Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2023/0052

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“АТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

ЭЗХЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д

Нэхэмжлэлийн шаардлага: “АТ” ХХК-д төлбөл зохих үлдэгдэл төлбөр болох 2.022.555 ам доллар буюу 5.754.717.082 төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхгүй байгаа хариуцагч СЯ болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын эрх хүлээн авагч ЭЗХЯны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, концесс эзэмшигч “АТ” ХХК-д төлбөл зохих 2.022.555 ам доллар буюу 5.754.717.082 төгрөгийг, мөн алданги 2.804.075.903,84 төгрөгийг ирэх оны улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад буюу Засгийн газарт өргөн мэдүүлэхийг хариуцагч нарт даалгах, хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг концесс олгогчоос хуваарийн дагуу концесс эзэмшигчид нөхөн төлөөгүй улмаас банкны зээлийн хүүд илүү төлсөн хохирол болох 10.725.491.868,09 төгрөгийг улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад буюу Засгийн газарт өргөн мэдүүлэхийг хариуцагч нарт даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 685 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М

Хариуцагч СЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г

Хариуцагч ЭЗХЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т, Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2021/0273/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “АТ” ХХК-аас Монгол Улсын СЯ, ЭЗХЯанд тус тус холбогдуулан“АТ” ХХК-д төлбөл зохих үлдэгдэл төлбөр болох 2.022.555 ам доллар буюу 5.754.717.082 төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхгүй байгаа хариуцагч СЯ болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын эрх хүлээн авагч ЭЗХЯны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, концесс эзэмшигч “АТ” ХХК-д төлбөл зохих 2.022.555 ам доллар буюу 5.754.717.082 төгрөгийг, мөн алданги 2.804.075.903.84 төгрөгийг ирэх оны улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад буюу Засгийн газарт өргөн мэдүүлэхийг хариуцагч нарт даалгах, хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг концесс олгогчоос хуваарийн дагуу концесс эзэмшигчид нөхөн төлөөгүй улмаас банкны зээлийн хүүд илүү төлсөн хохирол болох 10.725.491.868,09 төгрөгийг улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад буюу Засгийн газарт өргөн мэдүүлэхийг хариуцагч нарт даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 685 дугаар шийдвэрээр: Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 8 дугаар зүйлийн 8.4.3, 8.4.4, Концессын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.3, 31 дүгээр зүйлийн 31.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “АТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлт” төслийн “Барих-шилжүүлэх” (ВТ) Концессын гэрээний үлдэгдэл төлбөр 2.029.027 ам доллар буюу 5.780.697.923 төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгах саналыг Монгол улсын Засгийн газарт хүргүүлэхгүй байгаа Монгол улсын СЯ болон Монгол улсын ЭЗХЯны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх Концессын гэрээний үлдэгдэл төлбөр 2.029.027 ам доллар буюу 5.780.697.923 төгрөгийг болон тус концессын гэрээний 2.12-т заасан алдангийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцож, Хас банкны 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №ЗГ1540000620 тоот зээлийн гэрээний хүүг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаагаар тооцож ирэх оны жилийн улсын төсөвт тусгах саналыг Монгол улсын Засгийн газарт хүргүүлэхийг Монгол улсын СЯ болон ЭЗХЯанд тус тус даалгаж, үлдэх Хас банкны 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн №ЗГ1540000620 тоот зээлийн гэрээний 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс өмнөх зээлийн хүүд холбогдох болон “Ньюпрогресс групп” ХХК болон “АТ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №ЗГ-НПГ-2017/22 тоот зээлийн гэрээний хүүд холбогдох нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, мөн Концессын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т заасныг баримтлан “2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Чойр дэд станц төсөл”-ийн эргэн төлөлтөд гадаадын валютын ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал” гэсэн захиргааны гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2, 55.1.5, 55.1.7-д зааснаар илт хууль бусад тооцуулах”-ыг хүссэн шаардлага бүхий ЭЗХЯны сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хамгийн сүүлийн байдлаар  нэхэмжлэлийн шаардлагаа ...Улсын их хуралд өргөн мэдүүлэхийг хариуцагч нарт даалгах гэж тодруулсан. Гэвч шүүх нь шүүхийн шийдвэрийн 10-11 дүгээр нүүрт “ Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар ...Засгийн газарт өргөн мэдүүлэхийг хариуцагч нарт даалгах гэж тодруулсан гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” эрхтэй бөгөөд уг эрх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97 дугаар зүйлд зааснаар “хэрэг хэлэлцэж эхэлснээр” дуусгавар болно. Гэтэл шүүгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т заасан хэргийн оролцогчоос нэмж тодруулах үед нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, өөрчлүүлсэн. Энэ нь шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн маргаж буй үндэслэлийг нэхэмжлэгчээс тодруулах замаар няцааж, нэхэмжлэгч талд давуу байдал бий болгосон үйлдлийг гаргасан нь дур мэдэн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн, эрх хэмжээгээ хэтрүүлсэн үйлдэл юм.

3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар Захиргааны гэрээнд иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд тус хуулийг нөхөн тохируулж” хэрэглэнэ гэж заасан. Иймд хэдийгээр Захиргааны гэрээ гэх боловч гэрээ болохынхоо хувьд талуудын тэгш байдал буюу Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан гэрээний чөлөөт байдлын зарчим үйлчлэх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь концессын гэрээний төлбөр, төлбөрийн хэрэгсэл, төлбөр тооцох ханш, алданги болон хохирлын асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн харилцан тохиролцож шийдвэрлэх нь зүйтэй.

3.3. ...Концессын гэрээний 2.13-т “Хоёр тал ханшийн зөрүүнээс үүссэн ашиг, алдагдал хүү, хойшлуулсан нэмэлт төлбөр, төлбөрийн хуваарь зэргийг бичгээр үйлдэж, гарын үсгээр баталгаажуулна” буюу гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу шийдвэрлэхээр тусгасан байх боловч шүүх нь гэрээний зөрүүтэй байдал гэж буруу ташаа ойлгож, талуудын огт харилцан тохиролцоогүй “Монгол банкны ханш” гэсэн ойлголтыг өөрөө гаргаж, тэрхүү ханшаар тооцож, Засгийн газарт өргөн мэдүүлэхийг даалгасан нь хууль зүйн үндэслэлгүй болно.

3.4. Монгол Улсын Засгийн газар нь Концессын гэрээний 2.11-т заасан гэрээний төлбөрийг 2.12-т заасан ханшаар буюу СЯны тухайн жилийн төсвийг боловсруулахдаа баримталсан ханшаар бодож нийт 81.767.277.700 төгрөгийг шилжүүлснээр гэрээний 31.798.194 ам долларыг бүрэн төлж барагдуулсан. Харин нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 5.754.717.082 төгрөг нь Концессын гэрээний нийт төлбөрийн үлдэгдэл төлбөр бус харин мөн гэрээний 2.13-т заасан ханшийн зөрүүний алдагдал болно. Ханшийн алдагдлыг талууд харилцан тохиролцож тооцох бөгөөд үүнд Концессын гэрээний 8.2-т заасан алданги хамаарахгүй. Иймд шүүх нь “Нэгэнт концессын гэрээний дээрх зохицуулалтаар эргэн төлөлтийг хугацаандаа хийгээгүй тохиолдолд алданги тооцохоор зохицуулсан байх тул алданги гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

3.5. Захиргааны ерөнхий хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг иргэн хуулийн этгээд шаардах эрхтэй гэж заасан. Гэтэл хэргийн материалд захиргааны байгууллага гэх СЯ болон ЭЗХЯны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хэрхэн, яаж зөрчсөнөөр Хас банкны зээлийн хүү хэзээнээс яаж эрсэдсэн болон түүнээс ямар хэмжээний хохирлыг яаж тооцсон талаар нэг ч баримт байхгүй. Шүүгч нь зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг нотлох баримтаар үндэслэж нэг талыг барьсан шийдвэрийг гаргасан бөгөөд хууль бус үйлдэл болон хохирол хоорондын шалтгаант холбоо, тэдгээрийн нотлогдох байдлыг огт харгалзан үзээгүй болно.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2022/0685 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дугаар зүйлийн 121.1.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянавал анхан шатны нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулж бүрдүүлээгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл хууль зүйн дүгнэлт өгөх үүргээ бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “АТ” ХХК-аас “АТ” ХХК-д төлбөл зохих үлдэгдэл төлбөр болох 2.022.555 ам доллар буюу 5.754.717.082 төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхгүй байгаа хариуцагч СЯ болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын эрх хүлээн авагч ЭЗХЯны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, концесс эзэмшигч “АТ” ХХК-д төлбөл зохих 2.022.555 ам доллар буюу 5.754.717.082 төгрөгийг, мөн алданги 2.804.075.903.84 төгрөгийг ирэх оны улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад буюу Засгийн газарт өргөн мэдүүлэхийг хариуцагч нарт даалгах, хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг концесс олгогчоос хуваарийн дагуу концесс эзэмшигчид нөхөн төлөөгүй улмаас банкны зээлийн хүүд илүү төлсөн хохирол болох 10.725.491.868,09 төгрөгийг улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад буюу Засгийн газарт өргөн мэдүүлэхийг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

Хариуцагч Монгол Улсын СЯ “... Төсвийн тухай хуулийн дагуу тухайн оны төсөвт туссан дүнгээр санхүүжилт олгодог зохицуулалттай. Тухайн асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв байгууллагаас хөрөнгө оруулалтын төслийн төсөвт тусгуулах саналыг ирүүлээгүй тохиолдолд СЯ дур мэдэн төсөвт тусгах эрх байдаггүй. СЯ хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Иймд эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй ...” гэж,

Хариуцагч ЭЗХЯ “... Монгол Улсын Засгийн газраас нийт 31 тэрбум төгрөг гэрээний дагуу олгогдох байсан боловч 31 тэрбум төгрөгийг 2019 оноос 2022 оны хооронд бүрэн төлж дуусгасан. Үлдэгдэл төлбөрийн тооцоолол байхгүй. Концессын гэрээний 2.12-д заасны дагуу СЯны тухайн жилийн төсөв боловсруулахдаа баримталсан ханшаар тооцож нийт 81 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн. Ханшийн зөрүүнээс үүссэн төлбөрт алданги тооцохтой холбоотой зохицуулалт гэрээнд байхгүй. Иймд алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Чойр дэд цахилгаан станцын төсөл нь өөрөө барих шилжүүлэх төсөл, Барих шилжүүлэх төслийн онцлог нь өөрөө концесс эзэмшигч төсөл сонгон шалгаруулалтад оролцохдоо өөрийн болон өөрийн боломжит бүх хөрөнгөөр концессыг барьж дуусгадаг. Иймд хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй ... “ гэж тус тус нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байх бөгөөд тус яамнаас “захиргааны гэрээгээр зохицуулагдахгүй харилцааг зохицуулсан, ... захиргааны байгууллага захиргааны гэрээнд хэрэгжүүлэх боломжгүй зүйлийг амласан, ... илэрхий алдаатай, хор уршигтай үр дагавар бүхий...” гэсэн үндэслэлээр “2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Чойр дэд станц төсөл”-ийн эргэн төлөлтөд гадаад валютын ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал” гэсэн захиргааны гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2, 55.1.5, 55.1.7-д тус тус зааснаар илт хууль бусад тооцож өгнө үү” гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан байна.

Анхан шатны шүүхийн хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлтэй холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулаагүй, нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл тус бүртэй холбогдуулан хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасантай нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй, эдгээр хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөн засаж, маргааны үйл баримтад  дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол захиргааны хэргийн шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэх учиртай.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн “... 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн  “Чойр дэд станцын өргөтгөл шинэчлэлт” төслийн “Барих шилжүүлэх” (ВТ) Концессын гэрээний үлдэгдэл төлбөр 2.029.027 ам доллар буюу 5.780.697.923 төгрөгийг ирэх жилийн төсөвт тусгах саналыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэхгүй байгаа Монгол Улсын СЯ болон Монгол Улсын ЭЗХЯны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх боловч уг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан зөрүүтэй дүгнэлт хийсэн, эргэн төлөлтийн дүнг тооцоход баримтлах ханшийн талаарх гэрээний заалтын тухайд талууд маргаантай байхад нэхэмжлэгч талын тайлбарласан үндэслэлийг хүлээн авч нэхэмжлэлийг шийдвэрлэсэн атлаа энэ талаарх хууль зүйн үндэслэлийг тайлбарлаагүй, хариуцагч тус бүрийн тухайд авч үзэж нэхэмжлэгч эс үйлдэхүй гаргасан талаар хэрхэн маргаж байгаа үндэслэлийг тодруулаагүй, тус бүрт нь дүгнээгүй, хариуцагч нар хэзээ хэрхэн хууль бус эс үйлдэхүй  гаргасан, уг эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн эсэхийг тодруулаагүй, өөрөөр хэлбэл эс үйлдэхүй нь хууль бус эсэх талаар дүгнээгүй, нэхэмжлэгчээс хариуцагч нарт хэзээ хэрхэн хандсан боловч тэрхүү өргөдөл, хүсэлтийг нь хэрхэн шийдвэрлээгүй гэж маргаж байгаа нь тодорхой бус байхад уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Түүнчлэн, Концессын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Концесс эзэмшигч нь дараахь нийтлэг эрхтэй:”, 26.1.1-т “гэрээнд заасны дагуу гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнийхээ үнэ, төлбөрийн хэмжээг эрх бүхий этгээд, зохицуулах байгууллагатай зөвшилцөн тогтоох, өөрчлөх, хураах”, 26.1.3-т “гэрээнд заасан хэлбэрээр санхүүжилт олж авах” гэж тус тус заасан байна.

Анхан шатны шүүх “... Концессын гэрээний 2.12-т “Энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.11-т заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн дүнг тооцохдоо, СЯнаас тухайн жилийн төсвийн төслийн боловсруулахад баримталж буй тооцооны ханшийг баримтална” гэж,  2.13-т “Эргэн төлөлт хийх өдрийн гадаад валютын ханшийн зөрүүнээс Концесс эзэмшигчид ашиг гарах тохиолдолд, дараагийн төлбөрөөс уг ашгийг хасаж тооцож, Концесс эзэмшигчид алдагдал гарах тохиолдолд уг алдагдал төлбөрт нөхөж тусгана” гэж заасан зохицуулалтуудаас үзэхэд, концесс олгогчоос шилжүүлсэн эргэн төлөлтийн дүнг тооцохдоо СЯнаас тухайн жилийн төсвийн төслийг боловсруулахад баримталж буй тооцооны ханшийг болон эргэн төлөлт хийх өдрийн валютын ханшийг баримтлах байдлаар зөрүүтэй зохицуулсан байна ... эргэн төлөлтийн дүнг тооцоход СЯнаас тухайн жилийн төсвийн төслийг боловсруулахад баримталж буй тооцооны ханш болон эргэн төлөлт хийх өдрийн валютын ханшийн алийг нь баримтлах нь тодорхойгүй байна ... тухайн өдрийн арилжааны банкны ханшийг биш Монгол банкны ханшийг баримтлах нь дээрх хуулиудад заасан бодит нөхцөлд тохирсон байх, төсвийг хэмнэлттэй зарцуулах зарчимд нийцнэ ...” гэж зөрүүтэй байдлаар дүгнэсэн атлаа Монгол банкны ханшаар тооцож эргэн төлөлтийг тооцсон, уг тооцоолол дээр үндэслэн концессын гэрээний үлдэгдэл төлбөртэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Анхан шатны шүүх “... төлбөл зохих үлдэгдэл төлбөр болох 2.022.555 ам доллар буюу 5.754.717.082 төгрөгийг, мөн “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлт” төслийн “Барих-шилжүүлэх” (ВТ) концессын гэрээний Наймдугаар бүлгийн 8.2-т заасны төлбөрийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үүссэн алданги болох 2.804.075.903,84 төгрөгийг ирэх оны улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад буюу Засгийн газарт өргөн мэдүүлэхийг хариуцагч нарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ эргэн төлөлттэй холбоотой концесс олгогчоос хэдэн төгрөгийг хэзээ, хэрхэн олгосон талаарх баримтыг огт бүрдүүлж цуглуулаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, үлдэгдэл төлбөргүй гэх зэрэг үндэслэлээр ханшийн зөрүүнээс үүссэн төлбөртэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар гаргаж маргасан байхад хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлүүдтэй  холбогдуулан ханшийн зөрүү хэлбэрээр төлбөр төлөгдсөн эсэх, эсхүл үндсэн төлбөр олгогдсон эсэх, алдангийг хэрхэн тооцсон нь тодорхой бус,  хэрэгт эдгээртэй холбоотой баримт авагдаагүй байхад хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон баримтыг нотлох баримтаар үнэлж дүгнэн шийдвэрийн үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам мөн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Анхан шатны шүүх “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлт” төслийн “Барих-шилжүүлэх” (ВТ) концессын гэрээний 2.11-д заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг концесс олгогчоос хуваарийн дагуу концесс эзэмшигч нөхөн төлөөгүйн улмаас зээлийн хүүд илүү төлсөн хохирол болох 10.725.491.868.09 төгрөгийг улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад буюу Засгийн газарт өргөн мэдүүлэхийг хариуцагч нарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байх боловч уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой зээлийн зориулалт, зарцуулалт, эргэн төлөлттэй холбоотой баримт нотолгоог бүрдүүлээгүй, улмаар баримт нотолгоонд тулгуурлаж эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь “шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон баримт байж болохгүй” гэж заасан нотлох баримтыг үнэлж дүгнэх хуулиар тогтоосон журамд нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Концессын гэрээний талуудын тооцоо нийлж баталгаажуулсан 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Чойр дэд станц төсөл”-ийн эргэн төлөлтөд гадаадын валютын ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал гэх баримтыг хариуцагчаас “захиргааны гэрээ” хэмээн үзэж “... захиргааны гэрээгээр зохицуулагдахгүй харилцааг зохицуулсан, ... захиргааны байгууллага захиргааны гэрээнд хэрэгжүүлэх боломжгүй зүйлийг амласан, ... илэрхий алдаатай, хор уршигтай үр дагавар бүхий” гэсэн үндэслэлүүдээр илт хууль бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан байхад шүүх хэргийн оролцогчдын маргаж буй уг баримтыг маргааны шийдвэрлэх гол нотлох баримт болгон үнэлж дүгнэн шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон баримт байж болохгүй гэж заасан шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэлж дүгнэх зарчимд нийцэхгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана гэж зааснаар анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл тус бүрт эрх зүйн дүгнэлт хийгээгүй, хэрэг хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулаагүй байх тул давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.  

 Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 685 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

       ШҮҮГЧ                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

 

                  ШҮҮГЧ                                                   Н.ХОНИНХҮҮ