Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 240

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд нээлттэй хийж, “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “АМ,ГТГ-ын КХ-ийн даргын 2018 оны 08 дугаар 17-ны өдрийн 5.. дугаартай тусгай зөвшөөрөл цуцлах тухай шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, сонсох ажиллагааг дахин явуулахыг А даалгах” шаардлага бүхий АМ,ГТГ-ын КХ-т холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь Хэнтий аймгийн Цэнхэрм******* сумын нутагт “М*******” нэртэй 15....X тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшин өөрийн талбай дээрээ хайгуулын ажлыг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэн ирсэн.
Ашигт малтмал, газрын тосны газраас зохион байгуулсан сонсох ажиллагааны талаар манай компанийн нэр дээр явуулсан 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 7/5321 тоот албан бичгийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гардан авсан болно. Ийнхүү гардан авсан үед Ашигт малтмал, газрын тосны газраас сонсох ажиллагааг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулан манай компанийг биечлэн оролцуулахгүйгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байсан. Энэ нь баталгаат шуудангаас  хүлээн  авсан  баримтаар  нотлогдоно.  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д заасны дагуу “Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа буюу ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн эсхүл сум баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна” гэж заасан хуулийн заалтыг хангаагүй байх бөгөөд энэ заалтыг хэрэгжүүлээгүй. Компанийн удирдлагууд хөдөө томилолтоор явж байсан бөгөөд дээрх албан бичгийг хүлээн авах боломжгүй байсан, мөн өвчтэй байсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар тус газраас явуулсан албан бичгийг гардан авч танилцах боломж олдоогүй.
Ийнхүү сонсох ажиллагааг дахин явуулж өгөх тухай гомдлыг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Х манай компаниас гаргасан.
Гэтэл гомдлыг хүлээн авах боломжгүй гэж мэдэгдсэн албан бичгийг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авсан.
Иймд тус газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 587 дугаартай “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдвэрийн манай компанитай холбогдох хэсгийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг дахин явуулахыг АМ,ГТГ-ын КХ-т даалгах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ. 
Хариуцагч нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
“АМ,ГТГ-ын КХ-т холбогдуулан “Д” ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 10/01 тоотоор гаргасан Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 5.. дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, сонсох ажиллагааг дахин явуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.
Хэнтий аймгийн Цэнхэрм******* сумын нутаг М******* нэртэй 1007.15 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын ХV-015... дүгээр тусгай зөвшөөрлийг 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Д” ХХК-д олгосон байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-д "Хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн геологи хайгуулын ажлын жилийн тайлан болон санхүүгийн тайлан тэнцэлд тулгуурлан төрийн захиргааны байгууллага баталгаажуулна”, 33.3-д “Төрийн захиргааны байгууллага шаардлагатай тохиолдолд хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг газар дээр нь шалгана” гэж заасан. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн энэ хуульд заасан төлөвлөгөө,  тайлан,  хайгуулын ажлын зардлын доод хэмжээний талаар хяналт тавих” гэж заасны дагуу Агентлагийн бүтцийн нэгж болох Геологи, хайгуулын хэлтсийн мэргэжилтнүүд чиг үүргийнхээ хүрээнд агентлагийн даргын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр баталсан томилолтын удирдамжийн дагуу Хэнтий аймгийн Чингис хот Цэнхэрм*******, Норовлин сумд, Дорнод аймгийн Чойбалсан хот, Цагаан-Овоо сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Онгон, Мөнххаан сумдын нутагт 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрүүдэд нэр бүхий 23-н хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2017 онд гүйцэтгэсэн хайгуулын ажилд тусгагдсан ажлуудыг газар дээр нь хээрийн шуурхай хяналт хийж баталгаажуулах дүгнэлт гаргах зорилгоор ажилласан.
Нэхэмжлэгч “Д” ХХК нь 2017 оны хайгуулын ажлын тайландаа хайгуулын ХV-015... дүгээр тусгай зөвшөөрлийн талбайд геологи хайгуулын ажлаар 3 суваг малтсан гэж тусгасан. Гэтэл хээрийн шуурхай хяналтаар ажиллах явцад тайланд тусгасан мэдээлэл нь газар дээрээ баталгаажаагүй нь тогтоогдсон.

Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсонтой холбогдуулан захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан Захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох, мөн хуулийн 27.2.1-д заасан мэдэгдлийг 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Сонсох ажиллагаа явуулах тухай” 7/5221 тоот мэдэгдлийг нэхэмжлэгч компанид хүргүүлсэн. Энэ мэдэгдэл нь нэхэмжлэгч компанид тухайн үед хүргэгдсэн бөгөөд манай байгууллагын 2018 оны баримт бичиг хүлээлцэх дэвтрийн бүртгэлээр нотлогддог.

Гэтэл нэхэмжлэлдээ 7/5221 тоот мэдэгдлийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гардаж авсан. Захиргааны байгууллага сонсох ажиллагааг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулан явуулахдаа манай компанийг биечлэн оролцуулалгүйгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д “Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа буюу ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна” гэх заалтыг хэрэгжүүлээгүй, компанийн удирдлага хөдөө томилолттой байсан мөн өвчтэй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учраас мэдэгдлийг хүлээн аваагүй тухай дурдсан нь үндэслэлгүй байна.
Учир нь дээр дурдсанаар 7/5221 тоот мэдэгдлийг нэхэмжлэгч компанид тухайн үед хүргэгдсэн бөгөөд манай байгууллагын 2018 оны баримт бичиг хүлээлцэх дэвтрийн бүртгэлээр нотлогддог болохыг дахин дурдаж байна. Мөн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 13 цаг 50 минутад кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй “Д” ХХК-ийн 9*******, 9******* дугаарт холбогдож захирал Ш.Н мэдэгдсэн. 

Ийнхүү сонсох ажиллагаа явуулахдаа хугацаа болон оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг захиргааны байгууллага бүрэн хангасан болно. Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 -д “Энэ хуулийн зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршино” гэж зааснаас үзвэл “Д” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газартай нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн харилцаанд оролцож байсан байна. Гэтэл нэхэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг дурдаж үндэслэл болгож буй нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үйл баримтын дагуу “Д” ХХК нь сонсох ажиллагаанд оролцоогүй тайлбар, санал гаргаагүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-д заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 5.. дугаар шийдвэрээр “Д” ХХК-ийн хайгуулын XV-01.... дүгээр тусгай зөвшөөрлийг цуцалж 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 7/5679 тоотоор мэдэгдсэн нь хууль зүйн үндэслэл бүхий тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч “Д” ХХК-иас АМ,ГТГ-ын КХ-т холбогдуулан “АМ,ГТГ-ын КХ-ийн даргын 2018 оны 08 дугаар 17-ны өдрийн 5.. дугаартай тусгай зөвшөөрөл цуцлах тухай шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, сонсох ажиллагааг дахин явуулахыг АМ,ГТГ-ын КХ-т даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг  шүүхэд гаргасан.
 Хариуцагч АМ,ГТГ-ын КХ-ийн даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 5.. дугаар шийдвэрээр “Д” ХХК-ийн 2017  оны  хайгуулын  ажлын  тайланд  тусгагдсан  мэдээлэл  нь  хээрийн шуурхай 
хяналтаар тогтоогдоогүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсгийг үндэслэн ашигт малтмалын XV-015.... дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. 

Нэхэмжлэгч “Д” ХХК нь шүүхэд “хариуцагч хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлах шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй” гэж мэтгэлцсэн болно.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд бичгээр гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг дүгнэн үзэж дор дурдсан үндэслэлээр АМ,ГТГ-ын КХ-ийн даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 5.. дугаар шийдвэрийн “Д” ХХК-д холбогдох хэсгийг шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, сонсох ажиллагаа дахин явуулахыг даалгаж шийдвэрлэлээ.

Нэг. Сонсох ажиллагаа дахин явуулахыг даалгах шаардлагын тухайд. 
Шүүх дараах үндэслэлээр хариуцагч АМ,ГТГ-ын КХ нь “Д” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын XV-015... дүгээр тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тайлбар хийх, нотлох баримт гаргах эрхийг нь хангаагүй гэж үзлээ.   
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж заасны дагуу захиргааны байгууллага гаргах гэж буй сөрөг үр дагавар бүхий актын талаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгдэх ёстой бөгөөд тэдгээрээс тайлбар гаргах боломжоор хангах үүрэгтэй. 

АМ,ГТГ-ын КХ-ийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 7/5221 дүгээр “Сонсох ажиллагаа явуулах тухай” албан бичигт “...XV-015... тусгай зөвшөөрлийн талбайд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын  жилийн  тайланд  тусгагдсан  ажлуудыг шалган  үзэхэд  тайланд 
тусгагдсан ажлууд газар дээрээ хийгдээгүй болох нь тогтоогдсон болно”, “...сонсох ажиллагааг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг 00 минутаас 12 цаг 00 минутын хугацаанд Ашигт малтмал, газрын тосны газрын 304 тоот хурлын өрөөнд явуулах тул холбогдох бичгийн тайлбар, нотлох баримтын хамт ирүүлэхийг мэдэгдье” гэжээ. Энэхүү “Сонсох ажиллагаа явуулах тухай” албан бичгийг “Д” ХХК-д Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 5.. дугаар шийдвэр гарсны дараа буюу 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 40 минутад хүлээлгэн өгсөн болох нь “Монгол шуудан” ХК-ийн бүртгэлийн дэвтрээр тогтоогдож байна. 
 Түүнчлэн “Д” ХХК-ийн захирал Ш.Н сонсох ажиллагаа явуулах талаар 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын 26**** дугаарын утаснаас 9******* дугаарын утсанд мэдэгдсэн болох нь бичгийн нотлох баримтаар  тогтоогдож байгаа боловч Ш.Н өвчний улмаас сонсох ажиллагаанд оролцох боломжгүй байсан нь 2018 он 07 дугаар сарын 26-ны өдрийн 19 цаг 05 минутад Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламж, эрчимт эмчилгээний тасагт үзүүлсэн тэмдэглэл, 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн эмнэлгийн магадлагаа, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 40 дүгээр тодорхойлолт зэрэг нотлох баримтаас харагдаж байна.
Иймд шүүхээс хариуцагч маргааны бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.5 дахь хэсгүүдэд заасан “сонсох ажиллагаа хийх”, “тайлбар, санал гаргах боломж олгох” зохицуулалтуудыг хэрэгжүүлээгүй гэж дүгнэн АМ,ГТГ-ын КХ-ээс “Д” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сонсох ажиллагаа явуулахыг даалгаж шийдвэрлэлээ.
Хоёр. АМ,ГТГ-ын КХ-ийн даргын 2018 оны 08 дугаар 17-ны өдрийн 5..дугаартай тусгай зөвшөөрөл цуцлах тухай шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагын тухайд.
 Нэхэмжлэгч “Д” ХХК нь 2017 онд хийж гүйцэтгэсэн геологи хайгуулын ажлын тайландаа ашигт малтмалын XV-01... дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд геологи хайгуулын 3 сувагт өрөмдлөгө хийсэн гэж тусгасан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д “Төрийн захиргааны байгууллага шаардлагатай тохиолдолд хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг газар дээр шалгана” гэж заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр баталсан томилолтын удирдамж ёсоор нийт 23 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 2017 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайланд тусгагдсан ажлуудыг газар дээр нь хээрийн шуурхай хяналт хийж баталгаажуулах, дүгнэлт гаргах зорилго бүхий ажлын хэсэг томилогдсон бөгөөд хяналт шалгалтаар нэхэмжлэгч “Д” ХХК нь тайланд тусгагдсан 3 сувагт өрөмдлөг хийгээгүй болох нь тогтоогдсон болно.
Харин Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн геологи хайгуулын ажлын жилийн тайлан болон санхүүгийн тайлан тэнцэлд тулгуурлан төрийн захиргааны байгууллага баталгаажуулна” гэж заасны дагуу “Д” ХХК нь 2017 онд хийж гүйцэтгэсэн геологи хайгуулын ажилд 3,751,000 төгрөг зарцуулсан гэж тайлагнасан бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газар нь дээрх үнийн дүнгээр санхүүгийн тайланг, Геологийн албаны мэргэжилтнүүд хайгуулын ажлын тайланг тус тус хүлээн авч баталгаажуулсан болох хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдлоо. 
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т “тухайн жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардал нь энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс бага бол” хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилсан. Ашигт малтмал, газрын тосны газар нь нэхэмжлэгч “Д” ХХК-ийн ашигт малтмалын XV-01.... дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2017 онд хийсэн санхүүгийн болон геологи хайгуулын ажлыг хүлээн авч баталгаажуулсан энэхүү баталгаажуулалт тус тус өнөөг хүртэл хүчин төгөлдөр байна. АМ,ГТГ-ын КХ нь захиргаа хуулийн дээрх заалтыг үндэслэн тусгай зөвшөөрөл цуцлах шийдвэр гаргах тохиолдолд хайгуулын ажилд зарцуулсан санхүү болон геологи хайгуулын ажлын тайланг хүлээж авахгүй байх, эсхүл хүлээж авсан шийдвэрийг хүчингүй болгосон байх шаардлагатай юм. 
Харин шүүх энэхүү шийдвэрийг гаргахдаа АМ,ГТГ-ын КХ-ийн дарга 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 5.. дугаар шийдвэрээр “Д” ХХК-ийн ашигт малтмалын XV-015.... тусгай зөвшөөрлийг цуцлахдаа сонсох ажиллагаа хийгээгүй гэж үзэн тус актын холбогдох хэсгийг шинэ акт гартал 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж, дахин сонсох ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзсэн болно.

         

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.11, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

     

1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.5, Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 33.3, 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Д” ХХК-ийн АМ,ГТГ-ын КХ-ийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, АМ,ГТГ-ын КХ-ийн даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 5.. дугаар шийдвэрийн “Д” ХХК-д холбогдох хэсгийг шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж, АМ,ГТГ-ын КХ-ээс  “Д” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сонсох ажиллагаа явуулахыг даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд АМ,ГТГ-ын КХ нь шинэ акт гаргаагүй тохиолдолд АМ,ГТГ-ын КХ-ийн даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 5.. дугаар шийдвэрийн “Д” ХХК-д хэсэг хүчингүй болгохыг дурдсугай. 
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Д” ХХК-д олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ТӨМӨРБАТ