Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 476

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Аод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

шүүгдэгч Т.А,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Аын гаргасан давж заалдах гомдлоор Т.Аод холбогдох эрүүгийн 1705014800052 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Т.А, 1985 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 5 дугаар хэсгийн ....тоотод оршин суух хаягтай /РД:..../,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 428 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 9 жил хорих ял,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 329 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сар хорих ял,

Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2 дахь хэсэгт зааснаар өмнөх Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 329 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 4 жилийг нэмж нэгтгэн, нийт 9 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 48 дугаартай захирамжаар 2 жил 1 сар 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан,

Шүүгдэгч Т.А нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 11-268 тоот, нийтийн байрны гадаа Д.Гтэй маргалдаж улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Т.Аод холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аыг таван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Т.Аод Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийт 9 жил 1 сарын хорих ялаас түүний эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 14 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 48 дугаартай захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, Т.Аын өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлж, Т.Аын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Т.Аын эдлэх 2 жил 1 сар 14 хоногийн хорих ял болон энэ тогтоолоор оногдуулсан таван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аоос 142 000 төгрөг гаргуулж хохирогч Д.Гд олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.А миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэх зүйлээр 500 цагийн албадан ажил хийлгэх ял, мөн 2 жил 1 сар 14 хоногийн ялаар шийтгүүлсэн. Миний бие уг 2 жил 1 сар 14 хоногийн хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 48 дугаар захирамжаар тэнсэн суллагдаж, 2 жил 1 сар 14 хоногийн ялыг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр орсон байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд 2 жил 1 сар 14 хоногийн ялыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Т.А нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 11-268 тоот, нийтийн байрны гадаа Д.Гтэй маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  болох нь:

Хохирогч Д.Ггийн “...2017 оны 11 дүгээр сарын 16-ны орой 21 цагийн үед өөрийн амьдардаг нийтийн байр руу орох гээд явж байгаад хашаан дотор орж ирээд угаадас асгадаг хэсэг рүү бие засах гээд зогсож байтал байрны эзэн хүрч ирээд цаад 00-руугаа орж бие зас гэхээр нь чи энэ мөсөө цэвэрлэ гэж хэлсэн чинь намайг хэл амаар доромжлоод байсан юм. Тэгсэн хажуунаас үл таних залуу баруун нүд орчим цохисон, би нэг мэдсэн газар унасан. Тэгээд би гэмтлийн эмнэлэг орж баруун нүдний доод зовхи хэсэгт 5 оёдол тавиулсан...” /хх-13/,

шүүгдэгч Т.Аын: “...манай байрны эзэн Энхсайхан гээд ахыг нэг залуу боочихсон зогсож байхаар нь чи болиоч гээд би баруун гараараа нүүрэн хэсэгт нь цохисон юм. Тэгсэн тэр залуу доошоо суучихсан. Тэгэхээр нь би доошоогоо бууж Цоож гээд дүүгээсээ мөнгө асуучихаад гэмтлийн ойролцоо караокед суусан. Тэгээд орой нь гэртээ ирсэн чинь цагдаа ирээд намайг аваад явсан юм...”/хх-ийн 19/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14367 дугаартай дүгнэлт: “Д.Ггийн биед тархи доргилт, баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний гадна буланд шарх гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-16/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Аод холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Прокуророос Т.Аод холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял  шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.А нь “ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 48 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 14 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсаныг хуулийн тэгшитгэлд орсон байхад уг ялыг анхан шатны шүүх нэмж нэгтгэж шийтгэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх, шүүгдэгч Т.А нь хамгийн сүүлд Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 329 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 4 жилийг нэмж нэгтгэн, нийт 9 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 48 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагджээ.

Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Т.Аод   2002 оны Эрүүгийн  хуулийн тусгай ангийн  261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар  оногдуулсан 5 жил 1 сарын хорих  ялыг  2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ялтай  дүйцүүлэхэд 6 сар хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсгээр оногдуулсан 6 жил 6 сарын хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ялтай дүйцүүлэхэд Т.Аын эдлэх ял 5 жил хорих ял тус тус болж, уг ялуудыг нэмж нэгтгэхэд 5 жил 6 сар болохоор байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 48 дугаар захирамжаар Т.Аыг хорих ял эдлэхээс өмнө тэнсэн суллахаар хэлэлцэх үед Т.А нийт 4 жил 11 сар 16 хоногийн хорих ялыг биечлэн эдэлсэн байжээ. Иймээс 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн  хуулиар  дүйцүүлсэн 5 жил 6 сарын хорих ял болсноос хамаарч эдлээгүй үлдсэн ял нь 7 сар болж, уг хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзагдсан гэж үзэж болно.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 48 дугаар захирамж гарсан өдрөөс хойш тэнсэж хянан харгалзагдсан 7 сарыг тооцож үзэхэд 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр  хянан харгалзах хугацаа дууссан байх бөгөөд шүүгдэгч Т.А нь 2017 оны 11 дүгээр сарын 6-нд “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг  үйлджээ.

Иймээс Т.Аын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг энэ шийтгэх тогтоолоор нэмж нэгтгэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Т.Аод 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулжээ.

Шүүгдэгч нь анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл нийт 45 хоног цагдан хоригджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 45 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт  360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 500 цагаас хасч тооцон, үлдэх 140 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Т.Аын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 48 дугаартай захирамжийг 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 78 дугаартай  гэж “захирамжийн дугаарыг” буруу бичсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.5-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 5, 6, 7 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх заалтад “Т.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тооцсугай” гэснийг “Т.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

 

О.ЧУЛУУНЦЭЦЭГ