгон, 1 650 000 төгрөг,
2015 оны ээлжийн амралтын олговорт 1 000 000 төгрөг, 2016 оны ээлжийн амралтын мөнгө болох 1 648 000 төгрөг, түрээсийн орон сууцны удирдлага ашиглалтын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/40 дүгээр тушаалаар цалин хөлсийг 1 080 000 төгрөг болгон нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, шүүхийн шийдвэр биелүүлэхтэй холбоотой гарсан зардал 398 525 төгрөг, хууль бусаар ажлаас халагдсантай холбоотой гарсан зардал 640 000 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн,
шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: У.Насанчимэг,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Р.Пүрэвлхам,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баянжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Төрийн орон сууцны корпорацид 13 жил ажилласан ба энэ хугацаанд 4 удаа ажлаасаа үндэслэлгүй халагдаж байна. 2009 оноос хойш хөдөлмөрлөх эрх минь ноцтой зөрчигдөж байна. 8 жилийн хугацаанд Үндсэн хуулинд заасан иргэн хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байх тул би шударга үнэний төлөө тууштай 8 жил явж ирсэн. 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр анх ажлаас халж, 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 153 тоот тогтоолоор ТОСК-ийн санхүү, дотоод хяналт хариуцсан мэргэжилтний ажлаас үндэслэлгүй халагдсан.
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 968 тоот шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 815 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 806 тоот тогтоолоор ажилдаа эгүүлэн томилогдсон. 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 35 тоот тушаалаар ажилдаа эргэж орсон. 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 487 тоот шийдвэр, 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 406 тоот магадлал, 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 470 тоот тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагаа хангуулж, ажилдаа орсон. 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1115 тоот шийдвэрээр цалин хөлсөө шийдүүлсэн.
ТОСК-ийн захирал солигдож, Б.Гантулга гэдэг хүн болсон. Б.Гантулга 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/04 тоот тушаалаар түрээсийн орон сууц удирдлага, ашиглалтын хэлтсийн нягтлан бодогчийн ажлаас халсан. 3 шатны шүүхээр ажилдаа эгүүлэн томилогдсон.
2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/34 тоот тушаалаар ажлаас халаад дахин шүүхэд хандсан.
1. 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаа хамаарч байгаа. Энэ хугацааны цалин хөлсөнд 10 193 274 төгрөгийг нэхэмжилж байна. 2014 оны 10, 11, 12 дугаар саруудын цалингийн дундаж нь 1 765 771 төгрөг байна. Үүнийг ажлын 22 хоногт хуваахаар өдөрт 80 262 төгрөг болж байгаа. 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нийт 127 ажлын хоног байгаа. Ингээд 10 193 274 төгрөг болж байгаа. 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсон боловч Нийслэлийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхэд хандсан болохоор шүүхийн ажиллагаа 4 сар үргэлжилсэн.
2. Тус корпорацийн ерөнхий захирлын 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/31 тоот тушаалаар ажилчдын цалин нэмэгдсэн байсан. Анхан шатны шүүх хурлын явцад би энэ талаар ерөөсөө мэдээгүй. Ажилдаа орох тушаал гарч, би цалин нэмэгдсэн гэдгийг мэдсэн. Нэмэгдсэн цалингийн зөрүү 1 650 000 төгрөг болж байгаа. Шүүх ТОСК-ийг бүтцийн өөрчлөлт хийгээгүй, ерөнхий захирал Б.Гантулга нь Ерөнхий сайдын эрх хэмжээнд хамаарах асуудлаар дур мэдэн эрх мэдлээ урвуулан ашиглаж, намайг ажлаас халсныг тогтоосон ба энэ нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 5351 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой байгаа. 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/118 тоот, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/11 тоот ажилд томилсон тушаалд цалинг 900 000 төгрөгөөр тогтоосон. Би нэмэгдсэн цалингаараа цалинжих ёстой байсан. 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл үндсэн цалин 750 000 төгрөг байснаа 900 000 төгрөг болж, 150 000 төгрөгөөр нэмэгдсэн байгаа. Энэ хугацааны цалин нь 1 650 000 төгрөг болж байгаа. 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/31 тоот тушаалыг шүүхээр гаргуулж хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот хөдөлмөрийн гэрээ, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/11 тоот ажилд томилсон тушаалаар нотлогдоно. 3 шатны шүүх ТОСК-н буруутай гэдгийг эцэслэн тогтоосон. Шүүхийн процессын үеийн цалинг гаргуулах зүйтэй гэж үзэж байна.
3. 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ээлжийн амралтын мөнгөний үлдэгдэл 1 500 000 төгрөг гарна гэж тооцоолсон. Шүүхийн шийдвэрээр ажилдаа орсны дараа нь ээлжийн амралтын мөнгөө авах хүсэлтээ тавихад 512 000 төгрөгийг миний дансанд хийгээд, үлдэх 1 000 000 төгрөгийг “та түр хүлээж бай”, дараагийн ирэх сарын цалин дээр нэмж олгоно гэж хэлсэн. Надад ээлжийн амралт ч өгөөгүй, цалингаа бүтэн аваагүй. Нийт цалингийн нийлбэр 15 840 991 төгрөг болж байгаа. Үүнийг 12 сард хуваахаар нэг сарын дундаж нь 1 320 082 төгрөг болж байгаа. Ажлын 22 хоногт хуваахаар өдрийн цалин 60 003 төгрөг болж байгаа. Би 25 хоног амардаг. Би улсад 24 жил ажиллаж байгаа. Ингээд 1 500 000 төгрөг болж байгаа. Нэмэгдсэн цалингаараа тооцсон.
4. 2016 оны ээлжийн амралтын мөнгө 1 648 000 төгрөг нэхэмжилсэн. Үүнийг дээрх аргачлалаар бодсон. 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэл цалингийн дундаж 1 450 200 төгрөг, ажлын 22 хоногт хуваахаар 65 918 төгрөг болж байгаа. Ээлжийн амралтын 25 хоногт үржүүлэхээр 1 648 000 төгрөг болж байгаа. Ээлжийн амралтын 1 648 000 төгрөг гаргуулах эрхтэй гэж үзэж байна.
5. Ажилдаа орох хугацааг хойшлуулж байна гэсэн. Шүүхийн шийдвэр биелүүлэхийг 2 сар хүлээсэн. ТОСК нь 71 орон тоотой байж байгаад 89 орон тоотой болж 11 орон тоо нэмэгдсэн. Тэр байтугай таны ажиллаж байсан хэлтэс 3 ажилтантай байж байгаад 5 болсон. Үйл ажиллагааг нь 2 хуваагаад тооцоо түрээстэй холбоотойг нь удирдлага ашиглалтын хэлтэс, болгоод, барилгын ашиглалттай холбоотойг нь зүгшрүүлэлтийн хэлтэс болгосон. Таны ажиллаж байсан хэлтэс үйл ажиллагаа 2 хуваагдаад, нийт 10 хүнтэй болж нэмэгдсэн гэсэн. Засгийн газрын 2015 оны 419 дүгээр тогтоол, Төрийн өмчийн хорооны 778 дугаар тогтоолын дагуу ОССК-ийн ерөнхий захирлын тушаал гарч, орон тоо бүтэц өөрчилсөн гэж дурдсан байгаа. Гэтэл тогтоолын 2 дахь хэсэгт “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын орон тооны дээд хязгаарыг 89 байхаар тогтоосон байгаа. 18 орон тоогоор нэмэгдснийг баталж байгаа. Тогтоолын 3 дугаар хэсэгт Хөрөнгө удирдлагын хэлтэс нь 5 орон тоотой ажиллаж байна гэсэн байна.
Миний хийж байсан ажил нь хөрөнгийн удирдлагын хэлтэст хамаарах ба миний эрхэлж байсан чиг үүрэгтэй ижил чиг үүрэг бүхий ажлын орон тоо байсаар байтал намайг ажлаас халсан. Хэлтсийн нэр өөрчлөгдсөн нь орон тоо хасагдсан гэдэг үндэслэл хамаарахгүй гэж үзэж байгаа. Иймд намайг түрээсийн орон сууцны удирдлага, ашиглалтын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацааны цалинг гаргуулах шаардлага гаргаж байна. 264 хоногийн цалин 26 103 528 төгрөг болж байгаа.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 398 525 төгрөг нэхэмжилж байгаа. ТОСК шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байсан болох 398 000 төгрөг надаас гарахгүй байх байсан. Иймд 398 500 төгрөгийг нэхэмжилж байна.
7. Хууль бусаар ажлаас халагдсантай холбоотой 2 жилийн хугацаанд гарсан зардлаа нэхэмжилж байна. Гарсан зардлын баримтаа тухай бүрд нь цуглуулж байсан. 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүртэл гарсан зардал болох 214 000 төгрөгийг өмнөх шүүхийн шийдвэрээр нэхэмжилсэн байсан. Шүүх нотлох баримт дутуу гэх үндэслэлээр хангаагүй. Нотлох баримтыг цуглуулаад дахин нэхэмжилж байна. 2015 оын 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оын 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 426 200 төгрөгийн зардал гарсан. Эдгээр баримтуудыг хэрэгт өгсөн байгаа. Иймд 640 200 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 1. Нэхэмжлэгчийн өөрийн ойлголт их зөрүүтэй байна гэдгийг зайлшгүй дурдах шаардлагатай. Тухайлбал 2015 онд хөдөлмөрийн маргаан шийдвэрлэж байсан үндэслэл, 2016 онд үүсч байгаа хөдөлмөрийн маргаан өөр. Жишээ нь 2015 онд шийдэж байсан хөдөлмөрийн маргаан нэхэмжлэгч У.Насанчимэгийг ажилд нь эгүүлэн тогтоохдоо Засгийн газрын эрх хэмжээний асуудлыг ерөнхий захирал шийдвэрлэсэн гэдэг үндэслэлээр авч шийдвэрлэсэн байдаг. Үүнээс хойш эрх зүйн байдал нь өөрчлөгдсөн. Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 419 дүгээр тогтоол байгаа. Энэ тогтоолоор өмнөх хэд хэдэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа. Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 685 тоот тогтоол гарсан байгаа. Уг тогтоолоор ТОСК-г Монгол Улсын Засгийн газрын мэдэлд байсныг Төрийн өмчийн хороонд шилжүүлсэн. Төрийн өмчийн хороо нь ТОСК-ийн дүрмийг шинэчилж батлаж өгсөн. Төрийн өмчийн хорооны 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 778 тоот тогтоол гарсан. Энэ тогтоолоор ТОСК-ийн бүтцэд өөрчлөлт хийн, зорилтот түвшинг 1 дүгээр хавсралтаар, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг 2 дугаар хавсралтаар, зохион байгуулалтыг 3 дугаар хавсралтаар тус тус баталж орон тооны дээд хязгаар 89 байхаар тогтоосон. Өмнөх 11 дүгээр сарын тогтоолоор ТОСК-ийн дотоод журмаар дээд хязгаарыг тогтоосон. 2015 оны 685 тоот тогтоолоор батлагдсан ТОСК-ийн дүрмийн 6.3-т “ТОСК-ийн газрын орон тооны дээд газрыг Төрийн өмчийн хороо тогтооно” гэж заасан. Хуульд заасан журмын дагуу процедур ажиллагааны дагуу байгууллага нь өөр эрх зүйн статустай болсон. Түүнийг харьяалдаг байгууллага нь өөр болсон гэдгийг харж болно. Яг өмнөх шүүхийн шийдвэртэй адилхан Гантулга нь Засгийн газрын эдлэх эрхийг эдлээд байна гэж буруу ойлгоод байна. Дүрмийн 6.9.4-т удирдлага зохион байгуулалт бүтцийг, цалингийн хэмжээг тогтоохоор заасан байдаг. 6.1-д захирал нь уг газрыг удирдахаар заасан. Захирлын эрх хэмжээний заалтаар гарч ирнэ. Нэхэмжлэгч 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ажилдаа орсон байдаг. Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирлын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/16 тоот тушаалаар байгууллагын зохион байгуулалт бүтэц дэх ажил албан тушаал батлагдсан. Энэ тушаал бол зөвхөн У.Насанчимэг гэдэг хүнд холбогдож гарсан тушаал биш. Орон тооны дээд хязгаарт багтаан, ажил албан тушаалын жагсаалтыг баталсан. Ингэхдээ Төрийн өмчит үйлдвэрийн газар нь дүрэмд заасан, хуульд заасны дагуу ашигтай нөхцөл, эдийн засгийн ач холбогдол,үр ашиггүй ажил зэрэг бүх ажлыг харгалзан үзэж орон тооны жагсаалтыг баталж байна. Нэхэмжлэгчийн хувьд хамгийн сүүлд 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2014 оны ажлын байрны тодорхойлолтоор дагалдаж, 2 хоног ажилласан. Өмнөх ажлын байрны тодорхойлолтыг маш сайн танилцах хэрэгтэй. Энэ ажлын байрны тодорхойлолт дээр нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт чиг үүрэг гээд, ажлын байрны зорилго гэдэг дээр төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд баригдсан орон сууцыг улсын комисст хүлээж авснаас хойш мэргэжлийн байгууллагуудад хүлээлгэж өгөх хүртэл хугацаан дахь санхүүгийн бүртгэл, тооцоо, тайлан гаргах харилцааг зохицуулна гээд мэргэжлийн байгууллагад хүлээлгэж өгөх хүртэл хугацааны ажлыг гүйцэтгэхээр тодорхой хугацаа заагаагүйгээр ажиллаж байсан. Улсын дээд шүүхийн 2016 оны 33 дугаар тогтоолд “... ажлын байр үгүй болохыг, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасны дагуу ямар тохиолдолд мэдэгдэл гардуулахыг заасан байдаг. Нэгэнт ажлын байр үгүй болсон тул 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр У.Насанчимэгт мэдэгдэл өгсөн. Энэ мэдэгдэл нь хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон тухай утгатай мэдэгдэл юм. Энэ мэдэгдлийг нэхэмжлэгч аваагүй гэж өнөөдөр тайлбарлаж байна. Энэ мэдэгдлийг хүлээн авсны дараа нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байсан. Үүний дараа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд холбогдох зардал зэргээ нэмэгдүүлж, шаардлагаа нэмэгдүүлсээр ирсэн.
Нэхэмжлэгч талаас шүүх хурал болгон дээр нэхэмжлэлийн шаардлагаа хэлбэрийн төдий өөрчилж, нэмэгдүүлэн, нотлох баримт олж ирнэ гэж хурал хойшлуулдаг байсан. Эхэндээ бид хүндэлдэг байсан. Энэ хэрэг нь бүтэн жил болж байна. Ямар санаа зорилго байгаа юм бэ? гэж хэлж байсан. Нэхэмжлэгч өнөөдөр үндэслэлгүй худал ярьж байна. Энэ мэдэгдлийг надад хүлээлгэж өгөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэлийг заагаагүй гэж хэлж байна. Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал Гантулгын гарын үсэгтэй албан бичиг байгаа. 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1/492 тоот албан бичиг байгаа. Энэ албан бичиг дээр У.Насанчимэгт “таны орон тоо хасагдсан тул байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн хүрээнд гэрээт ажилтны байнгын орон тоог санал болгож байна” гэсэн байгаа. Албан бичиг өгсөн ба үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гээд бичсэн байгаа шүү. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээ цуцлах ажиллагаа явагдсан. Нэхэмжлэгчийн ажлын байр хасагдаж байгаа, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу ажлаас чөлөөлөх тушаал гарах гэж байгаа талаар мэдэгдэл өгч, 30 хоногийн дараа 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тушаал гарсан.
Б/34 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөний дараа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсээр ирсэн. Нэхэмжлэгчийн ажилласан байсан ажлын байрны тодорхойлолт дээр байгаа чиг үүргээс хөрөнгийн бүртгэл тооцооны мэргэжилтэний ажлын байр бол тэс ондоо зүйл юм. Нягтлан бодогч гэдэг ажлын байрыг бид ажиллуулахдаа тухайн түрээслүүлж байгаа орон сууцны ашиглалт, хэрэглээ, холбогдох зардлыг мэргэжлийн байгууллагууд буюу Сууц өмчлөгчдийн холбоо, Орон сууц нийтийн аж, ажуйн газарт хүлээлгэн өгөх хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан хүн юм. СӨХ-д холбогдох хэсгийг гаргаж өгсөн. Бадам гэдэг хүний ажлын байрны тодорхйололтыг гаргуулахаар хүсэлт гаргахад нь энэ нь хэрэгт хамааралгүй гэж тайлбарласан боловч өөрийнх нь эргэлзээг тайлах үүднээс манайх гаргаж өгсөн. Нэг дэх үндэслэл буюу Б/34 тоот тушаал нь зохих, хуульд заасны дагуу гарсан тул хууль зүйн үндэслэлтэй тушаал юм. Аливаа байдлаар ялгаварлан гадуурхаж байгаагүй. Өөрийнх нь хэлж байгаагаар, нэхэмжлэгч хэнийг ч, ямар ч байдлаар хардаж болно.
2. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 10 193 274 төгрөг гаргуулах шаардлагын хувьд нэхэмжлэгч нь 2014 оны 10, 11, 12 дугаар саруудын цалингийн дундажаар тооцон, нэмэгдүүлсэн цалингаар тооцож байна гэсэн. У.Насанчимэг нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа орсон. Шүүхийн шийдвэр гарахад үндэслэсэн нотлох баримтыг бид өөрчилж чадахгүй. Өмнөх шийдвэрээр сарын дундаж цалин хөлсийг тогтоосон байгаа. Нэгэнт тогтоосон үйл баримтыг өөрчлөх боломжгүй. Дахиж нотлох шаардлага байхгүй. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар журмын дагуу дундаж цалин хөлсийг тооцох ёстой. Нэхэмжлэгч цалингийн зөрүү 1 650 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйл 126.1, 128 дугаар зүйлийн 128.1.1 дэх заалтыг зөрчсөн. Хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцсноор цалин хөлс олгох зохицуулалтын дагуу ажил олгогч үүрэг хүлээдэг тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. 2015 оны ээлжийн амралтын олговорт 1 000 000 төгрөг, 2016 оны ээлжийн амралтын олговорт 1 648 000 төгрөг гаргуулах тухай шаардлагын хувьд үндэслэлгүй. Ажил олгогч ээжлийн амралтын олговрыг олгосон. Дансны хуулга хэрэгт байгаа. 1 080 000 төгрөгөөр тооцож, нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой гарсан зардал 398 000 төгрөгийг цалин хөлсийг шилжүүлэхэд суутгагдсан. Хууль бусаар ажлаас халагдсантай холбогдуулан гарсан зардлууд нийтдээ 640 200 төгрөг нэхэмжилж байгаа нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Яг ямар асуудал дээр ийм үнийн дүн гарсан нь тодорхойгүй байна.Нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэлгүй шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч “Төрийн Орон Сууцны Корпораци” ТӨҮГазраас 4 329 546 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.Насанчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 863 728 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газраас 1 000 000 /нэг сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч У.Насанчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 2016 оны 02 дугаар сарын 17-ныг хүртэл хугацааны цалингийн зөрүү 150 000 төгрөг болохыг тогтоолгон, цалингийн зөрүү 1 650 000 төгрөг гаргуулах, 2016 оны ээлжийн амралтын мөнгө болох 1 648 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч У.Насанчимэгийн нэхэмжлэлийн шаардлагаас “Төрийн орон сууцны корпораци” /ТӨҮГ/-ын түрээсийн орон сууцны удирдлага ашиглалтын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацааны цалин хөлсийг 1 080 000 төгрөгөөр тооцуулан ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газраас 398 525 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч У.Насанчимэгт олгож нэхэмжлэлээс 640 200 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч У.Насанчимэгийн нэхэмжлэлийн “хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан бүхий” нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газраас 106 599 төгрөг, нэхэмжлэгч У.Насанчимэгээс 28 939 төгрөг тус тус гаргуулж, улсын төсвийн дансанд олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой авч үзэж хуулийн шаардлага хангасан нотлох баримтыг ИХШХШТХ-ийн 40-р зүйлд заасны дагуу зөв зүйтэй үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчин зохигчоос гаргасан " тэтгэмж бодож олгосон санхүүгийн баримтыг нотлох баримтаар гаргуулах тухай" утга бүхий 2016-05-05-ны өдрийн хүсэлтийг ханган шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамж биелэгдээгүй, өөрөөр хэлбэл ИХШХШТХ-ийн 38-р зүйл, 38.6 дахь хэсэгт заасан ажиллагааг хийгдээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ нь тус шүүхийн 2016-11-29-ний өдрийн № 05638 тоот захирамжиндаа нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг дутуу шийдвэрлэж хүсэлт гаргасан зарим асуудлын талаар огт тусгаагүй байсан, шүүхийн захираминд гомдол гаргах хугацаа дуусгавар болох хүртэл хугацаанд захирамж ёсчлогдоогүй, шүүгчийн туслахаас захирамжийн дугаарыг утсаар холбогдон авч байж гомдол гаргаж байсан зэрэг үйл баримтуудаар нотлогдоно. "Төрийн өмчийн хороо"-ны 2015-12-24-ний өдрийн №778 тоот тогтоолын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг хэрхэн үнэлэх тухай хууль тогтоогч зааж хуульчилж өгсөний дагуу үнэлээгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарах нэг шалтгаан болсон гэж үзэж байна. Хэрвээ баримтыг зохих хууль журмын дагуу үнэлж үзсэн бол шүүхийн шийдвэр хууль ёсны гарах үндэслэл нь болж өгөх байсан. Нотлох баримтыг цуглуулах ИХШХШТХ-ийн 38-р зүйл, 38.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэх үүргээ шүүх биелүүлээгүй нь бусад хэрэгт авагдсан нотлох баримтуудтай шүүгчийн захирамжид заасан нотлох баримтыг харьцуулан судлах, үнэлэх боломжгүй болгон үүгээрээ анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан бүх баримтыг бүрэн бодитойгоор нь үнэлж хууль зүйн дүгнэлт бүхий үнэлгээг гаргах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн, шүүхийн шийдвэр хууль бус гарахад нөлөөлсөн. Анхан шатны шүүх нь ИХШХШТХ-ийн 40-р зүйл, 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг эргэлзээгуй, үндэслэтэй талаас нь үнэлээгуй, мөн Иргэний хуулийн 497-р зүйл, 497.1 дэх хэсэг мөн хуулийн 510-р зүйл, 510.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль бус гарахад нөлөөлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй боловч давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.
Нэхэмжлэгч У.Насанчимэг нь хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-т холбогдуулан 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 17-ны хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 10 193 274 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 17-ныг хүртэл хугацааны цалингийн зөрүү 150 000 төгрөг болохыг тогтоолгон, 1 650 000 төгрөг, 2015 оны ээлжийн амралтын олговорт 1 000 000 төгрөг, 2016 оны ээлжийн амралтын мөнгө болох 1 648 000 төгрөг, түрээсийн орон сууцны удирдлага ашиглалтын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/40 дүгээр тушаалаар цалин хөлсийг 1 080 000 төгрөг болгон нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, шүүхийн шийдвэр биелүүлэхтэй холбоотой гарсан зардал 398 525 төгрөг, хууль бусаар ажлаас халагдсантай холбоотой гарсан зардал 640 000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлага бүрт дүгнэлт өгч, хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэл муутай болсон ба давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
Нэхэмжлэгч У.Насанчимэгийг ажилд нь эгүүлэн тогтоосон үйл баримт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байна.
Дээрх хүчин төгөлдөр шийдвэрээр У.Насанчимэгийн ажилгүй байсан хугацааны сарын дундаж цалин хөлсийг 750 000 төгрөгөөр тооцжээ. Нэхэмжлэгчийн сарын дундаж цалингийн хэмжээний талаар шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин тогтоохгүй гэж дүгнэсэн нь зөв байна.
Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүүг 150 000 төгрөг болохыг тогтоолгон, энэ зөрүүд 1 650 000 төгрөгийг гаргуулах гэсэн шаардлага нь нотлогдоогүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв байв.
Нэхэмжлэгч 3 дахь шаардлагадаа 2015 оны ээлжийн амралтын олговрын дутуу болох 1 000 000 төгрөгийг, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Харин ээлжийн амралтын 1 648 000 төгрөг гаргуулах гэснийг анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дүгнэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Нэхэмжлэгч 4 дэх шаардлагадаа өмнөх ажилдаа эгүүлэн тогтоолгож, эрүүл мэнд нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн олговор гаргуулахаар шаардсан ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх хугацаанд 2015 оны 12 дугаар сард Төрийн өмчийн хорооны 778 дугаарт тогтоол гарснаар бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Байгууллагад бүтцийн өөрчлөлт хийсний дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж Б/11 тоот тушаал гаргасан.
Нэхэмжлэгчийг ажилд авсан тушаал гаргасан ч 2 хоногийн дараа бүтцийн өөрчлөлтийн дагуу гэх үндэслэлээр 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр У.Насанчимэгийг ажлаас чөлөөлсөн байх тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй юм.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж, нэхэмжлэгчийг өмнөх ажлын байрны ижил нөхцлөөр, адил чанарын ажлаар хангахыг хариуцагчид үүрэг болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх цалинг 750 000 төгрөгөөр тооцож, 16 364 346 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулах, түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн 5 дахь шаардлага болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд төлсөн 398 525 төгрөгийг нэхэмжлэгч нь хохирол гэж үзэж нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
Нэхэмжлэгч нь “хуулийг буруу хэрэглэсэн” гэж давж заалдах гомдол гаргасныг хангах үндэслэлгүй.
Учир нь хариуцагч байгууллагын удирдах албан тушаалтан нь нэхэмжлэгчийг ажилд аваагүйн гэм буруутай үйлдлийн улмаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь мөнгө төлж хохирсныг хоорондоо шалтгаант холбоотой гэж үзэж шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн нь зөв болсон байна.
Нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас халагдсантай холбоотой гарсан зардалд 640 200 төгрөгийг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нотлох баримтанд үндэслэгджээ.
Иймд дээрх үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх дүгнэв.
Дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00514 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...хариуцагч Төрийн орон сууцны корпорациас /ТӨҮГ/ 4 329 546 төгрөг...” гэснийг “16 364 346 төгрөг” гэж өөрчлөх,
шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч У.Насанчимэгтэй тохиролцсоны үндсэн дээр өмнөх ажилтай адил чанарын өөр ажил, албан тушаалд ажилуулахыг хариуцагчид үүрэг болгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж.” гэж өөрчлөх,
шийдвэрийн 5 дахь заалтад “...хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 106 599 төгрөгийг гаргуулан...” гэснийг “239 771.73 төгрөг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
М.НАРАНЦЭЦЭГ